Ц.МЯГМАРБАЯР
Монгол Улсад 100 жилийн тэртээд өнөөдрийнх шиг олноор нэг дор төвлөрсөн шарилын газар байгаагүй гэж хэлж болно. Гэхдээ тухайн үед бурхан болоочоо хаана хэрхэн оршоож байсныг түүх, баримт л өгүүлэх байх. Мэдээж улс бүхэн өөрсдийн ёс,уламжлал, зан заншлын дагуу оршоож байсан нь ойлгомжтой. Нүүдэлчин соёл уламжлалтай Монголчууд талийгаачаа эрт үеэс ил тавьж эсвэл эсгийдээ ороон байгальдаа шингээж байсан нь өнөөдрийнх шиг нэг дор төвлөрсөн шарилын газрыг хойч үедээ үлдээгээгүй гэдгээр онцлогтой. Энэ нь нэг ёсондоо тогтвортой хөгжлийн зарчмыг нүүдэлчин соёл ахуйгаараа дамжуулан мөрдөж байсан гэлтэй. Бурхан болоочдын газраас бид айж, цэрвэдэг ард түмэн. Тэгвэл хамгийн их буян хураадаг газар бол чимээгүй хот юм гэдгийг Дээрхийн гэгээн IX Богдын зарлигийн үргэлжлэлийг баригч Сэра Мэ дацангийн их хувилгаан ЖАВЖЭ ОДСЭР РИНБОЧЭ ДАНЗИН ИШ ЖАНЦАН тэргүүтэй Гандантэгчилэн хийдийн лам хуврагууд IX Богд Жэвзүндамба хутагтын дэлгэрүүлсэн "Жод лүйжин" хурах хурлын үеэр онцолсон юм. "Жод лүйжин" хурна гэдэг нь бурхан болоочид болоод ар гэрийнхэнд нь зориулж уншдаг ном ажээ. Энэ сарын 11-нд Чингэлтэй дүүрэгт орших Самбалхүндэв буюу Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэлтийг хурал номын айлдвараар ийнхүү эхэлсэн юм.

ДАЛАН ДАВХРЫН ШАРИЛУУДЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ОРШООНО
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэл хотод хуучин, хаагдсан оршуулгын газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх, эмх цэгцэд оруулах мөн хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа билээ.Энэ хүрээнд өнгөрсөн онд Самбалхүндэвийн оршуулгын газар дахь булш, бунхны бүртгэл, тооллогын ажлыг хийж, цахим мэдээллийн сан үүсгэсэн. Тооллогоор 63 га талбайд нийт 65 мянган булш, бунхан тоологдсоноос 70 орчим хувь нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан. Тиймээс булш, бунхны гадна байдлыг фото зургаар баримтжуулж, нээлттэй https:// ubcemetery.gov.mn/ мэдээллийн цахим санг үүсгэсэн. Цаашид бусад хаагдсан, хуучны оршуулгын газрын булш, бунхныг бүртгэл, тооллогыг хийж уг мэдээллийн санд оруулахаар төлөвлөж байгаа тухай албаны эх сурвалж хэлсэн юм. Улаанбаатар буян компани нь 2022 онд Нью семетри компанитай хамтран Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Эднийх өслийн хүрээнд 10 га талбайгаас 14323 бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг төрийн болон шашны байгууллага, бурхан болоочдын ар гэрийн дэмжлэг, оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишиг тогтоосон байдаг. Өнөөдөр мөн дараагийн төсөлд шалгарч бурхан болоочдын шарил бунхныг шилжүүлэх ажлыг ийнхүү хүндэтгэлтэйгээр зохион байгуулж байна. Энэ үеэр зарим бурхан болоочдын ар гэрийн төлөөллийн сэтгэгдлийг сонссон юм.

Ардын жүжигчин Ч.Мөнхшүр: БУРХАН БОЛООЧДОО ЧАНДАРЛУУЛЖ СУВАРГА БОСГОХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА
-Миний бурхан болсон аав, ээжийн маань шарил энд нэг нь 30, нөгөө нь 40 жил болж байна гэхээр энэ газар олон жил болсон байна. Тиймээс олон жилийн байгалийн шалгуур, эвдрэл, эрсдэлд орсон газрыг Нийслэлийн Захирагчийн алба, Чингэлтэй дүүргийн зүгээс тендер зарлан цэцэрлэгт хүрээлэн болгож шарилыг гаргаж дахин хөрсөнд нь оршоож цэцэрлэгт хүрээлэн болгож байгаад ар гэрийнхний зүгээс туйлын баяртай байна. Нийслэлийн хоймор болсон энэ газар үзэмжтэй сайхан газар болно. Улаанбаатар буян компани бол маш хүндэтгэлтэй хандаж байна. Ар гэрээс нь саналыг нь авч хүсэлтийг нь харгалзан үзэж байна. Манайх бол чандарлуулаад өөр газар цэцэрлэгт хүрээлэнд суварга болгож босгоно. Хүн болгон хүсэлтээ өгч байна. Тухайн ар гэрийн сонголт. Зарим нь эндээ хөрсөнд нь оршоож байх шиг байна.Амьдрал мөнх биш.Тиймээс зөв санаачилгыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид Нийслэлийн Захирагчийн алба, Чингэлтэй дүүргийнхээ удирдлагуудад болон энэ ажлыг туршлагатай компаниар гүйцэтгүүлж байгаад баярлаж байгаагаа илэрхийлье.
Баянгол дүүргийн иргэн Ц.Болормаа: ИРГЭД ШҮҮМЖЛЭХЭЭС ИЛҮҮТЭЙ БОДИТ БАЙДЛЫГ ҮЗЭЖ ҮНЭН МЭДЭЭЛЭЛ АВАХ ХЭРЭГТЭЙ САНАГДЛАА
-Манай аав 1985 онд ээж маань1995 онд бурхан болж энэ газар оршуулсан. Хамгийн хайртай аав, ээж минь энд мөнх нойрсон хүндэтгэлтэй газар. Сүүлийн үед гэр хороолол энд бий болсон гэдэгт маш их санаа зовдог байсан. 1990 оны үед бунхных нь төмөр хайсыг авч тушаадаг байсан гэж ярьдаг байсан.Тиймээс Нийслэлээс шарилын аюулгүй байдал, өнгө үзэмжид анхаарч цэцэрлэгт хүрээлэн болгож шарилуудыг нь дахин энэ хөрсөнд нь оршоох гэж байгаад сэтгэл үнэхээр амгалан болж тайвширч байна. Манай гэр бүлийн зүгээс бурхан болсон аав, ээж хоёрынхоо шарилыг чандарлуулж энд нь оршооно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ ажлыг гүйцэтгэж буй “Нью семетри” компанийн залуучууд ямар гоё хандлагатай юм бэ. Мэдээлэл өгч буй байдал, хүнтэй харьцаж байгаа хандлага, харьцаа маш их таалагдлаа. Ёстой зөв цаг үе рүү явж байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Би өөрөө гадаадад амьдардаг. Энэ ажлыг сонсоод зорьж ирсэн. Ажил маань амжилттай бүтлээ. Иргэд мэдээллээ цахим хайлт хийж авах хэрэгтэй. Хамгийн гол нь ирж уулзаж, шарилын газраа үзэх хэрэгтэй. Тэгж байж бодит үнэнийг мэднэ.Түүнээс хөрсөнд нь оршоох, чандарлаж суварга босгох, нүүлгээд өөр тийш, нутаг орон руу авч явах бол нээлттэй, сонголт нь таныхаар болно. Ирэх жилээс модны үндсэн дээр нь оршоох тухай яригдаж байна.Үнэхээр оршуулгын зан үйл дэлхийн чиг хандлагад нийцүүлэх гэж байгаад талархаж байна. Хамгийн гол нь иргэд шүүмжлэхээс илүүтэй бодит байдлыг ирж үзэж үнэн мэдээлэл авах хэрэгтэй санагдлаа. Эхлээд бид эргэлзэж байсан. Энд ирсэн хүмүүс зарим нь юу болох гээд байгааг сайн ойлгоогүй гэж байсан. Харин ирээд мэдлээ гэж байна.
UBCEMETERY.GOV.MN- ЭЭР ТАЛИЙГААЧ НЬ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ТАЛБАЙД ХАМРАГДСАН ЭСЭХЭЭ ШАЛГАХ БОЛОМЖТОЙ
Самбалхүндэвийн оршуулгын газар бурхан болооч нь байгаа ар гэрийн хувьд https://ubcemetery.gov.mn/ нээлттэй цахим мэдээллийн сангаас талийгаачийн нэр, төрсөн болон нас барсан оноор хайлт хийж, баталгаажуулах боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөлөл ярьж байна. 2026 оны тухайд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс тус оршуулгын газрын 8.5 га талбайн шарилыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэгчээр Улаанбаатар буян компани шалгарсан байна. “Улаанбаатар буян” компани нь 2026 оны долоодугаар сарын 7-ны өдрөөс олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Харин нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө бурхан болоочдын ар гэр, сүсэгтэн олонд зориулж ийнхүү хурал номын үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн төслийн багц хоёр буюу 9.6 га газрын дахин төлөвлөлтийн нүүлгэн шилжүүлэх ажлыг “Дөл буян” компани гүйцэтгэж байна. тус компани мөн ар гэрийнхэнд мэдээллээ өгч нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд явж байгаа ажээ.




Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 151 (7893)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn