Д.Дарамбазар
Дэлхийн аваргын финалын босгон дээр бүдэрсэн Англи, Францын шигшээ багуудын өрсөлдөөн нэр хүндийн төлөөх тулаан байхаар төсөөлөгдөж байсан ч талбай дээр жинхэнэ гоолын бороо асгарлаа. Английн шигшээ эхний үед дөрвөн гоолын илт давуу байдал үүсгэж, Францын шигшээ хоёрдугаар үед эргэн ирэхийг оролдсон ч эцэст нь 6:4-өөр ялалт байгуулж, 2026 оны ДАШТ-ийг Англичууд хүрэл медальтай өндөрлүүлэв. Энэхүү тоглолт ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтын түүхэнд хамгийн их гоол орсон тоглолт болов. Майамид болсон энэ тоглолтын эхний минутаас Английн шигшээ довтолгооны санаачилгыг гартаа авч, гурав дахь минутад Деклан Райс тооны харьцааг нээв. Улмаар Эзри Конса, Букайо Сака нарын гоолууд нэмэгдэж, “Гурван арслангууд” эхний үеийг 4:0-ээр илүүрхэн өндөрлүүлсэн юм.
Хоёрдугаар үед Францын шигшээ Килиан Мбаппегээр ахлуулсан довтолгоогоо эрчимжүүлж, богино хугацаанд дараалан гоол оруулснаар тоглолтын өрнөлийг эргүүлэхийг оролдлоо. Мбаппе хоёр гоол оруулж, ДАШТ дэх нийт гоолын тоогоо 22-т хүргэн, Лионель Мессиг ардаа орхисон бол энэ удаагийн тэмцээний “Алтан шаахай”-н төлөөх өрсөлдөөнийг мөн тэргүүлж эхэлсэн юм. Гэсэн ч Английн шигшээ хариуг нь шуурхай барьж, Букайо Сака торгуулийн цохилтоор гурав дахь гоолоо оруулж хет-трикээ бүрдүүлсэн бол нэмэлт цагт Жүд Беллингем багийнхаа зургаа дахь гоолыг оруулснаар Английн ялалтыг баталгаажууллаа. Беллингем ийнхүү энэ удаагийн ДАШТ-д долоо дахь гоолоо бүртгэж, Английн тоглогчдын нэг дэлхийн аваргад хамгийн олон гоол оруулсан шинэ амжилтын эзэн болов. Ингэснээр Томас Тухелийн удирдсан Английн шигшээ хүрэл медалийн эзэн болсон бол Францын шигшээ медальгүй үлдэж, Дидье Дешамын үндэсний шигшээг удирдсан 14 жилийн замнал энэ тоглолтоор өндөрлөлөө.


