Төмөрбаатарын БАТСАЙХАН

 “Green Mongolia Hub”-ийн тэргүүн, “Цөлийн дуу хоолой” санаачилгын ерөнхий зохицуулагч Ц.Мандухайтай ярилцлаа.

 

-Та олон улсад эх орноо төлөөлөн байгаль орчны салбарт ажилладаг.  Энэ удаагийн COP17 хуралд ямар үүрэгтэйгээр оролцож байна вэ?

 - Би байгаль орчны салбарт, ялангуяа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын үйл явцад иргэний нийгмийн төлөөллийн хүрээнд ажиллаж, бодлого, институцын түвшний хамтын ажиллагаа, олон талт сүлжээнд түлхүү оролцдог.

Энэ конвенцын хамгийн том давуу тал нь 197 талыг нэг дор нэгтгэж, улс орнууд цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг хэрэгжүүлж буй бодлого, шинжлэх ухаан, технологи, бодит шийдэл, туршлагаа харилцан солилцох боломжийг бүрдүүлдэгт оршдог.

Өөрөөр хэлбэл, нэг улсын амжилттай хэрэгжүүлсэн шийдэл зөвхөн тэр улсдаа үлдэх биш, ижил төстэй асуудалтай бусад оронд нутагших боломжтой. Улмаар хамтын ажиллагааны хүрээнд бусад улс оронд үр дүнгээ өгсөн шийдэл, туршлагыг Монголын нөхцөлд хэрхэн тохируулж, нутагшуулах вэ гэдэг нь маш чухал. Гэхдээ зөвхөн нэг чиглэлийн урсгал биш. Монгол Улсад ч дэлхийтэй хуваалцах уламжлалт мэдлэг, бэлчээрийн менежмент, орон нутгийн туршлага, шинэлэг шийдлүүд бий. Энэ асуудалд гүүр болж ажиллахыг хичээдэг.

-COP17 талуудын бага хурал амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн хурлын онцлогийг та хэрхэн харж байна вэ?

- COP17 Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь өөрөө хамгийн том онцлог. COP17-д 197 орны төлөөлөгч оролцож байна. Дийлэнх нь өндөр түвшний төлөөлөгч нар байна. Мөн энэ удаагийн хурлаар олон улсын бэлчээр хамгаалагч нар, малчдын асуудлыг онцгойлон авч үзэж байгаа. Энэ сэдвийг Монгол Улс өөрөө манлайлж гаргаж ирсэн гэж хэлж болно. Монгол Улс асар уудам газар нутагтай. Гэвч нутаг дэвсгэрийнх нь 77  гаруй хувь цөлжилт, газрын доройтлын эрсдэлд орж, хуурайшиж, үр шим нь буурч байна. Үүний нөлөө хамгийн түрүүнд малчдын амьжиргаа, мал аж ахуйн салбар, xүнсний аюулгүй байдалд мэдрэгдэж байгаа. Тиймээс цөлжилт, газрын доройтлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж харах бус, малчдын амьжиргаа, орлого, цаашлаад орон нутгийн иргэдийн амьдралтай шууд холбоотой гэдэг талаас нь харах нь зөв.  Үүнийг COP17-оор дэлхий нийтийн анхааралд авчирч байгаа нь Монгол Улсын хувьд маш чухал.

- Хот суурин газарт амьдарч байгаа иргэд маань цөлжилт, газрын доройтлын шалтгааныг төдийлөн сайн мэддэггүй. Нөгөө талаас асуудлыг шийдвэрлэхэд малчдын дуу хоолой, оролцоо чухал байх?

 - Тийм ээ.  Ер нь энэ асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй. Мал аж ахуйн салбар газрын доройтол, цөлжилтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь үнэн. Нөгөө талаас малчид бол тухайн газар нутаг дээр амьдарч, тэр газраасаа амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс. Тиймээс энэ удаагийн COP17-оор малчид, бэлчээр ашиглагчид, мал аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг олон улсын түвшинд хүргэж байгаа нь маш чухал байна. Гэхдээ бид байгаль орчноо хамгаалах, бэлчээрээ зөв ашиглах бүх хариуцлагыг зөвхөн малчдад үүрүүлээд орхиж болохгүй. Төр, засгийн зүгээс малчидтайгаа ойр ажиллаж, тэдний оролцоог бодлогын түвшинд бодитоор дэмжих шаардлагатай. Энэ нь зөвхөн нэг удаагийн төсөл, хөтөлбөрөөр хязгаарлагдах биш, тогтвортой тогтолцоо, тодорхой хууль эрх зүйн орчин, хамгийн гол нь малчдад өөрсдөд нь эдийн засгийн бодит үр өгөөж авчрах механизмтай байх ёстой. Байгаль хамгаалах нь малчдын хувьд зөвхөн үүрэг биш, амьжиргаа, эдийн засгийн боломжтой нь уялдсан байх хэрэгтэй. Мөн хамгийн чухал асуудлын нэг нь экологийн нөхөн сэргээлтийг эдийн засгийн үр өгөөжтэй холбож чадах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал. Бид зөвхөн “энэ газрыг нөхөн сэргээе” гэж төсөл хэрэгжүүлэх биш, нөхөн сэргээлт өөрөө хөрөнгө оруулалт татдаг, орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр, орлого бий болгодог ногоон эдийн засгийн тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Жишээлбэл, доройтсон газар нутгийг нөхөн сэргээхдээ зөвхөн мод, ургамал тарих тухай ярихгүй. Тухайн газрын онцлогт тохирсон сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлттэй технологи, үржүүлэг, хүлэмж, тэжээлийн ургамал, тогтвортой газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн үйл ажиллагааг нөхөн сэргээлттэй цогцоор нь холбож болно. Ингэснээр газар сэргэхийн зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож, орон нутгийн иргэд болон малчдад бодит эдийн засгийн өгөөж өгөх боломжтой. Гэхдээ энд нэг том асуудал бий. Экологийн нөхөн сэргээлт бол 2–3 жилийн ажил биш. Бодит үр дүн гаргахын тулд 20–30 жил, зарим тохиолдолд түүнээс ч урт хугацаа шаардагдана. Тэгвэл ийм төсөлд банк, хувийн хэвшил, дотоод гадаадын хөрөнгө оруулагч урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийн тулд газрын ашиглалт, төслийн эрх, хөрөнгө оруулалтын хамгаалалт, өгөөжөө нөхөх хугацаа нь тодорхой, тогтвортой байх шаардлагатай. Өнөөдөр бид хөрөнгө оруулагчаас “20–30 жилийн нөхөн сэргээлтэд хөрөнгө оруул” гэж хүсчхээд, нөгөө талдаа урт хугацаанд ажиллах эрх зүйн баталгаа, банк санхүүжилт хийх боломжтой бүтэц, эдийн засгийн хөшүүргийг нь бүрдүүлээгүй байж болохгүй. Экологийн хугацаа урт байгаа бол санхүүжилт, хөрөнгө оруулалтын нөхцөл ч тэр хугацаатайгаа нийцсэн байх ёстой. Тиймээс бидэнд байгаль хамгаалал, газар ашиглалт, бизнес, банк санхүү, хөрөнгө оруулалтыг тус тусад нь харах биш, нэг систем болгож холбосон эрх зүйн орчин хэрэгтэй. Тэр тогтолцоо нь байгальдаа ашигтай, хөрөнгө оруулагчдаа боломжтой, орон нутгийн иргэд болон малчдад үр өгөөжтэй байх ёстой. Ингэж чадвал газрын нөхөн сэргээлт зардал биш, урт хугацааны ногоон хөрөнгө оруулалтын шинэ зах зээл болж чадна.

- “Voice of the Desert” буюу “Цөлийн дуу хоолой” санаачилгад та нэгдэн ажиллаж байгаа. Санаачилгын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

- “Voice of the Desert санаачилгыг Green Mongolia Hub өөрөө санаачлаагүй. Харин энэхүү санаачилгыг манлайлан зохицуулж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаатай холбон ажиллаж байгаа. Санаачилгын гол санаа нь цөлжилт, газрын доройтлын талаар зөвхөн хурлын танхимд сууж, бодлогын баримт бичиг, тайлан, тоон мэдээллээр ярих биш. Харин өөрсдөө газар нутаг дээр нь очиж, тухайн ландшафтад бодитоор юу өөрчлөгдөж байгааг харах, хамгийн гол нь тэнд амьдарч байгаа хүмүүс энэ өөрчлөлтийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн мэдэрч байгааг өөрсдөөс нь сонсох зорилготой.Тиймээс бид малчид, нутгийн иргэд, тариаланчид, судлаачид, байгаль хамгаалагчид, орон нутгийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай газар дээр нь уулзаж, ярилцлага авч, тэдний дуу хоолой, бодит нөхцөл байдлыг баримтат кино, дүрс бичлэгээр баримтжуулсан.Мөн үүнийг зөвхөн Монголын нутаг дэвсгэрээр хязгаарлаагүй. Яагаад гэвэл байгаль, экосистем улсын хилээр тасардаггүй. Эхний шатанд бид Монголын говь, хуурай бүс нутгуудаар ажиллаж, дараа нь экспедицээ Казахстан, Узбекистан, Кыргызстаны хуурай бүс нутгуудад үргэлжлүүлсэн. Улс орон өөр боловч усны хомсдол, бэлчээр болон газрын доройтол, ган, орон нутгийн иргэдийн амьжиргаа зэрэг газар дээр сонсож, харсан олон сорилт хоорондоо маш төстэй, харилцан уялдаатай байсан.Энд Хятад улс мөн маш чухал байр суурьтай. Монгол, Хятад, Төв Азийн хуурай бүсүүд нь Евразийн өргөн уудам, харилцан уялдаатай экосистемийн нэг хэсэг. Цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, шороон болон элсэн шуурга зэрэг сорилт аль нэг улсын хил дээр зогсдоггүй. Үүний зэрэгцээ Хятад улс цөлжилттэй тэмцэх, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр олон жилийн туршлага, шинжлэх ухаан, технологи, бодит шийдэл хуримтлуулсан. Тиймээс Хятад улс “Voice of the Desert”-ийн цаашдын бүс нутгийн хамтын ажиллагааны чухал оролцогч гэж бид харж байгаа. Ер нь газар нутгаас сонссон дуу хоолой, харсан бодит нөхцөл байдлаа эргээд хурлын танхимд авчирч, бодлого, шийдэл, санхүүжилт, улс орнуудын хамтын ажиллагаатай холбож байна. “Voice of the Desert”-ийн хамгийн чухал үнэ цэн нь энэ. Цаашдаа бид Монгол, Хятад, Төв Азийн улс орнуудын иргэний нийгэм, шинжлэх ухаан, төр, орон нутгийн иргэд, хувийн хэвшлийг илүү бодитоор холбож, “Voice of the Desert”-ийг Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм болгон хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа.

- Монгол Улс нүүдлийн соёлтой, уламжлалт мал аж ахуйд тулгуурласан онцлогтой шүү дээ. Ер нь олон улсын шилдэг туршлага, шийдлүүдийг нутагшуулахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

 - Институцын түвшинд олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх, мэдлэг, туршлага солилцох боломж харьцангуй сайн. Харин тэр шийдлийг орон нутагт буулгаж, иргэдийн бодит оролцоотой хэрэгжүүлэхэд Монголд өөрийн гэсэн онцлог, сорилт бий.Монгол Улс асар уудам газар нутагтай, малчин өрхүүд хоорондоо хол зайд тархан суурьшдаг, нүүдлийн амьдралын хэв маягтай. Тиймээс бусад оронд байдаг шиг иргэдийг нэг дор төвлөрүүлж, тогтмол уулзуулж, орон нутгийн хамтын ажиллагааны тогтвортой бүтэц буюу community-г бий болгох нь манай нөхцөлд харьцангуй хүндрэлтэй. Энэ нь иргэд хамтран ажиллах сонирхолгүй гэсэн үг биш. Харин газарзүйн зай, нүүдлийн хэв маяг, улирлын хөдөлгөөн зэрэг бодит нөхцөлөөс шалтгаалж байгаа юм.Тийм учраас өөр улсад амжилттай хэрэгжсэн сайн туршлага, шийдлийг Монголд шууд хуулбарлан хэрэгжүүлэх боломжгүй. Тухайн шийдлийг Монголын газар нутгийн онцлог, малчдын амьдралын хэв маяг, орон нутгийн бодит хэрэгцээнд тохируулан нутагшуулахын зэрэгцээ иргэд хоорондоо болон бусад оролцогч талуудтай тогтвортой холбогдох орчныг нь давхар бий болгох шаардлагатай. “Voice of the Desert”-ийн бас нэг ач холбогдлыг би эндээс харж байгаа. Тиймээс манай экспедицийн баг сүүлийн хоёр сарын хугацаанд Монголын 13 говь, хуурай бүс нутгаар явж, малчид болон орон нутгийн иргэдтэй газар дээр нь уулзаж ярилцсан. Нэг газар усны хүртээмж хамгийн том асуудал байхад өөр газар бэлчээрийн даац, ургамлын бүтэц, малын тоо толгой, амьжиргааны асуудал илүү хүчтэй тавигдаж байсан. Өөрөөр хэлбэл, бид гаднаас бэлэн шийдэл бариад очоогүй. Эхлээд тухайн ландшафт, тухайн орон нутгийн бодит нөхцөл, хэрэгцээг сонсож, ойлгохыг зорьсон.Дараагийн алхам нь тэр бодит хэрэгцээг тохирох мэдлэг, шинжлэх ухаан, технологи, санхүүжилт, олон улсын сайн туршлагатай холбох юм. Тухайлбал, нэг орон нутагт усны асуудал хамгийн чухал байвал дэлхийн өөр ижил төстэй хуурай бүс нутагт ямар шийдэл ажиллаж байна вэ, түүнийг Монголын нөхцөлд яаж нутагшуулах вэ гэдгийг тухайн иргэд, мэргэжилтнүүд, шийдэл эзэмшигч байгууллагуудтай нь хамт ярилцах хэрэгтэй. Цаашдаа “Voice of the Desert”-ийн нэг чухал үүрэг нь газарзүйн хувьд тархай байрладаг орон нутгийн иргэдийг хооронд нь төдийгүй шинжлэх ухаан, технологи, төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдтэй холбох ийм орчныг бий болгоход оршино гэж харж байгаа.

- COP17-оор бэлчээрийн асуудлыг онцлон хэлэлцэж байна. Үүнтэй зэрэгцээд хүн байгаль дэлхий газар нутагтайгаа харьцах чадахаа больсон гэдэг асуудал яригдаж байна.  Иргэдийн байгальтайгаа харилцах хандлага, ойлголтод тодорхой өөрчлөлт гарч байна уу?

- Энд нэг чухал зүйл бол малчид өөрсдөө тухайн газар нутгийнхаа хамгийн ойрын хамгаалагчид гэдгийг бид илүү тодорхой харах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд тэр газар дээр амьдарч, усаа хэрэглэж, бэлчээрээ дагаж, байгалийн өөрчлөлтийг жилээс жилд хамгийн түрүүнд мэдэрч байгаа хүмүүс. Тиймээс “байгаль хамгаалал” гэдэг нь малчдаас тусдаа асуудал биш. Тэд өөрсдөө тэр ландшафтын нэг хэсэг. “Харин асуудал нь газар дээр байгаа энэ мэдлэг, туршлага бодлого боловсруулах түвшинд хэр сайн хүрч байна вэ гэдэгт байгаа. Бид заримдаа дээрээс нь бодлого боловсруулаад орон нутагт хэрэгжүүлэх гэж оролддог. Гэтэл эхлээд тухайн газар дээр амьдарч байгаа хүмүүсээсээ “Танай нутагт яг юу өөрчлөгдөж байна вэ? Ус хаана татарсан бэ. Бэлчээр хаана өөрчлөгдөв. Өмнө нь энэ газрыг яаж ашиглаж, яаж хамгаалдаг байсан бэ” гэж асуух хэрэгтэй. Монголын хувьд энэ маш чухал. Бид нүүдлийн соёл иргэншилтэй. Манай өвөг дээдэс ийм эрс тэс, хуурай уур амьсгалтай газар нутагт хэдэн зуун жил амьдрахдаа байгальтайгаа зохицох өөрийн гэсэн тогтолцоог бий болгосон. Хаана, хэзээ нүүх вэ, аль бэлчээрийг ямар улиралд ашиглах вэ, усны эхээ хэрхэн хамгаалах вэ, аль газрыг амраах вэ гэдэг нь зүгээр нэг зан заншил байгаагүй. Энэ бол тухайн экосистемдээ дасан зохицож, удаан хугацаанд амьдрах арга ухаан байсан. Жишээлбэл, ахмад малчин өөрийн нутгийн усны эх, ургамал, бэлчээрийн өөрчлөлтийг хэдэн арван жилийн өмнөхтэй харьцуулж ярьж чадна. Тэр мэдээлэл хаа нэгтээ бичигдсэн тайланд байхгүй байж болно. Гэхдээ тухайн газар нутгийн хувьд маш үнэ цэнтэй мэдлэг. Тиймээс уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны эсрэг зүйл гэж харах биш, шинжлэх ухааны судалгаа, орчин үеийн мониторингтой холбох хэрэгтэй. Нөгөө талаас энэ мэдлэг тасрах эрсдэл бас байна. Өмнөх үед өвөө, ааваасаа газар нутгийнхаа тухай мэдлэгийг амьдралынхаа явцад шууд өвлөж авдаг байсан бол өнөөдөр амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Зарим залуу малчин өөрийн төрж өссөн нутгийнхаа усны эх, ургамал, уламжлалт бэлчээр ашиглалт, хамгаалалтын арга ухааныг өмнөх үеийнх шигээ бүрэн мэдэхгүй байх тохиолдол бий.

-Олон улсаас Монгол Улс суралцах зүйл олон. Харин эсрэгээрээ Монголын туршлага, ялангуяа нүүдлийн соёлоос бусад улс орнууд суралцах зүйл нь юу вэ?

-  Монголын нүүдлийн соёл өөрөө өнөөдөр дэлхий нийтээр ярьж байгаа тогтвортой хөгжлийн олон зарчимтай маш их нийцдэг. Тогтвортой хөгжлийг бид байгаль орчин, нийгэм, эдийн засаг, соёл, мэдлэгийг салангид бус, харилцан уялдаатай авч үзэх тухай ярьдаг. Харин энэ уялдаа Монголын уламжлалт нүүдлийн ахуйд олон зуун жилийн турш амьдралын хэв маяг болон шингэж ирсэн. “Жишээлбэл, улирлаа дагаж нүүх, оторлох, бэлчээрээ сэлгэх, ус, цаг агаар, ургамлын төлөвийг ажиглаж нутаглах газраа сонгох зэрэг нь зүгээр нэг зан заншил биш. Энэ бол эрс тэс, эмзэг экосистемд байгальтайгаа зохицон амьдрахын тулд олон үеэр хуримтлуулсан дасан зохицлын мэдлэг, газар ашиглалтын арга ухаан юм. Тиймээс бид үүнийг зөвхөн “Монголын сайхан уламжлал” гэж соёлын өвийн хүрээнд яриад өнгөрөх ёсгүй. Харин энэ мэдлэгийн аль хэсэг нь өнөөдрийн газрын тогтвортой менежмент, бэлчээрийн сэргэлт, гангийн тэсвэржилт, экосистемийн хамгаалалтад бодитоор хувь нэмэр оруулж болох вэ гэдгийг шинжлэх ухаантай холбож, орчин үеийн тогтвортой хөгжлийн хэлээр тайлбарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уламжлалт мэдлэгээ олон улсын түвшинд ойлгогдохуйц шийдэл болгон хөрвүүлэн COP17-ийн хэлэлцүүлэгт оруулах нь чухал.Ингэж чадвал Монгол Улс зөвхөн олон улсын туршлага, шийдэл хүлээн авагч биш, харин өөрийн мэдлэг, туршлага, шийдлийг бусад ижил төстэй хуурай бүсийн орнуудтай хуваалцдаг улс болж чадна. Гэхдээ үүний зэрэгцээ бид өөрсдөө энэ мэдлэгээ алдахгүй байх асуудал маш чухал. Уламжлалт мэдлэг номонд хадгалагдахаас илүү хүнээс хүнд, амьдралын явцад дамжиж ирсэн. Тиймээс залуу малчид, хүүхэд залуусыг ахмад үеийнхэнтэй нь бодитоор холбож, газар нутаг дээр нь хамт сурч, хамт ажиглаж, хамт ярилцдаг үе хоорондын мэдлэг дамжуулах орчныг бий болгох хэрэгтэй.Энэ нь заавал дахиад нэг хурал, семинар, танхимын сургалт байх албагүй. Харин баримтат кино, түүх өгүүлэх, урлаг, зураг, дуу хөгжим, экспедиц, газар дээрх хамтарсан үйл ажиллагаа зэрэг хүмүүсийг өөрсдийг нь татан оролцуулдаг хэлбэрүүд илүү үр дүнтэй байж болно. НҮБ-ын хүрээнд ч газрын асуудлыг урлаг, бүтээлч оролцоогоор дамжуулан олон нийтэд хүргэх Art for Land зэрэг арга барил ашиглагддаг. Монголд үүнийг өөрийн нүүдлийн соёл, орон нутгийн онцлогтой холбон хөгжүүлэх боломжтой. COP17 бол Монголд үүнийг хийх маш том боломж.

-Гоё санал байна?

-Тийм ээ. Үүнийг зөвхөн уламжлалт мэдлэгээр хязгаарлахгүй, соёл, спорттой ч холбож болно. Жишээлбэл, бидний эрийн гурван наадам хурдан морь, бөх, сур харваа, зүгээр нэг спорт, баяр наадам биш. Үүний цаана Монголын газар нутаг, нүүдлийн ахуй, мал аж ахуй, хүний байгальтайгаа харилцаж ирсэн амьдралын хэв маяг бүхэлдээ байдаг.Тэгэхээр бид энэ соёлоо зөвхөн өв болгон хадгалахаас гадна өнөөдрийн хүүхэд, залууст газар нутаг, байгаль хамгаалалтай нь дахин холбон ойлгуулж болно. Спорт, соёл бол хүмүүсийн сэтгэлд хүрдэг маш хүчтэй хэл. Үүнийг ашиглаад газар нутгаа таних, хайрлах, хамгаалах ойлголтыг шинэ үед хүргэж болно. Энэ бол миний харж байгаагаар Sport4Land-ийн нэг боломж. Гэхдээ хүмүүсийг ойлгуулж, оролцуулах нь нэг тал нь. Дараагийн том асуудал нь эдийн засаг. Цөлжилт, газрын доройтлыг зөвхөн төрийн бодлого, төсөв, хууль тогтоомжоор шийдэх боломж хязгаарлагдмал. Хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг энэ тогтолцоонд бодитоор оруулах шаардлагатай. Энэ бол Business4Land-ийн тухай асуудал. Төр нь зөв бодлого, хууль эрх зүйн орчин, хөшүүргээ бүрдүүлнэ. Харин бизнес технологи, хөрөнгө, менежмент, зах зээл авчирч чадна. Банк, санхүүгийн байгууллагууд урт хугацааны санхүүжилтийг нь шийдэх боломжтой. Орон нутгийн иргэд, малчид газар нутгийн мэдлэг, хамгаалалт, оролцоогоо авчирна. Энэ бүхнийг зөв холбож чадвал газрын нөхөн сэргээлт зөвхөн зардал биш, эдийн засгийн үнэ цэн бий болгодог үйл ажиллагаа болж чадна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 156 (7898)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn