Цөлжилттэй тэмцэх COP17 олон улсын бага хурлаар усны асуудал, тэр дундаа газрын доорх усны нөхөн сэлбэлт, усны аюулгүй байдал, гангийн тэсвэржилтийн талаар ярьж байсан бол Монголын говийн хөрсөн дээр энэ байдал өөр дүр зургийг харууллаа.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар нар өнгөрсөн амралтын өдрүүдэд /2026.08.30-09.01/ Дорноговь аймгийн Айраг сум Цагаан дэлд уул уурхайн олборлолт явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд болон нөлөөллийн бүсийн иргэдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ үеэр Цагаан дэл буюу Нарт багийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг “Дүнг жин ау ванг” хэмээх Хятад улсын хөрөнгө оруулалттай компани газрын гүнийн усыг гол мэт урсгаж орхисон ноцтой мэдээллийн мөрөөр газар дээр нь танилцав. Биднийг очиход тус компанийн нэмэлт хайгуулын талбайн хэсэгт үүссэн отвол буюу шороон овоолгоос ус шүүрч хоржигнон урсаж хөрсний эвдрэлийг үүсгэсэн байв. Нөхцөл байдлыг тэнд байсан малчдаас эхлээд торуулахад гүний шүүрлийн ус анх долоодугаар сард буюу наадмын үеэр ажиглагдаж сумын захиргаанд мэдэгдсэн. Баярын үеэр тэднийг ирэхэд бага зэрэг татарсан байдалтай байсан. Гэвч одоо бол улам нэмэгдэж гол, горхи шиг урсаж байна. Нэг үгээр хэлбэл, сар гаруй хугацаанд үргэлжилж байна. Энэ хугацаанд “Дүнг жин ау ванг” компани ч тэр эрх бүхий Усны газар, аймгийн БОГ-аас ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдий хүрч байна. Энэ уснаас бог мал ууж хордсон мөн төмөр хашаанд нь сүлбэгдэж гэмтсэн гэцгээж байлаа.
Тухайлбал, Нарт багийн малчин О.Оюумаа “Би Цагаан дэлд 30 гаруй жил мал маллаж байна. Цагаан дэлийн малчид бид бэлчээргүй болж уул уурхайд бүслэгдсэн. Өдөр шөнөгүй тэсэлгээ болж баруун, зүүн хэсгээр байнга уурхайн шүүрлийн ус урсаж байдаг. Зарим шүүрлийн усыг уурхайнууд хоорондоо зөөж, тээвэрлэдэг. Сүүлийн гурван жилд таван тонны ёмкостьтой нэг машин гэхэд л өдөрт хэд хэдэн удаа зөөдөг байх жишээтэй. Ус бол говийн малчин ард түмэнд алтнаас ч үнэтэй. Устай байснаар нүүдлийн мал аж ахуй тогтвортой хөгжинө. Мөн цөлжилт, ган, устай байснаар явагдахгүй. Тиймээс Усны тухай хууль санаачилж буй гишүүнд баярлаж байна. Энэ хуульд гүнийн болон шүүрлийн усыг уул уурхай болон бусад үйлдвэрлэлд ашиглуулмааргүй байна. Ер нь цаашдаа энэ нутагт уул уурхайн үйл ажиллагааг явуулмааргүй зогсоож өгөхийг хүсэж байна” гэсэн юм.
Мөн багийн малчин Б.Байгальсайхан “Говьд уснаас өөр үнэтэй зүйл үгүй. Гэвч уул уурхайгаас болж хайран сайхан усаа ингэж замбараагүйгээр хайр, найргүй хэрэглүүлж буйд үнэхээр харамсаж байна. Ер нь уул уурхайд гүнийн усыг ашиглуулмааргүй байна. Нэгэнт ашиглуулах шаардлагатай бол тухайн орон нутгийн иргэд, малчид бидний саналыг авч, ус ашиглах зөвшөөрлийг олгож байхыг Усны тухай шинжилсэн хуульд тусгуулмаар байна ” гэв.
Харин Айраг сумын засаг дарга С.Ганбаатар “Малчдаас тус уурхайгаас шүүрлийн ус урсаж байгаа талаар мэдээлэл ирсний дагуу өнгөрөгч долоодугаар сарын 9-нд газар дээр нь ирж үзэхэд шавхагдсан байдалтай байсан. Аймгийн БОГ мэдэгдэхэд баярын амралт таарсан учраас ажил эхлэхээр Говь-Сүмбэр аймаг дахь Усны сав газрын захиргаанд мэдэгдье. Ус ашиглах зөвшөөрөл бий эсэхийг шалгаж хариу өгнө гэсэн. Одоогоор хариу ирээгүй байна” гэсэн юм.
Улмаар уг шүүрлийн ус нэмэгдэж гол шиг урсаж байна гэсэн мэдээллээр өнгөрөгч наймдугаар сарын 19-нд сумын ИТХ-ын хурлын даргын 2026 оны наймдугаар сарын 18-ын өдрийн А/11 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн байна.

Шалгалтаар тус компани уурхайн гүнийн усыг зөвшөөрөлгүй шавхаж, асгасан бөгөөд хаягдал ус зайлуулах дүгнэлт болон гэрээ хийгдээгүй ноцтой зөрчил илэрсэн. Мөн талбайн гаднах гүнийн худгийн цооногоос бусад уурхайд холбогдох дүгнэлт, гэрээгүйгээр ус ашиглуулсан. Түүнчлэн уурхайн талбайн хамгаалалтын хашаа нь чанаргүй, зарим газраа онгорхой хийгдсэнээс болж талбайд үүссэн уг уснаас ойр орчмын малчдын мал торонд орсон, төл мал нь орооцолдож гэмтсэн, малаа авахаар уурхайн аюултай бүс рүү иргэн нэвтрэх эрсдэлт нөхцөл бүрдүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс “Дүнг жин ау ванг”компанид эдгээр зөрчлүүдээ есдүгээр сарын 4-ны дотор арилгаж тайлан ирүүлэх мэдэгдлийг тоотоор хүргүүлсэн тухай Айраг сумын ИТХ-ын дарга А.Жаргалбаяр тайлбарлаж байлаа.
Үйлдвэрлэлийн зориулалтаар хоногт 50 куб.м-ээс доош хэмжээтэй ус ашиглах бол аймгийн БОГ-аас зөвшөөрөл олгодог бол 50-100 куб.м-т тухайн аймаг, сумын харьяалагдах Усны сав газар, түүнээс дээш бол БОЯ олгодог хуультай. Хэрэв энэ аж ахуйн нэгж усны дүгнэлтээ аваагүй зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, асгасан бол хоногт алдагдаж буй хэмжээг нь тогтоож гарсан үнийн дүнг гурав дахин нэмэгдүүлж төлөх, торгууль тавигдах хуультай.
Сумын удирдлагуудаас Говь-Сүмбэр дэх Усны сав газарт уг компанийн усны дүгнэлт болон зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгөхийг хүсэж албан бичиг илгээсэн ч одоо болтол арга хэмжээ аваагүй байна. Энэ талаар шаардсан ч CОР17 хурлын дараа хариу өгнө гэжээ.
Гүний ус бол шавхагддаггүй баялаг биш

Томилолтын хоёр дахь өдөр нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Цагаан дэлд уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй есөн компанийн төлөөлөл, малчид, иргэний нийгмийн төлөөлөлтэй нүүр тулсан уулзалтыг Айраг сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулсан юм. Уулзалтад “Дүнг жин ау ванг” ХХК, “Талстад цагаан дэл”, “Эм Си Ти Ти”, “Дугуй уул”, “Ти эйч эм эм”, “Экилешия” ,”Дунфанлунма”зэрэг компанийн төлөөлөл болон сумын удирдлага, малчид, иргэний нийгмийнхэн ирсэн байв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ус ашиглах зөвшөөрөлгүй “Дүнг жин ау ванг” компанийн төлөөллөөс тайлбар хийхийг хүссэн. Гэвч тус компанийн өмнөөс хариу тайлбар өгөх эрх бүхий Монгол талын захирал О.Ариунбаяр ирээгүй түүний ах гэж өөрийгөө танилцуулсан эрхэм ярихдаа “Бид сумаас өгсөн албан шаардлагад энэ сарын 4 гэхэд хариуг бичгээр өгнө” гэв. Харин уурхайн инженер гэж танилцуулсан нэгэн талбар хийхдээ “Манай уурхай хайгуулын нөөц талбайдаа усны судал, координат тогтоох зорилгоор өрөмдлөг хийсэн. Гэвч ус их хэмжээгээр шүүрсэн” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Их хэмжээний гүний ус олон хоногоор урсгаж байгаад санаа зовохгүй есдүгээр сарын 4-ны өдрийг хүлээгээд сууна гэдэг нь дэндүү хариуцлагагүй байна. Нөгөөтээгүүр, ус ашиглах ямар ч зөвшөөрөлгүйгээр их хэмжээний гүний ус асгасан танай компани, байгаль орчин, усны эко системд асар их хор, хохирол учруулж буй энэ байдалд уул уурхай эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэнэ” гэсэн юм. Мөн энэ үеэр “Экилешия” компанид хатуу сануулга өгүүлэх тухай ч анхааруулсан. Эдгээр компаниуд БОНҮ-ний бичиг баримтын бүрдэл дутуу, зарим нь огт байхгүй байгаа талаар ч "Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан шүүмжилж байсан юм. Тэрээр эдгээр компаниудыг гидрогеологийн судалгаа, усны нөөц, усны цооног, ундарга, ашиглах хэмжээ, ус ашигласны төлбөрийн мэдээлэл, Байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөө зэргээ яаралтай бүрдүүлж тайлан тавих хэрэгтэйг сануулсан.
Говийн дусал ус ч үнэ цэнтэй

Гүний ус бол шавхагддаггүй баялаг биш. Зөвхөн нэг уурхайн асуудал ч биш. Нэг талд дэлхий нийт гүний усаа хэрхэн хамгаалж, нөхөн сэлбэхийг хэлэлцэж байхад нөгөө талд говийн усны дусал бүрийн үнэ цэнийг мэдэх ёстой Монголд тэр үнэт нөөц хэрхэн урсаж байгааг харсаар суугаа нь харамсалтай.
АМГТГ-ын мэдээллийн бүртгэлд “Дүнг жин ау ванг” ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан Овоо” нэртэй талбайд MV-022572 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тусгай зөвшөөрлийн талбай 26.79 га талбайд, ашигт малтмал нь хайлуур жонш гэж бүртгэгджээ. Мөн тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээлэлд уг талбайтай холбоотой лицензийн хөдөлгөөн бүртгэгдсэн байна. Гэвч энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна гэдэг нь гүний ус ашиглах автомат эрх биш юм. Усны тухай хуульд зааснаар ус ашиглах эрх нь холбогдох ус ашиглах зөвшөөрөл, ус ашиглуулах дүгнэлт, гэрээ болон бусад шаардлагатай баримтаар үүсдэг. Тиймээс уурхайн лицензийг усны зөвшөөрөлтэй адилтгаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн тодотгож байв. Гэхдээ EITI Mongolia-ийн 2022 оны тайлангийн хавсралтад “Дүнг жин ау ванг” ХХК-ийн нэр ус ашигласны төлбөртэй холбоотой мэдээлэлд бүртгэгдсэн байна. Энэ нь тус компанийн нэр, ус ашигласны төлбөрийн мэдээллийн хүрээнд бүртгэгдсэн ч ямар хэмжээний гүний ус ашигласан, яг ямар зөвшөөрлийн үндсэн дээр ашигласан талаар Чойр дахь сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл олгосон гэх огноо, дугаар, зөвшөөрөгдсөн хэмжээ зэрэг мэдээллийг баталгаатайгаар олдоогүй болно.
Айраг сумын Нарт багийн Цагаан дэл орчимд усны асуудал зөвхөн нэг уурхайн асуудлаар хязгаарлагдахгүй. Говийн бүсэд газрын доорх ус нь хүн, мал, үйлдвэрлэлийн үндсэн хэрэгцээг хангадаг чухал нөөц. Ийм нөхцөлд уурхайгаас гарч буй усыг зөвшөөрөгдсөн хэмжээнд ашиглаж байна уу, эсвэл илүүдэл усыг ямар нэгэн зориулалтгүйгээр гадагш урсгаж байна уу гэдэг нь байгаль орчин, усны нөөцийн хамгаалалтын асуудал болно.
Говийн хөрсөн дээр урсах тэр усны мөр нэг л асуултыг үлдээнэ. Хэн, ямар зөвшөөрлөөр, хэдий хэмжээний усыг газрын гүнээс гаргаж байна вэ. Энэ асуултын хариу нь Айраг сумын Нарт багийн Цагаан дэлд юу болж байгааг тодорхойлох юм.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 165 (7907)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn