Фото: Жүнко Табэй /wikipedia.org/
Японы нэрт уулчин Жүнко Табэй 1975 оны тавдугаар сарын 16-нд дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд амжилттай гарснаар уулын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж, тус оргилд хүрсэн анхны эмэгтэй болсон юм. Ердөө 145 см өндөртэй жаахан бүсгүй уулын спортод эрчүүд давамгайлж байсан цаг үед тэсвэр хатуужил, зориг, тууштай байдлынхаа ачаар олон саадыг даван туулж амжилтад хүрчээ.
Түүхэн авиралтаасаа хэдхэн хоногийн өмнө түүний баг цасан нурангид өртөж, Табэй цасанд дарагдан гэмтсэн байна. Гэсэн ч аврагчдын тусламжтайгаар эсэн мэнд гарч, бэртлээ үл ажран авиралтаа үргэлжлүүлсээр Эверестийн оргилд хүрсэн нь уулын спортын хамгийн алдартай амжилтуудын нэг болж үлджээ.
Жүнко Табэй 1992 онд дэлхийн долоон тивийн хамгийн өндөр оргилуудыг эзэлсэн анхны эмэгтэй болж, уулчдын дунд нэр хүндтэй "Долоон оргил" (Seven Summits) сорилтыг бүрэн дуусгасан нэгэн. Түүнээс гадна тэрээр турш дэлхийн 70 гаруй улсын хамгийн өндөр уулсын оргилд авирсан байна. Жүнко Табэй зөвхөн уулын спортын амжилтаараа төдийгүй байгаль хамгаалах үйлсээрээ ч алдартай нэгэн. Тэрээр Гималайн нуруунд хог цэвэрлэх аяныг тогтмол зохион байгуулж, залуу үеийг уулын аялал, адал явдал, байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл санаанд уриалан ажиллажээ.
Жүнко Табэй хүний агуу чанар нь биеийн өндөр, хүч чадлаар бус хүсэл тэмүүлэл, зориг, тууштай байдлаар хэмжигддэгийг амьдралаараа харуулсан билээ. Түүний өв өнөөдөр ч дэлхийн олон уулчин, аялагч, мөрөөдөгчдөд шинэ оргил өөд тэмүүлэх урам зориг болсоор байна.
Эх сурвалж: zms.mn