Н.ТҮШИГ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг Leaderships forum буландаа урьж Монгол улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Үндэсний Лавлагаа Лабораторийн эрхлэгч Э.Одонтуяатай ярилцлаа.  

 

Эм гэдэг онцгой бүтээгдэхүүнийг дэлхийн стандартын дагуу шалгах хэрэгтэй  

Манай лаборатори 1965 онд Эм шалгах лаборатори нэртэйгээр байгуулагдсан бөгөөд өдгөө 61 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Эм, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг Монгол Улсын болон олон улсын фармакопей, холбогдох стандартын шаардлагын дагуу шинжилж, тохирлын тухай мэдэгдэл гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, манай лаборатори нь Монгол Улсад улсын хяналт, бүртгэл, чанарын баталгаажуулалтын хүрээнд ирүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн дээжийн чанар, аюулгүй байдлыг шинжилдэг улсын цорын ганц үндэсний лавлагаа лаборатори юм.  
Эмийн чанарыг үнэлэхэд зөвхөн нэг улсын стандарт хангалтгүй. Тиймээс манай лаборатори үйл ажиллагаандаа MNS ISO/IEC 17025:2018 стандарт болон MNS 6621:2016 "Эмийн чанарын хяналтын лабораторид тавих шаардлага" стандартыг мөрддөг. 
Мөн Европын фармакопей, Олон улсын фармакопей, АНУ, Их Британи, БНСУ, Япон, ОХУ, Вьетнам, БНХАУ-ын фармакопейн шаардлагыг ашиглан шинжилгээг хийдэг. Ингэснээр Монгол Улсад нийлүүлэгдэж буй эмийн чанарыг олон улсын нийтлэг шалгууртай харьцуулан үнэлэх боломжтой ба ард иргэдэдээ чанартай аюулгүй эм бэлдмэл хэрэглэх нөхцөлийг бүрдүүлдэг. 
Өнгөрсөн жилүүдэд манай Эм Эмнэлгийн Хэрэгслийн Үндэсний Лабораторийн хүчин чадал жилд 1500-2000 дээжийг шинжлэх чадамжтай байсан.  Харин 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Цар тахлын сангийн 3.0 сая ам долларын санхүүжилтээр шинэчлэлт хийсэн. Шинэчлэлтийн хүрээнд  зөвхөн барилга байгууламжийг шинэчлээд зогсохгүй лабораторийн зориулалтын орчин, инженерийн дэд бүтэц, олон улсын шаардлага хангасан тавилга, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь суурилуулжээ. Мөн 49 нэр төрлийн 77 ширхэг орчин үеийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар шинжилгээний хүчин чадал эрс нэмэгдэж жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломжтой болсон. 2026 оны зургаадугаар сарын 16-нд шинэ лаборатори ашиглалтад орсноос хойш өнөөдрийн байдлаар улсын тандалт болон байгууллагуудаас ирүүлсэн 250 орчим дээжид химийн болон микробиологийн шинжилгээ хийжээ. 

 

Монгол Улсад дурын хүн эм бэлдмэл импортлодоггүй 

Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох болон үйлдвэрлэх зөвшөөрөл олгох, бүртгэлийг сунгах үйл ажиллагаа нь холбогдох хууль, журмын дагуу хэрэгждэг. Тодруулбал Монгол Улсад эм импортлох, үйлдвэрлэх үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу тусгай зөвшөөрөл, бүртгэлтэйгээр явагддаг. Гэвч энэ нь тухайн бүтээгдэхүүн үргэлж чанартай байна гэсэн үг биш юм. Иймээс бүртгэлийг таван жил тутамд сунгуулах ёстой байдаг. Үүний дагуу манай лабораторид хууль хяналтын байгууллагууд, мөн эм импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс дээж ирүүлдэг. Дээжийг тусгайлан баталсан хууль, журмын дагуу хүлээн авч, итгэмжлэлийн хүрээнд 466 үзүүлэлтээр олон улсын фармакопей болон холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн шинжилдэг.  

 

Зах зээлд нийлүүлэгдэхээс өмнөх "шүүлтүүр" хамгийн чухал 

Эмийн чанар, аюулгүй байдал бол зөвхөн эм үйлдвэрлэгч, импортлогчдын асуудал биш. Энэ нь иргэн бүрийн эрүүл мэнд, эмчилгээний үр дүн, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Иймээс манай лаборатори эм бэлдмэл  эмнэлгийн хэрэгсэлүүдийг зах зээлд нийлүүлэгдэхээс өмнөх шүүлтүүр болдог.  
Зах зээлд гарахаас өмнө тухайн эмний дээжийг бүртгэж, шинжээч нарт хуваарилж, шинжилгээг олон улсын фармакопейн дагуу гүйцэтгэдэг. Шинжилгээний үр дүнг ахлах шинжээч хянаж, чанарын хяналтаар баталгаажуулсны дараа тохирлын тухай мэдэгдэл гаргадаг. Энэхүү шат дамжлагаар шинжилгээ хийгдэхэд зарим тохиолдолд чанар шаардлагын хувьд зөрчлүүд илэрдэг. Гэхдээ ихэвчлэн хадгалалт, тээвэрлэлтийн явцад шаардлагатай нөхцөл, горим алдагдсан зөрчлүүд илэрдэг бөгөөд энэ нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Хэрэв лабораторийн шинжилгээгээр бүтээгдэхүүн стандартын шаардлага хангахгүй нь тогтоогдвол шинжилгээний дүнг холбогдох хяналтын байгууллагад хүргүүлдэг. 
Үүний үндсэн дээр бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах, устгах, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх, эмийн бүртгэл болон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлдэг. Иймээс лабораторийн гаргасан шинжилгээний үр дүн нь зөвхөн техникийн баримт бичиг бус, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах бодлогын шийдвэрийн цөм нь болдог.  

 

Баталгаатай газраас худалдан авах нь эрсдэлээс сэргийлнэ 

Сүүлийн жилүүдэд манай улсад эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, төрөл бүрийн биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн иргэд эдгээр бүтээгдэхүүнийг олон нийтийн сүлжээ, цахим худалдаа, хувь хүмүүс болон албанбус сувгаар худалдан авах нь түгээмэл болсон. Гэхдээ ингэж албан бус байдлаар худалдан авах нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй. 


Ийм бүтээгдэхүүнүүдийн зарим нь Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх нь баталгаажаагүй байдаг. Мөн хадгалалт, тээвэрлэлтийн явцад температур, чийгшлийн зохих нөхцөл алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний найрлага өөрчлөгдөх, идэвхт бодисын агууламж буурах, эсвэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсдэг. 
Түүнчлэн цахим орчинд "байгалийн гаралтай", "ямар ч гаж нөлөөгүй", "бүх өвчнийг эмчилнэ" гэх мэт шинжлэх ухааны үндэслэлгүй сурталчилгаа түгээмэл байдаг. Ийм мэдээлэлд шууд итгэж бүтээгдэхүүн хэрэглэх нь буруу бөгөөд зарим тохиолдолд эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх, эмийн харилцан үйлчлэл үүсгэх эрсдэлтэй. Тиймээс иргэд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витаминыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй эмийн сан, албан ёсны импортлогч, борлуулагчаас худалдан авч хэрэглэхийг зөвлөж байна. Мөн бүтээгдэхүүний сав баглаа боодол, бүртгэлийн мэдээлэл, үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалалтын нөхцөлийг сайтар шалгах нь зүйтэй. Хэрэв эм бэлдмэлийг хэрхэн шалгахаа мэдэхгүй бол Licemed.mn-ээс Монгол улсад бүртгэлтэй эсэхийг шалгах боломжтой.  
Эрүүл мэндтэй холбоотой аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо сурталчилгаанд бус, шинжлэх ухааны нотолгоо, эмч, эм зүйчийн зөвлөгөөнд тулгуурлан хэрэглэх нь өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв сонголт юм.  


ДЭМБ-ын Global Benchmarking Tool (GBT) үнэлгээгээр Монгол Улсын эмийн зохицуулах тогтолцоо 2022 онд төлөвшлийн нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн. Харин олон улсын жишгээр тогтвортой, бүрэн төлөвшсөн зохицуулалтын тогтолцоог гуравдугаар түвшин гэж үздэг. 


Энэ жил манай байгууллага тоног төхөөрөмж болон барилга байгууламж гэх мэт шаардлагатай суурь нөхцөлүүдээ бүрдүүлсэн бөгөөд дэлхийн жишигтэй дүйцэж очсон. Одоо харин албан ёсоор Global Benchmarking Tool (GBT) үнэлгээгээ ахиулахын тулд Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори чанарын удирдлагын тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Лабораторийн сайн дадал (GLP)-ыг үе шаттай нэвтрүүлэх, олон улсын лавлагаа лабораторийн түвшинд хүрэх зорилтыг хэрэгжүүлж байна. 
Эмийн чанар, аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь иргэдийн өдөр тутамдаа төдийлөн анзаардаад байдаггүй ч эрүүл мэндийн салбарын хамгийн чухал хамгаалалтын нэг юм. Тиймээс шинэчлэгдсэн Үндэсний лавлагаа лаборатори нь зөвхөн орчин үеийн тоног төхөөрөмжтэй болсон төдийгүй Монгол Улсад хэрэглэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанарт олон улсын түвшний хяналт тавих үүргийг биелүүлж, суурийг бэхжүүлж буй стратегийн чухал ач холбогдолтой байгууллага юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 142 (7884)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn