Н.ТҮШИГ
АНУ-ын Хавай мужид 1992 оноос хойших анхны хар салхи болох эрсдэлтэй байна. Тодруулбал, "Лала" нэртэй 1-р зэрэглэлийн шуурга эргийн ойролцоо шуурч байгаа бөгөөд Биг Айлендын эх газарт хүрэх магадлалтай байгаа юм. Улсын хэмжээнд сүүлийн хэдэн жилд хар салхины улирал харьцангуй тайван байсан бөгөөд хамгийн сүүлийн томоохон шуурга нь 2024 оны аравдугаар сард Флоридад цохилт өгсөн 3-р зэрэглэлийн "Милтон" шуурга байсан. Ассошиэйтед Пресс мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Биг Айленд аралд хамгийн сүүлд 155 жилийн өмнө хар салхи дэгдэж байжээ.
Лала шуурганы хувьд секундэд 80 миль буюу 130 км/цаг хүртэлх хурдтай салхилж бямба гарагт хар салхины хүчинд шилжсэн. Учирч болох хамгийн муу тохиолдолд Биг Айленд дээр 63 см хур тунадас орж, ойролцоогоор нэг метрийн өндөртэй далайн давлагаа үүсэх магадлалтай байна.
Үндэсний хар салхины төв орон нутгийн 17:00 цагт гаргасан мэдээндээ ‘’Лала’’гийн "нүдний хана Биг Айлендийн өмнөд хэсгийг мэлмийж байна" гэж мэдээлжээ. Түүнчлэн "Хохирол учруулах хүчтэй салхи, их хэмжээний хур тунадас Биг Айлендэд өнөө шөнөжин үргэлжилж, ням гаригт жижиг арлууд руу баруун зүг тархах болно" гэж тус төвөөс мэдэгдэв. Энэ талаар Хавайн мужийн захирагч Жош Грийн "Амралтын өдрүүдийн турш мужийн хэмжээнд хохирол учруулах хүчтэй салхи, аадар бороо, гэнэтийн үер, аюултай давлагаа тохиолдох магадлалтай байна" гэж X сүлжээнд бичжээ. Харин Биг Айлендийн зүүн хэсэгт орших Хило хотод амьдардаг цаг уурч Женнифер Майерс "Би одоо голыг харж байна, тэр үнэхээр, үнэхээр өндөр байна" гэсэн байна. Түүнчлэн зарим замууд хөрсний нуралтаас болж хаагдсан бол унасан мод цахилгааны шугамыг тасалсан талаар BBC-д хэлжээ.
Хар салхины улмаас арав орчим нислэг цуцлагдсан бөгөөд Биг Айлендийн хамгийн том “Эллисон Онизука Кона” Олон улсын нисэх онгоцны буудалд нислэгийн 40 хувь нь зогссон байна гэж flightaware.com сайт мэдээлжээ. Харин тус арлын өөр нэг гол буудал болох “Хило” Олон улсын нисэх онгоцны буудлын нислэгүүд бүрэн цуцлагджээ. Мөн АНУ-ын poweroutage.us вэбсайтын мэдээлж байгаагаар Хар шуурганы улмаас бямба гарагийн үдээс хойш Хавайд бараг 76 мянган хэрэглэгч цахилгаангүй болжээ.
Үндэсний цаг уурын албанаас "Их хэмжээний хур тунадасны улмаас олон газарт нүүлгэн шилжүүлэлт, аврах ажиллагаа хийх шаардлагатай болж магадгүй" гэж NWS мэдэгдээд, гол мөрөн, цутгал горхинууд "Олон газарт хурдацтай эргээ давах магадлалтай" гэсэн урьдчилсан мэдэгдэл хийжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 152 (7894)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn