“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна.  Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн  ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг.  Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна. 

 

Иргэн н.Баярмаа: Ерөнхийлөгч нь “Тэр бум мод” үндэсний хөтөлбөрийг санаачлаад харин Нийслэлийн Засаг дарга нь мод устгаад байгааг ойлгохгүй байна

 

Энэ талаар анх гуравдугаар сарын 12-нд Хан-уул дүүргийн иргэн цахим хаягтаа Туулын бургасыг тайрч байгаа талаар нийтэлсэн байсныг хараад мэдсэн. 1111 рүү залгаж мэдэгдэхэд Байгаль орчны яам нь мэдээгүй байсан гэх хариу өгсөн. Тийм учраас энэ хурдны замыг хууль бус гэж үзэж байна. Экологийн цагдаа нар юу хийж байна вэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” гэх төсөл санаачилж их хэмжээний зардал гаргаж байхад, нөгөө талд нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нэг хэсгийг нь устгаж байна. Бүтээн байгуулалт хийнэ гэж байсан. Сэлбэ голын одоогийн байдал нь өмхийрсөн шавар шалбааг л болсон. Сэлбэ гол, Дундголд бүтээн байгуулалт хийж иргэдэд амарч салхилах тухтай орчин бүрдүүлэх байх гэж итгэж байсан. Алтан зам байгаад ус байхгүй бол бид яах вэ. Монгол улс уудам газар нутагтай, хурдны зам барьж болох олон боломжууд байгаа. Гэтэл яагаад зөвхөн Туул голын дагуу вэ барина гэж зүтгээд байгааг гайхаж байна. Иргэд бид эцсээ хүртэл эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn