Ц.МЯГМАРБАЯР
XX зууны Монгол киноны сор болсон найруулагчдын бүтээлийн гол дүрд 18 настайгаасаа сонгогдон тоглоно гэдэг их хувь заяа. “Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс”,” Гэрлэж амжаагүй явна” “Хааны сүүлчийн хатан”, “Жинжиймаа” зэрэг киноны дэлгэцэд мөнхөрсөн Нарангаравуу охин, сурвалжлагч Солонго, оюутан Сүрэн, Гэнэпил хатан, Жинжиймаагийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээж ард түмэндээ хайрлагдан, хүндлэгдсээр яваа эрхэм бол Ардын жүжигчин Нацагдоржийн Батцэцэг. Монгол Улсад үндэсний кино үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор Ардын жүжигчин хэмээх эрхэм цол хүртсэн түүнийг “Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” буландаа түүнийг урьж ярилцлаа.
-Та нэг хэсэг Монголдоо суурин амьдраад байсан. Сүүлийн жилүүдэд АНУ руу яваад зун голдуу ирсэн байгаа харагддаг?
-Тийм ээ. Машбат бид хоёр, хүүхдүүдээ их сургуулийг нь төгсгөөд АНУ-д нүүж ирсэн. Арваад жил нааш, цааш ирж, очин хөдөлгөөнтэй амьдарсан. Нөхөр нас барснаас хойш хүүхдүүд маань “өвлийн утаанд энд бай, аав шиг болох гээ юу” гээд байдаг болсон. Хөгшрөөд ирэхээр хүүхдүүдийн мэдэлд очдог гэж үнэн бололтой. /инээв/ Түүнээс биш өдий насанд өсөж төрсөн нутаг, гүйж явсан зам харгуй шиг дотно зүйл үгүй. Онгоцноос буухад л ургамлын танил үнэр угтаж, сэтгэл догдолдог. Ямар сайндаа америкт мустангны хоргол, дүү өгөхөд уугиулаад галын дохиоллоо хангинуулж байх вэ дээ. Би багаасаа киноны натурт хөдөө явж байсан болохоор монгол гэрт зусаж, аргал хомоол уугиулах дуртай. Наадам болохоор цаанаасаа сэтгэл хөдлөөд баяр, хөөр бялхаад ирдэг л дээ. Бөхийн сүүлийн даваануудыг үзэх дуртай. Морь үзэх сэтгэл хөдлөм байдаг. Залуудаа морь уралдахыг очиж үздэг байсан. Эзэнгүй морь барианд орж ирэхээр уйлаад хэцүү байдаг юм аа. Одоо телевизээр үзээд хосгүй их цэнгэл эдэлдэг дээ.
-Та, бид хоёр дэлхийд цорын ганц эрийн гурван наадам болох Үндэсний их баяр наадмын өдрүүдээр уулзсан шүү дээ. Гэр бүлээрээ, тэр дундаа ээжтэйгээ үзсэн наадмын сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Манай ээж Завхан аймгийн Нөмрөг, аав Төв аймгийн Өндөрширээт сумынх. Ээж, аавын нутгаас баяр, тэмдэглэлт үйл явдал бүрээр төлөөлөл ирэхэд аав, ээжтэйгээ уулзаж байгаа юм шиг сайхан санагддаг. Ээж, аав өнөөдөр эзгүй ч гэсэн ямар их нөмөр, нөөлөгтэйг мэдэрч, залбирч суудаг. Намайг багад манайх Толгойтын баруун салаанд Эвлэлийн төв хорооны зусланд зусдаг байлаа. Аав, ээж маань хонь гаргаж, гэдэс чанаж гэр дүүрэн баяр хөөр болно. Манайх нэг том хүлээн авагчтай, дээд тагийг нь сөхөхөөр пянз тоглуулагчтай. Ээж, аав Ардын жүжигчин Жаргалсайхан гуайн “Усан болрын өнгөтэй, урт сайхан Хэрлэн минь…” гээд л аялцгаана. Манайх пянз ихтэй айл байсан. Тэр үеийн дуу, хүүхэд насны ой, тойнд хадаатай үлдэж. Мөн телевизор дөнгөж гарсны дараа авдар шиг шахуу зурагттай болж хар, цагаанаар ч гэсэн гэрээсээ наадам үзнэ. Томчууд бөхийн барилдааныг их сэтгэл хөдлөлтэй үзэхээр нь гайхаад л байдаг байж билээ. Одоо ээж, аавынхаа тэр үеийн наснаас давсан ахмад болжээ. Наадмаар Нансалмаагийн морины дуунууд стадион даяар цуурайтаж жинхэнэ наадмын уур амьсгал ордог байлаа шүү дээ. Хожим наадмаар голдуу киноны зураг авалттай хөдөө байдаг болсон.
Манай нөхөр О.Машбат Сэлэнгийн Алтанбулагийнх. Тэгэхээр бид баяраар голдуу Сэлэнгэ явж таардаг байсан. “Жинжиймаа”, “Мэлмий”, “Сийлэн бөөр” гээд олон киноны зургийг тэнд авсан. Наадмын өдрүүдэд аймаг, сумын наадмын талбайгаар хамт алхаж, хуушуур идэж, айраг уун баярладаг байсан мөчүүдээ үргэлж дурсан санадаг. Тэр л үед монгол наадмынхаа нандин, торгон агшнуудыг хамгийн ойроос мэдэрдэг байсан даа. Бүүр хожим америкт монголчуудынхаа наадмыг тасралтгүй сурвалжилдаг байсан. Асар хэсээд яриа аваад бас айраг цагаа амсаад явах сайхан шүү дээ. Монгол хүн хаа ч явсан зовхи нь өөдөө ард түмэн гэдгийг тэднээс хардаг.
-Улсын баяраар хоймор нутагт ирж “Урлаг, гоо зүй” сэдвээр лекц уншсан нь хөдөө орон нутагт шинэлэг санагдлаа?
-“Хөвсгөл тур”, “Мөрөн бетон” компанийн урилгаар ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ярьж тохироод, наадмын үеэр Хөвсгөлд очих боломж бүрдсэн. Барилгын салбарт бүтээн байгуулалт хийдэг энэ компани аялал жуулчлалын чиглэлээр ч ажилладаг юм билээ. Өнгөрсөн онд “Хоймор” цамхгийг ашиглалтад оруулсан. Мөрөнгийн анхны 14 давхар байшин. Сайхан юм билээ. Би өөрөө 2000 оны үед Циркийн зүүн талд дөрвөн давхар барилга барьж ямар хэцүү болохыг “хөлөөрөө гаталж, бэрхшээлийг биеэрээ туулсан ” болохоор тэс өөр салбарт хөл тавьж хөрөнгө оруулахад ямар их сорилттой тулгардгийг сайн мэднэ. Тиймээс “Хөвсгөл тур” ХХК-ийн захирал Л.Пилжидмаа “Хөвсгөлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд урлаг, гоо зүйн сэдвээр уулзалт хийнэ үү” гэсэн хүсэлт тавихад нь дуртайяа зөвшөөрсөн. Л.Пилжидмаа өөрөө эмэгтэйчүүдийн эх эмч, эдийн засагч эмэгтэй. Энэ бүсгүй тэр их ажил бизнесийнхээ хажуугаар орон нутгийн иргэдийн гэгээрэл боловсролд анхаарч, хичээж байгаа нь их таалагдсан. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Даваадамдин энэ уулзалтад биечлэн оролцож зохион байгуулалцсан. Кино урлаг болон гоо зүйн талаар ярилцаж “Хоймор” цамхгийн 14 давхраас Мөрөн хотыг тольдон халуун дулаан нэгэн үдшийг өнгөрүүллээ. Энэ үеэр кино урлагийн дээд сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүдээ ээж аав нь дагуулаад ирж байсан. Энэ сургууль Монгол киноны гал голомт дээр байгуулагдсан болохоор арай давуу байдаг л даа. Ялангуяа найруулагч, оператор, зураач , компьютер графикийн ангийг төгсөгчид оюутан байхдаа ажлын байраар хангагдчихдаг. Цаашдаа олон газар ийм яриа уулзалт зохион байгуулбал үр өгөөжтэй санагдсан. Энэ сайхан санаачилгыг гаргасан Б.Пилжидмаа захиралд баярлалаа.
-Урлагийн салбарын хүмүүс барилга барьсан гэхээр их зоригтой байж дээ?
- Өө энэ бол миний залуугийн тэнэгийнх. Манай Машбат ч их өргөн сэтгэлгээтэй, бүх юмаа урьдаас бодож төлөвлөж чаддаг хүн байсан. 2000 онд барилга барина гэхэд би ээждээ ” Машка бид хоёр барилга барина, зөвшөөрлүүдээ хөөцөлдөж байна” гэлээ. Тэгсэн ээж “ Халаасандаа ганц ч мөнгөгүй / гапигүй/ та хоёр юугаараа барих гэсэн юм бэ” гээд л. Тэр үед бид хоёр Польшоос контейнер ачиж хэд, хэдэн дэлгүүр нээгээд худалдаалдаг байсан юм. Машка надад эргэлтийн хөрөнгөнөөс ашгаа байшиндаа оруулна л гэдэг байсан. Аа, тэгдэг юм байж. Энэ л мэдэж байгаа юм байлгүй гээд л бодоод явлаа. Тэгээд л фундамент цутгана, барина гээд л эхэлсэн дээ. Барилга барина гэдэг төсөөлснөөс хэцүү, сураггүй ажил байсан. Бетон зуурмаг, арматур, тоосго захиална гээд би өдрийн турш мэдэхгүй асуудал хөөцөлдөнө. Машбат маань ханын өрлөг, шавардалгааг Эрдэнэчимэг инженертэй биечлэн шалгаж өөрөө хуруугаараа хүрч шалгана. Сүүлдээ өндөг нь цоорчихсон байж билээ. Машка маань миний амьдралын тав тухыг хангаж , уран бүтээлийн сан хөмрөгийг баяжуулсан эр хүн дээ. Сайн хань гэдэг насны баялаг гэж ойлгодог. Залуудаа гадаадад явахдаа өндөр сайхан барилгуудыг хараад нэг цамхаг барина даа гэсэн бодолтой явдаг байлаа. Юугаараа ч барих гээд байгаа юм, нэг л сайхан сэтгэл, хоосон түрийвчтэй хүний бодол шүү дээ. Тэгээд , уулын оргилыг мөрөөдөөд бэлд нь хүрдэг гэгчээр дөрвөн давхар байшин барьсан даа нөхрийнхөө хүчээр. Хожим хүүхдүүддээ боловсрол олгохын тулд америкийг зорих болж байшингаа зарсан даа. Одоо хажуугаар нь гарах болгондоо мэдэхгүй чадахгүйн “хана мөргөж” явсан үеэ, бас ашиглалтад оруулчихаад сэтгэл тэнийж суусан агшнаа аргагүй санадаг. Хоёр амьдарч үзээгүй болохоор туулж яваа бүхэн маань шинэ байх юм даа.
-Таны хань зах зээлийг зах зухаас мэдэрчихсэн, авхаалжтай хүн байжээ. Та хоёр хэрхэн танилцаж байсан бэ?
-Машбат Москвагийн Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн, дунд сургуулиа ч Москвад дүүргэсэн, боловсролтой, өргөн мэдлэгтэй,оросоор ус цас ярьдаг хүн байсан. Шавилхан бор залуутай ярих тусам мэдлэг, хариуцлага, ёс зүйтэй байдалд нь таалагдсан даа. Тэр минь, миний төлөө л амьдарсан. Анхандаа би их зугтдаг байсан. Юм асуухаар нь сөрж хариулна. Өөдөөс ирж байвал өөр тийшээ эргэнэ. Тэгэхээр мань хүн Монгол, Зөвлөлтийн хамтарсан циркийн ойн хөтөлбөрт Монгол талын хөтлөгчөөр ажиллуулахаар Соёлын яамнаас шийдвэр гаргуулаад цалинтай минь циркт жилийн хугацаатай шилжүүлээд авчихсан байсан. Тэгээд аргагүйн эрхэнд түүний удирдлага дор ажиллаж илүү ойр танилцсан даа. Тэр үед циркийн охид гэж хачин гоё. Гадаад явдаг болохоороо ганган. Алхаа гишгээ гэж маягтай. Тэгэхээр би сүрдчихнэ. Кино үйлдвэр дээрээ очихоор манай Лхамсүрэн дарга намайг цирк рүү яв гээд. Нэгэнт шийдвэр гарсан учраас цирк рүү очдог боллоо. Өглөөний семинарт нь очихгүй. “Яагаад ирээгүй вэ?” гэхээр нь “би шууд шалгалтаа өгье өө” гэнэ. Тэгээд л зөөлөн, зугуухан ойртсон түүхтэй дээ. Монголын хөтөлбөрийг үзэх гээд ЗХУ-ын ардын жүжигчин Юрий Никулин ирчихсэн тэд их ярьж суудагсан. Ардын жүжигчин Олег Попов манай хөтөлбөрийн алиалагч байсан.
-Та хоёрын амьдрал бие, биеэ чин сэтгэлээсээ дэмжиж, хайрлаж, үнэнч явсны сайхан жишээ юм. Таны хань их халамжтай хүн байсан гэсэн. Өнгөрөөд хэдэн жил болж байна вэ?
-Машка маань өөд болоод арав гаруй жил болж байна. Үнэхээр их халамжтай хүн байсан. Хөдөө явахад би ээлжилж машин барих үүрэгтэй. Машбат бүх юмаа бэлтгэж, ачиж авч явна. Манай машины ар тал ор болчихдог тул Архангайн Тэрхийн Цагаан нуур орчимд ч юм уу хоноглоод цааш явдаг байсан. Би хоол ховорхон хийнэ. Намайг гурилтай шөлөнд дуртай болохоор ирэх дөхүүлээд утас цохино /хангинуулна/. Хаана явна, гэхээр нь очиж явна гээд утсаа тавина. Машин барьж явахад дахиад залгавал уурлах энүүхэнд. Тэгэхээр яасан ууртай юм бэ. Аав нь гурилаа хийх үү, гэж асуух гээд залгаж байхад ... гэнэ. Хоол унд таваглахдаа хүртэл ширээгээ их гоё засна. Юмыг ундуй, сундуу хийхгүй. Ер нь ор зассан ч тухтай цэвэрхэн засна. Нас барсных нь дараа өглөө босоод явлаа. Орой ирэхэд ор хэвээрээ байхад нь “тэр минь ор хүртэл хураадаг байсан шүү дээ... ” гэж сэрсхийн бодогдож билээ. Заримдаа орос үг асуухаар “Чи орос хэлний анги төгссөн үү, би төгссөн юм уу, гэнэ. Тэгэхээр нь “Чам шиг насаараа орост байсан бол би оросоор инээнэ” гэж би хариулдаг байлаа. Энэ дурсамжаа бодоод, жолоо барьж явахдаа би өөрийн эрхгүй инээд алддаг. Одоо хүүхдүүд нь яг аав шигээ халамжтай. Бас ээждээ санаа зовомтгой юмаа. Тэд “Бидэнд одоо ганцхан та л байна шүү дээ” гэхээр нь өрөвдөөд үгэнд нь ороод, утаагүй газар өвөлжих юм даа.
-Та “Эх бүрдийн домог” кинонд 18 настайдаа тоглосон. Хүүхэд байхаас л бидний үеийнхэн үзэж өссөн кино. Киноны төгсгөлд Нарангаравуу хаднаас үсрэхдээ хэлдэг үгийг санадаг уу. Яг юу гэж хэлдэг билээ?
-Ардын уран зохиолч С.Эрдэнэ, С.Дашдооров нарын зохиолоор хийсэн энэ кинонд Монголын сор болсон хүмүүс ажилласан юм шүү дээ. Дөнгөж арав төгссөн надад УГЗ Жамъянгийн Бунтар гэж агуу хүн, Хөдөлмөрийн баатар Гомбожавын Жигжидсүрэн гэж сайхан найруулагч, Төрийн шагналт, УГЗ Бэгзийн Балжинням гэж авьяас билэг төгөлдөр зураглаач ажилласан юм. Ардын жүжигчин Д.Чимэд-Осор, “Өндөр ээж”- ийн Цэмбэлмаа, Дарьбазарт тоглодог Занабазар гуай, Сэдэд гуай, Миний дошгин хар МУГЖ Нямсүрэн, за тэгээд Төрийн шагналт СГЗ Ш.Гүрбазар, МУГЖ Цэрэннадмид гээд олон залуус тоглосон. Нарангарвуугийн хадан дээрээс хэлдэг үгийг санах нь уу, гүй юу... “Аав ээж минь... амраг садан минь, Нарангарвуу чинь насныхаа амьдралыг наран гарахын чинээтэй санаж явлаа. Та нар минь нараа харж намайгаа дурсаж яваарай. Нарангарвуу охин чинь тэнгэртээ нисэж, газартаа унах шувуухай болъё уу. Амиа нутагтаа үлдээе, алгаа тосож авна уу... “ гэдэг. Киноны төгсгөл их урт үгтэй. Бүгдийн нь санахгүй байна. Тавин хоёр жил өнгөрчээ. Сайн найруулагчид жүжигчнийг төрүүлдэг гэдэг. Ийм хүмүүс намайг өдий зэрэгт хүргэсэн юм шүү дээ. Энэ киноны дараахан Хөдөлмөрийн баатар Г.Жигжидсүрэн найруулагч "Суварган цэнхэр уулс" кинонд сурвалжлагч Солонгын дүрийг надад өгсөн. Энэ бол маш том итгэл байсан. Дараахан нь УГЗ Ж.Бунтар найруулагч “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэнгийн дүрийг сорил хийлгүй шууд өгсөн. Бас л маш том хүндлэл, итгэл. Ингэж л киноноос кино хүртэл сурч боловсорч ухаан тэлж явлаа. Дараа жил нь Герман Монголын хамтарсан “Газарчин” кинонд тоглож билээ. 2000 оноос буюу зах зээлийн хүнд үед хань маань надад “Монголжин” студийг байгуулж, өөрөө арваад кино хийсний нэг нь “Жинжиймаа” байлаа.
-О.Машбат найруулагч гол дүрдээ таныг тоглуулж байсан нь таны амжилтад бас их түлхэц болсон байх даа?
-Тийм ээ. Урлагийн салбар маш их өрсөлдөөнтэй салбар. Жүжигчин хүн уран бүтээлээрээ түмэнд танигддаг тул үүний төлөө хэл амаа билүүдэх нь хоолны өмнөх зууш гэсэн үг. Би жирэмсний амралттай байх үед Машка маань “Чи өөрийнхөө орчинд сэтгэл амар уран бүтээлээ хий.Хүний амьдрал богино шүү дээ. Үг хэлээр оролдоод байдаг хүний дэргэд ажиллахад хэцүү. Би чамд студи байгуулаад өгье “ гээд. Тэгээд би кино үйлдвэртээ эргэж оролгүй “Монголжин” студидээ захирлаар очсон.
Тэр үед киноны уран бүтээл Монголд зогсонги байдалд орсон байв. Тэгээд л анхны "Зүүдэнд ирсэн хонгорхон эжий"киногоо хийж байлаа. Ардын жүжигчин Жигжид найруулагчийн хүү Отгонбиндэрээс хувийн студи, кино яаж хийж байгаа талаар зөвлөгөө авч байлаа. Хүүгийн дүрд одоо кино найруулагч болсон Ивээл хүү маань тоглосон. Сэрчмаа дууг нь их сайхан дуулсан. Өвөр Монголд одоо ч хит хэвээрээ.Зохиолыг нь Өвөр монголын киноныхон дамжуулж, худалдаж авсаар л байна. “Жинжиймаа” бас л биднийг их тэжээсэн. Зохиож, найруулсан эзэн нь үгүй ч эхнэр хүүхдийг нь тэтгэсээр байдаг нь уран бүтээлийн буян юм даа. Манай киноны дууг дуулсан Ардын жүжигчин Б.Сарантуяа, Ардын жүжигчин Т.Ариунаа, МУГЖ С.Наран, МУГЖ Б.Нармандах, СТА С.Сэрчмаа нараараа бахархдаг.
-2000 оны зун та гурван киноны гол дүрд тоглосон гэж байсан. Хэцүү байсан уу. Жүжигчин хүний хувьд бахархалтай боловч хэцүү зун байсан байх даа?
-Тиймээ. Манай нөхөр “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” киноны ижийгийн дүрийг надад өгөөд зураг авалтад ороод явж байх зуурт Жийгээ найруулагч “Цагаан сүүний домог” киноны гол дүр болох Монголжин хатны дүрийг өгсөн. Тэгж байтал “Монгол кино” үйлдвэр хальсны хоёр ангит “Хааны сүүлчийн хатан” киног хийхээр болж УГЗ Ж.Солонго найруулагч сорилд дуудаж Гэнэнпил хатны дүрд тоглох болсон. Хүүхдүүдээ эмээ, өвөөд нь хүргэж өгөөд, бид хоёр уран бүтээлээ хөөгөөд намар хүртэл явж байлаа. Ачаалал ихтэй байсан ч аз жаргалтай мөч минь байсан юм аа.
- Хожим 18-тай Гэнэнпил хатны шалгаруулалтад орж байсан гэдэг. хатан Танд насны зөрүү хэцүү санагдсан уу?
-Нүүр хувиргагч Одончимэг, Дэжид хоёр сайн ажилласан л даа. Би өөртөө санаа зовж л байсан.
- Анхны кинонд тоглох болсон тухайгаа яриач?
-МУИС-ийн коридороор явж байгаад “Эх бүрдийн домог” киноны Нарангаравуу охины дүрд сонгогдсон нь амьдралын минь хамгийн том аз завшаантай мөч байсан. Би заримдаа ээждээ “би азтай шүү”... гэж хэлэхээр, ээж “ -яахав дээ... чи сайн өдрийнхөө сайн цагт сайхан эх баригч дээр төрсөн юм чинь” гэдэг. /инээв/
-Өнөөдөр таныг 70 хүрч байна гэхэд итгэмгүй харагдаж байна. Гоо сайхан, залуу төрхөө хадгална гэдэг арчилгаа, хооллолт, нойр, хөрөнгө мөнгө, хөдөлмөр их шаарддаг байх даа энэ талаар юу хэлэх вэ?
-Баярлалаа. Шинжлэх ухааны нээлт хүн төрөлхтний л төлөө шүү дээ. Бидний амьдрал ахуй улам л амар болж байна. Бид энэ бүхнийг ашиглаж өөртөө арчаатай байх нь зүй. Гоо сайхан гэдэг бол хөдөлмөр, хүч, хөрөнгө. Үс шингэрвэл үс суулгах, шүд суулгах зэрэг нь энгийн л зүйл. Бидний залууд новокайн гэж өвчин намдаах тариа, тариад байгаа хэр нь өвчин нь намдахгүй уйлж байгаад л шүдээ авхуулдаг байсан. Одоо шүд авах нь байтугай ямар ч өвдөлтгүй суулгадаг болж. Миний гайгүй харагдаж байгаа нь энэ бүхэнтэй холбоотой. Өөрөө орчноо бүрдүүлж тайван амьдарч нойр, хоолоо зохицуулаад байна даа. Хүүхдүүд маань ч их анхаарах юм. Залуу байхад мөнгөгүй ч бүх юм өнгөлөг. Бас гуниггүй сайхан явдаг. Одоо мөнгө нь байв ч өнөөх идэр залуугийн эрч хүч, гоо сайхан үгүй болж. Юм тэгширдэггүй л дээ. Гэхдээ цаг, цагтаа амьдрал сайхан.
-Хүүхдүүд тань, таныг ганцаараа байж болохгүй гэдэг нь бас нэг талаар зөв шүү ?
-Тийм ээ. Хүн ганцаараа байхдаа дандаа өнгөрснөө бясалгадаг тул сэтгэхгүйгээрээ амархан өтөлдөг тул та ханьтай болохгүй юмаа гэхэд найзтай бол гэж хүүхдүүд зөвлөдөг. Нөхөр маань ч хоёр хүүдээ “Ээжийгээ ханьтай болбол түшиж тулж байгаарай” гэж захисан юм билээ. Одоо хүнтэй суугаад дэмий гэж бодож байна. Надад тулж, түших сайн хүн, сайн найзууд байна. Сэтгэл тайван энгийн, ингээд явж байхад жаргалтай. Удахгүй Монголдоо бүр мөсөн ирнэ. Хөгшин хүн үхэхээрээ айлгана гэдэг шиг “би нутагтаа очно” л гээд байгаа.
-Таныг урлагийн сургууль төгсөөгүй гээд л ганц нэг эмэгтэй гоочилдог. Үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Мэргэжлийн сургуулийг нь төгссөн өчнөөн хүн лангуун дээр сууж байна. Амьдралд жор байхгүй шүү дээ. Манай Ардын жүжигчин Дагийранз, Ардын жүжигчин Дамчаа гээд алдартнууд бас л урлагийн боловсролыг, урлагийн тогооноос олж авсан. Нэг кино, нэг дээд сургуулийн курс шүү дээ. Кинонд тоглохдоо тэр олон ахмад, алдартнуудаас их юм сурдаг. Хүний магтах, муулах хоёрт хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй шүү дээ. Чиний үйлдэл л амьдралыг чинь өөрчилнө. Чи хэн байх гэж хичээнэ тэр л болж чадна. Хүн хэдий чинээ амжилттай, хөдөлмөрч байна, төдий чинээ хэл ам дагадаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 150 (7892)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn