З.ЦЭЦЭГ
Өмнөд Солонгосын бизнес, улс төрийн хүрээний хамгийн дуулиантай гэр бүл салалтын хэрэг арван жилийн дараа шинэ эргэлтэд хүрлээ. Сөүлийн Давж заалдах шатны шүүх SK Group-ийн ТУЗ-ийн дарга, тэрбумтан Чой Тэ Воныг /Choi Tae Won/ хуучин эхнэр Но Со Ён-д /Roh So-young/ 644 сая ам.доллар буюу ойролцоогоор 2.3 их наяд төгрөгийн хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргасан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэр бүл салалтын нөхөн төлбөрөөр нэрлэгдэж байна.
Энэхүү хэрэг нь зөвхөн асар их хөрөнгө мөнгөний асуудлаар бус, оролцогчдын улс төр, бизнесийн нөлөө бүхий байр сууриас шалтгаалан Өмнөд Солонгосын олон нийтийн анхаарлын төвд арав орчим жил байсаар иржээ.
Но Со Ён нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Но Тэ Ү-гийн охин бол Чой Тэ Вон нь тус улсын хоёр дахь том бизнесийн нэгдлийн нэг болох "SK Group"-ийг удирддаг бизнесийн магнат. Тэд 27 жилийн хамтын амьдралынхаа хугацаанд гурван хүүхэдтэй болсон байна.
"Зууны хурим"-аас "зууны салалт" хүртэл
Хосууд АНУ-ын University of Chicago-ийн аспирантурт суралцаж байхдаа танилцан, 1988 онд гэрлэсэн. Тухайн үед Чой Тэ Вон нь бизнесийн эзэнт гүрний өв залгамжлагч, харин Но Со Ёны эцэг ерөнхийлөгчийн албан тушаалд дөнгөж сонгогдоод байсан учир тэдний хуримыг Солонгосын хэвлэлүүд "Зууны хурим" хэмээн нэрлэж байжээ.
Гэвч 2015 онд Чой Тэ Вон олон нийтэд ил захидал бичиж, өөр эмэгтэйтэй олон жилийн турш амьдарч, хүүхэдтэй болсон гэдгээ хүлээн зөвшөөрснөөр энэ гэр бүлийн дотоод асуудал олон нийтэд ил болжээ. Тэрбумтан эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн ч Но Со Ён тухайн үед эрс татгалзаж, "Би түүнээс салахгүй" гэж мэдэгдэж байлаа. Харин дөрвөн жилийн дараа байр сууриа өөрчилж, "Түүнд хүссэн аз жаргалаа олох боломжийг нь олгоё" хэмээн мэдэгдэн хөрөнгө хуваахтай холбоотой сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Салалт бизнесийн эзэнт гүрний хөрөнгө хуваах асуудал болон үргэлжлэв
Но Со Ён анх нөхрөөсөө мөнгөн нөхөн төлбөрөөс гадна "SK" холдингийн хувьцааны 42.3 хувийг шаардаж байсан бол дараа нь нөхрийнхөө хөрөнгийн тал хувийг хүртэл нэхэмжилжээ. Ингэснээр гэр бүл салалтын маргаан бизнесийн эзэнт гүрнийг хэрхэн хуваах асуудал болон өргөжсөн байна.
2022 онд анхан шатны шүүх Чой Тэ Воны талд шийдвэр гаргаж, компанийн хувьцааны ихэнх нь өв залгамжлалаар ирсэн хувийн өмч гэж үзэн эхнэрт нь харьцангуй бага хэмжээний хөрөнгө олгохоор болсон юм.
Харин 2024 онд давж заалдах шатны шүүх өмнөх шийдвэрийг эрс өөрчилж, Но Со Ёны гэр бүл "SK Group"-ийн хөгжлийн эхэн үед тодорхой хувь нэмэр оруулсан гэж үзэн түүнд бараг нэг тэрбум ам.долларын хөрөнгө олгох шийдвэр гаргасан нь тухайн үед Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шийдвэр болсон юм.
Энэ хугацаанд Но Со Ёны өмгөөлөгчид Чой Тэ Воны хамтран амьдрагч, гэр бүлээс гадуурх хүүхдийн эхийг мөн шүүхэд өгч, учруулсан ёс суртахууны хохирлын төлөө нөхөн төлбөр гаргуулан авч чадсан байна.
Дээд шүүх дахин өөрчлөв
Хэрэг эцэстээ асуудал тус улсын дээд шүүхэд хүрч, улмаар өмнөх шийдвэрийг дахин өөрчлөгдөхөд хүрсэн байна.
Шүүх Но Со Ёны эцэг, ерөнхийлөгч асан Но Тэ Үгийн нууц сангаас "SK" компанид шилжсэн гэх хөрөнгийг хууль бус эх үүсвэртэй гэж үзсэн тул хөрөнгө хуваах үндэслэлээс хассан байна. Нөгөө талаас, хэрэг удаашрах тусам "SK Group"-ийн охин компани болох "SK Hynix"-ийн хувьцааны үнэ хиймэл оюуны салбарын өсөлттэй холбоотойгоор огцом нэмэгджээ.
Хатагтай Но Со Ён хувьцааг өнөөгийн үнээр тооцуулахыг шаардсан бол шүүх 2024 оны дөрөвдүгээр сарын ханшийг үндэслэн тооцсон байна. Ингэснээр Чой Тэ Вон хуучин эхнэртээ 644 сая ам.доллар олгох шийдвэр хүчин төгөлдөр болж, энэ нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэр бүл салалтын нөхөн төлбөрөөр бүртгэгдэв.
Маргаан үргэлжилсээр
Шүүхийн шийдвэрт "Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд компанийн үнэлгээ өсөхөд зөвхөн бизнесийн үйл ажиллагаа бус, Но Со Ёны гэр бүлийн ар тал, хүүхдийн хүмүүжил, компанийн олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр ч тодорхой нөлөө үзүүлсэн" гэж онцолжээ. Гэвч энэ нь эцсийн шийдвэр биш бололтой. Чой Тэ Воны өмгөөлөгчид өнгөрсөн долдугаар сарын сүүлээр дахин гомдол гаргахаа мэдэгдсэн бөгөөд ингэснээр Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн "Зууны салалт" хэмээн нэрлээд буй энэхүү хэрэг үргэлжлэх магадлалтай хэвээр байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 144 (7886)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn