З.ЦЭЦЭГ
Олимпийн наадмын үеэр тамирчид өөрсдийн бүхий л чадвараа харуулж, дээд амжилт тогтоон, түүхэнд нэрээ мөнхлөхийг зорьдог. Олимп бол маш чухал, онцгой үйл явдал хэдий ч “РБЦ” тэмцээний явцад тохиолдсон хамгийн хөгжилтэй мөчүүдийг эргэн сануулсныг орчуулан хүргэж байна.
1. Тоглоом шоглоом хийсний улмаас тэмцээнээс хасагдсан нь

Марафон гүйгч Фред Лорц 1904 онд Сент-Луис хотод болсон Олимпийн наадамд оролцжээ. Тэрээр хамгийн хурдан тамирчин гэдгээрээ бус, харин хамгийн зальтай нэгэн гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Тэрээр гарааны цэгээс 15 км гүйгээд, дараа нь менежерийнхээ машинд сууж 17 км замыг туулсан байна. Үүний дараа тэрээр уралдаанд эргэн нэгдэж, барианд хамгийн түрүүнд оржээ. Түүний энэхүү заль мэх удалгүй илчлэгдэж, ялалтыг нь хүчингүйд тооцон, тэмцээнд оролцох эрхийг нь бүх насаар нь хассан байна. Гэвч ердөө нэг жилийн дараа уг хоригийг цуцалж, Лорц Бостоны марафонд түрүүлж байв.
2. Түүхэн дэх хамгийн урт марафон

1912 оны Стокгольмын олимпын үеэр Японы марафон гүйгч Шизо Канакуритай холбоотой нэгэн сонирхолтой явдал тохиолджээ. Тухайн үед Японоос Шведийн нийслэл хүрэх аялал 18 хоног үргэлжилдэг байсан тул тамирчин урт аяллын улмаас ихэд ядарсан байв. Уралдаан болох өдөр агаарын хэм Цельсийн 32 хэм орчим хүрч халсан байсан бөгөөд ядаргаа, хоол боловсруулалтын асуудал болон хэт халалтаас болж Канакури гүйж байхдаа ухаан алджээ. Нутгийн иргэд түүнд тусалж, ухаан оруулав. Японы гүйгч ичсэндээ болоод уралдаанаас гарсан тухайгаа Олимпын хороонд ч мэдэгдэлгүйгээр шууд эх орондоо буцсан тул Шведийн эрх баригчид түүнийг сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад бүртгэсэн байна.
Эх орондоо буцаж ирснийхээ дараа Шизо Канакури 1920 оны Антверпены Олимп (тэрээр 16-р байр эзэлсэн) болон 1924 оны Парисын Олимп зэрэг спортын бусад тэмцээнүүдэд оролцсон байна. Гэвч түүний хувь заяа Швед улсад 55 жилийн турш тодорхойгүй байсаар ирсэн бөгөөд 1967 онд л Шведийн хэвлэл мэдээллийнхэн уг тамирчныг олж, уралдаанаа дуусгахыг урьснаар энэ асуудал шийдэгджээ. Энэхүү үйл явдал түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн марафон гүйлт хэмээн Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн бөгөөд Канакури уг уралдааныг дуусгахад нийт 54 жил, 246 өдөр, 5 цаг, 32 минут, 20.3 секунд зарцуулсан байна.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.8.10 № 247 (7889) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn