П.АМГАЛАНБАЯР

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагд­саны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын  36 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадмаар монгол түмэн төрт ёс, өв соёлоо эрхэмлэн, дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.  Нар хур тэгширсэн  энэ жилийн наадмын зүлэг ногоон дэвжээнээ 1024 бөх  хүч баяр, уран мэхийг уралдуулан барилдсан түүхэн онцгой агшин байв.  
Төрийнхөө наадамд барилдан хүссэн цолондоо хүрч, нутаг ус, аав ээж, түмэн олноо баярлуулан,  төрийн есөн хөлт цагаан туг, төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэх нь  хүчит бөхчүүдийн эрхэм мөрөөдөл байдаг. Энэ жилийн баяр наадмаар 23 улсын шинэ цолтон мэндэлж, түмэн олноо баясгалаа.Ард түмнийхээ хайр хүндэтгэл, уухайн дор Ерөнхийлөгчөөс шинэ цолныхоо тэмдгийг гардан  авч, хүндэтгэлийн индрээс  буусан мөчдөө баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Улсын шинэ цолтнуудын сэтгэгдлийг хүргэж байна.

 

"Монгол түмэндээ маш их баярлалаа"

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат,  Даян аварга Б.Орхонбаяр:  
-Төрийнхөө их баяр наадамд 10 даван түрүүлж, Даян аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна. Монгол түмэндээ маш их баярлалаа. Энэ бол ганцхан миний амжилт биш шүү. Намайг өнөөдөр хүртэл түшиж, урам хайрласан аав, ээж, хань , гэр бүл, Сэлэнгэ нутгийн минь зон олон, багш дасгалжуулагчид, нэг галын баг хамт олны минь хамтын хөдөлмөр, зүтгэл юм.

 

"Арслан цолоо баталж, аварга болохын төлөө хичээнэ"

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын арслан Б.Бат-Өлзий:
-Олон жилийн уйгагүй хөдөлмөрөө үнэлүүллээ. Юуны өмнө, аав ээждээ баярлалаа. Наймын давааны шийдвэрлэх барилдааны үеэр цэнгэлдэх даяар намайг дэмжлээ. Монголын ард түмэндээ бүгдэд нь баярлалаа. Өдийг хүртэл дэмжсэн ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, "Мон Тек" констракшны хамт олонд баярлалаа. Цаашид арслан цолоо баталж, аварга болохын төлөө хичээнэ ээ. 

 

"Манай нутгаас улсын цолтон олон төрлөө"

Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын гарди М.Лхагвагэрэл:
-Энэ жил Отгонтэнгэр хайрхны тахилга тохиосон бэлгэшээлтэй сайхан жил байлаа. Манай “Завхан даян” дэвжээний бөхчүүд нэгдсэн бэлтгэл сургуулилтаа сайн хийж улсын цолтон олон төрлөө. Б.Сундуйжав маань улсын заан, А.Нармандах улсын  начин боллоо. Энэ жилийн наадамд 1024 бөх барилдсан болохоор аль болох дээшээ барилдах зорилготой байсан. Хүлээгээд барилдчихлаа.  Жаахан харамсаж байна.   

 

“Зургаагийн даваа хүртэл ам авч барилдсан” 

Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын заан Л.Энхсаруул:
-Улсын заан цол хүртсэндээ  маш их баяртай байна. Аав маань Увс аймгийн Ховд сум, ээж маань Ховд аймгийн Үенч сумын харьяат хүмүүс, “Увс” нуур дэвжээний хамт олон болон намайг үргэлж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. 
Энэ жилийн наадамд өсөх идэр чимэгтэй  байсан болохоор 1024 бөхийн барилдааны  зургаагийн даваа хүртэл ам авч барилдсан. 

 

"Төрийнхөө наадамд түрүүлж, дархан аварга болох мөрөөдөлтэй"

Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, улсын заан  Б.Сундуйжав:
-Ерөнхийлөгчөөс цолоо гардан авах мөч  үнэхээр сайхан байлаа. Мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж чадсандаа баяртай байна. Дөрвийн даваанд улсын аварга О.Хангайтай барилдаж давсан нь  надад их урам зориг өгсөн. Аварга маань “ Улсын цолонд хүрээрэй, миний дүү” гэж ерөөлтэй сайхан үг хэлээд,  тахимаа өгсөн.  Миний  хамгийн том зорилго бол төрийнхөө наадамд түрүүлж, дархан аварга болох мөрөөдөлтэй. 

 

“Зааны эрэмбэтэй  бөх, заан болно оо” хэмээн бэлгэшээж байсан"

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын заан  Д.Алтанцоож:
-Цэргийн наадамд түрүүлж бадрангуй цол хүртэхэд хүмүүс  “Зааны эрэмбэтэй бөх, заан болно оо” хэмээн бэлгэшээж байсан. Тэр ерөөлөөр зүлэг ногоон дэвжээ минь ивээж, улсын заан хэмээх эрхэм цол хүртлээ. Би Г.Бадрах  найзтайгаа 2011 онд бөхийн спортод хамтдаа хөл тавьж байлаа. Өдий хүртэлх 15 жилийн урт замыг хамтдаа туулсан найз маань тавын даваанд намайг улсын цолтны эгнээнд алхуулж өглөө.

 

"Төрийнхөө наадамдаа тав дахь жилдээ барилдлаа"

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын харцага Б.Түвшинтөгс:
-Улсын баяр наадамдаа тав дахь жилдээ барилдаж, улсын харцага цол хүртсэндээ маш их баяртай байна. Энэ жил манай “Булган” дэвжээнийхэн Баасандорж, Ёндонсамбуу  багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийсэн. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, эмээ, өвөөдөө, үргэлж дэмжиж байдаг ах эгч, гэр бүл, найз нөхөддөө болон бэлтгэл сургуулилт хангаж өгсөн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

 

"Даваа бүрд хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан"

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, улсын  харцага Э.Мөнхжаргал: 
-Энэ жил “Бөх билэгт” дэвжээнийхээ бэлтгэлийн баазад хоёр багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, цолоо ахиулсандаа баяртай байна.  Дараагийн удаа улам их  хичээж, цолоо баталж ахиулахын төлөө барилдана. Энэ  жилийн 1024 бөхийн барилдаанд бөхчүүд маань бэлтгэл сургуулилтаа жигд сайн хийж,  даваа бүрд хүчтэй өрсөлдөгчидтэй барилдлаа. 

 

"Үнэн шударга, сайхан  барилдаан боллоо"

Архангай аймгийн Тариат сумын харьяат, улсын харцага Ө.Батсуурь:
-Энэ жилийн 1024 бөхийн барилдаан  үнэн шударга, сайхан боллоо. Би энэ жил түрүүлнэ гэсэн зорилго сэтгэлзүйтэйгээр барилдсан.  Сайхан барилдаж, улсын цолонд хүрч, цолоо ахиулсандаа  баяртай байна. 

 

"Н.Наранбаяр, Б.Элбэг багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийсэн"

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, улсын начин Э.Мөнхбаатар:
-Энэ жил би Говьсүмбэр аймгаасаа төрсөн  гурав дах улсын цолтон боллоо. Улсын арслан Д.Азжаргалаас хойш 20 жилийн дараа  манай аймагт улсын цолтон төрлөө. Н.Наранбаяр, Б.Элбэг багшийнхаа удирдлага дор баяр наадмынхаа бэлтгэлээ хийсэн. Та бүхэн минь төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байж ажил үйлсэд нь амжилт хүсье.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 136 (7878)