-Олон мянган цагаач Испанийн хилээр нэвтэрчээ. Цагаачлалын хямралын үеийн сэтгэл сэрдхийлгэм дүр зураг-

 

З.Цэцэг

Африкийн хойд эрэгт орших Испанийн Сеута (Ceuta) хот 2021 оноос хойших хамгийн том цагаачлалын хямралын гол цэг болоод байна. Марокко болон бусад орны олон мянган хүн хуурай газрын хилээр нэвтэрч, эргийн хамгаалалтын саадыг тойрон сэлж, тус хотын эрэгт хүрч иржээ. Эрх баригчид тус бүс нутаг руу цэрэг болон цагдаагийн тусгай хүчнийг илгээв. Үүний зэрэгцээ Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Испанитай тогтоосон Шенгений бүсийн хэлэлцээрийг түдгэлзүүлнэ хэмээн мэдэгдэж, сүрдүүлжээ. Lenta.ru сайтын гэрэл зургийн цомогт Европын Холбооны гадаад хилийн нэг хэсэг хэдхэн цагийн дотор цагаачдад хэрхэн автсан дүр зургийг харуулсан байна.

Сеута нь Африкийн хойд эрэгт байрладаг бөгөөд Гибралтарын хоолойгоор Испанийн эх газраас тусгаарлагддаг. Цагаачид тус хот руу хилийн боомтоор, уулын жимээр болон далбааг тойрон сэлэх замаар нэвтрэхийг оролдож байв.

Хил зөрчих томоохон үйлдлийн үеэр 2000–3000 орчим цагаач хил давсан байж болзошгүй ч энэ тоо хараахан албан ёсоор батлагдаагүй байна.

Орон нутгийн эрх баригчид хотын үйлчилгээний байгууллагууд ирж буй хүмүүсийн их урсгалыг дийлэхээ больсныг хүлээн зөвшөөрч байна. Цагаачид гудамжинд хоноглож байгаагаас гадна насанд хүрээгүй хүүхдүүдийг хүлээн авах төвүүдийн ачаалал төлөвлөсөн хүчин чадлаасаа 2400 хувиар давжээ. Сеута хотын дарга бөгөөд захирагч Хуан Хесус Вивас тус бүс нутагт өдөрт 300 орчим хүн ирж байгааг дурдаад, улсын хэмжээнд онц байдал зарлахыг уриалсан байна. Гэвч иргэний хамгааллын тухай хуульд цагаачдын урсгалыг онц байдал зарлах үндэслэл гэж үздэггүй тул засгийн газар түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ.

Хилээр гарах гэж оролдсоны улмаас дор хаяж 18 цагаач амиа алдсан байна.

Мароккогийн аюулгүйн хүчнийхэн цугласан олныг усан буу ашиглан зогсоохыг оролдсон ч Испанийн хоёрдугаар анклав Мелиллагийн хил дээр мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Хил нэвтрэх тохиолдлын тоо огцом нэмэгдсэн нь далай дээр саатуулагдсан цагаачдыг Марокко руу нэн даруй буцаахыг хориглосон Испанийн Дээд шүүхийн шийдвэртэй холбоотой юм. Хууль бусаар хүмүүс хил давуулах үйл ажиллагааг зохион байгуулагчид үүнийг ашиглаж байна.

Цагаачлалын хямрал нь Европын Холбооны хүрээнд маргаан дэгдээгээд байна. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони хяналтгүй цагаачлал нь Европын хил хязгаарт аюул учруулж байгааг онцлоод, Испаниас ирэх хүмүүст хязгаарлалт тогтоох боломжтойг мэдэгдэв.

"Сеутагаас ирж буй дүрс бичлэгүүд цочирдом бөгөөд хяналтгүй, хууль бус цагаачлал нь Европын хил хязгаарын аюулгүй байдалд бодит аюул учруулж байгааг дахин нотолж байна”

Жоржиа Мелони- Италийн Ерөнхий сайд

 

Үүний зэрэгцээ Европын Комисс Европын хилийн болон эргийн хамгаалалтын агентлагийн (Frontex) хүчийг Сеута руу илгээх санал гаргажээ.

Эх сурвалж: zms.mn