С.МӨНХГЭРЭЛ

 

Монгол Улсыг дэлхийд зөвөөр таниулах, эдийн засгийн шинэ боломжийг орон нутаг бүрд хүргэх боломж хэзээд нээлттэй. Үзэсгэлэнт байгалийг олон улсын аялагчид хаанаас, хэрхэн харж, захиалгаа өгч болох вэ. "Зууны мэдээ" сонины энэ удаагийн “Старт ап”  буландаа Монголынхоо бизнесийг дэлхийн платформуудтай холбохоор ажиллаж буй “SupernovaX” старт ап- ын үүсгэн байгуулагч Г Уянгыг урьж, ярилцлаа.

 

- “SupernovaX” старт ап- ынхаа тухай эхлээд танилцуулна уу?

-"SupernovaX" бол Монголын аялал жуулчлалын бизнесийг дэлхийн зах зээлтэй холбох зорилготой travel-technology старт ап юм.

Бид зөвхөн Booking.com эсвэл Trip.com дээр бүртгэл үүсгэдэг компани биш. Бидний зорилго бол Монголын зочид буудал, жуулчны бааз, аяллын компаниудыг олон улсын аяллын платформууд дээр зөв байршуулж, илүү олон улсын хэрэглэгчдэд хүргэх, тогтвортой борлуулалт бий болгоход нь стратегийн түвшинд хамтран ажиллах юм. Олон улсын жуулчид аяллаа төлөвлөхдөө хамгийн түрүүнд Booking.com, Trip.com, Expedia, Airbnb, Tripadvisor, GetYourGuide зэрэг платформоор дамжуулан хаана байрлах, ямар аялал авах, хаашаа явахаа сонгодог болсон. Тиймээс тухайн бизнесийн онцлогт тохирсон платформыг сонгохоос эхлээд мэргэжлийн танилцуулга, контент, зураг, ceo, үнэ, байршлын мэдээлэл, хэрэглэгчийн итгэл төрүүлэх бүх элементийг олон улсын түвшинд хөгжүүлдэг.

Энэ нь Монголын аялал жуулчлалын бизнесnau зөвхөн "онлайнд байлгах" биш, дэлхийн аяллын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгох юм. Тухайлбал,, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэг жуулчны бааз Booking.com дээр зөв байршуулалттай байснаар зөвхөн өөрийн бизнесээ хөгжүүлээд зогсохгүй  тухайн бүс нутгаа олон улсад сурталчилж байна гэсэн үг.  Нэг жуулчин энд ирэх шийдвэр гаргах бүрд тухайн орон нутагт эдийн засгийн шинэ боломж бий болдог.

Монгол Улс онгон дагшин үзэсгэлэнтэй байгальтай ч дэлхийн олон хүн энэ тухай мэддэггүй. Бид өөрсдийгөө дэлхийн хүмүүсийн өдөр бүр ашигладаг платформууд дээр зөвөөр байршуулж чадвал Монголыг сонирхон ирэх жуулчдын тоо бодитоор өснө. Тиймээс “SupernovaX”-ийн алсын зорилго  Монголын аялал жуулчлалыг дэлхийн зах зээлтэй илүү хүчтэй холбож, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай системийг бүтээх юм.

-Дэлхийн бусад бүс нутгийн платформуудыг Монголын аялал жуулчлалтай холбох санаа анх хэрхэн төрсөн  бэ?

-Оюутайн байхаасаа энэ санаагаа хөгжүүлж эхэлсэн. Тухайн үед аяллын компанийн хүсэлтээр олон улсын платформд анхны бүртгэлүүдийг нь хийж үзсэн юм. Хиймэл оюун ухаан өнөөдрийнх шиг хөгжөөгүй байсан болохоор YouTube, Google хоёр л миний хамгийн том багш байлаа. Олон зүйл туршиж, судалсны эцэст бүртгэл маань үр дүнгээ өгч, тухайн байгууллага платформоороо дамжуулан хоёр гадаад жуулчин хүлээн авч чадсан. Магадгүй хоёрхон захиалга мэт сонсогдож болох ч миний хувьд энэ нь Монголд асар их боломж байгааг ойлгуулсан хамгийн том мөч байсан. Тэр үеэс хойш би "Дэлхийн жуулчид Монголыг ер нь хаанаас олж хардаг юм бол" гэж судалж эхэлсэн. Ингээд бүс нутаг бүр өөр өөр платформ ашигладаг болохыг олж мэдсэн. Жишээлбэл, Европын зах зээлд Booking.com маш хүчтэй байдаг бол Хятад, Зүүн Өмнөд Азийн орнуудад Trip.com илүү өргөн хэрэглэгддэг. Жуулчид аяллаа төлөвлөхөөсөө өмнө Tripadvisor дээрх үнэлгээ, сэтгэгдлийг харж шийдвэрээ гаргадаг. Ингээд би өөрийн сурсан зүйлээ практик болгож, илүү олон байгууллагыг олон улсын платформ дээр гаргаж өгөхөөр сошиалд зар тавьсан. Миний төсөөлснөөс ч олон хүн холбогдож, өөрийн хэмжээнд олон байгууллагад бүртгэл хийж өгсөн. Ингэж ажиллахдаа сургалтын төлбөрөө хүртэл өөрөө олж байсан нь энэ ажлыг цааш үргэлжлүүлэх итгэлийг улам нэмсэн. Өнөөдөр бид сошиал сүлжээнд ихээхэн анхаардаг шиг олон улсын жуулчдын хувьд аяллаа төлөвлөх гол эх сурвалж нь аяллын платформууд болсон. Миний харж байгаа хамгийн том боломж бол дэлхийд байгаа хэрэглэгчдэд хүрэх явдал юм.

-Оюутны ширээнээс эхэлсэн санаа өнөөдөр “SupernovaX” болон өргөжиж байна шүү дээ. Одоо танай баг хэдүүлээ ажиллаж байна вэ. Танай багийг нэгтгэдэг онцлог юу вэ?

-Мэдээж одоогоор старт ап-ынхаа эхний шатандаа явж байгаа учраас том бүтэцтэйгээр өргөжин тэлээгүй байгаа. Бид тав хүрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй, жижиг ч гэлээ маш чадварлаг, хариуцлагатай, эрч хүчтэй залуусаар багаа бүрдүүлсэн. Манай багийнхан бүгд өөр өөрийн гэсэн давуу тал, ур чадваруудтай. Мөн бид Gen Z үеийн төлөөлөл учраас шинэ санаа, шинэ технологийг хурдан хүлээж авч, туршиж хэрэгжүүлэхдээ илүү нээлттэй байдаг. Бидний хамгийн их үнэлдэг зүйл бол зөвхөн ур чадвараас илүү хандлага, хүмүүжил, хариуцлага, бие биеэ хүндэлдэг соёл манай багийн хамгийн том үнэт зүйл гэж боддог. Ур чадварыг хөгжүүлж болдог, харин зөв хандлага багийг урт хугацаанд авч явдаг гэж бид итгэдэг. Багаас гадна биднийг үргэлж дэмждэг, санаа зөвлөгөө өгдөг, бусдад танилцуулж санал болгодог найз нөхөд, хамтрагчид, хүрээллийн хүмүүс олон байдаг. Тэдний тэр итгэл, дэмжлэг бидэнд маш том урам өгч, илүү ихийг хийх хүч болдог. Бүгдэд нь маш их баярлаж явдгаа энэ дашрамд дахин илэрхийлмээр байна. Үүсгэн байгуулагчийн хувьд хамгийн чухал үүрэг бол зөвхөн ажлаа хуваарилах биш, багийнхаа хүмүүст "Бид илүү ихийг хийж чадна", "Энэ санаа дэлхийн зах зээлд хүрэх боломжтой" гэдэг итгэлийг үргэлж өгч байх гэж боддог. Старт ап-ын эхлэл амаргүй ч бид нэг зүйлд итгэдэг. “SuperNovaX” олон улсад өрсөлдөх бүрэн боломжтой компани болж чадна гэсэн итгэл. Тэр итгэл л өнөөдөр биднийг өдөр бүр урагш тэмүүлэх хамгийн том шалтгаан болж байна

-Яагаад GenZ үеэр багаа бүрдүүлэх болсон бэ?

-Манай багийн ихэнх гишүүд Gen Z үеийн төлөөлөл хэдий ч би хүмүүсээ зөвхөн нас, үеэр нь сонгож баг бүрдүүлээгүй. Хамгийн чухал зүйл нь өнөөдөр дэлхий, технологи ямар хурдаар өөрчлөгдөж байгааг ойлгодог, шинэ зүйл сурах хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй хүмүүс байх явдал билээ. Үүнээс ч илүү зүйл нь надад итгэсэн хүмүүс. Бид одоогоор том баг биш ч хүн бүр өөр өөрийн гэсэн мэдлэг, чадвартай. Тэр чадвараа “SuperNovaX”-д зориулаад зогсохгүй, бие, биеэсээ суралцаж, хамтдаа хөгжиж байна. Старт ап-ын зам үргэлж шулуун байдаггүй. Алдаж, унаж, эргэлзэх үе мэдээж гарна. Харин тэр үед бие биедээ итгэж, нэгнийгээ дэмжээд босож чаддаг байх нь чухал.Хүн бүр өөрийн гэсэн мэдлэг, туршлага, давуу талтай. Тэр бүхнийг нэг дор цуглуулж, бие биедээ боломж өгч чадвал баг илүү хүчтэй болдог гэж боддог. Тиймээс “SuperNovaX” өсөхийн хэрээр зөвхөн хамтдаа өөрсдийнх нь боломжийг нээж өгөх орчныг бий болгохыг хүсдэг.

-Одоогоор олон улсын платформууд дээр бүртгэх, зөвлөгөө өгөх байдлаар ажиллаж байна. Цаашид “SupernovaX” өөрөө бие даасан технологийн платформ эсвэл систем болж өргөжих үү?

-Тийм ээ. Энэ бол бидний урт хугацааны зорилгын нэг. Одоогийн хийж байгаа ажил маань бидний хувьд эцсийн бүтээгдэхүүн биш.  Зах зээлээ ойлгох, хэрэглэгчдийн хэрэгцээг бодитоор судлах, аялал жуулчлалын бизнест ямар асуудал хамгийн их тулгардгийг практик дээрээс олж харах эхний үе шат гэж харж байгаа. Одоогоор Booking.com, Trip.com, Tripadvisor зэрэг олон улсын платформууд дээр бизнесийг байршуулж өгч байна. Энэ явцдаа бид ямар мэдээлэл хэрэгтэй байдаг, ямар асуудал гардаг, бизнес юунд хамгийн их тусламж шаарддаг гэх мэт маш их мэдээлэл цуглуулж байна. Цаашдаа энэ туршлага дээрээ үндэслээд “SupernovaX” өөрөө аялал жуулчлалын бизнесүүдийг олон улсын зах зээлтэй холбодог технологийн систем, платформ болж хөгжих боломжтой гэж харж байгаа. Гэхдээ бид шууд “өөрийн платформ хийнэ” гэж яарахаас илүү эхлээд бодит асуудлаа ойлгоод, дараа нь технологиор шийдэх зарчимтай.

-Энэхүү технологийн гүүр бүрэн ажиллаж эхэлснээр Монгол Улсын аялал жуулчлалын салбарт, цаашлаад эдийн засагт ямар чанарын өөрчлөлт гарна гэж харж байна вэ?

- Монголыг дэлхийд харагдах байдал өөрчлөгдөнө гэж харж байгаа. Монгол Улс газар нутгийн хувьд асар том, байгалийн үзэсгэлэн, нүүдлийн соёл, түүх, өв уламжлал гээд дэлхийн аялагчдад санал болгох зүйл ихтэй. Гэхдээ бидний хамгийн том асуудлын нэг нь энэ бүх боломжоо дэлхийн аялагчийн өдөр тутмын ашигладаг сувгаар зөв хүргэж чадаж байна уу гэдэг асуудал. Жишээлбэл, Өмнөговийн Ханбогдод маш гоё жуулчны бааз байлаа гэж бодъё. Тэр бааз олон улсын платформ дээрээ зөв бүртгэлтэй, чанартай зурагтай, зөв мэдээлэлтэй, байршил нь тодорхой, захиалга авах боломжтой бол тухайн газрыг Монголд ирэхээсээ өмнө дэлхийн аль ч өнцөгт байгаа хүн олж харах боломжтой болно. Тэр хүн зөвхөн нэг буудалд захиалга хийхгүй. Онгоцны билет, аяллын хөтөлбөр, хөтөч, хоол, тээвэр, бусад үйлчилгээ гээд аяллын бүхэл бүтэн эдийн засгийн эргэлт бий болно. Тиймээс бидний хийж байгаа зүйл зөвхөн нэг бизнесийн захиалгыг нэмэгдүүлэх тухай биш. Монголын жижиг, дунд аялал жуулчлалын бизнесүүдийг дэлхийн хэрэглэгчтэй холбож, аялал жуулчлалын орлогыг орон нутаг руу илүү их хүргэх боломж гэж харж байгаа. Эцэст нь Монголын аялал жуулчлалын салбар зөвхөн улирлын чанартай биш, илүү мэдээлэлд суурилсан, технологитой, олон улсын стандарттай салбар болоход хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Тиймээс бидний хийж байгаа зүйл зөвхөн нэг бизнесийн захиалгыг нэмэгдүүлэх тухай биш. Монголын жижиг, дунд аялал жуулчлалын бизнесүүдийг дэлхийн хэрэглэгчтэй холбож, аялал жуулчлалын орлогыг орон нутаг руу илүү их хүргэх боломж гэж харж байгаа. Эцэст нь Монголын аялал жуулчлалын салбар зөвхөн улирлын чанартай биш, илүү мэдээлэлд суурилсан, технологитой, олон улсын стандарттай салбар болоход хувь нэмэр оруулахыг хүсэж байна.

-Манай дотоодын аялагчдын хувьд ямар платформыг ашигладаг юм бол?

-Монголын дотоодын аяллын зах зээл дээр гадаадын жуулчидтай харьцуулахад хэрэглэгчийн зан төлөв бага зэрэг өөр байдаг. Өнөөдөр хүмүүс аяллын газар, амралтын газар, буудлаа сонгохдоо Facebook, Instagram, TikTok, Google Maps зэрэг сувгийг их ашигладаг. Мөн тодорхой төрлийн аялал, буудал, нислэгийн хувьд Booking.com, Agoda зэрэг олон улсын платформыг ашиглах хэрэглээ ч бий. Гэхдээ миний харж байгаагаар Монголын дотоодын аяллын зах зээлд аялагчид, үйлчилгээ үзүүлэгчид хоёрыг бүрэн холбосон, бүх мэдээллийг нэг дор төвлөрүүлсэн системийн орон зай нэлээд байна. Цаашдаа Монгол хүн Монголдоо аялахад хэрэгтэй мэдээллийг илүү хүртээмжтэй болгох, аялал жуулчлалын бизнесийг илүү мэргэжлийн байдлаар дижитал орчинд байршуулж өгөх боломжтой гэж бодож байгаа.

-Олон улсын платформоор дамжин ирж буй захиалгууд болон захиалагчтай харилцах хэлний болон мэдээллийн зөрүүг “SupernovaX” ямар шийдлээр хөнгөвчилж байгаа вэ?

-Олон улсын аялагчдыг татахад хамгийн том сорилт нь зөвхөн платформ дээр бүртгэлтэй байхаас илүү тэдэнтэй ойлгомжтой, итгэл төрүүлэхүйц байдлаар харилцах явдал. Манай олон харилцагчид англи хэл дээр мэдээллээ бүрэн оруулах, гадаад зочдын асуултад цаг тухайд нь хариулах, платформын онцлогийг ашиглах тал дээр туршлага багатай байдаг. Үүнээс болж боломжит захиалгаа алдах тохиолдол ч гардаг. “SupernovaX” энэ асуудлыг шийдэхийн тулд тухайн байгууллагын танилцуулгыг олон улсын хэрэглэгчдийн хүлээлтэд нийцүүлэн боловсруулж, зураг, үйлчилгээний мэдээлэл, тайлбар, түлхүүр үгсийг оновчтой болгодог. Захиалга ирсний дараах харилцаанд шаардлагатай англи хэлний загвар хариултууд, зөвлөмжүүдийг бэлтгэж өгч, платформыг илүү үр ашигтай ашиглахад нь чиглүүлдэг. Өнөөдөр хиймэл оюун ухааны (AI) боломжууд маш их хөгжсөн тул бид AI-ийн тусламжтайгаар хэлний саадыг багасгаж, мэдээллийг олон улсын түвшинд хүргэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Эцсийн зорилго маань Монголын аялал жуулчлалын бизнесийг хэлний болон мэдээллийн бэрхшээлээс шалтгаалж боломжоо алдахгүй байхад туслах юм.

-Магадгүй тантай адил ямар нэг зүйл эхлүүлэх гээд зориг хүрэхгүй байгаа залууст өөрийн зүгээс зөвлөгөө өгөгүй юу?

-Би өөрөө ч “SupernovaX”-ийг эхлүүлэхдээ бүх зүйл бүтнэ гэдэгт зуун хувь итгэлтэй, бүх зүйл бэлэн байгаагүй. Харин бүтэх магадлал нь бага ч бай, их ч бай өөрийн санаагаа туршаад үзье, алдаад үзье, оноод үзье гэж эхэлсэн. Тиймээс ямар нэг зүйл эхлүүлэхийг хүсэж байгаа залууст хамгийн түрүүнд "Хийж үзэхээс битгий айгаарай" гэж хэлмээр байна. Бүтэхгүй байж болно, алдаж болно. Гэхдээ хийхгүй байгаад харамсахаас илүү хийж үзээд алдаж үзсэн нь илүү амттай амьдрал шүү дээ. Хамгийн гол нь та өөрийнхөө харж байгаа алсын зорилгод итгэж байгаа бол эхлээд өөрөө өөртөө итгэх хэрэгтэй. Өнөөдөр жижигхэн эхлэл байж болно, магадгүй  шууд үр дүн гарахгүй. Гэхдээ холыг харж, тууштай явбал амжилт ирнэ. Нөгөө талаас, хол явахыг хүсэж байгаа бол хамт явах хүмүүсээ зөв сонгох нь маш чухал. Миний хувьд “SupernovaX”-ийн хамгийн том баялаг бол зөвхөн санаа биш, тэр санаанд итгээд хамт явж байгаа хүмүүс. Бид залуу хүмүүс, тиймээс бидэнд туршиж үзэх, алдах, дахин эхлэх боломж байна. Тиймээс хийхгүй байгаад харамсахаас илүү, хийж үзээд алдаарай. Тэр амьдрал чинь илүү амттай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 148 (7890)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn