“Хуурай бүс нутгийн газрын сэргэлт: хамтын хариуцлага ба эдийн засгийн үр өгөөж” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.08.14/ Шинжлэх ухааны академийн чуулганы их танхимд болов.
Монгол Улсад энэ сарын 17-28-нд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-гийн өмнө “Цөлийн дуу хоолой” санаачилгын хүрээнд зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт шинжлэх ухаан, бизнес, иргэний нийгэм, залуучууд болон бусад салбарын төлөөлөл оролцож, газрын доройтлыг бууруулах асуудлыг олон талаас нь авч үзсэн илтгэлүүдийг сонсож, цөлжилт, ус, бэлчээр, байгалийн капиталын асуудлаар байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгээр Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал М.Ариун “Ногоон бизнес–тогтвортой хөгжлийн суурь шалгуур болох нь” сэдвээр илтгэл тавьж, байгальд ээлтэй бизнесийн загварын ач холбогдлыг хөндсөн бол хөдөө аж ахуйн ухааны докторант Г.Алтанхуяг цөлжилт ба уур амьсгалын өөрчлөлтийн хамаарлын талаар, “Бид мод үржүүлэгчид” ТББ-ын гишүүн, ойн аж ахуйн инженер Н.Уртнасан хот суурин газрын цөлжилтийн асуудлыг, “Тэргүүн гэрэгэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Идэрсайхан цөлжилтийн эсрэг инженерчлэлийн шийдлүүдийг танилцуулсан юм.
Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид түшиглэсэн үйл ажиллагаанд олон улсын стандартын мэдлэгийг нэмэгдүүлэх асуудлыг AQMCS Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал, биологийн ухааны магистр Ч.Наранцогт хөндсөн бол ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Бүрэнбаатар ургамал, мөөгний генетик нөөцийн үндэсний генбанкны төслийн саналыг, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Н.Очгэрэл оранжерейн цогцолбор байгуулах асуудлаар тодорхой ярьж, СУИС-ийн эрдэм шинжилгээний ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор М.Энхбаатар Монголын бэлчээрийн мал аж ахуй, байгаль хамгаалах уламжлалын талаар илтгэл тавьсан.
Оролцогчид цөлжилт, бэлчээр, газрын доройтол, усны хомсдолыг хүн амын амьжиргаа, эдийн засаг, бизнес, боловсрол, ирээдүй үеийн аюулгүй байдалтай холбон шийдвэрлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, цөлжилт нь зөвхөн говь, хөдөө орон нутагт хамаарах ойлголт биш бөгөөд хот суурин газрын хэмжээнд ч газрын доройтол тулгамдсан асуудал болоод буй талаар ярьж байв.

Хэлэлцүүлгийн модератор, “Цөлийн дуу хоолой”-“Voice of the desert” төслийн удирдагч Л.Нинжжамц “Бид агаар, хөрс, усны нөөцийг хязгааргүй мэт ашиглаж, нөхөн сэргээх асуудлыг орхигдуулсаар ирсэн. Үүний үр дагавар нь байгаль орчинд төдийгүй хүний амьдралд шууд нөлөөлж байна. Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд тодорхой үр дүн гарч байгаа ч цөлжилт, газрын доройтлын асуудал хэвээр байна. Иймээс олон улсын туршлага, тэр дундаа хөрш орнуудын цөлжилттэй тэмцсэн арга барилыг судалж, өөрийн нөхцөлд хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн юм.

“Цөлийн дуу хоолой” ТББ-ыг үүсгэн байгуулагч П.Энхцэцэг цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш гэдгийг онцлоод ард түмний амьдрал, улс орны эдийн засагтай шууд холбоотой энэ асуудалд төрөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн бодит оролцоо шаардлагатайг хэлж байлаа. Тэрбээр “Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учраас газрын доройтлын нөлөөг өдөр тутамдаа мэдэрдэг. Бэлчээр муудаж, малчдын амьжиргаанд хүндрэл үүсэхэд хот суурин газар руу шилжин суурьших нөхцөл бий болдог. Тиймээс цөлжилтийг зөвхөн байгаль орчны өөрчлөлт бус нийгэм, эдийн засгийн олон асуудлын суурь шалтгаан гэдгээр нь харах хэрэгтэй” гэв.
Хэлэлцүүлгийн оролцогчид доройтсон газрыг хэрхэн нөхөн сэргээж, эдийн засгийн шинэ боломж, бизнесийн орон зай болгоход шинжлэх ухааны судалгаа, боловсрол, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, залуучуудын оролцоо, иргэний нийгмийн санаачилга, хэвлэл мэдээллийн нөлөөлөл аль аль нь чухал гэж үзсэн юм.