“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна.  Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн  ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг.  Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Сөрөг хүчний саналыг үл харгалзан хүч түрэн шийдвэрлэсэн

 

-Сүүлийн үед Туулын хурдны замын асуудлаар нийгмийн сүлжээнд ид хэлэлцүүлэг өрнөж байна. Тус төслийн 32 км замыг 668 сая ам.долларын гадаад зээлээр санхүүжүүлнэ гэдгийг олон талаас нь маш сайн хэлэлцэж ус, тосыг нь ялгасны дараа гаргах шийдвэр. Төсөвт өртөг 668 сая ам.доллар гэдэг нь ойролцоогоор Монгол улсын ДНБ-ний гурван хувьтай  тэнцэх дүн бөгөөд ийм хэмжээний гадаад зээлийн улмаас эрсдэлд орсон гадаад улсын бэлэн жишээ ч байна. Тухайлбал, Шри Ланка улс Хамбантота боомтыг ч бас анх хөгжлийн том төсөл гэж л эхлүүлсэн бөгөөд нийт төсөвт өртөг 1.3 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн Шри Ланка улсын ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх хэмжээний дүн байсан. Уг төсөл хэрэгжиж боомт ашиглалтад орсон хэдий ч төсөөлсөн эдийн засгийн үр ашгийг гаргаж чадаагүйн улмаас улс орон нь гадаад зээлийн дарамтад орж улмаар боомтоо 99 жилийн түрээст шилжүүлсэн буюу үндсэндээ гадаад улсад алдсан байдаг. Бэлэн ийм жишээ байсаар байхад эрх баригч намын зүгээс тус төслийг санхүүжүүлэх Засгийн газрын гадаад зээлийн өрийн баталгаа гаргах асуудлыг 2025 оны улсын наадмын өмнөхөн УИХ-д оруулж ирж сөрөг хүчний саналыг үл харгалзан хүч түрэн шийдвэрлэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn