А.НАНДИН-ЭРДЭНЭ
Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн гадна талбайд очиход угтах хаалганаас эхлээд сонирхол татав. Хаалганы загвар хийц, хээ угалз гээд өөрийн эрхгүй нүд хужирлана. Дотогш ороход бүх зүйл эмх цэгцтэй аж. Цагаан асрууд эгнүүлэн барьж, үндэсний хэв шинжийг шингээсэн бүтээгдэхүүнүүд, уламжлалт хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулсан хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, гар урлалын бүтээгдэхүүнүүд өрөөстэй байв.

Харин нөгөө талд нь хоол хүнс, үйлчилгээний чиглэлийн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж байлаа. Явах тусам улам сонирхолтой зүйлүүд угтсаар байв. “Эртний Хархорум худалдааны төв ийм байсан болов уу” гэсэн бодол төрөв. Энэ бол Монголын хамгийн анхны 300 метрийн урт, 12 метрийн өндөр дэлгэц бүхий, электрон болон амьд хөгжмийг нэг дор мэдэрч, 2000 гаруй жилийн түүхээр аялуулах “KHARKHORUM” фестивалийн угтвар арга хэмжээ болох “Kharkhorum Bazaar” худалдааны бүс. “Kharkhorum Bazaar”-т 70 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч оролцож байна. Фестиваль гэхээр ихэвчлэн хөгжим, уран бүтээлчид, тайзны үзүүлбэр төсөөлөгддөг. “KHARKHORUM” фестиваль энэ ойлголтыг өөрчилж чадсанаараа онцлог байв. Фестивалийн үндсэн арга хэмжээ наймдугаар сарын 22-23-нд болох ч угтвар арга хэмжээ болгож Kharkhorum Bazaar” энэ сарын 20-ныг хүртэл арван өдрийн турш өдөр бүр сонирхолтой хөтөлбөртэйгөөр таныг угтаж байна.

“Kharkhorum Bazaar”-ын худалдааны бүс дотоодын үйлдвэрлэгчид, гар урлаачид, хувцас загварын брэндүүд, хоол хүнс, үйлчилгээний чиглэлийн бизнес эрхлэгчдийг нэг дор төвлөрүүлж үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах боломжийг олгосноороо онцлог байв. Энэ талаар “Kharkhorum Bazaar”-ын талбайн зохион байгуулалт, зохицуулалт хариуцсан Э.Бямбасүрэн “ “Kharkhorum Bazaar”-т нийт 70 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч оролцож, үндэсний өв соёл, бүтээлч үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, хоол хүнс болон үйлчилгээний чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. “KHARKHORUM” фестивалийн хүрээнд зохион байгуулж буй “Kharkhorum Bazaar” худалдааны бүс нь дотоодын иргэд болон олон улсын жуулчдад Монгол Улсын үндэсний өв соёл, бүтээлч үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, олон үндэстний хоол хүнс, үйлчилгээний салбарыг нэг дор төвлөрүүлэн сурталчлах зорилготой. Цаашдаа энэ төрлийн худалдааг аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэг хэсэг болгон хөгжүүлэх бүрэн боломжтой ” гэдгийг онцоллоо.
“Бүтээгдэхүүнээрээ дамжуулан өв соёлоо дэлхийд таниулах боломжийг олгож байгаад баяртай байна”

“Kharkhorum Bazaar” худалдааны бүсээр явж байхад үндэсний хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулсан бүтээгдэхүүнүүдийг хүрэлцэн ирсэн хүмүүс ихэд сонирхож байв. Тэдний нэг нь “Deer Brand” байлаа. Тус брэндийн худалдааны ажилтан Б.Энхчулуун “Монголын үндэсний хэв шинжийг шингээсэн бүтээгдэхүүнийг жуулчид их сонирхдог. Тиймээс “KHARKHORUM” фестивалийн угтвар арга хэмжээ болох “Kharkhorum Bazaar” энэ боломжийг олгож байгаад баяртай байна. Тиймээс бидний зорилго бол үндэсний хэв шинжийг бүрдүүлсэн бүтээгдэхүүнээ “Kharkhorum Bazaar”-аар дамжуулан жуулчдад таниулах, цаашлаад дэлхийд өв соёлоо түгээх. Манай бүтээгдэхүүний онцлог нь зөвхөн үндэсний баяр наадамд зориулсан загвараас илүүтэй өдөр тутмын хувцаслалтад тохирсон. Тиймээс залуучууд ч их сонирхдог. Жишээлбэл, футболк гэхэд орчин үеийн загвар болон монгол үндэсний хэв шинжийг хослуулсан байдлаар хийдэг” гэлээ.
“Монгол хувцсыг street fashion талаас нь эртний хэв шинжтэй хослуулан урладаг”

Харин “Сэцэн Fashion” брэндийн хувьд Монголын уламжлалт хувцасны хэв шинжийг орчин үеийн street fashion чиглэлтэй хослуулан урласан бүтээлүүдээ танилцуулж байв.
Энэ үеэр тус брэндийн үүсгэн байгуулагч Д.Ариундэлгэр “Манай брэндийн онцлог бол Монгол хувцсыг street fashion талаас нь эртний хэв шинжтэй хослуулан урладгаараа онцлог. Зарим бүтээл маань Монголын уламжлалт сэтгэлгээнээс санаа авч, орчин үеийн хэрэглээнд тохируулсан хувцас, гоёл, зүүлт байдаг. Ер нь дан ганц нэг хэв маягтаа баригдалгүй олон талаас нь хийхийг зорьдог. Жуулчдад содон харагддаг юм шиг байгаа юм. Зургаа авхуулж, өмсөж үзээд худалдан авдаг” гэв. Түүний хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна Монголынхоо урлаг, соёлын талаарх ойлголтыг гадаадын хүмүүст хүргэхийг хүсдэг гэсэн юм. Монголын соёл, урлагийг зөвхөн түүхэн дурсгал, уламжлалт хувцас, урлагийн бүтээлээр хязгаарлахгүйгээр орчин үеийн бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан харуулах боломжтой. Монголын урлаг, соёл тийм ч хол хоцроогүй. Тиймээс ийм онцгой урлал, бүтээлүүд байдаг гэдгийг жуулчдад таниулахыг зорьдог тухайгаа ярьсан юм. Ийнхүү “Kharkhorum Bazaar” нь Эртний Хархорум хотын худалдааны гудамжийг санагдуулам орчинд үндэсний уламжлал, орчин үеийн загвар, бүтээлч үйлдвэрлэлийг нэг дор нэгтгэжээ. Тиймээс худалдааны бүсээр зочлохын зэрэгцээ урлаг соёлын сонирхолтой хөтөлбөрүүд ч мөн таныг өдөр бүр хүлээж байна.
Тайзнаас гаднах угтвар арга хэмжээ нь ийм байгаа юм чинь, жинхэнэ фестиваль дээр нь наймдугаар сарын 22, 23-нд юу болох бол...
Өнгөрсөн түүхээр виртуал аялж, орчуулга, тайлбар үл шаардах хөгжим аялгуу хэмнэлийг өөрөө ирж үзэж, сонсож, өөрөө мэдэрч нэг хэсэг нь болох л үлдлээ...
