П.Лхагважаргал 

Үе үеийн төмөр замчдын эрүүл энхийн манаанд зогссон Төмөр замын эмнэлгийн зүүнхэнтэй байрлах таван давхар байр. Хаалга бүрийн цаана өөр өөрийн баялаг түүхийг цогцлоосон эрхмүүд амьдралынхаа өнгийг улам солонгоруулна. Харин миний зорьсон эрхэм бол Улаабаатар төмөр зам гэх их айлд 42 жил хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан С.Очирбат гуай байсан юм. Мөн тэрээр номын хорхойтон. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн амьдралын тойрог буландаа түүнийг онцолж, бодлын үзүүрт зангидсан бодол сүлсэн үгнээс нь хуваалцаж байна. 

 

Завханмандалаас Цэнхэрмандал, Цэнхэрмандалаас Улаанбаатар хүртэл 

“Хэнтий Цэнхэрмандал суманд уурхай нээгдэхэд ээж минь саналаа өгч, ах бид хоёрыг дагуулан ажиллахаар явсан юм билээ. Тэгэхэд би таван настай байсан санагддаг юм. Угтаа тэр уурхайд Оросын хоригдлууд ажиллаж, бүтээн босгож байтал Сталин нас барж, тэдгээрт өршөөл үзүүлжээ. Ийнхүү тэд нутаг буцаж, уурхайн үйл ажиллагаа зогсоход монгол ажилчид мөн ажилгүй болсон тул 1952 онд Улаанбаатар төмөр замд ажилд оруулахаар авчирсан юм” хэмээн Алтан тэвшийн хөндийд сүгдэрлэх Азийн цагаан дагина Улаанбаатар хотод аж төрөх болсон түүхээ хуваалцсан юм. Угтаа тэрээр замын хүн саатмаар Завхан аймгийн Завханмандал суманд 1946 онд төрсөн юм. 

Ийнхүү тэрээр Амгалангийн Наймдугаар сургуульд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай нэгэн дээвэр дор суралцаж байжээ. Хотын хүүхдүүд дэггүй. Хөдөөний бор хүүгийн чихийг дэлдийлгэх элдэв сонин их. “Хөвгүүд завсарлагаанаар тамхи татна. Хоёр чихнээс зулгааж байгаад соруулж байгаад би тамхинд орчихлоо. Ингээд 22 жил тамхи татсан. Гэтэл ээж минь бурхан болж, хайртай ээжийгээ алдчаад энэ муу зуршлаар яах вэ гээд тамхинаас гарсан. Дусал архи ууж, балга шар айраг уулгүй өдий насалж байна даа” хэмээн ярих 80 настай энэ буурлын үг бүрээс залуус нэгийг бодож, хоёрыг тунгаавал зохиолтой гэлтэй.  
Удалгүй ахлах сургуулиа дүүргэж 17 настай Улаанбаатар төмөр замын хангамжийн баазд ачигчаар ажлын гараагаа эхэлж, 42 жил зургаан сар төмөр замын их айлд хоёргүй сэтгэлээр ажиллаж, хүүдээ албаа хүлээлгэн өгч, гавьяаны амралтандаа гарчээ. Энэ тухайгаа тэрээр “Энэ их айлд ороод олон жил даргын жолооч хийсэн. Зуны урин цагт амралтаа аваад гэр бүлийнхэнтэйгээ Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг өртөөлөн тольдож, Монгол шарын даваанаас Орвог гашууны бор толгой хүртэл, Буйр нуураас Алтай таван богд хүртэл 21 аймгийн 330 сумаас гарын таван хуруунд багтахыг үлдээсэн болов уу. Би аялах дуртай. Хоноглосон газраа хогоо хаяхгүй байхаас эх оронч үзэл эхэлдэг юм даа” хэмээн дурсан ярина. 

 

Ном бол ертөнцийг харах цонх

Түүнийг залуу үед техник технологи өнөөгийнх шиг дэвшилтэд хүрээгүй байлаа. Тиймдээ ч номын хуудас бүрийг зөөлөн эргүүлж, мөр бүрийг шимтэн уншсаар хорвоо дэлхийн ховор нандин, хосгүй сайхныг танин мэдэж, оюун бодлоо тэлдэг байв. Багаасаа хөгжүүлсэн энэ дадлаа өдий хүртэл хөгжүүлсээр 2500 гаруй номыг цуглуулан уншжээ. Түүний номын санд ховор нандин хуучны номоос шинэ тутам хэвлэгдсэн шинэ үеийн зохиол хүртэл бий. “Би архи тамхинд мөнгө үрдэггүй. Гагцхүү номоос мөнгө харамлаж үзээгүй. Залуудаа адал явдалт орчуулгын номууд унших дуртай байлаа. Харин нас ахиад баялаг түүхт эрхмүүдийн хөрөг, дурдатгалын номыг их унших болсон” хэмээх түүний өрөө номын хорхойтнуудын нүдийг хужирлах нь лавтай. 
Хамгийн сүүлд уншсан болов уу гэмээр Амбасэлмаа гуайн “Бичсэнээ уншихуй, үзсэнээ уншихуй” харагдана. Харин одоо уншихаар зэхэж буй нь “Найруулагч багш Лайхансүрэнгийн Лхаасүрэн” ажээ. Бидний сайн мэдэхээр “Гарын таван хуруу” киноны Шагдарын тухай бүтээл аж. Ингэхдээ жил бүр номын баярыг зорин очиж, зохиолчдоос гарын үсгийг нь авч хөгжилтэй яриа өрнүүлдэг аж. Нэгэн номын баяраар Т.Галсан гуайтай уулзаж, номдоо гарын үсэг зуруулах зуур “Таны сахал одоо хэр хар хэвээрээ юм аа гэхэд “Улаанбаатарын утааных” гэж билээ хэмээн инээнэ. 
Хүний хүсэл гэдэг уужуу. Харин тэр уужуу хийгээд агуу хүсэл биелэх юутай сайхан. Энэ мэдрэмж түүнийг хайсан номоо олж авахад төрдөг байна. Өөрөөр хэлбэл, уншиж дууссан дараа цангаагаа тайлсан мэт санагдана. “Би хүүхдүүдээ энэ номоос уншиж, сонирхоосой гэж их хүсэх юм. Гэвч одооны хүүхдүүд санаанд хүрэх нь ховор юм. Хүн зорилготой амьдарч, тавьсан зорилгодоо хүрдэг байх хэрэгтэй” гэж залуу үе бидэндээ сургамжилсан юм. Түүний цуглуулгад Монголын уран зохиолын 108 дээжис номоос нь нэг нь дутаад байгаа аж. Хэрэв энэ нийтлэлийг уншиж байгаа хүнд 82 дугаар боть байвал зохих үнээр нь худалдан авна гэдгээ уламжилж байсан юм. 

 

“Би ээжийгээ шүтдэг”

Аав Сэрээнэн, ээж Дашцэрэн болон ах дүү нарын хамт. 

 

“Энэ биеийг минь төрүүлсэн ээжийгээ би шүтэж амьдардаг. Эмэгтэйчүүдийг хүндэлж, хайрладаг. Би долоон хүүхэдтэй. Тав нь охин. Хар багаасаа ханилсан сайхан ханьтай. Хөвгүүдээсээ илүү бэрээ би хайрладаг. Учир нь эмэгтэй хүн гэдэг эмзэг ялдам, хайр халамжинд улам гэрэлтэж байх ёстой гэж би боддог юм. Бүсгүй хүнийг цэцэгтэй зүйлэхэд усалж тортоод байвал ямар сайхан дэлбээлэх үү. Үүнтэй адил юм даа” хэмээн хүүрнэх хайр дүүрэн үгс ээжийн намба дөлгөөн бүүвэйн дуу, халуун гар дээр өссөн ухаантай хүмүүний бодлоос сүлэлдэн гарах нь энэ ажгуу. 
“Цас ханзарсан гуравдугаар сарын дунд үе аж. Хээр аргаа үүрээд аргал түүж явтал ээжийн ус гэнэт гарч, намайг хээр төрүүлчихсэн гэдэг. Хожим юмны учир мэддэг болсон хойно “Ээжээ та хүйг нь яаж тасалсан юм бэ” гэхэд “Хээр хөдөө хэнийг хүлээж суух вэ, үснээсээ хоёр тугийг зулгааж хоёр хэсэг боож байгаад чулуугаар цохиж тасалсан” гэх нь эх хүнээс гарах их зориг байгаа юм. Төрсөн аав минь намайг балчир байхад өөд болсон. Манайх Хөвсгөлийн Хатгал руу туувар туудаг байлаа. Гэтэл аймгийн төвийн урдхан байдаг Идэрийн голд аав минь усанд үйчихсэн юм гэнэ лээ. Ингээд ээж минь хоёр хүүхдээ дагуулж, аймгийн төвд нэг жил болоод Цэнхэрмандал зорьсон нь ийм учиртай” гэсэн юм. 


Харин удалгүй ижий аавын алаг үр хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрч, айл гэр толгойлсон өрхийн тэргүүн болжээ. “Анхны хүүхэд төрөөд эхнэрээ эмнэлэгт хүргэж өгөөд шөлийг нь хийх гээд харьж явах тэр мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй юм. Энэ бяцхан үрийг, гэр бүлээ тэжээнэ, айлын дайтай айл бол болно гэх бодлоос эхтэй үүрэг хариуцлага мэдэрч эхэлсэн. Гэвч үүрэг аваад орон нутаг руу ачаа ачаад гэртээ байхаас байхгүй нь их болохоор эхнэр минь л хүүхдээ өсгөх ажлыг нугалсан даа” гэнэ. Олон сайхан үр, дээжээ өргөн хүлээх гэргий, ижий аавын буян заяанд ивээгдсэн С.Очирбат гуайн алтан шар зам өлзийтэй байж, Монгол Улсын “Осолгүй манлай жолооч”, “Хүндэт төмөр зам”, “Алтан гадас” тэргүүтэй одонгоор шагнуулжээ. 

 

“Ноён нуруу гэдэг хүмүүжлийнх нь хэр хэмжээ юм даа”

Түүний эхнэр Б.Соняг орос эмч эх барин авч, орос нэр өгсөн нь энэ аж. Эм найруулагч, эм зүйч мэргэжилтэй залуу бүсгүйн гоо сайхан төрхөнд татагдаж, 1969 онд анхны үрээ өлгийдөн авсан бөгөөд том охин О.Энхтүвшин өдгөө суудлын галт тэрэгний дарга хийдэг аж. Удаах охин  О.Ариунаа хувийн бизнес эрхэлж, О.Ариунтунгалаг Япон улсад ажиллаж, амьдардаг. О.Оюунбилэг Онцгой байдлын ерөнхий газар үүрэг гүйцэтгэж байгаад тэтгэвэртээ гарсан бол бага охин О.Ариунтуяа  мөн хувиараа бизнес эрхэлдэг байна. Харин хүү О.Түвшинбат зүтгүүрийн воганы инженер бөгөөд  Япон улсад амьдарч байгаа ажээ. Том хүү О.Түвшинтөгс Канад улсыг зориод олон жил болсон гэнэ. “Хүү минь 2013 онд намайг урьж, Торонто хотод зочилж байлаа. Намайг очиход тэр хот 3.5 сая хүн амтай байлаа. Тэнд архи зардаг ганцхан дэлгүүр хотын захад их хол байдаг. Гэтэл манайд хүнсний дэлгүүр бүрд бий. Тэр жишгийг л эх орондоо хэрэгжүүлмээр санагдаж билээ. Анхнаасаа уудаггүй хүний тухай ойр тойронд зар тараад мэддэг болчихоор ойлгоод амар байдаг” гэх түүний амьдралын үлгэр жишээ энэ байдлаас хорт зуршил гэдэг аливаа хүний бодол сэтгэлгээний асуудал бололтой. 


“Миний амьдралын хамгийн бахархалтай сайхан нь үр хүүхдүүд минь. Үеийн үед үргэлжлэх өвөг дээдсийн минь залгамж үр хүүхдүүд минь эрүүл саруул, зөв хүн болж өсөж торниж байвал бидний хүн болж төрсний ач гавьяа юм даа. Эр хүн гэртээ хийгээд төрдөө ноён нуруутай байх хэрэгтэй. Ноён нуруу гэдэг хүмүүжлийнх нь хэр хэмжээ юм. Тиймээс айл гэрийн амьдрал ахуй өрхийн тэргүүнээс шалтгаалж, үр хүүхдийн хүмүүжил эцгээс үлгэрлэнэ. Тиймээс үр хүүхдийнхээ толь нь байх хэрэгтэй. Эрэгтэй хүүхэд өсгөхөд сахилгагүй боловч эх орныхоо дархан хил, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах төрийн хүн. Харин өтөлсөн хойно хөл хучих нь охин үр байдаг” хэмээн түүний баялаг түүхийг хуваалцаж суух тэр агшинд бидний  нөгөө өрөөнд Япон, Канадаас ирсэн ач нар нь өвөөдөө эрхлэхээр хүлээж суусан юм. Түүний цаанаас Соня эгч цай унд уу хэмээн элгэмсэг дотноор гарч ирэхээс С.Очирбат гуайнх гэх айлын халуун дотно уур амьсгал улам бүр мэдрэгдэх нь сайхан. 
“Бид өвөөгөөрөө бахархдаг. Удахгүй түүний энэ олон номыг унших байх аа” хэмээх зээ охиных нь үгээр энэ хүрээд нийтлэлээ өндөрлүүлье. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 142 (7884)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn