Өнөөдөр залуус нэг мэргэжлээр хязгаарлагдалгүй, үндсэн ажлынхаа хажуугаар өөрийн сонирхол, санааг хөгжүүлж, түүнийгээ бодит бүтээгдэхүүн болгох нь нэмэгдэж байна. Тэдний нэг   болох О.Өсөхбаярыг  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн  "Өөр зочин" буландаа урьж, ярилцлаа.  Тэрээр 20 настай бөгөөд Монголын барилга, архитектурын зураг төслийн  "MGL E&C" компанид программ хангамжийн инженер, технологи хариуцсан ахлах, хөгжүүлэгчээр ажиллахын зэрэгцээ өөрийн тоглоомын платформыг хөгжүүлж, найман сарын дотор 26 мянган хэрэглэгчтэй болжээ.

 

-Анх платформ хийх санаа хэрхэн төрсөн бэ?

-2025 оны нэгдүгээр сард “Pinecone” академид элсэн орж, код бичиж сурсан. Тэр үед компьютероо ч асааж чаддаггүй байсан бол өнөөдөр программ хангамжийн инженерээр ажиллаж байна.  Энэ мэргэжлийн давуу тал нь аль ч салбарт ажиллаж болдгоороо онцлог. Би E-Sport буюу тоглоомд дуртай учраас өөрийн сонирхдог салбарын вэбсайтыг хийхээр шийдсэн.

-Аппликейшн, вэбсайт хөгжүүлэхэд ямар зүйлс хамгийн түрүүнд шаардлагатай байсан бэ?

**-**Анх нэг найзтайгаа санаагаа ярилцаж, хамтран хийхээр шийдээд тухайн үед ажиллаж байсан ажлынхаа цалингаас вэбсайтынхаа хөгжүүлэлтийг эхлүүлсэн. Вэбсайтаа нээсэн даруйд 2000 орчим хүн бүртгүүлж, 20 гаруй хүн худалдан авалт хийсэн. Үүнээс нийт 200 мянган төгрөгийн орлого олсон. Хугацаа өнгөрөх тусам орлого нэмэгдэж, олсон орлогоороо вэбсайтынхаа сервисийн зардал болон дата баазын төлбөрийг хангалттай төлдөг болсон.

Анх эхлэх үедээ тодорхой хэмжээний зардал шаарддаг байсан бол одоо вэбсайт маань өөрийнхөө зардлыг өөрөө нөхдөг болсон. Одоогоор вэбсайтаа ажиллуулж эхлээд найман сар болж байна. Энэ хугацаанд 26 мянган хэрэглэгчтэй болсон.

-Хөгжүүлэлт хийх үед хамгийн их хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?

- Инженерийн хувьд би код бичихийг л  сурсан учраас дизайн гаргах талаар  ямар ч ойлголтгүй байсан. Тийм болохоор  вэбсайтын харагдах байдал буюу дизайн ямар байвал хүмүүст ойлгомжтой байх вэ гэдэг хамгийн хэцүү байсан.

Мөн санхүүгийн асуудал. Домэйн нэр буюу “.mn” гэдэг нэрийг авахын тулд жил болгон тогтмол төлбөр төлөх, автомат төлбөрийн системээ шийдэхийн тулд “Q-Pay”-тэй гэрээ хийх зэрэг төлбөрүүд эхэндээ хэцүү байсан. Одоогоор вэбсайтын хэрэглэгчдийн зүгээс ямар нэгэн хүндрэлтэй зүйл гарахгүй байгаа.

- Вэбсайтаа ганцаараа хөгжүүлж байгаа юу, эсвэл багтай юу?

- Сүүлийн дөрвөн сарын хугацаанд ганцаараа хөгжүүлэлтээ хийж байна. Манай хамтрагч одоогоор нэрээ татсан байгаа.

-Танай сайт дээр хүмүүс ямар тоглоом тоглох боломжтой вэ?

- Эхлээд хүмүүс бүртгүүлж ороод 10-уулаа болтлоо хүлээнэ. 10 хүн бүрдсэний дараа “Standoff” хэмээх тоглоомыг тоглодог. Хожсон хүн оноо авна. Нэг хүн өдөрт гурван удаа үнэгүй тоглох эрхтэй байдаг бол төлбөр төлсөн хүмүүс хязгааргүй тоглож, оноогоо илүү хурдан нэмүүлэх боломжтой. Ийм дарааллаар ажилладаг.

-Вэбсайтаасаа олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ?

-Нэг долоо хоногт 700 мянган төгрөгийн орлого олбол 200 мянган төгрөгөөр нь зардлаа төлж, үлдсэн 500 мянган төгрөгөөрөө сайт дээрээ үнэгүй тоглох тэмцээн зохион байгуулаад ялагчдад нь шагнал болгон өгдөг. Ингэж байж бид хэрэглэгчдээ татна. Хүмүүс бидэнд мөнгө төлж тоглож байхад бид мөнгийг нь юунд ч хамаагүй үрж болохгүй. Өгч байж авна гэдгийг мартаж болохгүй.

- Вэбсайт нь хэзээ аппликейшн болж гарах вэ?

-Манай вэбсайтын хөгжүүлэлт бараг дуусчихсан. Одоо “Apple” компаниас аппликейшнаа нийтэд түгээх зөвшөөрөл хүлээж байгаа. Зөвшөөрөл нь ирвэл шууд аппликейшн болгож гаргахад бэлэн болсон.

-Платформоо цаашдаа илүү өргөжүүлэх зорилго байгаа юу?

-Дэлхийд гарахыг зорьж байгаа. “Standoff” тоглоомын хамгийн их тоглогчтой улс нь Монгол. Дараагаар нь Орос, Казахстан, Украйн улс ордог. Тиймээс эхний ээлжид тоглоомоо Евроазид гаргахаар зорьж байгаа.

-Барилгын зураг төслийн компанид ажилладаг гэсэн шүү дээ. Хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Би "MGL E&C" компанид ажилд ороод нэг сар хагас болж байна. Миний ажлын үүрэг бол компанид шинээр төсөл орж ирэх, санхүү, ажилчдын ирц, ажлын тайлан зэрэг мэдээллийг ажилтнууддаа ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор байгууллагын дотоод вэбсайтыг хөгжүүлэх.

Тус вэбсайтаар дамжуулан менежментийн багийнхан компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн явц, ажлын ачааллыг харах боломжтой. Мөн шинэ төсөл орж ирсэн тохиолдолд ажилтнуудын цагийн зохицуулалтыг хэрхэн хийх талаар биечлэн уулзаж ярилцах шаардлагагүйгээр ERP буюу байгууллагын нөөцийн системээр дамжуулан мэдээлэл солилцож, зохицуулах боломжтой.

-Хиймэл оюун ухаан ашигладаг уу?

-Хиймэл оюун ухаан манай сайтын бүх чигийг хэлж өгдөг. Аль товчин дээр хүмүүс хамгийн их дарж байна, хаана очоод хүмүүс гацаж байна, аль хуудсан дээр очоод сайтыг ашиглахаа больж байна гэх мэт мэдээллийг AI-аар судлуулдаг. Үүн дээр үндэслэн юу нь болохгүй байгаа, цаашид хэрхэн засаж, сайжруулах талаар AI-аас санал авдаг.

Хүн аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөр шийддэг бол AI зөвхөн баримтад үндэслэн дүгнэлт гаргадаг. Тийм учраас AI-ийг хөгжүүлэлтдээ тогтмол хэрэглэдэг.

-Технологи, AI цаашдаа хүнийг орлож ажиллаж чадах болов уу?

- Тийм ээ. Гэвч одоохондоо хиймэл оюун ухаан хүний зааварчилгаагүйгээр ямар нэгэн зүйлийг дур мэдэн хөгжүүлж чадахгүй. Хүн хийх зүйлийг нь хэлж өгч байж үйлдэл хийж байгаа. Тиймээс AGI буюу хүнтэй нэгэн адил танин мэдэх, суралцах, олон төрлийн даалгавар гүйцэтгэх чадвартай түвшний хиймэл оюун ухаан бий болох хүртэл хүний шаардлага байх нь тодорхой.

Сүүлд нэг судалгаа уншихад “Дэлхий дээрх бүх ажлыг AI хийдэг болохын тулд одоо дэлхий дээр байгаа бүх цахилгаан станцын тоо хоёр дахин их байх шаардлагатай” гэж байсан. Хиймэл оюун ухаан маш сайн хөгжсөн ч цахилгаан эрчим хүч нь хүрэхгүй учраас ойрын 15 жилдээ AI хүнийг бүрэн орлох боломжгүй гэж бодож байна.

-Өөрийн санаагаа эхлүүлэхийг хүсдэг ч эргэлзэж, эхэлж чадахгүй байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Оролдоод үз, шантрах үе олон гарна. Би эхэндээ юу ч ойлгохгүй байсан ч “сурна” гээд өдөрт 17 цаг компьютерын ард суудаг байсан. Миний хувьд код бичихээс илүү өөрийгөө ялан дийлэх нь хамгийн хэцүү байсан.

Олон зүйлийг оролдож үзэж, алдаж, дахин оролдож чаддаг хүн л амжилтад хүрдэг гэж боддог. Тиймээс шантарсан ч өөрийгөө зоригжуулаад нэг алхам хийгээд үзээрэй. Хүссэн хүн нь сураад, гадаадаас орлого олох, тэр хэрээрээ Монголын эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтой мэргэжил бол программ хангамжийн инженер юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 159 (7901)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn