Т.ХАЛИУНАА

“Хуурай бүс нутгийн газрын сэргэлт: хамтын хариуцлага ба эдийн засгийн үр өгөөж” сэдэвт UNCCD PRE-COP17 DIALOGUE хэлэлцүүлэг өнөөдөр /2026.08.14/ Шинжлэх ухааны академийн Чуулганы их танхимд боллоо. Хэлэлцүүлэгт шинжлэх ухаан, бизнес, иргэний нийгэм, залуучууд болон бусад салбарын төлөөлөл оролцож, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх арга зам, эдийн засгийн боломжийн талаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсад болох UNCCD COP17-ын өмнө зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлгээр цөлжилт, ус, бэлчээр, байгалийн капиталын асуудлаар оролцогч талуудын ойлголтыг нэгтгэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохыг зорьжээ.Хэлэлцүүлгийн үеэр цөлжилт нь зөвхөн говь, хөдөө орон нутагт хамаарах ойлголт биш бөгөөд хот суурин газрын хэмжээнд ч газрын доройтол явагдаж байгааг онцолсон юм. Мөн цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, бэлчээрийн доройтлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж харах бус, хүн амын амьжиргаа, эдийн засаг, бизнес, боловсрол, ирээдүй үеийн аюулгүй байдалтай холбон шийдвэрлэх шаардлагатайг “Цөлийн дуу хоолой” санаачилгын хүрээнд зохион байгуулсан UNCCD COP17-ыг угтсан урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байв.

“Цөлжилт гэхээр бид ихэвчлэн говийн хатсан хөрсийг төсөөлдөг" Энэ үеэр модератор, Цөлийн дуу хоолой ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Нинжжамц “Цөлжилт гэхээр бид ихэвчлэн говийн хатсан хөрсийг төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтээ Улаанбаатар болон бусад хот, суурин газар, сум, аймгийн хэмжээнд ч газрын доройтол явагдаж байна. Тиймээс энэ асуудлыг зөвхөн төр шийдэх ёстой гэсэн ойлголтоос илүүтэй иргэн бүр өөрийн түвшинд хэрхэн оролцох вэ гэдгийг ойлгуулах нь чухал. Бид агаар, хөрс, усны нөөцийг хязгааргүй мэт ашиглаж, нөхөн сэргээх асуудлыг орхигдуулсаар ирсэн. Үүний үр дагавар нь байгаль орчинд төдийгүй хүний амьдралд шууд нөлөөлж байна. Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд тодорхой үр дүн гарч байгаа ч цөлжилт, газрын доройтлын асуудал хэвээр байна. Иймээс олон улсын туршлага, тэр дундаа хөрш орнуудын цөлжилттэй тэмцсэн арга барилыг судалж, өөрийн нөхцөлд хэрэгжүүлэх шаардлагатай" гэлээ.

 

"Цөлжилтийг нийгэм, эдийн засгийн олон асуудлын суурь шалтгаан гэдгээр нь харах хэрэгтэй"

Харин “ЦӨЛИЙН ДУУ ХООЛОЙ” ТББ-ЫН САНААЧЛАГЧ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ П.ЭНХЦЭЦЭГ “Цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь бидний амьдрал, эдийн засагтай шууд холбоотой. Тиймээс төрөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэд энэ асуудалд бодитой оролцох шаардлагатай. Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учраас газрын доройтлын нөлөөг өдөр тутамдаа мэдэрдэг. Бэлчээр муудаж, малчдын амьжиргаанд хүндрэл үүсэхэд хот суурин газар руу шилжин суурьших нөхцөл бий болдог. Тиймээс цөлжилтийг зөвхөн байгаль орчны өөрчлөлт бус нийгэм, эдийн засгийн олон асуудлын суурь шалтгаан гэдгээр нь харах хэрэгтэй.Бид эхлээд хүмүүст цөлжилт гэж юу болохыг бодитоор ойлгуулахыг зорьсон. Энэ хүрээнд бүс нутгийг хамарсан экспедиц зохион байгуулж, тухайн нутгийн нөхцөл байдал, иргэдийн амьдрал, цөлжилттэй тэмцэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг судалсан. Үүнийгээ баримтат кино, контент хэлбэрээр олон нийтэд хүргэж байна.Цаашид доройтсон газрыг зөвхөн асуудал гэж харах бус хэрхэн нөхөн сэргээж, эдийн засгийн шинэ боломж, бизнесийн орон зай болгох вэ гэдэгт анхаарах шаардлагатай" гэдгийг онцолж байв.

 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ИЛТГЭЛҮҮДЭЭС

Хэлэлцүүлгийн үеэр газрын доройтлыг бууруулах асуудлыг олон талаас нь авч үзсэн илтгэлүүдийг танилцуулав. Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал М.Ариун “Ногоон бизнес – тогтвортой хөгжлийн суурь шалгуур болох нь” сэдвээр илтгэл тавьж, байгальд ээлтэй бизнесийн загварын ач холбогдлыг хөндсөн бол хөдөө аж ахуйн ухааны докторант Г.Алтанхуяг цөлжилт ба уур амьсгалын өөрчлөлтийн хамаарлын талаар байр сууриа танилцууллаа. Мөн “Бид мод үржүүлэгчид” ТББ-ын гишүүн, ойн аж ахуйн инженер Н.Уртнасан хот суурин газрын цөлжилтийн асуудлыг, “Тэргүүн гэрэгэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Идэрсайхан цөлжилтийн эсрэг инженерчлэлийн шийдлүүдийг танилцуулсан юм. Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид түшиглэсэн үйл ажиллагаанд олон улсын стандартын мэдлэгийг нэмэгдүүлэх асуудлыг AQMCS Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал, биологийн ухааны магистр Ч.Наранцогт хөндсөн бол ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Бүрэнбаатар ургамал, мөөгний генетик нөөцийн үндэсний генбанкны төслийн саналыг танилцууллаа. Түүнчлэн тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Н.Очгэрэл оранжерейн цогцолбор байгуулах асуудлыг танилцуулсан бол СУИС-ийн эрдэм шинжилгээний ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор М.Энхбаатар Монголын бэлчээрийн мал аж ахуй, байгаль хамгаалах уламжлалын талаар илтгэл танилцуулав. Хэлэлцүүлгийн оролцогчид газрын сэргэлтийг төрийн байгууллагын дан ганц үүрэг бус нийгмийн бүх талын хамтын хариуцлага болгох шаардлагатай гэдгийг онцолж байв. Үүнд шинжлэх ухааны судалгаа, боловсрол, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, залуучуудын оролцоо, иргэний нийгмийн санаачилга, хэвлэл мэдээллийн нөлөөллийг зэрэгцүүлэн авч үзэх нь чухал гэв. Мөн COP17-ыг зөвхөн олон улсын хэмжээний хуралдаанаар хязгаарлахгүй, хурлын өмнө болон дараа хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, мэдлэг түгээх ажил, боловсролын хөтөлбөр, медиа контент, нийгмийн хариуцлагын төслүүдээр үргэлжлүүлэх шаардлагатайг гэлээ.Ингэснээр цөлжилттэй тэмцэх асуудлыг зөвхөн нөхөн сэргээлтийн ажлаар хязгаарлах бус байгаль, хүн, бизнес, шинжлэх ухаан, төрийн хамтын ажиллагаанд тулгуурласан урт хугацааны шийдэл болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байна.

Хөрөнгө оруулалт, залуучуудын оролцоо, иргэний нийгмийн санаачилга, хэвлэл мэдээллийн нөлөөллийг зэрэгцүүлэн авч үзэх нь чухал гэв. Мөн COP17-ыг зөвхөн олон улсын хэмжээний хуралдаанаар хязгаарлахгүй, хурлын өмнө болон дараа хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, мэдлэг түгээх ажил, боловсролын хөтөлбөр, медиа контент, нийгмийн хариуцлагын төслүүдээр үргэлжлүүлэх шаардлагатайг гэлээ.Ингэснээр цөлжилттэй тэмцэх асуудлыг зөвхөн нөхөн сэргээлтийн ажлаар хязгаарлах бус байгаль, хүн, бизнес, шинжлэх ухаан, төрийн хамтын ажиллагаанд тулгуурласан урт хугацааны шийдэл болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байна.

Эх сурвалж: zms.mn