Төмөрбаатарын Батсайхан

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад  “20К клуб”-ын тэргүүн Г.Энхболдыг урьж, ярилцлаа.

 

“Аливаа мэдээлэл өөрийн агуулга, үнэ цэнээрээ органикаар олон нийтийн анхааралд өртөх боломж хумигдаж байна”

-Би 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын цахим орчны идэвхтэй хэрэглэгчдийн нэг байсаар ирсэн. Мөн 2015 оноос хойш нийгэмд эерэг манлайлал, гэрэл гэгээг түгээх зорилготой “20К клуб”-ийг удирдан ажиллаж байна. Энэ хугацаанд нэг зүйлийг тодорхой ажигласан. Монголын цахим орчинд мэдээллийн урсгал дан ганц хэрэглэгчдийн сонирхол, органик түгээлтээр бус, тодорхой ашиг сонирхол бүхий хэвлэл мэдээллийн зарим байгууллага, тролл, ботын сүлжээ, хуурамч хаяг ашигласан зохион байгуулалттай бүлгүүдийн үйл ажиллагааны нөлөөн дор өрнөх нь түгээмэл байна. 
Мэдээж сэтгүүлзүйн ёс зүйгээ баримталж, үнэн бодит мэдээллийг түгээхийн төлөө ажилладаг олон хэвлэл мэдээллийн байгууллага бий. Миний хэлэх гэсэн санаа бол Монголд аливаа мэдээлэл өөрийн агуулга, үнэ цэнээрээ органикаар олон нийтийн анхааралд өртөж, трэнд болох боломж улам хумигдаж байна гэсэн үг. Харин мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээх, олон нийтийн анхаарлыг тодорхой сэдэв рүү чиглүүлэх оролдлого түгээмэл болсон. Түүнчлэн, хэн нэгний нийтэлсэн мэдээлэл органикаар олон нийтийн анхааралд орсон ч зорилготой бүлэглэлүүд тухайн сэдэв дээр идэвхтэй ажиллаж, анхны агуулгыг өөрчлөх, хэлэлцүүлгийн чиглэлийг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Ер нь сүүлийн 30 орчим жилийн хугацаанд баталгаагүй мэдээлэл, сэтгэл хөдлөлд тулгуурласан нөлөөллийн арга барилыг ашиглан олон нийтийн санаа бодол, сэтгэл зүйг чиглүүлэхийг зорьсон зохион байгуулалттай үйл ажиллагаа тогтмол өрнөсөөр ирсэн санагддаг. 


“Манипуляцид өртсөн нийгэмд харилцан итгэлцэл суларч, эмх замбараагүй байдал газар авдаг”

-Мэдээллийн манипуляцид удаан хугацаанд өртсөн нийгэмд иргэдийн харилцан итгэлцэл суларч, мэдээллийн эмх замбараагүй байдал газар авдаг. Үүний зэрэгцээ төрийн институцийн тогтвортой байдал, төрд итгэх олон нийтийн итгэл буурч, засаглалын тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсдэг. Цаашлаад энэ нь үндэсний мэдээллийн аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм нөхцөлд иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлж, мэдээллийн эх сурвалжийг нягталж шалгах, олон талын эх сурвалжтай харьцуулан дүгнэлт хийх чадварыг хөгжүүлэх нь нэн чухал. Мөн өнөөгийн нийгэм мэдээллийн хэт ачаалал, дижитал стресс, цахим орчноос хэт хамаарал, мэдээллийн түгшүүр зэрэг олон хүчин зүйлтэй нүүр тулж байна. Үүний улмаас хүмүүсийн сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал алдагдаж, мэдээллийг эрүүлээр шүүн тунгаах, бодитой дүгнэлт хийх чадвар тодорхой хэмжээнд суларч байгаа. 

 

Блиц:

-Мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй. Монгол Улсын Зөвлөх Инженер

-КтМС-ийн Мэдээллийн системийн менежмент, бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.  МУИС-ийн Боловсрол судлалын докторант.

-“Хөгжлийн Шийдэл” Зөвлөх Инженерүүдийн танхимын гүйцэтгэх захирал

-2016 онд Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ –ын дэд захирал.

-2019 оноос МЗХ-ны дэргэдэх Мэдээллийн Технологийн Залуучуудын Холбооны тэргүүнээр дөрвөн жил ажилласан. Инженер Технологийн шинэчлэл, Уул уурхайн Үйлдвэрлэл үйлчилгээнд автоматжуулалт, ухаалаг систем нэвтрүүлэх,  Тусгай зориулалтын уул уурхайн машин хийх судалгаа хийдэг.

-2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.  

-2026 онд “Инфра Майнд” консалтинг Инженер инноваци, зөвлөгөө, автоматжуулалтын компанийг үүсгэн байгуулсан.

 

“Цахим платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай”

-Цахим орчны зохицуулалт, хяналтыг сайжруулах чиглэлээр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа нь үр дүнгээ өгнө гэж харж байна. Гэхдээ хамгийн чухал нь хэрэгжүүлэх боломжтой, судалгаа шинжилгээнд суурилсан, бусад улс оронд амжилттай хэрэгжсэн туршлага, шийдлүүдийг Монголын нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх явдал юм. Өнөөдөр цахим орчны зохицуулалтыг харьцангуй боловсронгуй болгосон олон улсын сайн туршлага бий. Тухайлбал, цахим платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль бус болон хортой агуулгыг шуурхай устгах тогтолцоог бүрдүүлэх, худал мэдээллийг хэрэглэгчид хялбархан мэдээлэх (репортлох) боломжийг сайжруулах, алгоритмын эрсдэлийг үнэлж, ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Ялангуяа цахим залилан, санхүүгийн луйвар, хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудалд онцгой анхаарч, эдгээр эрсдэлийг бууруулах бодлого, зохицуулалтыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

 

“NoNaadam” хөдөлгөөний үеэр манипуляцид хийсэн” 

-Зөвхөн Монголд бус, дэлхийн олон оронд гаднын нөлөөтэй, мэдээллийн манипуляци хийх зорилготой хуурамч хаяг, бот, троллын зохион байгуулалттай сүлжээ ажилладаг нь олон улсын түвшинд судлагдаж, анхаарал татсан асуудал болоод байна. Ялангуяа улс төрийн сонгуулийн үеэр хуурамч хаяг, зохион байгуулалттай цахим үйл ажиллагаа эрчимжих хандлага ажиглагддаг. Миний бодлоор Монголд ч ийм төрлийн хуурамч хаяг нэлээд хэмжээгээр ашиглагдаж байсан байх магадлалтай. Харин тэдгээрийн тодорхой хэсгийг платформуудын дотоод хяналтын систем, алгоритм, эксперт үнэлгээний хүрээнд устгасан гэж үздэг. Гэхдээ яг хэдэн хуурамч хаяг байсан талаар баталгаатай тоо хэлэх боломжгүй. Хүн ам цөөнтэй улсын хувьд нийт хүн амтай харьцуулахад харьцангуй бага тооны ч өндөр зохион байгуулалттай, идэвхтэй тролл, ботын сүлжээ олон нийтийн хэлэлцүүлэг, мэдээллийн урсгалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, цөөн тооны боловч зохион байгуулалттай ажилладаг бүлэглэл цахим орчинд тодорхой сэдвийг хүчтэй өрнүүлж, олон нийтийн анхаарал, хандлагыг тодорхой чиглэлд эргүүлэх нөлөө үзүүлж болзошгүй. Үүний дараа жирийн хэрэглэгчид тухайн өрнөлийг даган оролцож, хэлэлцүүлэг улам тэлэх үзэгдэл ч гардаг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд “NoNaadam” хөдөлгөөний үеэр эхэндээ цахим орчинд хүчтэй өрнөсөн хэлэлцүүлгийг олон энгийн хэрэглэгч давтан түгээж, өргөн хүрээний олон нийтийн оролцоотой хэлэлцүүлэг болон өргөжсөн тохиолдол гарсан гэж дүгнэдэг. 

 

“Туйлширч үгүйсгэх эсвэл шууд хүлээн зөвшөөрөхөөс  шүүн тунгааж, ухаалгаар хандах хэрэгтэй”

-Мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлж, гадаад, дотоодын зохион байгуулалттай мэдээллийн манипуляци, кибер эрсдэлийн эсрэг үндэсний чадавхаа нэмэгдүүлэх шаардлага улам бүр тулгамдаж байна. Үүний зэрэгцээ мэдээллийн вакум үүсгэхгүй байхын тулд олон талт, хараат бус мэдээллийн эх сурвалжийг дэмжих, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах зарчмыг зэрэг баримтлах нь чухал. Мөн өсвөр насны хүүхэд, залуусын цахим орчны аюулгүй байдалд онцгой анхаарч, тэдний ёс суртахуун, хүмүүжил, сэтгэл зүйн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд хамгаалах шаардлагатай байна. Судалгаануудад мэдээллийн манипуляци нь төрийн институцийн хууль ёсны байдалд итгэх иргэдийн итгэлийг сулруулж, нийгмийн итгэлцлийг бууруулан, туйлшралыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг дурдсан байдаг. Үүний зэрэгцээ жижиг, хүн ам цөөнтэй орнуудын хувьд үндэсний үнэт зүйл, соёл, уламжлалд нөлөөлөх зорилготой мэдээллийн нөлөөллийн ажиллагаа, үзэл суртлын кампанит ажил цахим орчноор дамжин өрнөх хандлага ажиглагдаж байна. Иймээс аливаа шинэ үзэл санаа, соёлын урсгалыг туйлширч үгүйсгэх эсвэл шууд хүлээн зөвшөөрөхөөс илүүтэйгээр үндэсний эрх ашиг, үнэт зүйл, хүний эрх, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан шүүн тунгааж, ухаалгаар хандах нь зүйтэй. 
Сошиал платформуудаар дамжуулан үндэстний эв нэгдлийг хагалан бутаргах, олон нийтийг талцуулах, санаатайгаар маргаан, зөрчил өдөөх мэдээлэл түгээх, гаднын санхүүжилттэй тролл, ботын сүлжээ ашиглан нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийх явдал дэлхий даяар үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг асуудал болсон. Үүнд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүртэл өөрийн мэдэлгүй эсвэл зориудаар автаж, баталгаагүй мэдээллийг түгээх, хувь хүний нэр төр, алдар хүндэд удаан хугацаагаар халдах, хоч зүүж гутаан доромжлох, олон нийтийн санаа бодлыг манипуляци хийх зэрэг үзэгдэл манайд ч түгээмэл ажиглагдаж байна. Ийм байдал удаа дараа давтагдсаар цахим орчны гажуудал хэвийн үзэгдэл мэт ойлгогдох болсон нь хамгийн том эрсдэл юм. 

 

“Төр, платформууд, эцэг эх, боловсролын байгууллага, иргэн бүрийн хамтын үүрэг чухал байна” 

-Дэлхийн олон улс иргэдээ цахим орчны хортой нөлөөллөөс хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой стратеги, хууль эрх зүйн зохицуулалт, платформуудтай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлсэн байдаг. Учир нь эрүүл бус цахим орчинд удаан хугацаанд өртөх нь иргэдийн бухимдал, зохиомол стрессийг нэмэгдүүлж, сэтгэл зүйн болон нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг. Иймээс Монгол Улс ч иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан хэвээр байх боловч, хуурамч хаяг, бот сүлжээ, зохион байгуулалттай худал мэдээлэл, хүүхэд, гэр бүлд хор хөнөөлтэй агуулгын эсрэг үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт, мэдээллийн аюулгүй байдлын бодлогоо боловсронгуй болгох шаардлагатай. 


Манай улс шиг цахим орчин нь ийм сул хамгаалалттай байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад анхаарал татахуйц асуудал юм. Ялангуяа үндэсний эв нэгдэл, уламжлалт өв соёл, хүүхэд, залуусын төлөвшилд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой контент, мэдээллийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх бодлого чухал байна. Мөн цахим орчны хортой агуулга, худал мэдээлэл, залилан, хүчирхийлэл болон хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлөх контентоос хүүхэд, залуусаа хамгаалах нь төр, платформууд, эцэг эх, боловсролын байгууллага, иргэн бүрийн хамтын үүрэг байх ёстой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 137 (7879)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn