А.ЭНХ-УЧРАЛ

 

Волейболын Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.  Тэмцээнд  Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Макао, Хонконгийн баг өрсөлдсөнөөс Монголын шигшээ баг хүрэл медаль хүртэж, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа гардсан юм. Монголын шигшээ баг  хэсгийн тоглолтод БНХАУ, Хонконгийг 3:0-ээр хожиж, хагас шигшээд Японы багт 2:3-аар ялагдсан. Улмаар  хүрэл медалийн төлөөх тоглолтод   БНХАУ-ын багийг  3:1-ээр ялж, түүхэн амжилтын эзэд боллоо.

Харин  алтан медалийн төлөөх тоглолтод БНСУ-ын баг  Японы багийг 3:1-ээр хожсоноор тус тэмцээн дөрөв удаагаа түрүүллээ.

Ийнхүү Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Японы тамирчин Takuma kawano-тай  цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Алтан медалийн төлөөх тоглолтын дараах сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Мэдээж алтан медаль авахыг маш их хүсэж байсан учраас ялагдсан нь  бидний хувьд харамсалтай байлаа. Гэхдээ бид чадлаараа тоглосон. БНСУ-ын баг сайн тоглож, чухал мөчүүдэд илүү тогтвортой байж чадлаа. Гэхдээ тэмцээнийг мөнгөн медальтай дуусгаж байгаа нь муу үр дүн биш. Энэ тоглолтоос олон зүйл сурлаа.

-Тоглолтын аль хэсэг хамгийн хүнд байсан бэ?

-Тоглолтын шийдвэрлэх мөчүүдэд БНСУ-ын багийн довтолгоо, хамгаалалт нэлээд хүчтэй байсан. Бид зарим үед онооны зөрүүг нөхөж чадсан ч тоглолтыг өөрсдийн талд бүрэн эргүүлж чадаагүй.

-Монголын үзэгчдийн дэмжлэг танд хэр санагдсан бэ?

-Маш сайхан байсан. Талбай дээр тоглож байх үед үзэгчдийн уур амьсгал бидэнд их мэдрэгдэж байсан. Спортын тэмцээн зөвхөн тоглогчдоос биш, үзэгчдийн дэмжлэгээс ч их эрч хүч авдаг гэж боддог.

Монголд тэмцээн зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Монголын үзэгчид маш эрч хүчтэй, волейболыг сонирхож, тоглогчдоо дэмждэг нь сайхан санагдсан. Бидэнд Монголд тоглох сонирхолтой туршлага байлаа.

-Монголын шигшээ багийн  тоглолтыг үзэхэд  танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Монголын багийн тоглолт надад сонирхолтой санагдсан. Тэд талбай дээр маш их эрч хүчтэй тоглож, оноо бүрийн төлөө тэмцэж байсан. Ялангуяа өөрсдийн боломжийг ашиглаж, багийн уур амьсгалаа сайн хадгалж байсан нь анзаарагдсан.Энэ бол Монголын волейболын хувьд маш том амжилт гэж бодож байна. Тэд өөрсдийнхөө түвшинг харуулж чадлаа. Энэ медаль цаашдаа Монголын волейболыг хөгжүүлэхэд их урам өгнө гэж бодож байна.

-Монголд ирээд хамгийн их таалагдсан зүйл юу байв?

-Монгол хүмүүсийн найрсаг байдал болон үзэгчдийн эрч хүч надад их  таалагдсан. Мөн Монголын соёл, хоол хүнстэй танилцах боломж гарсан нь сонирхолтой байлаа.Монголд болсон энэ тэмцээн сайхан дурсамж үлдээлээ. Дахин ирж, Монголын үзэгчдийн өмнө тоглох боломж гарвал баяртай байх болно.Биднийг дэмжиж, сайхан уур амьсгал бүрдүүлсэнд баярлалаа. Монголын волейболын хөгжил цаашдаа улам ахиж, олон амжилт гаргаасай гэж хүсэж байна. Монголын багт болон бүх волейбол сонирхогчдод амжилт хүсье.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 148 (7890)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn