Ц.БАЯР

Архангай аймаг, 2026 оны наймдугаар сарын 13. “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллынхаа тав дахь өдөр Өгий нуурт хүрэлцэн ирж, нуурын экосистем, шувууд болон эргэн тойрны бэлчээрийн онцлогтой танилцлаа. Оролцогчид Өгий нуурын Мэдээлэл, сургалтын төвд зочилж, нуурын экосистем, нүүдлийн шувууд, байгаль хамгааллын ажлын талаар танилцан нуур орчимд шувуу ажиглав. Мөн олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах, зохистой ашиглахад чиглэсэн Рамсарын конвенцын талаар мэдээлэл авлаа. Өгий нуурт 250 гаруй зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд нүүдлийн шувуудын үржих, гуужих, түр амрах чухал бүс юм. Үүний дараа нутгийн малчны хаваржаанд очиж, тухайн орчимд ургаж буй бэлчээрийн ургамлууд, тэдгээрийн ургалтын байдалтай газар дээр нь танилцлаа. Ийнхүү аяллын тав дахь өдөр ус, шувуу, бэлчээрийн ургамал хоорондоо нэг экосистемийн хэсэг болохыг газар дээр нь харсан өдөр болж өндөрлөлөө.

Эх сурвалж: zms.mn