Г.НОМИН-ЭРДЭНЭ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан. Доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндоржийн урьж, ярилцлаа.

 

“Судлаачид ч эх хэлнийхээ боловсролд анхаарах цаг болсон”

 

-Би оюутан байхдаа илтгэл, оюутны эрдэм шинжилгээний 20 гаруй хуралд оролцож байлаа. Тэр үед “Монголын нууц товчоо”-ны зохиогчийн тухай илтгэл хэлэлцүүлж, олон эрдэмтэн багш нар маань урам өгсөн. Тэгээд их сургуульд багшилж, одоо эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж байна. Одоогийн цаг үед улс үндэстнээрээ оюун санааны боловсролд анхаарах хэрэгтэй. Бие биедээ хүлээцтэй хандах хандлага багасаж байна. Тиймээс оюун санааны боловсролд анхаарах хэрэгтэй. Одоо үед ном унших нь бага болсон. Утга зохиол, хэлний боловсрол буурч байна. Дэлгэцийн хамааралтайн дээр  цахимаас шууд мэдээллээ авч байгаатай холбогдуулан сэтгэлгээ хөгжих нь багассан. Бид бүхэн уран зохиол унших хэрэгтэй. Уран зохиолд шинжлэх ухааны маш өргөн ойлголт хамаардаг. Эцэг эхчүүд ч энэ тал дээр анхаарч хүүхдүүдтэйгээ хамт ном унших хэрэгтэй. Мөн ерөнхий боловсролын сургуулийн уран зохиол, монгол хэл бичгийн хичээлийн цаг бага. Хуваарьт хичээл орохгүй байх ч тохиолдол гарч байна. Шалгалтаар явахад л үндэсний бичгээрээ бичиж ч чадахгүй сурагчид дэндүү олон харагддаг. Хэл бичиг, уран зохиолын салбар бол маш их уншиж, бичдэг салбар. Сурагчид гэлтгүй судлаачид ч бас эх хэлнийхээ боловсролд анхаарах цаг болсон. Уран зохиолын мэргэжлийн орчуулгыг хөгжүүлж олон хэлнээ хөрвүүлэх хэрэгцээ бий болж байгаа юм. Чадварлаг орчуулагчдыг бэлдсэнээр монгол хэлний яруу тансаг байдлыг дэлхийд таниулах нэгэн гарц гаргалгаа гарч ирнэ. Утга зохиолын салбарт цаашлаад урлагийн салбарт мэргэжлийн шүүмжлэгч цөөрч байгаа л даа. Нэг талдаа нийгэм өөрөө маш шүүмжлэлт сэтгэлгээтэй болж юм бүхнийг л шүүмжилж байна. Мэргэжлийн хүний шүүмж дутсанаар үнэн үг хэлсэн шүүмжийг хүлээн авахаа больсон байна.

 

Дэлгэцээр бүх зүйлийг хийх нь бэлэнчлэх сэтгэлгээ төрүүлж оюун санаанд сөрөг нөлөөтэй

-Оюун санааны боловсрол шилжилтийн үе дээрээ явж байгаа гэж харж байна. Монголчуудын дунд аливаа асуудалд дүн шинжилгээ хийх, бие биенээ хүндлэх, хайрлах нь багасаад л байна. Энэ нь утга зохиол сайн уншиж судалж оюун санааны сэргэлт авах хэрэгтэйг харуулж байна. Ном уншаад, кино үзэхэд хүн муу талын дүртэй адилхан болохыг хүсэхгүй, тухайн хүний оронд өөрийгөө тавьж үздэг ийм л зүйл. Ууч сайхан монгол хүн бий болоход үндсэн хөшүүрэг нь сонгодог урлаг, уран зохиолын салбартай танилцуулах юм.  Орчин цагийн хүүхэд залуусыг мэдлэгтэй болгохын зэрэгцээ мэдрэмжтэй болгох хэрэгтэй. Одоо хүүхдүүд гадаад хэл сайн сурч байгаа нь сайн хэрэг. Гэтэл цаана нь эх хэлний боловсрол муудаж байна. Ном уншдаг хүүхэд нэгдүгээрт, алдаагүй бичдэг. Хоёрдугаарт, мэдлэг оюун нь тэлж цэгцтэй ярьдаг болдог. Гараараа бариад ном унших, зохион бичих нь эрүүл мэнд, оюун санаанд асар тустай зүйл. Дэлгэцээр бүх зүйлийг хийх нь бэлэнчлэх сэтгэлгээ төрүүлж оюун санаанд сөрөг нөлөөтэй. Интернэтэд найдаад мэдэж таньсан үг хэллэг, гүн гүнзгий зүйлсийг орхигдуулах хандлагатай байна. Хүүхдүүдийн дунд аймгийн сумдыг мэдэхгүй, их хаадынхаа нэрийг мэдэхгүй байх асуудал маш их байна. Энэ оюун санааны дутагдлаас даруй гарах хэрэгтэй.

 

“Зохиогчийн эрхийн асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай”

 

-Одоогийн хүүхдүүдийн сайн тал гэвэл их хэрсүү болчихсон. Тийм ч учраас судлаач багш нар маань дагаад сонирхол татахуйцаар утга зохиолын салбартай танилцуулах хэрэгтэй. Хоёр их гүрний дунд цөөхөн монголчууд бид оюун санаа, мэдлэг мэдрэмж, эрүүл мэнд гээд бүх зүйлээрээ хүчирхэг байх хэрэгтэй. Монгол үндэстэн цаашид оршин тогтнох эсэх нь өнөөдрийн болон маргаашийн монгол хүн бидний хичээл зүтгэлээс шууд хамаарах юм.  Зохиогчийн эрхийн асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай. Хамгийн чухал нь энэ салбарт мэргэжлээрээ ажиллах залуус багассаар байна. Эх орондоо сурсан мэдсэн зүйлээрээ судалгаа хийгээд явахад цалин хангамж муутай. Цаашлаад мэргэжилтний өсөж хөгжих, нийгмийн боломж муу байгаагаас хамаарч байна л даа. Залуу судлаачдын хувьд олон улсын түвшний мэдлэгтэй, авьяастай байхыг шаардаж байна. Өнөөгийн зохиолчид бие биеийнхээ зохиолыг уншдаг байх  хэрэгтэй. Уншигчийн сонирхолд нийцсэн бүтээл туурвих шаардлагатай. Ингэснээр сэдэв давхцахгүй бие даасан чанартай бүтээл гардаг юм. Монголд оюуны үнэлэмжийг нэмэгдүүлснээр залуу судлаачид мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэнэ. Сайн боловсон хүчин бол маргаашийн нар гэж хэлж болно.

 

“Цөөхөн монголчууд хүчтэй байх нь чухал”

 

-Мэдлэг боловсролтой нээлттэй нийгмийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Хүүхэд залуустаа гадаад оронд юм үзэж нүд тайлаад буцаж ирээд эх орондоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломж байна. Боловсрол мэдлэгээс гадна зөв хүн төлөвшүүлэх нь монголчуудын эв нэгдэлд үүрэг гүйцэтгэнэ. Залуучуудын дунд хувийн эрх ашгаа боддог, ажлаас хойш суух тал харагдаж байна. Тийм хандлага бол уур амьсгал эвддэг. Багаар ажиллах, бусдыг манлайлах чадвар бол үнэхээр чухал.Өөрөө манлайлаад бусдад нөлөөлж чаддаг л байх хэрэгтэй. Олон хар бэх байхад нэг хэсэг нь цагаан байж цайруулдаг шиг манлайлах, өөрөө зөв харах цаашлаад зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Эрдэм мэдлэгтэй хүн удирдах түвшинд ажиллаж ард түмэнд хэрэгтэй бодлого боловсруулна. Ажлын бүтээмж өндөр байх тогтолцоотой байх хэрэгтэй. Алдар нэр бол хоосон зүйл. Жинхэнэ ажил хөдөлмөр, бүтээл туурвил гэдэг нь бодит зүйлс улс орондоо оруулж буй хувь нэмэр юм. Иймээс оюун санааны шинэ сэргэлтэд орж, бүгд ажил хөдөлмөрөө үнэнчээр хийж ирээдүйд сайн сайхан болгох сэдлээр улс орноо хөгжүүлье. Эцэст нь эх орон, эх хэл маань л бидний өмч. Эдийн гэхээсээ эрдмийн шуналтай байх нь хүн бүр бүтээн байгуулалтад оролцох хэрэгтэй байна.

 

“Д.Нацагдорж судлалын цахим санг байгуулах боломжтой”

 

- Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ жил тохиож, ойн хүрээнд “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” Олон улсын эрдэм шинжилгээний хурал мөн үзэсгэлэн нээгдлээ.  Энэхүү хурлыг угтаж манай Хэл зохиолын хүрээлэн, Төв аймгийн ЗДТГ, “Шувуун саарал” утга зохиолын нэгдэлтэй хамтран “Их зохиолч Д.Нацагдоржийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан, мөн өнгөрсөн долоодугаар сарын 30-ны өдөр их зохиолчийн төрсөн буурь болох Гүн галуутайд “Миний нутаг” яруу найргийн наадмыг зохион байгууллаа. Мөн Төв аймгийн 27 сумыг хамруулсан “Миний хэнз хурга” яруу найргийн наадмыг зохион байгуулж, тэргүүн дэд байрыг өндөр шагналаар урамшуулсан нь Их найрагчийн нутгаас дараагийн залгамж халаа болох авьяаслаг зохиолч, найрагчид төрөн гаргах зорилготой гэж болно. Д.Нацагдорж бол соён гэгээрүүлэгч төдийгүй, орчин цагийн утга зохиол болон хүүхдийн яруу найргийг үндэслэгч мөн. Их зохиолч 31-хэн насалж, улсад 10 гаруйхан жил ажиллахдаа олон ажил хийж гүйцэтгэсэн төр олон нийтийн зүтгэлтэн, хүүхдийн байгууллагын тулгын чулууг тавилцаж “Бүхий олон багачуудаа...” гэсэн “Пионерийн дуу”г зохиосон анхдагч, хэвлэл мэдээллийн зүтгэлтэн, судлаач байсныг нь илүү тодруулах шаардлагатай байна. Хэл зохиолын хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд Д.Нацагдорж судлалын дэг сургуулийг үүсгэн байгуулж, анх түүний 14 зохиол бүртгэгдээд байсныг өдгөө 200 орчим бүтээл болтол нь эх бичгийн шинжилгээ хийгээд байна. Цаашид Д.Нацагдорж судлалын цахим санг байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Цахим санг байгуулснаар гадаад, дотоодын архив, номын санд буй гар бичмэлүүд, холбогдох материалуудыг судалгааны эргэлтэд оруулах боломжтой. Жишээ нь, Герман улсад хадгалагдаж байгаа гар бичмэл, түүхэн баримт дурсгалуудад тулгуурлан ирэх аравдугаар сард мөн үзэсгэлэн дэглэж, Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн уран сайхны зохиол бүтээлээр дамжуулан таниулах, орчуулгын бүтээлүүдийг нэмэгдүүлэн сурталчлах, “Д.Нацагдоржийн нутгаар” гэсэн аялал жуулчлалын маршрут гаргах зэрэг Д.Нацагдорж сан, Баяндэлгэр сумын удирдлагуудын санал, санаачилгыг дэмжин ажиллаж байна. Ганц жишээ дурдахад, “Миний нутаг” шүлгийг сурагчид цээжлэхгүй байхад нь “Хар сарнай” хамтлагийн дуугаар амархан цээжлүүлсэн гэж багш нар ярьж байсан. Иймд хүүхэд залуусын сонирхлыг татсан дэлгэцийн бүтээл хэлбэрээр үзүүлэх шаардлага тулгарч байна. Эхний удаад 120 жилийн ойн хүрээнд мөн монгол хүүхдүүд Германд суралцсаны 100 жил, Д.Нацагдоржийн мэндэлсэн өдрийг улс орон даяар уншигч олны баяр болгон тэмдэглэх уламжлал тогтсоны 60 жилийн ой зэргийг тохиолдуулан “Алс газар сурахаар одсон нь” баримтат кино хийхээр төлөвлөж байна.

Гол нь түүхэн баримтад тулгуурласан, уран сайхны оновчтой шийдэл, зохиомжтой, хүүхэд залуусын сонирхлыг татсан сайн зохиол, мэргэжлийн уран бүтээл гаргах хэрэгтэй. Их зохиолчийн тухайд нутгийн эрдэмтэн Б.Содномоос эхлээд С.Лочин, Д.Цэдэв, Жачин, нарын 30 гаруй судалгааны бүтээлүүд туурвисныг бид өнөөдрийн илтгэлдээ онцоллоо. Мөн өнөө цагийн хүүхэд залуусыг уншихад дөхөм байдлаар, эх хэлний яруу тансаг байдлыг хадгалсан зохиол бүтээлүүдээс нь цахим санд байршуулах зорилт бий. Уран зохиол уншсанаар утга зохиолын болон бичгийн боловсролтой болох ач холбогдлыг нь ойлгуулах хэрэгтэй байна. Уран бүтээлчид манай ЭША, судлаач нарт хандах боломжтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 147 (7889)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn