К.АНУ

Тайланд улс гадаадын иргэдэд визгүй зорчих нөхцөлөө шинэчилж, 2026 оны есдүгээр сарын 15-наас 60 хоногийн хугацааг 30 хоног болгон бууруулна. Шинэ журмыг наймдугаар сарын 31-нд “Royal Gazette” буюу Тайландын Хаант улсын Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтэлсэн гэж visasnews.com мэдээлжээ.

Тус улсын Дотоод хэргийн яамны шинэ мэдэгдлээр 2024 оны долоодугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн, аялал жуулчлал, богино хугацааны бизнесийн зорилгоор 93 улс, нутаг дэвсгэрийн иргэдэд 60 хүртэл хоног визгүй зорчих эрх олгосон өмнөх журмыг хүчингүй болгожээ.

Шинэ журмаар 60 улс, нутаг дэвсгэрийн иргэд Тайландад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болно. Үүний зэрэгцээ Маврикий, Сейшелийн арлуудын иргэдэд 15 хоногийн визгүй зорчих эрх олгож, Азербайжан, Беларусь, Сербийн иргэдэд визийг хил дээр авах зохицуулалт хэрэгжинэ гэж

Тайландын Засгийн газар визийн шинэчлэлийг үндэсний аюулгүй байдал, аялал жуулчлал, эдийн засгийн ашиг сонирхол, харилцан адил байх зарчим болон визийн ангиллын давхардлыг бууруулах шаардлагатай холбон тайлбарласан гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас Тайландын Хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан мэдээлэлд  “Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчилнэ.

Энэ шийдвэр “Royal Gazette”-д нийтэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан тул 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад визгүй зорчих хугацаа 30 хүртэл хоног болохыг анхаарна уу” гэсэн байна.

Эх сурвалж: zms.mn