А.Энх-Учрал

Оюутан, залуусын хувьд мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, мөрөөдөлдөө хүрэх томоохон  боломжийн нэг нь олон улсын тэтгэлэгт хөтөлбөр юм.  Тэтгэлэгт хамрагдсанаар дэлхийн шилдэг их дээд сургуулиудад  хүссэн мэргэжлээрээ суралцаж,  мэдлэг туршлага хуримтлуулах  боломж нээгддэг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор  Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Австралийн The University of Sydney их сургуульд программ хангамжийн инженерчлэлийн чиглэлээр (Software Engineering) суралцаж буй Б.Түмэн-Өлзийг урьж, ярилцлаа.   Тэрээр ирээдүйд хиймэл оюун ухаан, дижитал инновацын салбарт  мэдлэг ур чадвараа зориулж,  эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилго өвөртлөн алс нутагт суралцаж яваа Монголын ирээдүй болсон залуусын нэг юм. 

 

-Тэтгэлэгт шалгарснаа мэдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Үнэнийг хэлэхэд,  хамгийн түрүүнд баярлахаасаа илүү айж байсан. Тэр үед би Монголдоо   суралцахыг хүсэж байсан  ШУТИС-ийн хиймэл оюун ухааны ангид элсээд долоо ч хоноогүй байлаа.  Тиймээс тухайн үед  тэтгэлэгт шалгарснаа мэдээд яг ямар сургуульд орж байгаагаа сайн мэдэхгүй, яах ёстойгоо ч ойлгохгүй байсан болохоор  дотроо айдас, эргэлзээтэй байсан. 
Харин Монгол дахь  нэг жилийн бэлтгэл сургалтаа дүүргээд  Австралид суралцахаар ирэх үед  бодол маань бүрэн өөрчлөгдсөн.Тэтгэлэгт хамрагдсан нь миний амьдралдаа гаргасан  хамгийн том, зөв шийдвэрийн нэг  байжээ гэдгийг  ойлгож байна.
Ерөнхийлөгчийн "Илгээлт-2100" хөтөлбөр нь байгалийн ухааны болон гадаад хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар тухайн дүүрэг, аймаг, сумдаа хамгийн өндөр оноо авсан нэг суралцагчийг сонгон шалгаруулдаг. Шалгарсан  суралцагчид  монголдоо  нэг жилийн бэлтгэл сургалтад  хамрагдсаны дараа дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломж олгодог. Энэ тэтгэлэгт хамрагдахын тулд  өргөдөл, хүсэлт гаргадаггүй. Харин шалгуур үзүүлэлтэд үндэслэн  систем автоматаар  сонгон шалгаруулдгаараа онцлог.

-Яагаад энэ чиглэлээр суралцахаар болсон бэ?
-Энэ мэргэжил нь программ хангамжийн системийг зохион бүтээх, хөгжүүлэхээс гадна, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал зэрэг ирээдүйн технологийн олон чиглэлтэй уялддаг.  Тиймээс эх орны маань хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж чадах байх гэсэн итгэл, эрмэлзэлтэйгээр энэхүү мэргэжлийг сонгосон.

-Австралид очоод хамгийн түрүүнд юу нь гайхшируулсан бэ?
 -Дүрэм журмаа чанд мөрддөг, цаг баримталдаг, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг соёл нь анхны сэтгэгдэлд тод үлдсэн. Нийтийн тээвэр, замын хөдөлгөөн, үйлчилгээний газрууд гээд өдөр тутмын амьдралын бүхий л зүйл тодорхой дүрэм, зохион байгуулалтын дагуу явагддаг бөгөөд хүмүүс ч түүнийг ухамсартайгаар мөрддөг. 
Мөн танихгүй хүмүүс хүртэл инээмсэглэн мэндэлж, "thank you", "please" зэрэг эелдэг үгсийг өдөр тутмын харилцаандаа байнга хэрэглэдэг нь найрсаг, эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг санагдсан.

-The University of Sydney их сургуулийн  сургалтын арга барил, онцлогоос хуваалцахгүй юу?
-Их сургуулийн орчин ч надад шинэ мэдрэмж төрүүлсэн. Энд оюутнуудад зөвхөн хичээл заахаас гадна бие даан судалгаа хийх, асуудалд шүүмжлэлтэй хандах, өөрийн байр сууриа нотолгоонд тулгуурлан илэрхийлэх чадварыг түлхүү хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Багш нар бэлэн хариулт хэлэхээс илүү зөв чиглүүлж, оюутнууд өөрсдөө шийдлийг олохыг дэмждэг нь суралцах арга барилыг илүү үр дүнтэй, сонирхолтой болгож байгаа санагдсан. Энэ бүхэн нь зөвхөн мэдлэг эзэмшихээс гадна бие даасан, хариуцлагатай хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг гэж бодож байна.
Мөн үнэлгээний арга барил нь ч нэлээд ялгаатай. Зөвхөн шалгалтын оноонд тулгуурлахаас гадна бие даалтын ажил, багийн төсөл, илтгэл, хэлэлцүүлэг зэрэг олон төрлийн үнэлгээгээр тухайн оюутны мэдлэг, ур чадварыг цогцоор нь үнэлдэг. Тиймээс хичээлдээ тогтмол бэлтгэлтэй байх, цаг хугацаагаа зөв төлөвлөх, бусадтай үр дүнтэй хамтран ажиллах нь маш чухал.
 Сургалтын арга барил нь зөвхөн мэргэжлийн мэдлэг олгохоос гадна аливаа асуудлыг шүүмжлэлтэйгээр харж, бие даан суралцах, насан туршдаа өөрийгөө хөгжүүлэх дадлыг төлөвшүүлдэг гэж боддог. Энэ нь ирээдүйд инженер хүний хувьд бодит асуудлыг таньж мэдэх, түүнийг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд хамгийн их ач холбогдолтой санагдсан.

-Суралцах хугацаандаа  ямар төсөл,  хөтөлбөрүүдэд оролцохоор зорьж байна вэ?
-Сургалтаа дөнгөж эхлүүлж байгаа учраас одоогоор томоохон судалгааны төсөлд хараахан оролцоогүй байна. Гэхдээ академик амжилтаа үнэлүүлэн их сургуулийн Dalyell Scholars хөтөлбөрт сонгогдон суралцаж байгаа нь урам өгөхөөс гадна, хариуцлага гэж бодож байна.
Энэхүү хөтөлбөр нь судалгаанд суурилсан сургалт, салбар хоорондын хамтын ажиллагаа, манлайллын ур чадварыг хөгжүүлэх боломжийг олгодог бөгөөд цаашид өөрийгөө илүү хөгжүүлэх өргөн боломж нээж өгч байгаад нь үнэхээр их баяртай байгаа. Цаашид программ хангамжийн инженерчлэлийн чиглэлээр багийн төсөл, судалгааны ажилд идэвхтэй оролцож, бодит асуудлыг технологийн шийдлээр шийдвэрлэх туршлага хуримтлуулахыг зорьж байна. Мөн их сургуулийнхаа судалгаа, инновацын боломжуудыг бүрэн ашиглаж, ирээдүйд Монголдоо хэрэгжүүлэхүйц мэдлэг, туршлага хуримтлуулахыг гол зорилгоо болгосон.

-Ирээдүйн мөрөөдөл, зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Миний хамгийн том зорилго бол олон улсын түвшний мэдлэг, ур чадвартай программ хангамжийн инженер болох. Ялангуяа хиймэл оюун ухаан, программ хангамжийн инженерчлэл, дижитал инновацын чиглэлээр туршлага хуримтлуулж, бодит асуудлыг технологийн шийдлээр шийдвэрлэх чадвараа хөгжүүлэхийг хүсдэг. Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэг нь зөвхөн гадаадад боловсрол эзэмшүүлэхээс гадна сурч мэдсэн зүйлээ эх орныхоо хөгжилд зориулан ажиллах зорилготой хөтөлбөр юм. Тиймээс сургуулиа төгсөөд Монголдоо очиж, гэрээнийхээ хүрээнд ажиллахын зэрэгцээ олон улсын түвшинд эзэмшсэн мэдлэг, туршлагаа мэдээлэл технологийн салбарын хөгжил, төр болон хувийн хэвшлийн дижитал шилжилтэд бодит хувь нэмэр болгон ашиглахыг зорьж байна. 
-Ярилцлагын төгсгөлд тэтгэлэгт хамрагдахыг зорьж буй үеийнхэн болон дүү нартаа хандаж  юу гэж зөвлөх вэ
-Тууштай байгаарай гэж хэлмээр байна. Тууштай байвал чамд чадахгүй зүйл байхгүй шүү.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 144 (7886)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn