“Зууны мэдээ” сонин долоодугаар сарын  “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа цахим орчин дахь хууль бус агуулга, хуурамч хаяг, түүний нөлөөлөл, зохицуулалтын асуудлыг хөндөж байна.  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цахим орчин дахь хууль бус агуулга, хаягуудыг цэгцлэх ажлын хэсэг байгуулсан.  Хууль бус хортой контент, худал мэдээлэл, хуурамч хаяг, бот сүлжээнүүд монголчуудын оюун санаа, дотоод аюулгүй байдал, хүүхэд, гэр бүл, үндэсний өв соёл, хүний нэр төр, төрийн институцын дархлаанд сөргөөр нөлөөлж байна гэдэгтэй та санал нийлэх үү, төрийн ямар зохицуулалт шаардлагатай байна вэ.  Энэ тухай 20 экспертийн байр суурийг хүргэж байна.

 

Л.Галбаатар: Цахим орчныг цэгцлэх нэрээр хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих вий

“ Глоб Интернэшнл төв”-ийн хуульч 

-Цахим орчинд хууль бус агуулга, хуурамч хаяг болон зохион байгуулалттай бот сүлжээ идэвхжиж, хүүхдийн аюулгүй байдал, хүний нэр төр, нийгмийн итгэлцэлд сөрөг нөлөө үзүүлж байгаатай санал нийлнэ. Төр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч аюулгүй байдлыг хангах нэрээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах суурь эрхийг хязгаарлах эрсдэлээс сэргийлэх ёстой. Төрийн аливаа зохицуулалт Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн стандартад бүрэн нийцсэн байх шаардлагатай. Энэ чиглэлд дараах зохицуулалт, хандлага шаардлагатай гэж үзэж байна. Үүнд, Хуулийн засаглал ба шүүхийн хяналт: Цахим орчинд үг хэлэх, мэдээлэл авах эрхийг төрийн захиргааны байгууллага дур зоргоороо хязгаарлахгүй байх баталгааг бүрдүүлэх, зөвхөн хуульд заасан тодорхой үндэслэлээр, шүүхийн хяналт дор хууль бус агуулгыг зааглан зохицуулах. Хоёрдугаарт, платформын хариуцлага ба хамтын ажиллагааны хүрээнд  Олон улсын технологийн компаниудтай (Meta, Google г.м) албан ёсны суваг нээж, хуурамч хаяг болон бот сүлжээг тэдгээрийн үйлчилгээний нөхцөл, дүрмийн хүрээнд устгуулах, хязгаарлуулах механизмаар ажиллах. Тэдний алгоритмын ил тод байдлыг шаардах. Түүнчлэн иргэдийн мэдээлэл авах, нягтлах чадварыг дээшлүүлэх чиглэлд хориглох, цэгцлэхээс илүүтэй иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах, түгээхэд чиглэсэн боловсролыг дээшлүүлэх, баримтыг нягтлах механизмыг дэмжих нь нийгмийн дархлааг дэмжих үндсэн шийдэл юм. 

 

С.Амарсайхан: 400 мянган хуурамч хаягийг илрүүлэн шалгаж байна

ХЗДХ-ийн сайд 

-Цахим гэмт хэргийн өсөлт ноцтой хэмжээнд хүрсэн. 2025 оны эхний зургаан сард найман мянга орчим цахим гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2026 оны мөн хугацаанд нийт гэмт хэргийн 34.4 хувь буюу есөн мянга гаруй хэрэг цахим орчинд үйлдэгджээ. Үүнтэй холбоотойгоор хууль, хяналтын байгууллага болон харилцаа холбооны салбарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, цахим орчин дахь зохион байгуулалттай гэмт хэрэг, хуурамч хаягийн ард байгаа этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Монгол дахь 2.7 сая орчим фэйсбүүк хаягийн 400 мянга орчим нь   хуурамч хаяг байна. Эдгээр хаяг худал мэдээлэл тарааж, иргэдийг талцуулан, нийгмийн итгэлцэл, үндэсний эв нэгдэл, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Тэд монгол эрчүүд нь анхиагүй, эмэгтэйчүүд нь ёс суртахуунгүй, бизнес эрхлэгчид нь луйварчин, улстөрчид нь хулгайч, хүүхэд залуус нь яахаа алдсан гэсэн нийтээр нь харлуулах мэдээллийг гаднын байгууллагаас зохион байгуулалттай түгээж байна. Ийм хаягийн ард байгаа этгээдүүд нуугдах газаргүй болгож, бүгдийг нь илрүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 

 

Г.Энхболд: Дэлхийн ихэнх орон иргэдээ цахим хортой орчноос хамгаалах эрх зүйн зохицуулалттай байдаг

“20К клуб”-ын тэргүүн

-Цахим платформуудаар дамжуулан үндэстний эв нэгдлийг хагалан бутаргах, талцуулах, олон нийтийн дунд хэрүүлийн өгөөш болохоор мэдээлэл албаар шидэх, гадны санхүүжилттэй, зорилготой тролл, ботын баг ажиллуулах, үүнд зарим нэг хэвлэлийн байгууллагууд нэгдэж сэвэх, хувь хүний нэр хүнд, орон зайг үл хүндлэн урт хугацаанд нэр хоч зүүж шившиглэх, тамгалах, олон нийтийг төөрөгдөлд оруулан манипуляци хийх зэрэг үйлдлүүд удаа дараа давтагдаж байна.  Энэ нь сүүлдээ жирийн зүйл мэт болтлоо гажсан цахим орчинд бид амьдарч байна. Дэлхийн ихэнх орнууд иргэдээ сошиал хортой орчноос хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах стратеги, хууль, эрх зүйн зохицуулалттай байдаг. Удаан хугацаанд эрүүл бус цахим орчинд байснаар иргэд бухимдах, зохиомол стресс үүсэх, цаашлаад сэтгэцийн хувьд ядрах, гэмтэх аюултай гэж үздэг тул төрөөс анхаарч зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Манай орон шиг ямар ч хамгаалалтгүй цахим орчинтой улс дэлхийд ховор байх.

 

Ж.Өнөмөнх: Энэ хуулийн шийдэл олон нийтэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэж байна 

NTV Телевизийн Медиа хөгжлийн газрын захирал

-Цахим сүлжээг хөгжилдөх зорилгоор олноор нь нээдэг хүн цөөн. Хэн нэг хүн олон хаягтай байснаар хожоод байдаг зүйл байхгүй. Зохион байгуулалттай хуурамч хаягуудыг гол хөлслөгч нь түлхүү улс төрийн сэдэлтэй, санхүүгийн нөөцтэй этгээдүүд л байдаг. Манай улс ардчиллын индексээр байр ухрахад ч “Төрийн оролцоотой хуурамч мэдээлэл” гурав дахь бууруулагч үзүүлэлт болж байв. 
Баталгаажуулсан ганцхан хаягтай байна гэдэг зөв шийдэл мэт сонсогдож болно. Гэхдээ нийгэм, улс төрийн өндөр идэвхтэй үед олширдог хуурамч хаягуудыг хэн захиалдаг бол, сонгуулийн үеэр нэг ухуулагчийг 50, 100 хаягтай байх даалгаврыг хэн өгдөг бол гэдгийг өөрсдөөсөө нэг асуумаар. Биднийг жил дараалсан сонгууль хүлээж байна. Энэ үеэр хэний амыг үдээд, хэний хуурамч хаягууд идэвхтэй ажилласаар байх вэ гэдгийг гайхаж байна. 
Хуурамч мэдээлэл манай ардчилалд тулгамдсан бодит бэрхшээл мөн. Гэхдээ арга зам нь нэрээ нууцалж шүгэл үлээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг сулруулж болохгүй. Гол зорилго нь ямар нэг цоорхой ашиглаад ажилласаар байх зохион байгуулалттай цахим бүлэглэлүүдийн эсрэг чиглэсэн байх хэрэгтэй болов уу. Манай засаглал сул, иргэд нь хурц үгтэй, улстөрч нар эмзэг, мэдээллийн боловсрол сул. Төр бодлогын хүрээнд өдий хүртэл олон нийтийн мэдээллийн боловсролд анхаарч ирсэн бол ийм дээрээ тулахгүй л байсан. Миний хувьд одоо яригдаж байгаа шийдэл олон нийтэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэж байна. 

 

Г.Алтанзул: Зарчмын хувьд зөв ч бодит байдал дээр хэрэгжихэд хүндрэлтэй

Tamir AI  үүсгэн байгуулагч Accepted llc гүйцэтгэх захирал

-Зарчмын хувьд бол зөв санал. Гэхдээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд нэлээд хүндрэлтэй. Учир нь Facebook зэрэг олон улсын нийгмийн сүлжээний платформуудыг зөвхөн нэг улсын хэмжээнд бүрэн хянаж, зохицуулах боломж бараг байхгүй. Хятад улс Facebookийг өөрийн нутаг дэвсгэрт хориглосон ч тус улсад аялж, түр хугацаагаар оршин суугаа гадаадын иргэд VPN болон олон улсын дата SIM ашиглан уг платформд чөлөөтэй нэвтэрч, ашигласаар байна. Өөрөөр хэлбэл, техникийн боломжийг ашиглан аливаа хязгаарлалтыг тойрч гарах арга зам үргэлж байдаг гэсэн үг. Үүнтэй адил Монгол Улсад Facebook-ийн хэрэглэгчийг зөвхөн нэг хаягтай байхыг хуульчилж, зохицуулах санал гарлаа гэж бодъё. Онолын хувьд зөв мэт сонсогдох боловч бодит хэрэгжилт дээр хүндрэл ихтэй. Хэрэглэгч өөр улсыг сонгон бүртгүүлэх, VPN ашиглах, эсвэл өөр цахим шуудан, утасны дугаараар дахин бүртгэл үүсгэх боломжтой. Ингэснээр хуурамч болон олон давхар хаяг нээхийг бүрэн зогсоох боломжгүй. Тиймээс ийм төрлийн зохицуулалт нь асуудлыг үндсээр нь шийдэхээс илүүтэй хэрэгжилт багатай, биелүүлэхэд хүндрэлтэй хууль, арга хэмжээ болох эрсдэлтэй. Цахим орчин дахь хуурамч хаяг, худал мэдээллийн асуудлыг зөвхөн хориглох, хязгаарлах арга замаар бус, платформуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, хэрэглэгчийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, хууль зүйн болон техникийн шийдлүүдийг хослуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байх болов уу.

 

Х.Номингэрэл: Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөөг зохицуулах нь эрсдэлтэй

“Гэрэгэ” бодлогын хүрээлэнгийн захирал, хуульч

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын танилцуулсан мэдээллийг харахад цахим орчинд илэрч буй олон өөр шинжтэй үзэгдлийг цахим орчинд хяналт, хаалт тогтоох замаар шийдвэрлэх боломжтой мэт ойлголт төрүүлж байна.
Цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, цахим залилан, кибер халдлага, хувийн мэдээллийг хууль бусаар тараах, зохион байгуулалттай мэдээллийн манипуляци зэрэг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд төрөөс тусгай чадавх, үр нөлөөтэй мөрдөн шалгах ажиллагаа шаардсан бодит аюул мөн. Энэ чиглэлд төр үр дүнтэй ажиллах нь зүй ёсны үүрэг. Харин улс төрийн үзэл бодол, шүүмжлэл, олон нийтийн хэлэлцүүлэг нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөөний хүрээнд хамаарах тул хяналт, хаалтын арга хэрэгслээр зохицуулах ёсгүй. Иймээс асуудал бүрийг өөрийн онцлогт тохирсон хууль, институц, бодлогын арга хэрэгслээр шийдвэрлэхээс бус, цахим орчныг бүхэлд нь хязгаарлах замаар шийдвэрлэх боломжгүй. "Нэг хүн-нэг сошиал хаяг" зэрэг ерөнхий шаардлага, эсвэл төрд агуулга устгах, хаяг хаах өргөн эрх мэдэл олгох нь эдгээр асуудлыг шийдэхгүйгээс гадна иргэд, сэтгүүлчид, судлаачид, улс төрийн оролцогчид өөрийгөө цензурдах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс зайлсхийх сөрөг нөлөөтэй. Түүнчлэн иргэдийн цахим мэдээллийг баталгаажуулах нэрээр төвлөрүүлэн цуглуулах нь хувийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлын шинэ эрсдэлийг бий болгоно. "Хортой контент", "худал мэдээлэл" зэрэг тодорхой бус ойлголтоор цахим орчинд өргөн хүрээний хязгаарлалт тогтоохын оронд асуудал бүрийн онцлогт тохирсон, маш тодорхой хуульчилсан, шүүхийн хяналттай зохицуулалтыг бий болгож, хууль сахиулах байгууллагын чадавх, ил тод байдлыг сайжруулах, иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх нь ардчилсан улсын зөв хариулт гэж үзэж байна.

 

Б.Дарамбазар: Европын холбооны туршлагаас суралцах боломжтой

Ирланд улсад суралцаж буй оюутан

-Энэ чиглэлд төр тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ хамгийн чухал нь энэ зохицуулалт хууль бус үйлдэлтэй тэмцэх зорилготой болохоос биш иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага шүүмжлэлтэй мэдээлэл хүргэх эрхийг хязгаарлах хэрэгсэл болж болохгүй. “Хууль бус контент” гэдэг ойлголтыг хэт ерөнхий байдлаар ашиглавал хэн нэгний шүүмжлэл, өөр байр суурийг хүртэл буруугаар тайлбарлах эрсдэлтэй. Тиймээс ямар контентыг хууль бус гэж үзэх, ямар тохиолдолд арга хэмжээ авахыг хуульд тодорхой тусгаж, шийдвэр гаргах үйл явц ил тод, хяналттай байх нь чухал. Энэ тал дээр Европын холбооны туршлагаас суралцах боломжтой гэж боддог.

 

Ё.Бямбатогтох: Үндэсний платформтой болох хэрэгтэй

Хуульч

-Сошиал орчинд ёс бус, садар самуун, алан хядлагатай холбоотой контентууд ямар ч хараа хяналтгүй цацагдаж байгаа нь нийгмийн сэтгэл зүй, ялангуяа хүүхэд, залууст маш сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс тодорхой хэмжээнд сошиал орчинд хязгаарлалт байх нь зөв. Зөвхөн сошиал биш, хэвлэл мэдээлэл ч цензүргүй болж, ямар мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг тооцолгүйгээр цацаж байна. 
Мөн хүний нэр төрд халдсан бол хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээдэг байх ёстой. Бүх асуудлыг зөвхөн хуулиар зохицуулна гэсэн ойлголт буруу. Эцсийн зохицуулалт нь хууль боловч хамгийн түрүүнд нийгмийн сэтгэл зүйг зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Үнэхээр иргэдийн ашиглаж байгаа сошиалыг хянаж чадахгүй байгаа бол дотоодын үндэсний платформтой болох хэрэгтэй.

 

Э.Баасандорж: Иргэний үнэмлэхээр хаягаа баталгаажуулах шийдэл нь нөлөө багатай санагдаж байна 

МУИС-ийн философийн тэнхимийн багш 

-Дэлхий нийтээр цахим орчин дахь хуурамч мэдээ, хуурамч хаягуудтай холбоотой асуудлаас болж толгойгоо гашилгаж байна. Хүмүүсийг талцуулах, худал хортой мэдээг газар авхуулах гээд цахим орчинтой холбоотой янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэх аргаа хүн төрөлхтөн эрж, холбогдох компаниуд нь ч чадах зүйлсээ хийж байна. Нийгмийн аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө гэдэг хоёр зүйлийн тэнцвэрийг авч явах их төвөгтэй. Нэгийг нь дээрдүүлье гэхээр нөгөөх нь уначих гээд байдаг. Цахим орчныг зохицуулах нь зөв эсэх тухай асуудал бас үүнд л очиж таарна. Би хувьдаа хүмүүсийг нэг бол замбараагүй цахим орчныг зохицуулахын тулд дээрх санаачилгыг хэрэгжүүлэх нь зөв хэмээн гэнэн байдлаар дэмжих, эсвэл төрийн фобиад автаж бидний эрх чөлөөг үгүй хийх нь гэдэг туйлширсан бодлуудаасаа хөндийрөөд үзэх хэрэгтэй гэж бодож байна. 
Мэдээж төрөөс тодорхой хүний хаягийг хаах боломж нэмэгдэж байгаад болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Үүнд хэт туйлширсан хариу үзүүлэх нь л зохимжтой биш. Бас VPN зэрэг хэрэгслүүд байгаа тул гаднаас бот худалдаж авах боломж байгаа цагт иргэний үнэмлэхээр хаягаа баталгаажуулах арга нь хүмүүсийг хязгаарлаж шалихгүй л болов уу. Жинхэнэ эзэнтэй хаяг байлаа ч цахим орчинд бид зөвхөн монгол хаягаас орсон мэдээллийг үздэггүй учраас хуурамч мэдээллийн асуудлыг ч шийдэж чадахгүй байх. 
Тэгэхээр энэ шийдэл нь нөлөө багатай, дэмий мөнгө үрсэн л үйлдэл болох юм шиг санагдлаа. 

 

Л.Данзанноров: Ардчилсан төрийн үүрэг нь хяналт тогтоохдоо биш, хүний эрхийг зөрчихгүйгээр зохицуулалт хийх юм

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч

  -Цахим орчин дахь хууль бус агуулга, хуурамч хаяг,  залилан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүний нэр төрд хууль бусаар халдсан мэдээлэл зэрэг нь  хувь хүний эрхийг зөрчихөөс гадна нийгмийн итгэлцэл, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, эмх замбараагүй байдал, талцал хуваагдлын шалтгаан болох, цаашилбал үндэсний аюулгүй байдалд ч  сөргөөр нөлөөлөх  эрсдэлтэй. Ардчилсан төрийн үүрэг нь хяналт тогтоохдоо биш, хүний эрхийг зөрчихгүйгээр зохицуулалт хийх, хууль бус үйлдлийг шударгаар таслан зогсоох явдал.   Төр тодорхой хэмжээнд зохицуулалт хийж болох ч  мэдээлэлд цензур тогтоож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг ардчиллын үнэт зүйлсийг үгүй хийх эрсдэлтэй. Төрийн хяналт хэтрэх нь аль ч салбарт эрсдэл дагуулдаг учраас үр дагаврыг нь тооцох хэрэгтэй юм.  Эрх зүйн зохицуулалтын хүрээнд нэн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэх, хүчирхийлэлд уриалсан агуулга, хувийн нууцтай холбоотой мэдээллийг олон нийтэд хууль бусаар задруулах, хүүхдийн бэлгийн мөлжлөг, цахим залилангийн шинжтэй мэдээлэл, гүтгэлэг  зэрэг хууль бус мэдээллийн ангилал шалгуурыг тодорхой тусгаж, дээрх агуулга бүхий мэдээлэлд л хяналт, хязгаарлалт тогтоох шаардлага бий болсныг үгүйсгэхгүй.  Ингэхдээ контент, пост, мэдээллүүдийг устгах шалгуур маш тодорхой ойлгомжтой байх, үндэслэлээ ил тодорхой зарладаг, тайлбарладаг байх, олон нийтэд түгээхийг хязгаарласан, устгасан үндэслэлтэй санал нийлэхгүй бол тухайн иргэн шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх боломжтой байх нь зүйтэй. Үүнийг хуулиар зохицуулахдаа Үндсэн хуулиар баталгаажсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болгож болохгүй. Хуульд “хууль бус контент”, “хортой агуулга”, “худал мэдээлэл” гэх зэрэг ойлголтуудыг хоёрдмол утгагүйгээр, маш тодорхой, эргэлзээ төрүүлэхгүй байдлаар тусгахгүй бол хууль хэрэгжүүлэгч, албан тушаалтнуудын зүгээс иргэдийн шударга шүүмжлэл, хуулийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн асуудал болон эрүүл, чөлөөт сэтгүүл зүйг дур зоргоороо боомилох эрсдэл үүсгэнэ. Иймд энэ асуудалд хууль тогтоогчдын зүгээс туйлын болгоомжтой хандаж, хүний эрх, эрх чөлөөний асуудал болон үндэсний аюулгүй байдал, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилго зэргийн тэнцвэрийг харгалзан үзэх ёстой.

 

Ч.Анар: Олон оронд хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах бодлого хэрэгжүүлж байна

УИХ-ын гишүүн 

-УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран цахим орчим хүүхдийн хэрэглээг хязгаарлах хуулийн төсөл өргөн бариад байна.  Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Зарим нь “иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах гэж байна”, “контентод цензур тогтоох гэж байна”, “хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна” гэх мэтээр тайлбарлаж байгаа. Гэвч эдгээр нь уг хуулийн зорилго, зохицуулалтыг буруу ойлгосон тайлбар юм. Ер нь  иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах тухай биш. Харин хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой зохицуулалт юм. Тодруулбал, 13 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нас баталгаажуулах тогтолцоог бий болгох, эцэг эхийн хяналт, платформуудын хариуцлагыг тодорхой болгоход чиглэж байна. Өнөөдөр дэлхийн олон оронд хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах чиглэлээр ижил төстэй зохицуулалтуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улс ч мөн энэ чиг хандлагад нийцүүлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах, цахим орчны эрсдэлийг бууруулах зорилгоор энэхүү зохицуулалтыг хуульчилж байгаа бөгөөд энэ нь үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахтай адилтгах асуудал биш юм.

 

Б.Бат-Ирээдүй: Хязгаарлалт хийх бус, тэнцвэрийг хадгалсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй 

Иргэн

-Иргэдийг төөрөгдүүлэх, хүүхэд залуусын хүмүүжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, нийгэмд үл итгэх байдал үүсгэх хууль бус цахим орчны асуудалд анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Гэхдээ ийм асуудлыг шийдвэрлэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй байх нь хамгийн чухал зарчим юм. 
Төрөөс хууль бус контентыг устгах, хуурамч хаяг болон зохион байгуулалттай бот сүлжээг илрүүлэх, цахим платформуудтай хамтран ажиллах эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Үүний зэрэгцээ шийдвэр гаргах үйл явц ил тод, шүүхийн болон хараат бус хяналттай байх ёстой. Мөн иргэдийн цахим боловсролыг нэмэгдүүлж, мэдээллийн эх сурвалжийг нягталж сурах чадварыг хөгжүүлэх нь урт хугацаанд хамгийн үр дүнтэй арга хэмжээ болно. Иймээс цахим орчны аюулгүй байдлыг хангах нь зөвхөн хязгаарлалт хийх асуудал биш, харин хүний эрх, мэдээллийн эрх чөлөө, үндэсний аюулгүй байдлын тэнцвэрийг зөв хадгалсан бодлого хэрэгжүүлэх асуудал гэж үзэж байна.

 

Б.Сайханзаяа: Хууль сул байгаагаас цахим орчинд хохирч байна

Иргэн

-Тодорхой хэмжээнд зохицуулалт хийх нь зөв. Цахим орчин дахь хууль бус үйл ажиллагаа, хуурамч хаяг, бот сүлжээ, цахим залилан зэрэг нь бодит эрсдэл болж байгаатай санал нийлдэг. Эдгээр нь зөвхөн хувь хүнийг хохироохоос гадна олон нийтийн мэдээлэлд итгэх итгэл, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тухайлбал, цахим залилан, хүний нэр төрд халдах, бусдын зураг ашигласан хуурамч хаяг зэрэг нь  тоогоо алдаж байна. Хууль бус болон хортой агуулгыг хуульд маш тодорхой зааж, ямар тохиолдолд ямар арга хэмжээ авахыг ил тод болгох шаардлагатай. Жишээлбэл, цахим залиланд өртсөн тохиолдолд шуурхай арга хэмжээ авдаг ажлын хэсгээ мөн нэмэгдүүлээсэй гэж бодож байна.  Би өөрөө цахим залилангийн хохирогч болж байсан. Гэсэн ч  хууль сул учир хохироод үлдсэн.

 

Г.Цэрэнжамц: Цахим орчны зохицуулалт нь шүүхийн хяналтад тулгуурлах ёстой

Хуульч, өмгөөлөгч 

-Цахим орчинд хүүхдийн бэлгийн мөлжлөг, цахим залилан, бодит сүрдүүлэг, хуурамч хаяг, бот сүлжээ, хувийн мэдээллийн хууль бус тархалт нэмэгдэж байгаа нь бодит эрсдэл мөн. Гэвч зохицуулалт нь төрийн байгууллага мэдээллийг “зөв”, “буруу” гэж дангаараа үнэлж, устгадаг цензурийн тогтолцоо болж болохгүй. Үндсэн хууль үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг баталгаажуулдаг. Иймээс хууль бус контент, хортой контент, худал мэдээлэл, хуурамч хаяг, бот сүлжээ гэх ойлголтыг нарийвчлан тодорхойлж, үнэлэмжийн шинжтэй өргөн нэр томьёог хязгаарлалтын шууд үндэслэл болгохоос татгалзах шаардлагатай. Нэрээ нууцалсан хаяг бүр хууль бус биш. Хариуцлагыг бусдын нэр, дүр төрх ашигласан, зориуд төөрөгдүүлсэн, автоматжуулсан ажиллагаагаа нуусан, залилан, сүрдүүлэг, хууль бус нөлөөлөлд ашигласан эсэхээр тогтоох нь зүйтэй.

 

Б.Баярмаа: Үндэсний өв соёл хэрэг хэт өргөн агуулгаар хязгаарлах нь маш олон эрсдэл дагуулдаг

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш

-Манай улсад эдгээр харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтууд нь байдаг. Хортой контент, худал мэдээлэл тэдгээрийн эх сурвалжтай холбоотой зохицуулалт Эрүүгийн болон бусад олон хуульд бий. Ганцхан жишээ хэлэхэд, 2025 онд Хүүхэд хамгааллын тухай хуульд эдгээрийг өргөн хэмжээнд зохицуулахаар өөрчилсөн, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Тиймээс одоо байгаа хуулийн давхардал, зөрчил, хэрэгждэггүй зохицуулалтууддаа дүн шинжилгээ хийхээс ажлаа эхлэх ёстой болов уу. 
Ер нь хууль зүйн нэг шинэ сайд, дэд сайд гарч ирээд олны анхаарлын төвд байгаа сэдвийг өмчилж, түүний хуулийн зохицуулалтыг өөрчлөх гэдэг хандлага ажиглагддаг. Өмнөх Засгийн газарт ажилласан Хууль зүйн сайд гэхэд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчилнө гэж нэлээн бужигнуулсан шүү дээ. Үндэсний өв соёл, монголчуудын оюун санаа гэх зэрэг хэтэрхий өргөн агуулгаар мэдээллийг хязгаарлах нь цаанаа маш олон эрсдэл дагуулдаг. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын пактад ч үүнийг хориглосон байдаг юм. “Монголчуудын оюун санаа”, “төрийн институцийн дархлаа” гэдэгт юуг ч оруулж, яаж ч хувиргаж болох учраас ийм өргөн агуулгатай хуулийн зохицуулалтууд нь үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөөний хамгийн том “дайснууд”-ын нэг болдог. Тиймээс ажил хийсэн нэр зүүхийн тулд хөнгөн хуумгай хандах ёсгүй.

 

П.Наранбаяр: Ядаж цахим орчноос хүүхдүүдээ хамгаалах асуудлыг хуульчлах шаардлагатай байна

УИХ-ын гишүүн

-13-аас 16 хүртэлх насны хүүхдийг аюулгүй байдлын тохиргоо болон бусад бүх шаардлагыг хангасан тохиолдолд нийгмийн сүлжээнд хязгаартай байдлаар оруулдаг болох шаардлагатай.  Энэ талаар бид сүүлийн хоёр жил анхаарч ажилласан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй улсад ийм хууль хэрэгжиж байгаа. Хамгийн алдартай жишээ бол Австрали Улс. Тэнд 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд оролцох эрхийг хязгаарласан байдаг. Европын ихэнх орнууд, Бразил, Филиппин, Индонез, Сингапур, Өмнөд Солонгос гэх зэрэг улсууд үүнтэй төстэй хууль батлагдсан байна.  Судалгаанаас үзэхэд дөрвөн цагаас дээш хугацаагаар нийгмийн сүлжээнд байдаг хүүхдийн тоо 30 хувьтай байна. 

 

Б.Цогтгэрэл: Монголд цахим орчин шүүлтүүр, дүрэмгүй, зэрлэг ширэнгийн  хуулиар явж байна

“Шилэн данс” ТББ-ын тэргүүн 

-Дэлхийн аль ч улс оронд өөрийн гэсэн цахим системийн бодлоготой.  Манай хоёр хөршид гэхэд зарим түгээмэл аппууд ажилладаггүй.  Солонгост гэхэд chatgf дэмждэггүй шүү дээ.  Өөрийн үндэсний хөгжүүлэлтээ ашиглах бодлого тэнд хэрэгждэг гэсэн үг.  Энэ нь цахим залилан, терроризм  зэрэг ирж болох цахим  эрсдлээс иргэдээ давхар хамгаалж байдаг.  Харин Монголд цахим орчин маань шүүлтүүр дүрэмгүй, зэрлэг ширэнгийн  хуулиар явж байна. Иргэд маань ялангуяа хүүхэд залуучууд маань цахим буллид өртөж байна.  Иргэд маань санхүүгийн луйврын тойрогт орж, сэтгэл санааны гүн  дарамтад орж байна.  Тэгэхээр бид төрийн зохицуулалт хяналтыг хэрэгжүүлэх л шаардлагатай. Монголчууд саран дээр амьдраагүйгээс хойш олон улсын зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай.

 

Я.Батхүү: Сэтгэл гутрал, архаг түгшүүрт хүргэх эрсдэл дагуулдаг 

Сэтгэл зүйч 

 -Иргэд цахим орчинд залилангийн хохирогч болсноо мэдээд  хүн сэтгэл зүйн шууд хохиролд ордог. Жишээлбэл, цочирдож, итгэж чадахгүй  алмайрчихдаг. Тодруулбал, хувийн мэдээллээ алдчих вий  гэсэн маш их айдсыг мэдэрдэг гэсэн үг. Мөн их хэмжээний мөнгө алдсанаасаа үүдэн  гэр бүлтэйгээ маргах, буруутгах зэргээр  гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх нь бий. Энэ байдал нь удаан үргэлжилбэл,  сэтгэл гутрал, сэтгэл зүйн архаг түгшүүрт  хүргэх эрсдэл дагуулдаг. 

 

 П.Пүрэвханд: Иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх нь мөн чухал болов уу  

Иргэн

-Цахим орчинд хууль бус, хортой агуулга, худал мэдээлэл, хуурамч хаяг, бот сүлжээ нэмэгдэж байгаа нь бодит асуудал болсон. Ялангуяа баталгаагүй мэдээлэл маш хурдан тархаж, хүмүүсийг төөрөгдүүлэх, бусдын нэр хүндэд халдах, нийгэмд үл ойлголцол үүсгэх тохиолдол цөөнгүй байна. Хүүхэд, өсвөр үеийнхэн ч хяналтгүй орчинд насанд нь тохироогүй, сөрөг агуулгад өртөх эрсдэл өндөр болсон. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхдээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэмжээнд хүрч болохгүй гэж бодож байна. Тиймээс төрийн зүгээс хууль бус агуулга, залилан, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, кибер гэмт хэрэг, хуурамч бот сүлжээ зэрэг хууль зөрчсөн үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ ямар агуулгыг хууль бус гэж үзэх шалгуур нь ил тод, ойлгомжтой байх шаардлагатай гэж бодож байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 136 (7878)