З.ЦЭЦЭГ
“АНУ-ын засгийн газар улсынхаа өрийг бууруулах, улмаар өрийн үүргийн бодит үнэ цэнийг багасгах зорилгоор үнийн огцом өсөлтийг зөвшөөрч болзошгүй” гэж Флоридагийн Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор Жэй Риттер "РИА Новости" агентлагт ярьжээ.
"Засгийн газрууд өрийн дарамтаа ихэвчлэн дефолт зарлах замаар бус, харин инфляцийг нэмэгдүүлэх замаар багасгадаг. АНУ-ын засгийн газар ч эцэстээ ийм алхам хийж болзошгүй гэсэн болгоомжлол байна" гэж Риттер хэлэв.
Мөн тэрээр худалдан авах чадвар буурах нь үнэт цаасны үнэ унахад хүргэнэ. Инфляц өндөр байх нь бонд эзэмшигчдэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцолжээ.
Чухал зүйл бол улс орны өрийн хэмжээ төдийгүй эзэмшиж буй хөрөнгө нь гэдгийг шинжээч онцолсон бөгөөд АНУ одоогоор төсвийн алдагдалтай нүүр тулаад байна.
"АНУ-ын төсвийн алдагдлын асуудал нь засгийн газар хөрөнгө бүрдүүлэхийн оронд ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээнд татварын орлогоос хавьгүй их хэмжээний зардал гаргаж байгаатай холбоотой" гэж Жэй Риттер хэлэв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын өр 40 их наяд ам.долларын босгыг даваад байна. Одоогийн хуулиар тогтоосон дээд хязгаар нь 41.103 их наяд ам.доллар бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд зээл авах дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаар Конгресс шийдвэр гаргах шаардлагатай болно. Өсөлтийн одоогийн хурдад үндэслэн шинжээчид АНУ-ын өр 2030 он гэхэд 50 их наяд ам.доллароос давах төлөвтэй байна гэж таамаглажээ. АНУ-ын Конгрессын Төсвийн албанаас 2036 он гэхэд засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий хэмжээнээс 20 хувиар илүү гарах болно гэж урьдчилан таамаглаж байна.
Эх сурвалж: zms.mn