З.БАТЦЭЦЭГ
Өмнө нь эрчүүд хэн нэгэнтэй уулзахдаа малгайгаа өргөдөг байсан бол одоо чихэвчээ авдаг болсон. Гэвч эмэгтэй хүн чихэвч зүүсэн үед танилцах, яриа өдөхөд илүү төвөгтэй байдаг гэж эрчүүд үздэг аж.Энэ нь зүгээр шалтаг байж болох ч чихэвч нь тухайн хүн гаднын орчноос өөрийгөө тусгаарлаж, харилцах хүсэлгүй байгаагийн дохио гэж эрчүүд үздэг байна. Тэгвэл ийм үед хэрхэн яриа эхлүүлэх талаар “IZ” сонины нийтлэлд бичсэнийг хүргэж байна.
Эрэгтэйчүүдийн үзэж буйгаар чихэвч нь танилцах, яриа эхлүүлэхэд саад болдог байна. Учир нь, чихэвч зүүсэн хүн гаднын хүмүүстэй харилцах сонирхолгүй мэт харагддаг учраас энгийн яриа өрнүүлэх ч амаргүй. Ингэснээр романтик харилцаа үүсэх магадлал багасдаг аж. Үүний талаар сэтгэл судлаач Юрий Кудрявцев “Өнөөдөр хүмүүс мэдээллийн асар их урсгал дунд амьдарч байна. Тиймээс тэд заримдаа хэсэгхэн хугацаанд ганцаараа байхыг хүсэж, гаднын дуу чимээ, мэдээллээс өөрийгөө тусгаарлахыг эрмэлздэг” гэж тайлбарлажээ. Тиймээс таны эргэн тойронд чихэвч зүүсэн хүмүүсийн шалтгаан ийм ч байж магадгүй юм.
Сэтгэл судлаач Юрий Кудрявцевын үзэж буйгаар чихэвч нь "Би завгүй байна, надтай битгий яриарай" гэсэн дохиог бусдад өгдөг аж. Тиймээс өнөө үед чихэвч зүүсэн хүнтэй танилцахаар ойртох хүн цөөн байдаг. Учир нь тэдний хувийн орон зайд халдсан хэрэг гэж үзэж болно. Энэ бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь асуудал бөгөөд хүнтэй танилцах магадлал буурдаг байна.
Бодит амьдрал дээр хүмүүстэй танилцах нь урьд өмнөхөөс хэцүү болж, шинжлэх ухаан, технологийн дэвшил нь бэрхшээлийг улам нэмэгдүүлж байгааг сэтгэл судлаач Юрий Кудрявцевын онцолжээ. Өнөөгийн нийгэмд хүмүүс утасны дугаараа солилцохгүйгээр мессежээр харилцаж, таагүй харилцаатай хүнтэй холбоогоо хурдан тасалж, блоклох боломжтой болсон. Харин бодит амьдрал дээр ийм сонголт байдаггүй. Магадгүй танилцах бодолтой хүн санамсаргүйгээр хэтэрхий хувийн орон зайд нь эсвэл нөгөө хүнийг эвгүй байдалд хүргэж болзошгүй юм. Тиймээс чихэвчийг олны дунд ганцаараа байх арга, өөртөө хувийн орон зай бий болгох, шинэ хүмүүстэй уулзах хүсэлгүй байгаагаа илэрхийлэх арга гэж тодорхойлж болно гэж сэтгэл судлаач Юрий Кудрявцев тайлбарлажээ.
Хэрэв хэн нэгэн чихэвч зүүж өөртөө цаг гаргахыг хүсэж байгаа эсвэл зүгээр л амарч байгаа бол тэд яриа өрнүүлэх оролдлогыг хувийн орон зайд халдаж, бүдүүлэг үйлдэл гэж хүлээж авч магадгүй. Тиймээс харилцах хүсэлгүй байгаагаа тодорхой илэрхийлж байвал асуудлыг хүчээр тулгахгүй хэрэггүй. Харин харилцахад нээлттэй хүмүүстэй танилцах нь илүү зөв сонголт хэмээн зөвлөжээ. Мөн эрчүүдэд спортын клуб зэрэг сонирхол нэгтэй хүмүүс цугладаг газарт эмэгтэйчүүдтэй танилцахыг зөвлөжээ. Учир нь ийм орчинд ижил сонирхол, үнэт зүйлтэй, бие биетэйгээ нийцэх магадлал өндөр хүмүүстэй танилцах боломж илүү байдаг аж.
Хүний жинхэнэ мөн чанар үгнээс илүүтэй үйлдлээрээ илэрдэг

Сэтгэл судлаачид хүний харилцаанд үг яриа чухал үүрэгтэйг онцолж, харилцаа холбоо нь дохио зангаанаас илүү ярианаас эхэлдэг гэдгийг онцолжээ. Эмэгтэйчүүд "чихээрээ дурладаг" гэсэн үг үнэн юм. Учир нь эмэгтэйчүүд, сонирхолтой яриа өрнүүлж чаддаг, таатай дуу хоолойны өнгөтэй, өөрийгөө зөвөөр илэрхийлдэг эрчүүдэд илүү татагддаг байна.
Сэтгэл судлаач Алина Королева “Магтаал сонсох үед эмэгтэйчүүдэд эндорфин, серотонин зэрэг таатай мэдрэмж төрүүлдэг даавар ялгардаг. Эдгээр аз жаргалын дааврын нөлөөгөөр эмэгтэй хүн өөрийгөө илүү тайван, аз жаргалтайгаар мэдэрч, улмаар ярилцаж буй хүнээ бодит байдлаас илүү эерэгээр хүлээж авах магадлалтай. Тиймээс сайхан үгэнд автахгүй, тухайн хүний үйлдэл, зан чанарыг бодитоор ажиглах нь чухал.
Мэдээж хүн бүр, тэр дундаа эмэгтэйчүүд сайхан үг, магтаал сонсох дуртай. Гэхдээ энд хамгийн чухал зүйл нь магтаалын цаадах зорилго юм. Тухайн үгийг үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байна уу, эсвэл тодорхой зорилгод хүрэхийн тулд хэлж байна уу гэдгийг ялгаж харах хэрэгтэй. Магтаалыг шууд үнэн гэж хүлээж авахгүйгээр бодитоор дүгнэх нь чухал. Учир нь хүний жинхэнэ мөн чанар үгнээс илүүтэй үйлдлээрээ илэрдэг. Тиймээс шинэ хүнтэй танилцах эхний үед түүний хэлж буй зүйлд анхааралтай хандаж, үг нь үйлдэлтэйгээ нийцэж байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй.
Бидний сонссон мэдээллийг боловсруулах үйл явц олон хүчин зүйлээс хамаардаг. Хүн зөвхөн үг, дуу хоолойг сонсоод зогсохгүй, тэдгээрээс төрсөн мэдрэмжээ дотроо үнэлж, өмнөх туршлага дээрээ тулгуурлан дүгнэлт хийдэг. Тухайлбал, өмнө нь худал амлалт өгдөг хүнтэй харилцаж байсан эмэгтэй ижил төстэй зан авирыг дуу хоолойны өнгө, ярианы хэв маягаас нь анзаарах боломжтой байдаг. Мөн сонсох чадвар нь хүн өөртэй нь ярилцаж буй хүнд хэр таалагдаж байгаагаа хурдан мэдрэхэд тусалдаг. Дуу хоолойны өнгө, аялга нь анхны сэтгэгдэлд ихээхэн нөлөөлж, хүний анхаарлыг татах эсвэл эсрэгээрээ тухайн хүнээс холдох мэдрэмж төрүүлж болдог" гэжээ.
Чихэвч нь зөвхөн нийгмийн харилцаанд нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч сөрөг үр дагавартай
Чихэвч зүүсэн хүн эргэн тойрныхоо хүмүүст өөрийн мэдэлгүйгээр "Би одоогоор харилцахад нээлттэй биш байна" гэсэн дохио өгдөг гэж “СлышуВижу” сонсголын аппаратын төвийн үүсгэн байгуулагч, сонсгол судлаач Никита Дикопольцев тайлбарлажээ.
Үүний улмаас хүмүүс тэдэнтэй яриа эхлүүлэх, асуулт асуух нь багасаж, улмаар өдөр тутмын нийгмийн харилцаа сулардаг байна. Хүн яриа сонсох үед эхлээд тархины дуу авиа боловсруулах хэсэг идэвхждэг. Үүний дараа үгийн утгыг ойлгох, сэтгэл хөдлөл болон ой санамжтай холбоотой хэсгүүд ажиллаж эхэлдэг. Хэрэв сонсож буй үгс нь магтаал, хайр халамж илэрхийлсэн таатай агуулгатай бол тархи үүнийг эерэг сэтгэл хөдлөл төрүүлэх үйл явдал гэж хүлээн авч, таашаал болон дотно холбоо үүсэхтэй холбоотой системүүдийг идэвхжүүлдэг гэж мэргэжилтэн тайлбарлав. Тиймээс сайхан үг, эелдэг харилцааг хүн сэтгэл санаанд нөлөөлөх чухал дохио болгон хүлээж авдаг байна.
Сонсгол болон сэтгэл хөдлөлийн хоорондын ийм холбоо нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд адилхан үйлчилдэг. Мөн сонсгол болон дааврын үйл ажиллагаа хоорондоо холбоотой байдаг. Эдгээр нь хүмүүсийн хоорондын итгэлцэл, дотно байдлыг бэхжүүлэхэд оролцдог. Үүний зэрэгцээ эстроген, прогестерон зэрэг зарим даавар сонсголын тогтолцоонд нөлөөлж болдог бөгөөд дааврын тэнцвэр алдагдах нь сонсголын асуудал үүсгэх эрсдэлтэй гэж Никита Дикопольцев анхааруулжээ.
Судалгаагаар дурласан үед шүүмжлэлтэй дүгнэлт хийх, бусдыг бодитоор үнэлэхтэй холбоотой тархины зарим хэсгийн идэвх буурдаг болохыг харуулжээ. Энэ нь зөвхөн романтик харилцаанд бус, эхийн хайр зэрэг хүчтэй холбоо бүхий харилцаанд ч ажиглагддаг гэж мэргэжилтэн тэмдэглэсэн байна. Гэхдээ чихэвч нь зөвхөн нийгмийн харилцаанд нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч сөрөг үр дагавартай байж болно. Ялангуяа өндөр дуугаар удаан хугацаанд сонсох нь сонсгол муудах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин сонсголын асуудал нь цаашлаад хүний нийгмийн идэвх, амьдралын чанарт нөлөөлөх боломжтой. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар чихэвчний өдөр тутмын хэрэглээг 3–4 цагаас хэтрүүлэхгүй байх нь зүйтэй. Өглөөнөөс орой хүртэл тасралтгүй чихэвч зүүх нь сонсголын системд удаан хугацааны ачаалал өгдөг тул ийм зуршлаас зайлсхийх хэрэгтэй. Чихэвч бол өөртөө цаг гаргах, амрахад хэрэгтэй сайн хэрэгсэл. Гэхдээ шинэ хүмүүстэй танилцах, ойр дотнын хүмүүстэйгээ бодит харилцаа холбоо тогтоохыг хүсэж байвал хааяа чихэвчээ тайлах нь зүйтэй. "Хамгийн сонирхолтой яриа бол яг таны өмнө байгаа бодит хүнтэй хийх яриа юм" гэж мэргэжилтэн онцолжээ.
Айдсаа нуухын тулд үргэлж чихэвч, малгайгаар өөрийгөө тусгаарлах нь шийдэл биш

Гэсэн хэдий ч чихэвчийг гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлах "бамбай" болгон ашиглаж, шинэ хүмүүстэй харилцахаас зайлсхийх нь зөв арга биш гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ичимхий зан, болгоомжлолыг даван туулахын тулд хамгийн түрүүнд өөртөө итгэх итгэл, аюулгүй байдлын мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй гэж сэтгэл судлаачид зөвлөжээ. Энэ нь зөвхөн бусадтай танилцахаас айдаг хүмүүст бус, чихэвч зүүсэн хүнтэй яриа эхлүүлэхээс эмээдэг хүмүүст ч хамаатай.
“Та бусад хүмүүсийн нэгэн адил нийгмийн харилцаанд оролцох эрхтэй. Шинэ хүнтэй танилцах нь аюултай зүйл биш гэдгийг өөртөө ойлгуулах хэрэгтэй" гэж сэтгэл судлаач Юрий Кудрявцев зөвлөв.
Мөн тэрээр ирээдүйн уулзалт, болзооны үеэр юу хэлэх, хэрхэн өөрийгөө авч явах талаар урьдчилан төсөөлөн бэлтгэхийг зөвлөжээ. Ийм сэтгэл зүйн бэлтгэл нь бодит нөхцөлд өөртөө илүү итгэлтэй, тайван харилцахад тусалдаг байна. Харин нийгмийн харилцаанаас байнга зайлсхийх нь дотоод түгшүүр, сэтгэл ханамжгүй байдлыг улам нэмэгдүүлж, хүссэн харилцаанд хүргэхгүй гэж сэтгэл судлалын доктор Алина Королева тайлбарлажээ. Хэрэв хүн ганцаардлаас болж шаналж байгаа бол шинэ танилтай болох айдсаа нуухын тулд үргэлж чихэвч, малгайгаар өөрийгөө тусгаарлах нь шийдэл биш.
Зарим үед айдастайгаа нүүр тулж, жижиг алхмаар даван туулах нь илүү үр дүнтэй байдаг. Урьдчилан бодож төлөвлөсөн нөхцөл байдал, яриа эхлүүлэх бэлтгэсэн хэдэн өгүүлбэр хүртэл айдсыг багасгахад тусалдаг гэж Алина Королева онцолжээ. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрэв эмэгтэй хүн харилцах сонирхолгүй байгаагаа тодорхой илэрхийлж байвал түүний "хамгаалалтыг эвдэх" гэж хүчээр оролдох хэрэггүй. Энэ нь харилцаа эхлүүлэх арга биш бөгөөд нөгөө хүний хувийн орон зайг үл хүндэтгэсэн үйлдэл болж болзошгүй. Тиймээс танилцах оролдлого нь хүндэтгэлтэй байх ёстой. "Энэ нь эхлээд энгийн харц солилцохоос эхэлж болно. Хэрэв эмэгтэй хүн таны харцыг анзаарч, хариу үйлдэл үзүүлбэл дараагийн алхам хийх боломжтой. Жишээлбэл, ярилцах санал тавих, кофе уухыг урих зэрэг энгийн байдлаар эхэлж болно" гэж Королева зөвлөжээ.
Харин ийм дохио хүлээж авахгүй, эсвэл нөгөө хүн зөвхөн товч, сонирхолгүй хариулт өгч байвал танилцах оролдлогоо зогсоох нь дээр. Энэ нь тухайн хүн одоогоор ярианд нээлттэй биш байгааг илтгэж болно. Ялангуяа эрчүүдийн хувьд заримдаа ийм нөхцөл байдлыг цаг үрсэн, үр дүнгүй оролдлого гэж хүлээж авах хандлагатай байдаг аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 137 (7879)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn