“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна.
Зам тээвэр судлаач Э.Тэмүүжин:Туулын хурдны зам ашиглалтад орлоо ч түгжрэлд нөлөөлөхгүй
-Бүтээн байгуулалт бол хөрөнгө мөнгөөр биш үр дүнгээр л хэмжигддэг зүйл. Туулын хурдны зам бол Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахгүй. Учир нь хурдны зам гэдэг бол Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах руу дамжин өнгөрөх л зам. Хотын төвийн түгжрэлийг сааруулахгүй бөгөөд ашиглалтад орлоо ч түгжрэлд нөлөөлөхгүй. Улаанбаатар хотод өдөртөө 450-500 мянган автомашин зорчиж байна гэх судалгаа бий. Албаны хүмүүстэй мэтгэлцээнд ороход өдөрт 180 мянган тээврийн хэрэгсэл Туулын хурдны замаар зорчих тооцоололтой байна гэж байгаа юм. Тэгвэл Энхтайвны өргөн чөлөө 180 мянгаас их бага эсэхийг “хэлж мэдэхгүй” байна гэж ам алдсан тохиолдол байгаа. Ихэнх хүмүүс мэдэхгүй байгаа учраас их мөнгөөр л юм хийх гээд байна гэж ойлгож байгаа байх. Гэхдээ үүний цаана худал хуурмаг, хулгай луйвар байх вий л гэж хардаж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn