Г.НОМИН-ЭРДЭНЭ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын хэл шинжлэлийн доктор, профессор С.Батхишигийг урьж, ярилцлаа. 


Блиц:

МУИС-д хэл бичгийн ухааны чиглэлээр  бакалавр,  магистрын зэргээ хамгаалж, БНСУ-ын Дангүгийн Их Сургуульд доктор хамгаалсан.

2002 оноос МУИС-д хичээлийн туслах ажилтан, ахлах багш, дэд профессор, профессороор ажиллаж байна.

Мөн Дангүгийн Их Сургуульд багш, БНХАУ-ын Төвийн Үндэстний Их Сургуульд зочин багш, Сөүлийн Үндэсний Их Сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан.

Олон улсын болон дотоодын 10 орчим төсөл хөтөлбөр удирдаж  ажилласан туршлагатай.

10 гаруй төсөлд судлаачаар ажилласан.

Авиалбар зүй, нутгийн аялгуу, түүхэн хэл зүй, антропологи хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийдэг.


 

Зөвхөн нэг сэдэвт хязгаарлагдахгүйгээр нийгэмд ямар асуудал тулгамдаж байгааг олж харах нь чухал

 

-Би МУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхаасаа монголчуудтай холбогдолтой үсэг, бичгийн дурсгалуудын судалгаа хийх зорилгоор хээрийн дадлагад явж байлаа.

Түүнтэй холбоотой тайлан бичих, монголчуудын холбогдолтой бичиг, үсгийн эх сурвалжууд дэлхийн улсуудад тарсан байдгийг мэдсэн. Ингээд хэл шинжлэлийн асуудлуудын талаар судлах суурь чиглэлийг анх багш нар маань  тавьсан.Тийм учраас монгол хэл, бичгийн салбарт судлах судлагдахуун их байдаг юм байна гэсэн сонирхлоор энэ зам руу орж судалгаандаа орсон. Би түүхийн хэл шинжлэлийн судалгаагаар эрдмийн зэргээ хамгаалсан.

Түүхийн хэл шинжлэл дотроо авиалбар зүй, XVII-XXVIII зууны үеийн монголчуудын олон нутгийн аялгуу, үндэстэн ястнуудад хэрхэн хөгжсөн тухай асуудлаар сонирхон судалж ирсэн. Сонирхол минь өдийг хүртэл хөтөлсөөр одоо антропологи хэл шинжлэл буюу хэлний баримтжуулалт гэх салбар руу орж байна. 

Энэ салбар нь монгол хэлэнд монголчуудын олон угсаатны хэлний өвийн асуудлыг баримтжуулан үлдээх зорилготой. Сүүлийн үед МУИС гэлтгүй олон улсын их сургуулиуд эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлэхийг шаардаж байна. Энэ нь судлаачдын чансааг тогтоож байгаа хэлбэр юм. Би сүүлийн хоёр бүтээлээ БНСУ-ын өндөр чанартай сэтгүүлд хэвлүүлсэн. Энэхүү судалгаа нь монгол хэлний нутгийн аялгуу, монгол хэлний асуудал, үндэстэн ястнуудын мартагдсан үгийг хэрхэн сэргээн ашиглах сэдэвт бүтээл юм.

Өмнө дурдсанчлан судалгаагаа олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нь судлаачийн өөрийн чадвартай  холбоотой. Нөгөө талаас, шинжлэх ухааны институтүүд нөлөөллийн зарчмын дагуу түгээх дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Бид олон улсын болоод улсын чанартай төсөл хөтөлбөрүүдийг бүхий л цаг үед хийж хэрэгжүүлэх ёстой. Гэтэл шинжлэх ухаан, технологийн санд төсөвлөсөн мөнгө хангалтгүй байна. Би 20 гаруй жил багшлахдаа тус сангийн хөрөнгө оруулалттай төсөл авч байгаагүй. Дандаа гадны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байсан. Тиймээс судлаачдын суурь судалгааг дэмжих боломж нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Судалгааны төслийг бодитой, нээлттэй дэмжих бол маш чухал. Аливаа судалгааг хийхэд өмнөх эрдэмтэн, судлаачдын хийсэн бүтээл, гаргасан дүгнэлт, хуримтлуулсан мэдлэг хамгийн чухал суурь өгдөг. Өөрөөр хэлбэл, судлаач хүн бүхнийг шинээр эхлүүлдэггүй. Өмнө нь хэн нэгний судалсан зүйлийг дахин нягталж, шинэ баримтаар баяжуулах, эсвэл өмнөх дүгнэлтийг өөр өнцгөөс харах замаар судалгааны ажил урагшилдаг.Харин өнөөдөр бидний судалгаа хийх орчин, боломж ялгаатай болсон. Нээлттэй мэдээллийн сан, цахим номын сан, олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүд, төрөл бүрийн онлайн платформууд хүртээмжтэй болж, сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан ч судлаачдад шинэ боломжийг бий болгож байна. Зөвхөн мэдээлэл хайх, боловсруулах, ажлыг хөнгөвчилж өгөхөөс гадна судлаач өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, шинэ мэдлэг эзэмших, дэлхийн судалгааны чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэгдүүлж байгаа.

Ялангуяа хэл шинжлэл бол маш өргөн хүрээтэй салбар. Хэлний бүтэц, хэрэглээ, нийгэм, хэл  соёл, хэлний хэрэглээ зэрэг олон чиглэлд судлах судлагдахуун олон байна. Тиймээс залуу судлаачийн хувьд хамгийн чухал зүйл бол зөвхөн нэг сэдэв сонгоод түүндээ хязгаарлагдах биш, өөрийн эзэмшсэн хэл, мэдлэгээ ашиглан өнөөгийн нийгэмд ямар асуудал тулгамдаж байгааг олж харах явдал юм. Тэр утгаараа өнөөдрийн залууст судлаач болж хөгжих, өөрийн гэсэн судалгааны чиглэлээ бий болгох боломж  нь илүү нээлттэй болсон.

 

 “Би энэ салбарт юу бүтээж чадах вэ” гэдгээ  тухайн судлаач өөрөө тодорхойлох хэрэгтэй

 

-Тухайн судлаач мэргэжлийн суурь сайтай, судалгааны салбараа олсон бол өрсөлдөх чадвар ч сайн байна гэж хэлж болно. Эзэмшсэн мэдлэг, туршлагаа эх орныхоо хөгжилд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт болгох юм сан гэсэн зорилго хүн бүрд байдаг. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад судалгаа хийхэд судалгааны орчин, санхүүжилт, тэтгэлэг зэрэг манайхаас харьцангуй сайн байдаг. Харин манай улсын хувьд  сургалтын ачаалал ихтэй, олон цагийн хичээл заах шаардлага зэрэг нөхцөл байдал их, дээд сургуулийн багш, судлаачдад тулгардаг. Мөн анги танхимын хүрэлцээ, судалгааны орчин, тоног төхөөрөмж, санхүүжилт зэрэг асуудал судалгааны ажлын чанар, бүтээмжид нөлөөлдөг. Гэхдээ энэ бүх бэрхшээлийг боломжгүй гэсэн шалтгаан гэж хардаггүй. Харин судалгааны орчныг сайжруулах, багш, судлаачдын сургалтын болон судалгааны ачааллыг зөв зохицуулах, залуу судлаачдыг дэмжих бодлого хэрэгтэй байна.

Бодлого боловсруулахдаа эрдэмтдийн үгийг сонсож байна гээд хурал их хийдэг болсон. Яг социализмын үеийн намын хурал шиг. Тэр болгон эрдэмтэн судлаачдын судалгааны салбарт тулгамдаж буй асуудал нь өөр, асуудлын шийдэл нь ч өөр байдаг.   Гэвч асуудлын шийдлийг сонсох биш бэлэн болсон төсөл дэмжүүлэх  гэж байгаа юм шиг харагддаг болсон. Тиймээс салбар чиглэл бүртщ судлаачид асуудлаа дэвшүүлж, хэлэлцүүлэг хийгээд гарсан үр дүнг нэгтгэн дүгнэлтийг удирдах албан тушаалтнуудад хүргэдэг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, цөөн тооны эрдэмтэд хэлэлцээд зөвлөмж байдлаар шат шатандаа хийдэг байх хэрэгтэй. Олуулаа хийх тусам уламжлалын дагуу ахмад судлаачид үгээ хэлдэг. Бага дунд үеийнхэн орхигдох гээд байдаг талтай.

Саяхан дэлхийн монгол судлалын хамгийн том чуулган болох Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хуралд боллоо. “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” ерөнхий сэдвийн дор 30 орны 550 орчим монголч эрдэмтэн оролцож, монгол хэл, түүх, соёлоос эхлээд өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, гадаад харилцааг хамарсан судалгааны шинэ үр дүнг хэлэлцсэн. Энэ удаагийн хуралд ихэвчлэн залуу судлаачдыг оролцож, илтгэлүүд нь ч мөн анхаарал татахуйц байлаа. Тэдний хийж байгаа судалгааны үр дүнг бусдад мэдээлэх, түгээх боломжийг бүрдүүлсэн индрийг бүтээж чадсан юм.

Судлаачид өмнө нь монгол судлалыг хэл, соёл, түүх зэрэг уламжлалт чиглэлийн хүрээнд голлон авч үздэг байсан бол одоо Монголын орчин үеийн нийгмийг сонирхон судлах хандлага нэмэгдсэн. Монгол судлал бол илүү өргөн цар хүрээтэй болж байгаа. Сэдэв, хамрах хүрээ, эрдэмтэн судлаачдын зэргээс харахад шинэ үе гарч ирж байгаа нь таатай байна. Хэл шинжлэлийн салбарт гэхэд бүтэц хэл шинжлэлийн асуудлууд, хэлний авиа зүй, бүтээвэр, найруулга зүй гэсэн чиглэлийн судалгаа их хийгддэг байсан бол одоо хэрэглээний хэл шинжлэл, нийгэм хэл шинжлэл, антропологи хэл шинжлэл гэх мэт бүтэц судалгааны үр дүнгүүд орж ирж байна. Шинэ судалгааны үр дүнгээс харахад бахархалтай зүйл олон  бий. Манай хэл шинжлэлийн салбар бол түүхийн шинжлэх ухаанаас урган гарсан анхдагч салбаруудын нэг. Хүүхдүүд оюутнууд энэ салбарыг сонгон суралцаж байгаа бол уламжлалт болон өнөөгийн дэлхийн чиг хандлагад нийцсэн судалгааны чиглэлээ олох нь чухал. Мэргэжилдээ хайртай, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулсан сайн судлаач болох нь хувь хүний хичээл зүтгэлээс шууд хамаардаг шүү.

 

Бүх зүйлд суурь судалгаанд тулгуурлаж шийдвэр гаргах нь чухал

 

-Судалгааны үр дүнг олон улсын мэдээллийн санд төвлөрүүлэх, эсвэл үр дүнг хялбаршуулсан мэдээлэл болгоод нийгэмд хүргэх боломжтой. Өнөөдөр нийгэмд Казахуудын хэлний асуудал хөндөгдөж байна. Халх, Казах хэлний хагарал гарч янз бүрийн асуудлууд дээр үндэсний үзэл гараад байгаа. Тиймээс угсаатны хэл соёлыг бүхэлд нь гутаан доромжлох үйлдэл цахим орчинд нэмэгдэж байна.  Энэ нь институт нь нөлөөлж чадахгүй  байгаатай холбоотой. Яагаад гэвэл,  нэг хүний хийсэн буруу үйлдлээс болж нэг угсаатны хэл, угсаатны бүлгийг доромжилж байгаа нь таниулах, мэдүүлэх үйл ажиллагаа дутмаг байгааг харуулж байна.

 Казахууд бол монголд хэлний цөөнх, соёлын цөөнх болдог. Манай нутагт суурьшсан олон жилийн түүхтэй. Зарим талаараа монгол хэл соёлд ууссан. Нөгөөтээгүүр өөр хэлэнд ууссан монгол угсаатны асуудал ч хөндөгдөнө. Эдгээрт бүгдэд нь улс төр, нийгмийн асуудлууд байдаг. Тийм ч учраас энэ чиглэлээр судалгаа хийж нийгэм соёл, түүхийн хүрээнд судалж байгаагийн хувьд нэгэн угсаатны өв соёлын асуудлыг битгий үгүйсгээсэй, битгий өрөөсгөл хандаасай  гэж бодож байна.

Шинжлэх ухааныг зөвөөр таниулах, угсаатан үндэстнүүдийн онцлог соёлын ялгааг мэдүүлэх институтийн нөлөөллийг нэмэгдүүлэх төдийгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага, нэвтрүүлгүүдийг хангалттай явуулж чадаагүйгээс ийм нөхцөл үүссэн гэж харж байна. Хялбаршуулсан мэдлэг болгох нь аль ч шинжлэх ухааны салбарт дутмаг байгаа юм.

 Бид “Гэсэрийн тууж”-ийг хялбаршуулаад нийгэмд түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Эхний ажил бол комик ном гаргасан. Энэ есдүгээр сард хүүхдийн зохиол гаргахаар төлөвлөсөн. Гэсэрийн туужаас ойлгохгүй байж болох үг хэллэг, утга найруулгыг хялбаршуулан хэвлүүлнэ. Ингэснээр хүүхдүүдэд уншаад ойлгохгүй байгаа зүйлийг нь шууд хялбарчлаад өгөхөөс илүүтэйгээр өөрсдөө ойлгох, сурах боломжийг нь бүрдүүлэх нь чухал.  Тиймээс бид хүүхдүүдийнхээ боловсролд хандаж байгаа хандлагаа өөрчлөх шаардлагатай. Өнөөдөр хүүхдэд юу заахаас гадна хэрхэн сурахыг нь заах нь илүү чухал болж байна. Технологи, хиймэл оюун ухаан хөгжсөн энэ үед мэдээллийг бэлэн авах боломж маш их болсон. Харин тухайн мэдээллийг зөв ашиглах, шүүн тунгаах, өөрөө ойлгож боловсруулах чадвар л хүүхдийн ирээдүйн хамгийн чухал чадваруудын нэг. Бүх зүйл суурь судалгаанд тулгуурлаж анхаарах хэрэгтэй. Аливаа асуудлыг судалгаанд тулгуурлан нийтийн мэдлэг болгох нь бидний үүрэг гэдгийг эрдэмтэн багш, судлаачид, бодлого боловсруулагчид маань анхаараасай хэмээн хүсэж байна. Монгол Улсад боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж сургалттай холбоотой судалгаа, үйл ажиллагаа, ном сурах бичгээс эхлээд үр дүн зөв гарч нийтэд хүрэхэд судалгаатай хандаж байж ухамсартай, боловсролтой иргэнийг бүтээнэ. Дараа нь хөгжлийн асуудлууд яригдана. Хүмүүжилтэй, соёлтой иргэнийг төлөвшүүлснээр аливаад ул суурьтай ханддаг, бусдад хүндэтгэлтэй соёлын олон янз байдлыг ойлгох нийгэм бий болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 152 (7894)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn