П.Лхагважаргал
Америкийн Үндэсний Их Сургууль нь сүүлийн 15 жилийн хугацаанд 200 гаруй монгол оюутанд чанартай боловсрол олгож, дотоодын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уг сургуулийн ерөнхийлөгч, доктор Фрэнк Лонгакэр манай улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд энэ дашрамд тус сургуулийн онцлог, цаашдын хамтын ажиллагааны талаар түүнтэй өрнүүлсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
-Та Америкийн Үндэсний Их Сургуулийн Ерөнхийлөгчөөр 50 гаруй жил ажиллаж байна. 1975 оноос хойш энэ урт хугацааны замналаа эргэн харахад таны мэргэжлийн хамгийн үнэ цэнтэй, сэтгэл ханамжтай мөч юу байсан бэ?
-Жил бүр төгсөгчдөд дипломыг нь гардуулан зогсох мөч хамгийн нандин, сэтгэл догдлом байдаг. Оюутнууд маань олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлж гэр бүлийнхэн нь бахархан суугааг харах үнэхээр бахдалтай сайхан. Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр оюутнуудын хувцаслалт, гадаад төрх өөрчлөгдсөн ч тэдний хувь хүний төлөвшил, нийгэмд хэрэгтэй зүйл бүтээх гэсэн эрмэлзэл нь хэвээр байдаг гэж боддог.
-Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд зөвхөн Америк гэлтгүй Монголын дээд боловсролын салбарт асар их өөрчлөлт орж байна. Жишээ нь, технологийн хувьсгалаас эхлээд оюутнуудын дээд боловсрол эзэмших боломж нь илүү өргөн болжээ. Энэ их өөрчлөлттэй зэрэгцэн Америкийн Үндэсний Их сургууль оюутнууд болон ажил олгогчдын дунд өдөр тутам өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахын тулд хэрхэн хувьсан хөгжиж байна вэ?
-Өнөө үед техник, технологи асар хурдтай хөгжихийн хэрээр хүмүүс дээд боловсролд олон жил их хэмжээний зардал гаргахаас зайлсхийх хандлага ажиглагдах болсон. Гэвч би үүнтэй санал нийлдэггүй. Мэдээж бид технологийн тусламжтайгаар өдөр тутмын олон зүйлийг бие даан сурах боломжтой. Жишээлбэл, машин эвдэрлээ гэхэд “Youtube”-ээс бичлэг үзээд ямар асуудал гарсныг төвөггүйхэн мэдэж болно. Гэхдээ үүнтэй төстэй хэр нь өөр алдаа машинд гарлаа гэхэд илүү нарийвчилж үзэх мэдлэг шаардана. Өөрөөр хэлбэл, дараагийн шатны боловсрол эзэмших хэрэгтэй гэсэн үг. Тиймээс чанартай, үнэ цэнтэй боловсролыг гагцхүү өндөр ур чадвартай профессор, судалгааны сурах бичиг, харилцан суралцах хамт олны дунд эзэмшдэг.
-Тэгвэл энэ 50 гаруй жилийн хугацаанд манлайллын ямар зарчим хамгийн чухал байсан бэ. Эдгээр зарчим нь сургуулийн урт хугацааны амжилтад хэрхэн нөлөөлсөн гэж та үздэг вэ?
-Сургуулиа өдийг хүртэл амжилттай удирдан чиглүүлэхэд өмнөх удирдлагуудын туршлага, замнал суурь болсон гэж боддог. Миний баримталдаг зарчим бол ямарваа шийдвэр гаргахаасаа өмнө нэн түрүүнд оюутнуудад маань хэр нийцтэй вэ гэдгийг сайтар бодох юм. Дараа нь багш, ажилчдын эрх ашиг, эцэст нь сургуулиа боддог. Хэрэв хамгийн түрүүнд өөрийн эсвэл байгууллагынхаа эрх ашгийг бодвол хөгжил дэвшил хэзээ ч гарахгүй.
-Сүүлийн 15 жилийн хугацаанд Америкийн Үндэсний Их Сургуульд 200 гаруй монгол оюутан залуус суралцаж, төгсөн мэргэжлээрээ Монгол болон Америк улсад амжилттай ажиллаж байна. Монгол Улс болон Америкийн Үндэсний Их Сургуулийн хооронд энэ онцгой түнш хэрхэн бий болов?
-Манай сургууль анх Америкийн жижиг коллеж хэлбэрээр үүсгэн байгуулагдсанаасаа хойш 140 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байна. Монгол Улс харьцангуй хүн ам багатай учир оюутан бүртэй тулж ажиллахад хялбар байдаг. Нөгөөтээгүүр, далайд гарцгүй, газарзүйн алслагдмал байдал нь залууст гадаадад суралцахад хүндрэл учруулдаг байж болох юм. Тиймээс манай сургууль аливаа бэрхшээлийг үл харгалзан дээд боловсролыг тэгш хүртээмжтэйгээр олгохыг зорьдог учраас хамтарч ажиллахад таатай байдаг.
-Олон жилийн турш монгол оюутнуудтай хамтран ажиллахад тэдний зан чанар, чадварыг та онцлог санагдаж байв уу. Ялангуяа бусад улсын оюутнуудтай харьцуулахад?
-Монгол оюутнууд суралцах явцдаа хичээл бүртээ их ач холбогдол өгч, хичээнгүйлэн суралцдагаараа бусад орны оюутнуудаас ялгардаг. Мөн тэд сургуулийн дүрэм, журмыг чанд мөрддөг, хариуцлагатай зан чанартай. Миний анзаарснаар олон улсын оюутнуудын сурлагын түвшин ялгаатай байх тохиолдол гардаг бол, манай сургуулийн монгол оюутнууд нийтээрээ жигд амжилттай суралцаж, төгсдөг. Тэд хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай, өндөр ур чадвартай мэргэжилтэн болж чаддаг нь бахархмаар санагддаг.
Америкийн Үндэсний Их Сургууль аливаа шийдвэр гаргахдаа оюутнуудынхаа эрх ашгийг хамгийн түрүүнд бодож, тэдэнд нийцтэй, уян хатан байдлыг нэн түрүүнд хардаг
-Та Монголд анх удаа айлчилж байна. Таны Монгол дахь таны айлчлалын гол зорилго юу байв. Энэхүү айлчлалаар ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ?
-Энэхүү айлчлалаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар зорьсон. Ингэснээр уг аймгийн 18-аас дээш насны бүх иргэн манай сургуулийг сонгон суралцах боломжтой болно. Шаардлага хангасан суралцагчид 50 хувийн сургалтын тэтгэлэг, Америкийн Үндэсний Их Сургуульд суралцах 25 хувийн тэтгэлгийг тус тус олгох буюу нийт 75 хувийн тэтгэлэгтэйгээр Америкийн Үндэсний Их Сургуульд боловсрол эзэмших боломж бүрдэж байгаа юм.
Мөн 15 жилийн турш хамтран ажиллаж буй “Рояаль” олон улсын их сургуультай хийсэн гэрээнд, нэмэлт өөрчлөлт оруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. “Глобал” олон улсын сургууль”, “Их Засаг” их сургууль”, “Олон Улсын Улаанбаатар Их Сургууль” зэрэг байгууллагуудын оюутнууд манай сургуульд шилжин суралцах тохиолдолд 25 хувийн тэтгэлэг олгох гэрээ байгуулсан.
Түүнчлэн бид өөр олон сургууль, аж ахуй нэгжтэй хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаа. Хүн бүр халуун дотноор угтан авч, найрсаг хандаж буй тул уулзалтууд маань төсөөлж байснаас хавьгүй үр дүнтэй болж байна.
-Олон сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа юм байна. Эдгээр хамтын ажиллагаа нь Монголын оюутан залууст ямар шинэ боломжийг олгож байна вэ?
-Бид бизнесийн удирдлага, мэдээллийн технологийн бакалавр, магистрын 1+1 болон 2+1 хөтөлбөрийг боловсруулан сургуулиудтай гэрээ байгуулж байна. Түнш сургуулиудаа сонгохдоо хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр хэр чанартай боловсрол олгож, оюутантай тулж ажиллаж буйг гол шалгуур болгодог. Энэхүү хамтын ажиллагаа нь монгол оюутнууд эх орондоо суралцаад Америкийн Үндэсний Их Сургуульд шилжин орж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуустай мэдлэг, туршлага солилцох өргөн боломжийг нээдгээрээ давуу талтай юм. Зөвхөн эх орондоо суралцах нь дэлхийг харах өнцөг, алсын харааг хязгаарлаж болох учраас уг хөтөлбөр тэдний сэтгэлгээг тэлэх чухал ач холбогдолтой.
-АНУ-д олон их дээд сургуулиуд байдаг. Тэдгээрээс танай сургууль юугаараа онцлог хийгээд монгол оюутнууд яагаад Америкийн Үндэсний Их Сургуулийг сонгон суралцах хэрэгтэй вэ?
-Америк улсад олон боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд шийдвэр гаргахдаа багш, ажилчид болон сургуулийн эрх ашгийг нэн түрүүнд авч үздэг. Бидний зарчим үүнтэй огт санал нийлдэггүй. Хэрэв энэ ярилцлагыг Америк улсад боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл уншвал үүнтэй санал нийлэхгүй байж магадгүй. Харин манай сургуулийн хувьд оюутны эрх ашгийг хамгийн түрүүнд бодож, тэдэнд нийцтэй, уян хатан шийдвэр гаргадаг. Манай сургуулийн оюутан элссэн цагаасаа эхлэн карьер хөгжлийн тусгай албанаас мэргэжлийн чиг баримжаатай болж, ажлын анкет боловсруулах хүртэл суралцдаг. Ингэснээр суралцах хугацаандаа ажлын байранд гарахад бэлтгэж, шат дараатай зөвлөгөө, дэмжлэгийг тогтмол авдгаараа онцлогтой юм.
-Та ирэх жилүүдэд Монгол болон Америкийн дээд боловсролын салбарын хамтын ажиллагааны ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Цаашид хамтран ажиллаж буй боловсролын байгууллагуудтайгаа түншлэлээ сайжруулж, тэтгэлэг горилогчдод олгох боломжийг илүү өргөн хүрээтэй болгохыг зорьж байна. Энэхүү хамтын ажиллагааны явцад зөвхөн манай сургуулиас мэдлэг олгох бус бид мөн адил Монголын боловсролын байгууллагуудын соёл, чадварлаг оюутнуудаас олон зүйлийг сурч, харилцан туршлага солилцохоор төлөвлөж байгаа. Ингэснээр Монгол оюутнуудад өндөр хэмжээний тэтгэлэг авах боломж нэмэгдэж, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихэд нь түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцлагын төгсгөлд АНУ-д дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж байгаа оюутан залуус болон тэдний гэр бүлийнхэнд хандан ямар зөвлөгөө өгөхийг хүсэж байна вэ?
-Дээд боловсролд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал зүйл юм. Тиймээс гадаадад дээд боловсрол эзэмших боломж гарвал бүү эргэлзээрэй гэж хэлмээр байна. Энэ бол амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг учир боломжийг алдалгүй атгаад авах хэрэгтэй. Бид Монголын нэр бүхий сургуулиудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа тэлж, оюутнуудад мэдлэг, боловсрол олгож байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Тиймээс ирээдүйд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү олон залууст чанартай, өндөр түвшний боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 133 (7875)