Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад “Цөлийн дуу хоолой” санаачилгын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал П.Энхцэцэгийг урьж,ярилцлаа.

 

- Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г эх орондоо зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлын онцлог, манай улсын оролцоог та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байна. Тэр дундаа Зүүн болон Төв Азийн бүсээс UNCCD-ийн COP-ийг зохион байгуулж байгаа анхны улс болж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал.

Энэ том хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа төр, засаг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон оролцож буй бүх талд талархах ёстой. Гэхдээ Монгол Улсын үүрэг зөвхөн сайн зохион байгуулагч байх төдийгөөр хязгаарлагдах ёсгүй. Бид өөрийн гэсэн байр суурь, мэдлэг, шийдэлтэй оролцох нь чухал.  Монголчуудын хувьд байгаль орчны асуудал бол гаднаас шинээр орж ирсэн сэдэв биш. Бид байгаль, хүн хоёрын харилцан хамаарлыг амьдралынхаа хэв маягаар танин мэдэж, нүүдлийн соёл иргэншлээ бүтээж ирсэн ард түмэн. Байгалиа зөвхөн ашиглах нөөц гэж харах бус, түүнтэй зохицож амьдрах, өөрийн хэрэглээ, үйлдлийн хэмжээ хязгаарыг мэдэх тухай олон үеэр хуримтлагдсан мэдлэг бидэнд бий. Тиймээс COP17 бол Монгол Улс дэлхий нийтэд зөвхөн “цөлжилт, газрын доройтолд өртөж буй орон” гэдгээ харуулах хурал биш. Харин байгальтай зохицон амьдарч ирсэн нүүдлийн соёл, уламжлалт мэдлэгээсээ дэлхийтэй юу хуваалцаж болох вэ, орчин үеийн шинжлэх ухаан, технологи, эдийн засагтай түүнийг хэрхэн холбож болох вэ гэдгээ харуулах боломж гэж харж байна. Монголчууд байгальтайгаа хүйн холбоотой амьдарч ирсэн тэр ухаанаа өнөө цагийн хэлээр дахин тайлбарлаж, дэлхийтэй хуваалцах цаг болсон. Хүн төрөлхтөн түүгээр дутаж байна.

-“Voice of the Desert” буюу “Цөлийн дуу хоолой” санаачилгынхаа тухай танилцуулахгүй юу. COP17-д зориулсан санаачилга юм уу, эсвэл илүү өргөн хүрээтэй юу?

-“Цөлийн дуу хоолой” санаачилгын гол зорилго нь цөлжилт, газрын доройтлын асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж харахгүйгээр хүн, шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, соёлын харилцан холбоон дунд авч үзэхэд оршдог. COP17-ийг угтан бид санаачилгынхаа эхний үе шатны ажлуудыг эрчимжүүлсэн. Гэхдээ COP17 бол бидний эцсийн зорилго биш. Харин олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, цаашдын урт хугацааны ажлаа дэлхийтэй холбох нэг чухал зангилаа юм.COP17-ийн хүрээнд бидний дэвшүүлж байгаа гол санаа бол “Human Development for Land” буюу “Газрын төлөөх хүний хөгжил” гэсэн үзэл баримтлал.Цөлжилт, газрын доройтлыг шийдвэрлэхэд хөрөнгө санхүүжилт хэрэгтэй. Шинжлэх ухаан, инновац, технологи хэрэгтэй. Төрийн зөв бодлого, бизнесийн оролцоо ч хэрэгтэй.Гэхдээ энэ бүхнийг хэрхэн ашиглахыг эцсийн дүндээ хүн шийддэг.

-Газрыг сэргээхийн зэрэгцээ газартай харилцаж байгаа хүнээ хэрхэн хөгжүүлэх вэ?

-Хүн өөрийн хэрэглээ, шийдвэр, эдийн засгийн үйл ажиллагаа байгальд ямар үр дагавар үзүүлж байгааг ойлгодог, шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг, байгалийн хэмжээ хязгаарыг хүндэтгэдэг, өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг болох ёстой.Хэрэв хүн өөрчлөгдөхгүй бол өнөөдөр их хөрөнгө гаргаж нөхөн сэргээсэн газраа маргааш дахин доройтуулах эрсдэл хэвээр үлдэнэ. Тиймээс хүний хөгжил бол газрын нөхөн сэргээлтийн хажуугийн сэдэв биш, тогтвортой үр дүнгийн суурь нөхцөл гэж бид үзэж байгаа.Монголчууд “Байгаль эх” гэж ярьдаг. Энэ бол зүгээр нэг уран хэллэг биш. Хүн төрөлхтний хоол хүнс, ус, амьдрах орчин, амьжиргаа гээд бүх үндсэн хэрэгцээ амьд байгалиас тэтгэгддэг гэсэн гүн ойлголтын илэрхийлэл. Мөн монголчууд байгалиасаа суралцдаг учир түүнийг амьдралын багш хэмээн хүндэтгэж ирсэн уламжлалтай. Энэ мэдлэгийн өвийг орчин үеийн шинжлэх ухаантай холбож, өнөө цагийн шийдэл болгох нь бидний хийх ажлын нэг хэсэг.

- Та бүхэн олон улсын экспедиц зохион байгуулсан. Экспедицийн гол зорилго юу байв?

-Бид байгальтай харилцах уламжлалт мэдлэгээ дэлхийтэй хуваалцахын тулд эхлээд өөрсдөө бусдын туршлагыг сонсож, газар дээр нь очиж харах ёстой гэж үзсэн.Тиймээс Монголын говиос эхлэн Төв Азийн дөрвөн улсыг хамарсан экспедиц зохион байгууллаа.Бид цөлжилт, газрын доройтолд өртсөн бүс нутгуудаар явж, газар орны нөхцөл байдлыг ажиглаж, орон нутгийн иргэдтэй уулзан ярилцаж, тэд цөлжилтийг хэрхэн мэдэрч байгаа, ямар арга замаар дасан зохицож, асуудлаа шийдвэрлэхийг зорьж байгаатай танилцсан.Энд нэг зүйлийг онцолмоор байна. Экспедицийн зорилго зөвхөн газар үзэж, мэдээлэл цуглуулах байгаагүй. Харин улс орнуудын уламжлалт мэдлэг, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн шийдэл хаана огтлолцож болох вэ, нэг бүс нутгийн туршлагыг нөгөө бүс нутагт хэрхэн хуваалцаж болох вэ гэдгийг эрэлхийлсэн.Монголчууд цөлжилт, газрын доройтлын үр дагаврыг маш ойроос мэдэрч буй ард түмэн. Ялангуяа малчдын хувьд бэлчээрийн доройтол, усны хомсдол, ган, цаг уурын өөрчлөлт нь өдөр тутмын амьдралтай нь шууд холбоотой.Гэхдээ үүнийг зөвхөн малчдын асуудал гэж ойлгож болохгүй.Хотод амьдарч байгаа хүн ч ямар хүнс хэрэглэж байна, ямар бүтээгдэхүүн худалдан авч байна, ямар бизнесийг дэмжиж байна, ус, эрчим хүч, газар нутгийн нөөцийг ямар хэлбэрээр ашиглаж байна гэдгээрээ байгальтай өдөр бүр харилцаж байдаг.Тиймээс цөлжилт бол хаа нэгтээ алсад, говьд болж байгаа үйл явдал биш. Эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, ус, шилжилт хөдөлгөөн, хүний амьдрах орчинтой холбогдсон хүн бүрийн асуудал.“Цөлийн дуу хоолой” санаачилгын хүрээнд хэрэгжсэн VOD 1 экспедиц дараах гурван үндсэн чиглэлд ажилласан.Нэгдүгээрт, олон нийтийн анхаарлыг татах. Үүний тулд хэт холын зайн гүйлтийн  эвэнтүүд Хоёрдугаарт, цөлжилт, газрын доройтол хүн бүрийн амьдралтай хэрхэн холбогдож байгааг ойлгуулах.цөлжилт түүнийг шийдвэрлэх боломжийн талаар  шинжлэх ухааны мэдлэг түгээх үйл ажиллагаа.Гуравдугаарт, медиа,  баримтат кино контент бүтээн түгээж олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхБайгаль орчны асуудалд идэвхтэй дуугардаг иргэд олон байгаа нь маш сайн. Харин “болохгүй байна” гэж гомдоллож шүүмжлэхээс өмнө  яг юу нь, ямар хэмжээнд өөрчлөгдөж байна, шалтгаан нь юу вэ, ямар шийдэл боломжтой вэ гэдгийг судалгаа, нотолгоонд тулгуурлан ярьдаг болох хэрэгтэй. Ингэж байж иргэний оролцоо бодит өөрчлөлт авчрах хүч болж чадна.

- Монголчуудын байгальтай харилцаж ирсэн уламжлалаас өнөөдөр бид юуг хамгийн түрүүнд сэргээх шаардлагатай гэж та үздэг вэ?

-Монголын нүүдлийн ахуйн хамгийн үнэ цэнтэй талуудын нэг нь байгалийг өөртөө захируулах биш, байгалийн нөхцөлд өөрийгөө зохируулж амьдрах чадвар байсан гэж би боддог.Ус хаана байна, бэлчээрийн төлөв ямар байна, улирал хэрхэн өөрчлөгдөж байна, мал сүрэг, ургамал, хөрсний нөхцөл ямар байна гэдгийг ажиглаж, түүнд тохируулан хөдөлгөөн, хэрэглээгээ зохицуулж ирсэн.Харин орчин үеийн хөгжлийн явцад бид байгалийг гол төлөв хүний хэрэгцээг хангах нөөц гэж харах хандлагад улам ойртсон. Газрын хэвлийн баялаг, ус, хөрс, ургамал, эрчим хүч гээд байгалиас авах зүйлээ сайн тооцдог хэрнээ хэр хэмжээгээр авах ёстой вэ, буцааж юу өгөх вэ, дараагийн үед юу үлдээх вэ гэдэг асуултыг ихэнхдээ орхигдуулдаг.Эндээс хүн, байгаль хоёрын харилцааны тэнцвэр алдагддаг. Монголчуудын уламжлалт ойлголтод “хүн байгаль хоёр хүйн холбоотой” гэсэн маш хүчтэй санаа бий. Хүйн холбоо гэдэг нь нэг тал нь нөгөөгөөсөө хамааралтай төдий биш. Нэг системийн хоёр хэсэг гэсэн утгатай.Харин өнөөдөр хүн өөрийгөө байгалиас тусдаа, бүр байгалийн дээр орших мэт ойлгох хандлага бий болсон. Энэ ойлголт өөрөө хэрэглээ, үйлдвэрлэл, шийдвэр гаргалтад нөлөөлж байна.Тиймээс бидний сэргээх ёстой хамгийн чухал зүйл бол өнгөрсөн үеийн ахуйг тэр чигээр нь хуулбарлах явдал биш. Харин тэр ахуйн цаана байсан хэмжээ хязгаараа мэдэх, ажиглах, зохицох, хариуцлага хүлээх зарчим юм.Үүнийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн системтэй холбож чадвал монголчуудын уламжлалт мэдлэг XXI зууны шийдлийн нэг хэсэг болж чадна.

- Тэгвэл хүн, байгаль хоёрыг холдуулж байгаа гол хүчин зүйл нь юу вэ?

- Миний бодлоор гол асуудал нь хүн өөрийгөө байгалиас тусдаа гэж ойлгож эхэлсэн нь ухамсрын доройтолд хүргэж байна. Хэрэв байгаль биднээс тусдаа зүйл юм бол бид түүнийг зөвхөн олборлох баялаг, ашиглах газар, худалдаж болох нөөц гэж харахад амархан. Харин өөрийн амьдралын эх үүсвэр, өөртэй нь холбоотой амьд систем гэж ойлговол шийдвэр өөр болно.Үүн дээр хязгааргүй хэрэглээний сэтгэлгээ нэмэгддэг. Хүний хэрэгцээ байх нь зүйн хэрэг. Хөгжил ч хэрэгтэй. Эдийн засаг ч хэрэгтэй. Асуудал нь хөгжил, хэрэглээ өөрөө биш, хэмжээ хязгаар болон хариуцлага алдагдах үед үүсдэг.Тиймээс “Human Development for Land” гэдэг санаагаараа бид хүнийг хөгжилд саад болгох тухай яриагүй. Харин илүү ухаалаг, хариуцлагатай хөгжлийн тухай ярьж байна.Газрыг сэргээхийн тулд хөрөнгө хэрэгтэй. Технологи хэрэгтэй. Шинжлэх ухаан хэрэгтэй.Гэхдээ энэ бүхнийг зөв ашиглаж, сэргээсэн газраа дахин доройтуулахгүй авч явах хүн хэрэгтэй.Тиймээс хүний хандлага, мэдлэг, зан үйл, шийдвэр гаргалтыг газрын нөхөн сэргээлтийн механизмтай хамтад нь авч үзэх ёстой.

- Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Цөлжилтийг бууруулахын тулд бид юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Юуны өмнө цөл, цөлжилт гэдэг хоёр ойлголтыг ялгах хэрэгтэй.Цөл бол байгалийн жамаар бүрэлдсэн, өөрийн гэсэн ургамал, амьтан, хөрс, экологийн зохицол бүхий экосистем.Харин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тодорхойлолтоор цөлжилт гэдэг нь хуурай, хагас хуурай болон хуурайвтар чийглэг бүсийн газар уур амьсгалын хэлбэлзэл, хүний үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан доройтох үйл явц юм. Зургаа дахь удаагийн үндэсний шинэ үнэлгээгээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүнээс 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд үнэлэгдсэн.Энэ бол маш анхаарал татах үзүүлэлт.Цөлжилт, газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт зэрэг байгалийн болон уур амьсгалын хүчин зүйл нөлөөлнө. Үүний зэрэгцээ бэлчээрийн зохисгүй ашиглалт, газрын менежмент, уул уурхай болон бусад хүний үйл ажиллагаанаас үүсэх дарамт ч нөлөөлдөг.Тиймээс шийдлийг ч нэг салбараас хайж болохгүй.Нэгдүгээрт, цаашдын доройтлоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.Хоёрдугаарт, газарт үзүүлж байгаа хүний дарамтыг бууруулах хэрэгтэй.Гуравдугаарт, аль хэдийн доройтсон газрыг тухайн экосистемийн онцлог, ус, хөрс, биологийн олон янз байдлын судалгаанд тулгуурлан нөхөн сэргээх ёстой. Энэ асуудлыг буюу газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шаардлага нь шинэ технологи, инновац, ногоон санхүүжилт, тогтвортой бизнес, ажлын байр, шинэ эдийн засгийн боломжуудыг бий болгож байна.Байгаль хамгаалал, эдийн засгийг заавал хоёр эсрэг тал мэт харах шаардлагагүй. Зөв тогтолцоо, зөв шалгууртай байвал байгалийг сэргээх үйл ажиллагаа өөрөө эдийн засгийн үнэ цэн бүтээж болно.Гэхдээ аль нэг доройтсон газарт ямар бизнес, технологи тохирохыг урьдчилан ерөнхийлж болохгүй. Усны нөөц, хөрсний төлөв, экосистемийн даац, орон нутгийн иргэдийн амьжиргаа зэрэг олон хүчин зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлсний дараа шийдвэрлэх ёстой.Энэ бол бидний ярьж байгаа хариуцлагатай хөгжлийн нэг жишээ юм.

- Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулж чадвал байгалийн өөрийн нөхөн сэргэх боломж нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Тодорхой хэмжээнд тийм.Хүний үйл ажиллагаанаас үүдэж байгаа дарамтыг бууруулснаар экосистемийн өөрийн нөхөн сэргэх боломжийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тэсвэрлэх чадавхыг нь дэмжиж болно.Гэхдээ хүний дарамтыг буурууллаа гээд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн бүх нөлөө автоматаар арилж, бүх газар өөрөө бүрэн сэргэнэ гэж ойлгож болохгүй. Зарим газар байгалийн өөрийн нөхөн сэргэх процессыг хамгаалахад хангалттай байж болно. Заримд нь ус, хөрс, ургамал, бэлчээрийн шинжлэх ухааны үндэслэлтэй идэвхтэй нөхөн сэргээлт шаардлагатай.Тиймээс бид хоёр зүйлийг зэрэг хийх ёстой.Нэгдүгээрт, байгальд үзүүлж байгаа хүний сөрөг дарамтыг багасгах.Хоёрдугаарт, байгалийн нөхөн сэргэх чадварыг шинжлэх ухаан, технологи, зөв менежментээр дэмжих.Энэ хоёрын дунд хүний хөгжил оршиж байгаа юм.Эцэст нь хэлэхэд, бид зөвхөн доройтсон газраа сэргээх тухай ярихгүй. Дахин доройтуулахгүй хүнийг, хариуцлагатай нийгмийг хамтад нь бий болгох тухай ярих ёстой.Газрын ирээдүй хүний сонголт, ухамсар, хариуцлагаас эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 157 (7899)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn