П.АМГАЛАН

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Наймдугаар сарын 13-ны  19:13 минутад  Анандбазар  гэж хүн над  руу залгаж “ Чи яагаад намайг гүтгэж харлуулаад байгаа юм бэ.  Чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү” гэж  дарамталлаа.   Энэ Анандбазар гэж хүн хэн юм бэ.  Энэ хүнд дарамтлуулаад бид нар зүгээр суугаад байх юм уу.  Та нар ичээч. Ийм байдлаар улс төр хийнэ гэж боддог оо.   Яг үнэндээ надтай холбоотой хувийн зүйлд тайлбар өгөхийг хүсдэггүй. Яагаад гэвэл, эмэгтэй  хүн, залуу хүн, гэр бүл зохиогүйгээ байхдаа улс төрд орсон учраас хүмүүстэй нэр холбож, гүтгэж доромжилдог. Би тэр  болгонд нь чулуу хөөгөөд явах юм бол тэр хэрүүлээсээ гарч чадахгүй, бодлого руугаа  харж чадахгүй гэж боддог учраас хэлдэггүй байсан. Гэхдээ өнөөдөр наадах чинь арай дэндэж байна. Одоо наадхаа  болимоор байна.

 Би АН-аас УИХ-ын гишүүн болж сонгогдсоноосоо хойш чуулган дээр өөрийнхөө байр суурийг  хатуу илэрхийлж, хүчтэй дуу хоолой болж явж байгаа. Гэтэл бодлого ярьж чадахгүй болохоороо өөдөөс  “Я...” гэх  мэтээр дайрдаг. Удаа дараа ийм үйлдэл гаргаад байгаа учраас одоо хэлж байна.  Наадхаа болио. Ийм   муухай, дээр үеийн арга барил чинь явахгүй шүү дээ.  Яг үнэндээ энэ нөхцөл байдлаас болж маш олон эмэгтэйчүүд улс төрд  явахаас халширч, золиос нь болсон. Бид нар тэр хүмүүсийн төлөө тэмцэх ёстой. Эмэгтэйчүүд ийм хүмүүст дарлуулаад яваад байж болохгүй.

Намайг баахан аялсан зугаалсан гэж яриад байна. Яг үнэндээ , Х.Нямбаатартай хэн тэмцсэн юм бэ.  Хятадаас 300 тэрбумаар түлш  оруулж ирж зарах гэж байна гэдгийг шүгэл үлээж би гаргаж ирсэн. Туулын  хурдны зам  гэж ямар муухай юм болоод байгааг би ярьсан. Тэрний золиос болгож гадаад руу 40 удаа  улсын төсвөөр аялсан гэж  гүтгэсэн.  Би өөрийнхөө  үйл  ажиллагаагаа гурван сар тутамд тайлангаар оруулаад явдаг. Миний фейсбүүк  хуудсанд байгаа.   Ингэж хүнийг гүтгэж болохгүй.Эрчим хүчний реформоор хэд дахин үнэ нэмсэн гэнэ үү. Уучлаарай,  УИХ-ын гишүүнд тийм эрх байдаггүй юм. Эрчим хүчний зохицуулах хороо тэнд үнийг бие даан шийдвэрлэдэг.

Үнийн өсөлт шатахуун зэрэг хүндрэлтэй асуудлууд дээр  бид бодлогын хүрээнд  ажиллаж байна.  Гэтэл өнөөдөр бид ийм сонин хэрүүлийн ажил хийгээд.  Бодлого дээрээ төвлөрөөд   маргааш зааландаа залуучууддаа мэдээллээ танилцуулна.  Бид нэг биш олон лидерийг төрүүлэх хэрэгтэй. Гэтэл гарч ирсэн залуу үеэ ах нар нь буудаад, намнаад  нийгэмд харлуулаад өөрсдөө ийм ажил хийгээд яваад байхаар АН-аас залуучууд үргээд байна. Яагаад шинэ үеийн хүмүүс гарч ирж чадахгүй байна гэхээр энэ хүмүүсээс болоод тэр. Бүхэлдээ биш. Манай АН-д маш сайн хүмүүс байдаг.  Энэ хүмүүс бүгд  өөрийн гэсэн итгэл үнэмшлээрээ явдаг. Түүнээс биш хэн нэгний хайрцгаар ороод явдаг хүмүүс огт биш. Тиймээс энэ балиар зохион байгуулалттай, бусармаг үйлдлээрээ та нар ялна гэж бодож байвал үгүй ээ.  Намайг уйлдаг гэж байна. Уйлахаас өөр  аргагүй байдалд оруултал та нар шахаж байна. Би АН-ын ирээдүйд харамсаж байна. Ийм хүмүүсээр удирдуулаад, энэ олон жил ялагдаад, өнөөдөр улс орны байгаа байдлыг хар даа.  Та нарын зөв байсан  бол  сайхан болгох нь яасан юм бэ. Өнөөдрийг хүртэл чимээгүй явсан шалтгаан нь би АН-ынхаа нэр хүндийг бодоод чимээгүй суугаад бүх зүйлийг шингээж явсан. Маргаашийн чуулган дээр ямар нэгэн байдлаар айлгаж ичээж, дарамталж, утсаар залгуулаад, нэрээ татахыг шахаад байвал тийм зүйл болдоггүй юм аа ах нар аа.  Өнөөдөр  Монголын улс төр өөрчлөгдсөн.  Монгол  Улс өөр болж байгаа.  Залуучууд өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо хийнэ. Тэнд та нар нөлөөлж чадахгүй.

 Эх сурвалж:www.zms.mn