М.ХҮСЛЭН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Д.Мягмарсүрэнг урьж, ярилцлаа. Тэрээр БНХАУ-ын Хөх хотод наймдугаар сарын 8,9-нд зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, тэмцээний 800 метрийн гүйлтийн төрөлд 1:51.67 секундийн амжилтаар түрүүлж, алтан медаль хүртэн, Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм.
-БНХАУ-д зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн тэмцээнд амжилттай оролцож, 800 метрийн гүйлтийн төрөлд Монгол Улсынхаа рекордыг шинэчиллээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ оны долоодугаар сарын 25,26-нд болсон насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр өмнөх рекордыг шинэчлэн тогтоосон байсан. Тэгээд сая наймдугаар сарын 8,9-нд БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа Монгол Улсынхаа рекорд амжилтыг 38 жилийн дараа шинэчлэн тогтоосондоо маш их баяртай байна. Мөн улам хариуцлагатай байх ёстой гэж бодож байна.
Энэ үед гэр бүл, аав ээж, намайг дэмждэг хүмүүсийнхээ итгэлийг алдаагүйдээ баярласан. Намайг үргэлж тусалж дэмждэг Х.Уянга, Х.Батбилэг, Б.Төрбат,Б.Нармандах, Б.Оргилсайхан багш нартаа үргэлж талархаж явдаг.
Мөн ард минь түшиж тулж, бүх цаг хугацаанд хамт байж, амжилтын минь ард чин сэтгэлээсээ баярлаж алга ташиж байсан хайрт эхнэр Д.Барсмаадаа үнэхээр их баярлалаа. Намайг бяцхан Мягмарсүрэн байхаас минь өдий зэрэгт хүртэл бүх талаар минь дэмжиж, хамт хичээж ирсэн ээж аав хоёртоо баярлалаа гэж хэлэхэд багадах байх. Тэд минь миний төлөө үнэхээр хичээсэн. Надад итгэж байгаа энэ олон хүн байгааг харахад үнэхээр сайхан байдаг.
-Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэг вэ?
-Мэдээж тэмцээний өмнө болон дараа сэтгэл зүйн байдал өөрчлөгддөг. Гэхдээ намайг хайрладаг, ойлгодог хүмүүсийн дунд байна гэдэг их сайхан. Тэр хүмүүс миний хажууд байгаа нь сэтгэл зүйг маань хүртэл эрүүл тогтвортой байлгаж өгдөг. Мөн өөртэйгөө ярьж, өөртөө урам өгч байх нь мэдээж чухал. Гэхдээ яг тийм үед гэр бүлээ, хүүхдүүдээ, бодоход л өөрийн эрхгүй урам зориг, итгэл найдвар нэмэгддэг.
-Барианд орж ирэх үеийн мэдрэмж ямар байдаг вэ?
-Барианд орж ирэх бол үнэхээр сайхан мэдрэмж. Тэр хүртэл гаргасан хөлс хүч, цаг хугацаа, нулимстай дуусгасан бэлтгэлүүдийг мартуулж, энд эх орон, аав ээж, хайртай гэр бүлийнхээ итгэл найдвар, надад итгэж урам өгч байсан багш нарынхаа урмыг хугалалгүй бариандаа ороод ирлээ гэдгээ мэдрэх мөч үгээр хэлэмгүй гайхалтай байдаг. Яг тэр мөч хүртэл алдсан оносон, ялсан, ялагдсан бүхэн тэр хэсэгхэн хугацаанд мартагдаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа гэдгээрээ бахархдаг хамгийн сайхан цаг хугацаа.
-Тамирчин хүний амжилтад ялалт, ялагдал ээлжилж байдаг. Ялагдлын дараа өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Энэ бүх хугацаанд би дандаа түрүүлээгүй. Тэр бүх ялалт ялагдлын минь ард хэзээ ч би ганцаараа байдаггүй. Намайг бүх талаар минь дэмжиж, надтай хамт тэр уналт босолтуудыг туулж яваа ээж аав маань, намайг хамгийн сайн ойлгож арыг минь бат дааж, гэр бүлээ сайхан авч яваа хань минь, надтай хамт цас бороо хавсарсан жилийн дөрвөн улиралд өдөр алгасалгүй хөлс хүчээ урсгаж байгаа тамирчид хамт олон дүү нар маань гээд маш олон хүний ачаар би өдий зэрэгтэй явна.
Ганцхан тамирчны замнал биш Мягмарсүрэн гэдэг хүний амьдралын даваа нугачаа болгоныг ойлгож замыг минь засаж өгсөн багш нар маань мөн Зэвсэгт хүчний Алдар спорт хороо байгаагүй бол би энэ хүртэл явж чадах байсан гэдэгтээ итгэлгүй байна.
Мөн “Алдар” спорт хорооныхондоо чин сэтгэлээсээ баярлаж явдаг. “Алдар спорт хороо”-ны тамирчин гээд дуудуулахад сайхан санагддаг.
-Хөнгөн атлетикийн спортоор хэдэн настайгаасаа хичээллэж эхэлсэн бэ?
-Анх 2015 онд Дархан-Уул аймагт Х.Батбилэг багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Хөнгөн атлетикийн спортын гараагаа 2018 оны есдүгээр сараас эхлүүлж, 11 жил энэ спортоороо хичээллэж байна.
-Өдөрт бэлтгэлдээ хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дэд хурандаа Х.Уянга багшийнхаа удирдлага бэлтгэлээ хийдэг. Өдөрт 2-3 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 151 (7893)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn