Т.БАТСАЙХАН, Т.ХАЛИУНАА
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн профессор, доктор, монголч эрдэмтэн Мария Петроваг урьж, ярилцлаа.
- Юуны өмнө таныг Монгол Улсын төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Та Олон улсын монголч эрдэмтний XIII хуралд оролцож илтгэл тавьсан. Энэ удаагийн хурлын онцлог юу байв? Мөн илтгэлийнхээ гол утга санааг манай уншигчидтай хуваалцана уу.
– Танд баярлалаа. Энэ удаагийн хурлын нэг онцлог нь гадаадын олон орны эрдэмтэн, судлаачид олноороо иржээ. Энэ нь Монгол судлал олон улсын хэмжээнд улам бүр өргөжиж, сонирхох хүрээ нь нэмэгдэж байгааг харуулж байна. Сүүлийн үед гадаадын эрдэмтэд Монголын хэл, уран зохиол, уламжлал, соёлд улам их татагдан судалж байна. Энэ нь Монголын судалгааг олон улсын түвшинд хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Ялангуяа залуу монголч эрдэмтэд олноороо оролцож байгаа нь их сайхан санагдсан. Монгол судлалын ирээдүй зөвхөн ахмад үеийн эрдэмтдийн хийж ирсэн судалгаагаар хязгаарлагдахгүй, залуу үеийн судлаачид энэ салбарт орж ирж, шинэ сэдэв, шинэ арга зүйгээр судалж эхэлж байгаа нь чухал. Тиймээс Монгол судлал зөвхөн ахмад үеийн эрдэмтдийн судалгааны салбар биш болж, шинэ залуу судлаачид олноороо орж ирж байгаа нь сайшаалтай. Энэ залгамж холбоо цаашид улам бэхжих байх. Мөн Монголч эрдэмтдийн хуралд оролцсоны дараа би “Дэлхийн Монгол судлалын төвүүд” сэдэвт хуралд оролцлоо. Энэ үеэр Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Монгол судлалын талаар товч танилцуулсан. Маш сонирхолтой, үр өгөөжтэй хурал болсон. Тус хуралд нийт 29 эрдэмтэн оролцож, дэлхийн улс орнуудад Монгол судлал хаана, хэрхэн хөгжиж байгаа, ямар чиглэлээр судалгаа хийж байгаа талаар санал, мэдээллээ хуваалцсан. Ийм уулзалт нь зөвхөн өөрийн хийж буй судалгааг танилцуулах төдий бус, бусад орны судлаачдын ажлын чиглэл, арга барилтай танилцахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох чухал ач холбогдолтой гэж боддог.
Энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтний XIII хуралд “Монголын орчин үеийн уран зохиол дахь сүнсний дүрслэл” сэдвээр илтгэл тавилаа. Орчин үеийн Монголын уран зохиолын бүтээлүүдэд сүнсний дүрслэл нэлээд түгээмэл гарч байгааг анзаарсан. “Яагаад орчин үеийн зохиолчид сүнсний дүрслэлийг ийм түгээмэл ашиглах болсон юм бол” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж, энэ асуудлыг судалж эхэлсэн. Тухайлбал, Г.Аюурзана зохиолчийн “Сүнсний томьёо” роман, Л.Дашнямын “Сүнсний бөгж” өгүүллэг, Э.Батболдын “Хар сүнс” роман зэрэг бүтээлд сүнсний дүрслэл тодорхой байр суурь эзэлдэг. Тиймээс зохиолчид сүнсний дүрийг ямар зорилгоор ашиглаж байна вэ, энэ дүрслэл нь зохиолын утга санаа, дүрийн сэтгэл зүй болон нийгмийн тодорхой үзэгдэлтэй хэрхэн холбогдож байна вэ гэдэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэн судалсан. Би өөрөө сүнс, далдын зүйлд итгэдэг хүн биш. Гэхдээ уран зохиолд ямар нэгэн дүр, бэлгэдэл дахин дахин гарч ирж байгаа нь судлаач хүний хувьд сонирхол татахгүй байхын аргагүй. Тиймээс тухайн зүйлд итгэдэг, эсвэл итгэдэггүй гэдгээс үл хамааран уран зохиолын нэгэн үзэгдэл, дүрслэлийн хэлбэр гэдэг талаас нь авч үзэж, судалж байгаа юм.
-Та анх яагаад монгол хэл, Монгол судлалын мэргэжлийг сонгосон юм бэ. Хэн таны сонголтод нөлөөлөв?
-Энэ явдал бараг 40 жилийн өмнө, социализмын үеийнх. Тухайн үед Ленинград, Эрхүү, Улан-Үдэд маш олон монголчууд сурдаг байлаа. Тэр үед бараг 600 монгол оюутан байсан санагддаг. Би аравдугаар ангид байхдаа монголчуудтай танилцаж, тэдэнтэй дотно болсон. Тэгээд л сургуулиа төгсөөд Монгол руу явж, Монголтой холбоотой мэргэжил эзэмшмээр санагдсан. Дараа нь элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан. Манай багш, сургуулийн захирал нар баяр хүргээд, “Аль хэлний ангид орох вэ” гэж асуухад нь би шууд л “Монгол хэлний анги” гэж хэлсэн. Тэд их гайхсан. Тухайн үед намайг Монгол хэлний ангийг сонгоно гэж төсөөлөөгүй байх. Гэхдээ би мэргэжлээ сонгосон тэр үеэс өнөөдрийг хүртэл нэг ч удаа харамсаж байгаагүй. Харин ч энэ сонголтдоо маш их баяртай явдаг. Монгол Улстай, монгол хүмүүстэй харилцаж, Монголын хэл, уран зохиол, соёлыг судалж ирсэн он жилүүд миний амьдралын хамгийн сайхан хэсгүүдийн нэг болсон. Монгол хэл бол зөвхөн нэг хэл биш. Тэр хэлээр дамжуулан тухайн ард түмний түүх, соёл, уламжлал, сэтгэлгээ бүхэлдээ хадгалагдаж байдаг. Тиймээс хүн өөрийн төрсөн хэлээ заавал хамгаалж, хайрлаж явах ёстой. Ялангуяа залуучууд эх хэлнийхээ үнэ цэнийг ойлгож, хайрлан хамгаалах хэрэгтэй. Монгол хэл, Монголын уран зохиол, соёлын судалгааг цаашид үргэлжлүүлэх залуу үе олон болоосой. Монгол судлалын залгамж халаа тасрахгүй, улам өргөжин хөгжөөсэй. Энэ бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн Монгол судлалын ирээдүй юм.

-Саяхан танд Монгол Улсын Ерөнхийлөгч “Алтан гадас” одон гардууллаа Тухайн мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Таван жилийн өмнө Монгол Улсын Төрийн тэргүүний зарлигаар “Найрамдал” медалиар шагнуулж байсан. Харин энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одон хүртсэндээ үнэхээр их баяртай, бахархалтай байна. Би бараг 30 жилийн турш Санкт-Петербургийн Улсын их сургуульд монгол хэл зааж байна. Энэ хугацаанд Монгол хэл, монголын уран зохиол, соёлыг судалж, олон жил Монголын залуустай ажиллаж ирсэн. Энэ бүх жилийн хөдөлмөр, Монгол судлалд оруулсан хувь нэмрийг маань үнэлж байгаа мэт санагдсан. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн гараас өөрийн биеэр энэ шагналыг гардан авсан нь миний хувьд маш дурсамжтай, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болсон. Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч надад оросоор “Баяр хүргэе, маш их баяртай байна” гэж хэлээд гар барьсан. Тэр мөчийг би хэзээ ч мартахгүй. Энэ шагнал миний хувьд зөвхөн нэг хүний хөдөлмөрийг үнэлсэн шагнал бус, Монголын хэл, уран зохиол, соёлыг олон улсад судалж, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хийж ирсэн олон жилийн ажлын маань үнэлгээ гэж хүлээж авч байна. Цаашид Монгол судлалаа улам хөгжүүлж, залуу судлаачдыг бэлтгэхэд илүү их анхаарч ажиллах урам зориг өгсөн.
-Таны ажилладаг сургуульд Монголын уран зохиолын судалгаа ямар түвшинд явагдаж байна вэ. Мөн нийт монгол туургатны уран зохиолын судалгааг хийж байгаа гэл үү?
-Монголын уран зохиолын судалгаа хэд хэдэн эрдэм шинжилгээний байгууллагад тогтмол явагдаж байна. Тухайлбал, Санкт-Петербургийн Улсын их сургууль, Москва дахь Дэлхийн уран зохиолын хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн холбогдох байгууллагуудад Монголын уран зохиолын судалгааны жим бий. Монголын уран зохиолын түүх, эх бичиг, орчин үеийн уран зохиол зэрэг олон чиглэлээр судалгаа хийгдэж ирсэн уламжлалтай. Ер нь монгол туургатны уран зохиолыг бүхэлд нь авч үзэхэд судалгааны цар хүрээ илүү өргөн болно. Монгол Улсын уран зохиолоос гадна Буриад, Халимаг, Өвөр Монголын уран зохиол, тэдгээрийн харилцан холбоо, уламжлал, ялгаа, хөгжлийн онцлогийг харьцуулан судлах боломж их бий. Энэ нь монголчуудын нийтлэг хэл, соёл, уран зохиолын уламжлал хэрхэн өөр өөр орчинд хөгжиж ирснийг ойлгоход чухал ач холбогдолтой. Тиймээс цаашид монгол туургатны уран зохиолыг тус тусад нь бус, харилцан холбоо, нөлөөлөл, уламжлалынх нь хүрээнд хамтатган судлах нь ихээхэн үр өгөөжтэй гэж боддог. Монголын уран зохиолын судлалын хүрээнд орчин үеийн бүтээл, уламжлалт эх сурвалжийг зэрэгцүүлэн авч үзэх, харьцуулсан судалгааг хөгжүүлэх шаардлага ч байна. Сүүлийн үед хийгдэж буй судалгаануудаас Монголын уран зохиолд шинэ өнгө аясыг авчирч байгаа Г.Аюурзана зохиолчийн романуудын судалгааг онцолж болно. Мөн Ц.Түмэнбаяр зэрэг цөөнгүй зохиолчдын бүтээлд Монголын орчин үеийн уран зохиолын чиглэлээр судалгаа хийж байна. Би ер нь “Жинхэнэ зохиолч заавал романтай байх ёстой” гэж боддог. Г.Аюурзана зохиолчийн постмодернист чиглэлээр бичсэн гурван роман надад их таалагдсан. Түүний бүтээлүүд Монголын орчин үеийн уран зохиолд шинэ өнгө төрх, шинэ сэтгэлгээ авчирсан. Мөн Данзангийн Нямаагийн туужууд надад их сайхан санагддаг. Түүний туужийн хуудаснаас хүртэл монгол нутгийн униар үнэртэх шиг, монгол ахуй, байгаль, хүний сэтгэл мэдрэгддэг. Энэ бол зохиолчийн өөрийн өнгө төрх, уран бүтээлийн онцлогийг илэрхийлдэг зүйлийн нэг юм.
-Ер нь Санкт-Петербургийн Улсын их сургууль Монголын уран зохиолын судалгаагаар нэлээд түүхтэй гэдэг?
-Тийм ээ. Манай сургууль 1853 оноос Монголын түүх, соёл, уламжлалыг судалж ирсэн урт, баялаг түүхтэй. Тиймээс Монгол судлал бол манай сургуулийн хувьд сүүлийн үед шинээр бий болсон чиглэл огт биш. Олон үеийн эрдэмтэн, судлаачдын хөдөлмөр, судалгааны үр дүнд бий болсон, тодорхой уламжлал, суурьтай салбар юм. Тэр дундаа Монголын түүх, хэл, аман болон бичгийн зохиол, соёл, уламжлал зэрэг олон чиглэлээр судалгаа хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол судлалын чиглэлээр олон жил хуримтлуулсан судалгааны материал, эх сурвалж, эрдэм шинжилгээний бүтээлүүд манай сургуульд бий. Өнөөдөр бид өмнөх үеийн эрдэмтдийн бий болгосон энэ уламжлалыг үргэлжлүүлж, орчин үеийн судалгааны шинэ чиглэлүүдтэй холбон хөгжүүлэхийг хичээж байна. Ялангуяа орчин үеийн Монголын уран зохиол, хэл, аман болон бичгийн зохиолын судалгааг шинэ арга зүй, шинэ өнцгөөс авч үзэх шаардлага бий. Тиймээс Санкт-Петербургийн Улсын их сургуульд Монгол судлалын уламжлал тасраагүй, харин үе үеийн судлаачдын ажлаар баяжин, өнөөдөр шинэ агуулгаар үргэлжилж байна гэж хэлж болно. Энэ уламжлалыг цаашид залуу судлаачдад өвлүүлж, Монголын судалгааг шинэ түвшинд хөгжүүлэх нь бидний нэг чухал зорилго юм.
-Монголын зохиолчдын бүтээл орос хэлээр орчуулагдан, ном болон хэвлэгдэж байгаа гэсэн. Та энэ ажилд оролцож байгаа юу?
-Тийм ээ. Саяхан Монголын зохиолчдын өгүүллэгүүдийг орос хэл рүү орчуулж, ном болгон хэвлүүлсэн. Тус номын нээлт 2026 оны наймдугаар сарын 21-нд болох гэж байна. Монголын орчин үеийн уран зохиолыг оросын уншигчдад хүргэх нь маш чухал. Учир нь уран зохиолын орчуулгаар дамжуулан Монголын өнөөгийн нийгэм, хүний амьдрал, сэтгэлгээ, ахуй соёл хэрхэн өөрчлөгдөж байгааг бусад орны уншигчдад хүргэх боломжтой болдог. Уран зохиол бол тухайн улс орны нийгэм, соёл, хүний дотоод ертөнцийг танин мэдэх нэг чухал гарц юм шүү дээ.
-Ер нь Монголын уран зохиолыг судалдаг эрдэмтдийн тоо цөөрч байна уу даа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ, цөөрч байна. Энэ бол анхаарах ёстой асуудлын нэг. Миний багш Людмила Константиновна Герасимович 2015 онд нас барсан. Тэр хүн Монголын уран зохиол, аман зохиолын судалгаанд маш их хувь нэмэр оруулсан эрдэмтэн байсан. Гэхдээ залгамж халаа байхгүй гэсэн үг биш. Миний нэг шавь Дмитрий Носов аман зохиол, уран зохиолын чиглэлээр ажиллаж байна. Мөн миний багш Кульганик Ирина аман зохиол, уран зохиолын судалгаагаар ажилладаг. Би ч өөрөө шавь нараа бэлтгэж байна. Судалгааны тодорхой салбарт мэргэшсэн эрдэмтдийн тоо цөөрч байгаа нь мэдээж анхаарах асуудал. Тиймээс залуу судлаачдыг бэлтгэж, судалгааны залгамж халааг бий болгох нь бидний хамгийн чухал үүргийн нэг. Тийм учраас бакалаврын түвшинд оюутнуудын мэдлэг, боловсролын суурийг сайтар тавихад илүү анхаарч ажилладаг. Харин магистрын түвшинд оюутнууд өөрсдийн сонирхож байгаа чиглэлээ сонгож, тухайн чиглэлээрээ илүү нарийвчлан судалдаг. Ингэж шат дараатай, системтэй бэлтгэх нь чухал. Мөн Санкт-Петербургийн Улсын их сургуулийн оюутнууд Монгол Улсын Их Сургуульд нэг жилийн хугацаанд ирж суралцдаг. Энэ хугацаанд монгол хэлээ сайтар эзэмшиж, Монголын орчин, ахуй соёлтой танилцан, монголчуудын дунд амьдарч дадлага суудаг. Дараа нь Санкт-Петербург рүүгээ буцаж очоод магистрын түвшиндээ үргэлжлүүлэн суралцаж, сонгосон чиглэлээрээ судалгаагаа хийдэг. Хэл сурахад зөвхөн номоор хичээллэх хангалтгүй гэж би боддог. Тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн дунд амьдарч, өдөр тутмын харилцаанд орж, тухайн орны ахуй, соёл, зан заншилтай биеэр танилцах нь хэлний мэдлэгийг илүү гүнзгий болгодог. Тиймээс оюутнуудыг Монголд ирж, монголчуудын дунд амьдарч, хэл, соёлыг нь биеэр мэдэрч суралцуулах нь маш их ач холбогдолтой. Ингэж суурь мэдлэгийг сайн эзэмшүүлж, дараа нь өөрийн сонирхсон чиглэлээр нь мэргэшүүлэн, Монголд тодорхой хугацаанд суралцуулж, судалгааны дадлага туршлага хуримтлуулах нь ирээдүйн монголч эрдэмтдийг бэлтгэхэд хамгийн зөв арга гэж боддог.
-Та Монголд ирээд хуралд оролцохоос гадна ямар ажил амжуулж байна вэ?
-Монголд ирээд зөвхөн хуралд оролцоод зогсохгүй олон хүнтэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлж болох шинэ төсөл, санаануудын талаар ярилцаж байна. Тухайлбал, хэд хоногийн өмнө Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдах зөвлөлийн шинэ дарга, МУИС-ийн багш Д.Нямдоржтой танилцаж ярилцлаа. Өчигдөр Шинжлэх ухааны академийн Уран зохиолын хүрээлэнд уулзалт хийсэн. Энэ үеэр орчин үеийн Монголын уран зохиолын дижитал номын сан байгуулах, цаашид хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Өнөөдөр уран зохиолын судалгаанд дижитал орчин маш чухал болж байна. Бүтээлүүдийг цахим хэлбэрээр нэг дор төвлөрүүлж чадвал судлаачид хэрэгтэй зохиол, эх сурвалжаа илүү хялбар олж үзэх, хооронд нь харьцуулах, судлах боломжтой болно. Ялангуяа орчин үеийн Монголын уран зохиолын бүтээлүүдийг системтэйгээр цахим хэлбэрт оруулах нь цаашдын судалгаанд ихээхэн ач холбогдолтой. Мөн энэ нь зөвхөн Монголын судлаачдад хэрэгтэй ажил биш. Монголын уран зохиолын бүтээлүүдийг цахим орчинд илүү хүртээмжтэй болгосноор гадаадын судлаачид, Монгол судлалын чиглэлээр ажилладаг эрдэмтэд манай уран зохиолтой илүү хялбар танилцах боломжтой болно. Ингэснээр Монголын уран зохиолыг дэлхийн судалгааны эргэлтэд илүү өргөн хүрээнд оруулах боломж нэмэгдэнэ гэж бодож байна.
ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 155 (7897)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn