Г.Жаргалмаа 

 “Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Амжилтын эзэн" буландаа өсвөрийн сур харваач Б.Энхрийцэцэгийг урьж, ярилцлаа. Тэрээр Нийслэлийн ерөнхий боловсролын  123 дугаар сургуулийн аравдугаар ангид сурдаг билээ.

 

Амжилтууд:

-2024 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 12–14 насны ангилалд тэргүүн байр,
-2025 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 12–14 насны ангилалд гуравдугаар байр, 
-2026 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 15–17 насны ангилалд нэгдүгээр байр,
-2024 оны Үндэсний их баяр наадмын сурын харвааны 12–14 насны ангилалд тавдугаар байр,
 -2026 оны Үндэсний их баяр наадмын сурын харвааны 15–17 насны ангилалд хоёрдугаар байр тус тус эзэлсэн.

 

-Хамгийн мартагдашгүй дурсамж үлдээсэн амжилтаас ярилцлагаа эхлүүлье?
-Өдөр бүр шинэ зүйл сурч, өөрийгөө хөгжүүлэх нь надад хамгийн их урам өгдөг. Энэ сонирхлын нэг нь үндэсний сурын харваа. Хамгийн үнэ цэнтэй, мартагдашгүй дурсамж үлдээсэн амжилт бол 2023 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний дунд насны ангилалд түрүүлж, улсын аварга болсон мөч. Тэмцээний өмнөх орой багш маань бидэнд зөвлөгөө өгч, сандралаа  даван туулах урам хайрласан.  Багш  маань “Маргааш тэмцээн гэж бодолгүй, бэлтгэлээ хийж байгаа юм шиг тайван байгаарай. Сурын харваа гэдэг хэн нэгэнтэй өрсөлдөх биш, өөрөө өөрийгөө ялан дийлэх спорт юм шүү” гэж захисан.Маргааш нь багшийн хэлсэн үгийг бодож, тайван, сандралгүй харваж тэр жилийн анхны амжилтаа гаргаж өөрөөрөө бахархсан.


-Амжилтын ард уйгагүй бэлтгэл байдаг. Бэлтгэлдээ өдөрт хэр хугацааг зарцуулдаг вэ?
-Тухайн өдрийн цаг агаараас шалтгаална. Ширүүн бороо, шуургатай өдөр биш бол өдөр болгон бэлтгэлээ хийдэг.  Мөн сэтгэл зүйгээ ч гэсэн бэлдэх нь чухал. Багш маань “Сэтгэлзүйн бэлтгэл сайтай хүн жинхэнэ харвааг хийдэг” гэж үргэлж хэлдэг.  Багш нараасаа олон зүйлийг мэдэж сурч, өөрийгөө хөгжүүлж байгаа. Аймгийн мэргэн спортын мастер Б.Батцэцэг, аймгийн гарамгай харваач спортын мастер М.Пүрэвдорж багшаасаа ямар ч нөхцөлд  тууштай байж, эхэлсэн зүйлээ заавал  дуусгах ёстой гэдгийг  сурсан.


-Энэ хугацаанд  шантрах үе байсан уу. Тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ? 
-Шантрах, бүр энэ спортоо орхимоор санагдах үе цөөнгүй  байсан. Гэхдээ тэр болгонд намайг үргэлж дэмжиж, үндэсний  сурын спортыг зааж сургасан багш болон гэр бүлийнхнийхээ итгэлийг алдаж болохгүй гэж өөртөө хэлдэг.  Намайг ойлгож, дэмжиж байдаг аав, ээж болон хамгийн эрхэм хоёр багшдаа маш их баярлаж, талархдаг. Мөн анх ямар зорилго, мөрөөдөлтэйгөөр энэ спортоор  хичээллэж эхэлснээ эргэн санах нь надад хамгийн их урам зориг өгдөг. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа  найзууддаа “Шантрах үе байсан ч сэтгэлийн хаттай байж асуудал бүрийг давж гараад мундаг харваачид болоорой” гэж хэлье.


-Сурын харвааны хамгийн  үнэ цэнтэй, сайхан  зүйл нь юу вэ?
-Хамгийн түрүүнд үндэсний өв соёлоо өвлөж, уламжлуулж яваагаараа бахархдаг. Мөн тэсвэр тэвчээр шаарддаг, асар том, хүндэтгэлтэй, ёс жаягтай, тууштай байдлыг шаарддаг спорт. Энэ спортоор хичээллэж эхэлснээр  би өөрөө өөрийгөө ялан дийлэх, аливаад  даруу, буйр суурьтай хандах, тэвчээртэй байхыг сурсан. 
Бас хүсэл мөрөөдөл  нэгтэй олон найзтай болсон. Анхны  тэмцээндээ оролцохдоо их сандарч байсан ч хамт харваж байсан нэг охин надад сандралаа дарах, алдаагаа хэрхэн засах талаар зөвлөж тусалсан. Тэр үеэс сурын харваа  зөвхөн өрсөлдөөн биш, бие биенээ хүндэлж, дэмжиж хамтдаа хөгждөг спорт гэдгийг ойлгосон.


-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Миний хамгийн том зорилго бол ирээдүйд хоёр багш шигээ олон хүүхдийг хүсэл мөрөөдөлд нь хөтөлж, үндэсний өв соёлоо өвлүүлэн түгээгч сайн харваач, багш болох. Мөн үндэсний сур харвааны оргилд хүрэхийг хүсдэг. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 136 (7878)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn