П.АМГАЛАНБАЯР
ОХУ-ын Халимагийн алдарт туульч, биет бус соёлын өв тээгч Охийн Цагаанзам гуайг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Трэнд зочин” буландаа урьж, ярилцлаа.
-Сайн байна уу та. Сайн явж ирэв үү?
-Сайн байна уу. Сайн явж ирлээ. Монгол сайхан орондоо дахин ирсэндээ баяртай байна. Би Монголд олон удаа ирж байсан ч ирэх бүрд сэтгэлд минь нэг л онцгой, сайхан мэдрэмж төрдөг. Нүд нээгдэх шиг, санаа сэтгэл уужраад л.
-Хур бороо тэгширсэн сайхан өдөр та хаан “Жангар” туулиа хайллаа. Энэ өдрийг хэрхэн бэлгэшээж байна вэ?
-Бур бур бороотой, сэр сэр салхитай сайхан өдөр таарч, “Жангар” туулиа хайлж, монгол түмэн маань зорин ирж сонсож байгаа нь бэлгэшээлтэй сайхан санагдлаа. Ийм сайхан өдөр, ийм цагт “Жангар” туулиа хайлж байгаа нь сайхан цаг айсуйн ерөөлтэй дохио хэмээн бэлгэшээж сууна. Тууль хайлахыг сонсохоор хүмүүс зорин ирж байгаа нь өв соёл маань ард түмнийхээ сэтгэлд үнэ цэнтэй хэвээр байгааг харуулж байна.
“Жангар” тууль бол үеэс үед уламжилж ирсэн сайхан өв юм. Зурагт, интернэт зэрэг хөгжөөгүй цагт эсгий гэрт цугларан, монгол сайхан ахуйнхаа дор “Жангар” туулиа хайлж, сэтгэлийн цэнгэл жаргал, баяслыг мэдэрдэг байсан түүхтэй ард түмэн. Тэр сайхан уламжлал өнөөдөр ийнхүү үргэлжилж, “Жангар”-аа сонсохоор хүмүүс зорин ирж байгааг хараад сэтгэл хөдөлж байна. Монгол сайхан орныхоо хишгийг хүртэж, өв соёлоо дээдэлж, тээж явах учрал ерөөлтэй хүмүүс ирсэн байна хэмээн дотроо бэлгэшээж суулаа. Тиймээс “Жангар” туулиа сонсох дуртай хүн байвал би хайлаад л байна даа. Үүх түүх, өв соёлоороо бахархаж, таниулж, мэдүүлэхийн тулд “Жангар” тууль бидэнд заяасан юм шүү.
-Монгол өв соёлоо өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой залуус нэгдэн “Язгуур соёлын наадам” төслийн хүрээнд “Язгуур Монгол соёл” өргөө цагаан гэрийнхээ үүдийг нээж таныг угтан авч байна?
-Дээр үед ярьдаг байсан юм даа. Өв соёл, уламжлалаа орхилгүй, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэж. Монголын байгаль , ахуй, өв соёл, үндэсний хувцас бүгд л дахин давтагдашгүй сайхан. Энэ бүхнийг хооронд нь уялдуулж, зөв тааруулж авч явах хэрэгтэй. Өвөг дээдсээс уламжлан ирсэн бүхнээ мартахгүй, дараагийн үедээ хүргэж буй нь буянтай, цагаан замтай үйл гэж боддог.
Хүн өөрийнхөө авьяас билгийг хөгжүүлж, өв соёлоо тээж, өөрийн гэсэн зам мөртэй амьдарна гэдэг сайхан юм даа. Тэр тусмаа залуус маань энэ бүхнийг эрхэмлэж, өв соёлоо сэргээж, түгээн дэлгэрүүлж байгаа нь ихэд бэлгэшээлтэй санагдаж байна. Өнөөдрийн залуусын хийж байгаа энэ ажил ирээдүй хойчид үлдэх их үнэ цэнтэй зүйл шүү. Даяаршил, техник технологийн хөгжлийг дагаад өв соёл, түүхээ өвлүүлэн, сэргээж явах нь хамгийн чухал.
“Язгуур Монгол соёл” өргөө цагаан гэрт хүрэлцэн ирсэн хүмүүс “Жангар” туулиа сонсож, бийгээ биелж, үндэсний хувцсаараа гоёж, ардын бүжиг, дуу хуураар хөглөгдөн байхыг хараад их сайхан санагдлаа. Олуулаа өв соёл, урлаг хуйтайгаа танилцаж, мэдэрч, ойрхон яваа нь сайхан хэрэг. Ийм орчноос л хүүхэд, залуус өв соёлынхоо үнэ цэнийг илүү мэдэрнэ шүү дээ.
-“Жангар” туулиа жаргаж сонсоод, мөн таны ээжийн дуу өргөө цагаан гэрт эгшиглэхэд хүрэлцэн ирсэн хүмүүс их сайхан мэдрэмж авлаа хэмээн ярьцгааж байсан. Ижийгээ та дурсан суусан байх?
-Тэгэлгүй яах вэ. Хамгийн түрүүнд хайртай сайхан ээж минь бодогдоно. Энэ дуугаа аялаад суухад ээжийн минь дүр төрх, надад хэлж байсан үг, хамтдаа өнгөрүүлсэн дурсамжууд минь хөвөрдөг. Сайхан ээжийгээ үргэлж санаж явдаг даа. Ээжийн сэтгэл, хайр мартагдахгүй.
Ээж минь бурхан болохынхоо 2-3 өдрийн өмнө бие нь чилээрхүү байх үедээ намайг дуудаж хажуудаа суулгаад “Ээжийнхээ тухай дууг аялаад өгөөч” гэж хэлж байсан. Тэгээд л ээж минь холын замыг зорьсон.
Ээжээс илүү энхрий нь энэ хорвоод үгүй билээ. Ээж хүн үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг. Тиймээс Ээжийн дуугаа дуулаад суухад хүн бүр ээжийгээ санаж, дурсаж байхыг харах сайхан. Ээжийн дууг гадаадад дуулахаар зарим хүмүүс ямар утгатайг асуудаг. Тэр үе “Дэлхий дээр юу харна, тэр бүх юм ээжийг минь санагдуулдаг” гэдэг юм.
-Ээж нь хүүгээ туулиа хайлахыг хараад их баярлаж, бахархаж суудаг байсан байх даа?
-Ээжийнхээ ерөөлөөр “Жангар” туулиа хайлж, түмэн олондоо хүргэх, хувь ерөөлийг хүртэж явна гэж үргэлж бэлгэшээж, ижийдээ залбирдаг. Намайг “Жангар” туулиа олон түмэндээ сонордуулж явахыг минь хараад их баярладаг байсан. “Миний хүү зөв замаар явж байна” хэлдэг байсан даа.
Ээжийгээ өмнөө суулгаад “Жангар” туулиад хайлж суусан тэр цаг хугацаа хамгийн сайхан.Одоо ч туулиа хайлахад ээж минь тэнгэрээс сонсож байгаа гэдэгт итгэдэг.
-“Тэнгэрт хүртэл туулиа хайлдаг” хэмээн олон түмэн таныг хүндэлдэг. Ард түмэндээ хайрлагдсан уран бүтээлч байна гэдэг сайхан. Тэр хэрээрээ хувь заяаны шанага тань уужуу байсан юм болов уу?
-Талархаж байна. Хаан “Жангар” туулиа олон түмэнд хүргэх сайхан хувь заяанд төржээ хэмээн үргэлж бэлгэшээж явдаг. “Жангар” туулийнхаа хайр ивээлээр дэлхийг тойрч явж байна шүү дээ. Энэ дэлхийн олон хүн “Жангар”-ын туулийг үнэхээр сонсох дуртай. Дэлхийн олон улсад очиход хүмүүс хүндэлж угтан авдаг. Энэ бүхэн туулийн минь их хувь заяа . Тэр олон хүмүүстэй би “Жангар” туулиараа холбогдож байна шүү дээ.
Туулиа хайлаад нутаг усаа эх сайхан дэлхий, ард түмнээ баярлуулна гэдэг сайхан. Би хэдэн жилийн өмнө Бурхан Халдун ууландаа ирээд “Бурхан Халдун минь танд гэрчилье. Алдарт Жангараа магтаад, өвөг дээдсийнхээ нэрийг дуудуулж явна бид” гэж залбираад туулиа хайлсан. Бид чинь Бурхан Халдунаас гаралтай юм шүү.
-Бурхан Халдундаа “Жангар” туулиа хайлахад танд ямар мэдрэмж төрж байв?
-Өвөг дээдсийнхээ хэдэн мянган жилийн өмнөөс сүсэглэж ирсэн Бурхан Халдундаа ирж, хаан “Жангар” туулиа хайлсандаа ихэд бэлгэшээсэн.
-Би тууль хайлах гэж төрсөн хүн юм байна даа гэсэн бодол хэзээ танд гүн төрж байв?
-6-7 настайгаасаа туулийг сонирхож эхэлсэн. Таван настай үед юм даг. Би анх удаа тууль сонсоод их цочин айж билээ. Гэхдээ заримдаа цочиж, айсан зүйл учиртай юм байна гэж боддог. Тэр оюун санаанд тод үлдсэн зүйл миний амьдралын зам мөрийг сайхнаар гийгүүлж явна. Мөн манай удамд дэлхийд нэртэй Нарт дэлхийд Жангар судалдаг хүмүүст танигдсан Ээлайн Овлаа гэж хөгшин бий. Түүний ээж нь манай баатад овгийн хүн. Баатад овогтой хүмүүс Жангар хайлдаг.
Намайг багад социализмын бидний зам мөр арай өөр байсан.Тэр үед Жангарыг санаа сэтгэлдээ хадгалж явсаар 33 настайдаа Халимаг ард түмний туульч гэсэн цол хүртсэн. Мөн Москвагийн Барилгын их сургуульд суралцаж, цөмийн цахилгаан станцын мэргэжил эзэмшээд хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажилласан. Гэвч зүүдэнд минь Цагаан аав үзэгдэж, тэр ерөөлөөр явсаар туулчийн замыг сонгоод одоо 37 жил болж байна.
-Хаан “Жангар” туулийн гүн утга санаа, үнэ цэн нь юунд оршдог вэ?
-Улс болгонд ийм тууль байхгүй. Гэтэл Монгол Улсын маань онцлог, үүх түүх туульдаа шингэсэн байна шүү дээ. Тууль бол бурхнаас холбогддог эрхэм зүйл юм. Энэ цагийн хэллэгээр яривал интернэт сүлжээ, bluetooth шиг холбогдож байна гэсэн үг.
Нөгөөтээгүүр, тууль бол тэнгэрийн философи. Туулийг би тэнгэрийн их сургууль гэж боддог. Туулиа хүртсэн, туультай ард түмэн бүх дэлхийг удирдах чадвартай гэдэг. Тууль дотор бүх зүйл байна шүү дээ. Түүн дотроос хамгийн хамгийн гол зүйл нь хайр сэтгэл. Олон хүмүүсийг уулзуулж, зөв зам руу хөтөлж, таньж мэдэх ухаан тууль дотор оршин байдаг.
Дээр үед телевиз, радио, сонин зэрэг хөгжөөгүй өвөг дээдэс маань олуулаа цуглаад туулиа сонсоод, бие, сэтгэл, ухаандаа шингээгээд явдаг байсан. Тууль тийм л агуу зүйл юм. Алдарт Богд Жангарын 12 баатар нийлж, ах дүү барилдаж, ар бумбын орныг сүндэрлүүлсэн байдаг. Тэгш тэнэгэр сайхан орон.
Францад тархины өвчтэй хүмүүс тууль сонсоод сэргээд, эдгэж байна гэж хэлж байсан. Мөн дайны үед хүртэл “Жангар”-аа сонсоод л хүч авдаг байсан, тийм агуу хүч тууль дотор шингэсэн байна шүү дээ. Жангар туулийг өвөл хайлдаг гэж зарим хүмүүс ярих нь бий. Тэр буруу. Жангарыг зав болоод сэтгэл байвал дандаа л сонсох хэрэгтэй. Хамгийн сонин нь гадаад хүмүүс хэл мэдэхгүй ч тууль хайлахыг сонсдог, сонирхдог. Гадаадад явахад тууль агуу юм гэдэг мэдрэгдэж байна. “Хэл мэдэхгүй байж яагаад сонсоод байна вэ” гэхээр “Жангар” туулийн цаана нь нэг эмоци байна” гэдэг.
“Жангар” туулиа хайлаад сууж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тэр бүх зүйл нүдэнд харагдаад л. Жангар Ар Бумбын оронд очоод амьдарч байгаа нь мэдрэгддэг.
-Таны төсөөлж хардаг Ар Бумбын орон ямар байдаг вэ?
-Худал зүйл байхгүй. Ариун цагаан сэтгэлээр дүүрэн. Өвчин зовлонгүй жаргал бялхсан газар. Бур бур хуртай, сэр сэр салхитай. 25 насны дүрээр амьдардаг.
-Цагаанзам гэж таны алдар ч мөн туульс шиг уран яруу, бэлгэдэлтэй санагддаг. Та нэрээ хувь заяатайгаа хэрхэн холбож боддог вэ?
-Манай ард түмэн дайны үеэр их зовлон үзсэн. Дэлхийн хоёрдугаар дайн үед Сталин Татар болон халимагуудыг Сибирт олноор цөллөгт явуулсан байдаг. Харин 1950-иад оны сүүлээр Н.Хрушевийн улс төрийн дулаарлын уур амьсгал орох үед Халимагуудыг Ижил мөрөн рүүгээ, эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл эхлүүлсэн түүхтэй. Нутагтаа харих нүүдлийн замд 1957 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Охийн Цагаанзам мэндэлсэн гэдэг. Тэгээд эмээ нь нутгийнхаа хил хязгаар дээр ирээд төрсөн хэмээн бэлгэшээж Цагаанзам гэж нэр өгсөн түүхтэй.
-Тууль бол өв соёлын дахин давтагдашгүй нэг хэсэг билээ. Бид ирээдүйд туулиа түгээн дэлгэрүүлж, энэ өвөө илүү үнэ цэнтэйгээр хадгалан үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Авьяасаа гээж болохгүй. Мөн өвөг дээдсээс заяасан байдлаар нь хадгалж явах учиртай. Тэгвэл их хувь заяа түшиг, тэнгэрээс үргэлж ивээж явна. Буруу бодолтой, буруу зүйл хийвэл буян хишиг ирэхгүй шүү дээ. Хүмүүн бүхэн ариун цагаан сэтгэлтэй, соёл урлагийг таньж мэддэг байвал дэлхий амар амгалан болно гэж боддог.
Олон улсад явж байхад танихгүй, хэл ойлголцохгүй хүмүүс хүртэл ах дүү адил дотно сэтгэлтэйгээр ирдэг. Энэ туулийн гавьяа шүү дээ.
Мөн өнөө үед олон зүйл хувьсан өөрчлөгдөж байна. “Өв соёл, түүх, туужаа мартав. Банкны картын дугаараа мартсантай адил шүү” гэж хүүхдүүддээ наргианч байдлаар хэлдэг юм. Тиймээс даяаршин хөгжиж буй энэ үед түүх соёлоо уугуул хэлбэрээр нь авч үлдэх нь хамгийн чухал гэж боддог.
-Ярилцлагынхаа төгсгөлд Монгол түмэндээ хандаад ерөөл хайрлахгүй юу?
- Үеийн үед үргэлж сайн сайхан байж, баяр бахдалтай, дөрвөн тив, зургаан зүйл хамаг амьтны алтанд хормойд амар мэнд багтаж, дээдэс, тэнгэр ивээлдээ багтааж яваг ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 151 (7893)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn