Г.Жаргалмаа

Морин дэл дээрээс сур харваж, тал нутгаа эзэгнэж явсан монголчуудын энэ уламжлал өнөөдөр Үндэсний их баяр наадмын чухал уламжлалын нэг болжээ. Энэ сарын 7-нд болсон Урианхай сур харвааны үеэр "Зууны мэдээ" сонин Булган аймгийн Булган сумын харьяат, нум сум урлаач, үндэсний сурын аймгийн гарамгай харваач, спортын дэд мастер, мөсөн урианхайн спортын мастер Б.Батбаяртай ярилцлаа.

-Өнөөдрийн тэмцээн өргөн дэлгэр сайхан болж байна. Та сэтгэгдлээ хуваалцаач?
-Өнөөдөр нартай, салхи тогтуун их сайхан өдөр болж байна. Аливаа уралдаан тэмцээн өргөн дэлгэр олуулаа байх тусам сайхан байдаг. Морь жилийн, морь сарын, морь өдрийн, морь цагт урианхай сурын харваа нээлтээ хийж байгааг бэлгэшээж байна. Мөн монголчууд эрт дээр үеэс сур харваж барцдаа гаргадаг уламжлалтай шүү дээ.


-Энэ жилийн урианхай сур харваа цол олгох шинэ журмаар зохион байгуулагдаж байна уу?
-Энэ жил найман зурхайд нийт 320 харваач оролцож байна. Өдөржин харваж шилдгүүдээ тодруулна. Энэ жилийн хамгийн том өөрчлөлт бол цол олгох журам. Өмнө нь зөвхөн түрүүлсэн харваач мэргэн цол хүртдэг байсан бол энэ жилээс эхний гурван байр эзэлсэн харваачдад цол олгодог болсон. Бас өмнөх жилүүдэд түрүүлсэн зарим харваач нар цолоо нөхөн авч байна. Энэ өөрчлөлт бусад харваачдад илүү их урам зориг өгнө гэж бодож байгаа.
Урианхай харваа нийт гучин сум гаргадаг. Нэг босохдоо гурван сумаар арван удаа харваж хамгийн их оноотой харваач нь түрүүлнэ. Хэрэв оноо тэнцвэл хоёр харваач товх харавч байраа шалгаруулна.

 


-Урианхай сур харваа хэзээ, хэрхэн үүссэн тухай манай уншигчдад сонирхуулбал?
-Монгол сур дотроо үндэсний харваа, урианхай харваа, буриад харваа, уламжлалт харваа, холч харваа, морьт харваа гээд олон төрөл байдаг. Тэр дундаас урианхай харвааг өвөг харваа буюу анхдагч харваа гэдэг. Хамгийн анх баруун хязгаар нутгийн ард түмэн маань ан гөрөө хийж, дайсантайгаа тулалдах үедээ урианхай харвааг үүсгэж байсан түүхтэй. 
Харвааны төрөл бүр уухай, харвах зай, ашиглаж байгаа нум сум, онох байгаараа ялгаатай. Урианхай сурын хувьд бөөрөнхий хэлбэртэй байг "чих" гэж нэрлээд суран дээр байрлуулж харвадаг. Байны урд, хойд талд өтөг засдаг бөгөөд сум онож, чих өнхрөөд  хойд өтгийг давсан тохиолдолд оноо өгдөг. Ингэж харвах болсон нь эртний дайн байлдааны уламжлалтай холбоотой. Тэр үед дайснууд толгодын цаанаас зөвхөн толгойгоо цухуйлгадаг байсан учраас хүний толгойг төлөөлүүлсэн бөөрөнхий бай хийж, түүнийг онож сурдаг байсан. Харин өнөөдөр энэ уламжлал энх цагт үндэсний спорт, наадмын нэг төрөл болон өвлөгдөн хөгжиж байна.


-Урианхай харвааг зөвхөн эрэгтэй хүн харвадаг учир юу вэ?
-Бусад үндэсний харвааг эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт харваж болдог. Харин урианхай харваа бол зөвхөн эрэгтэй хүн харвадаг уламжлалтай. Үүний учир бол эрт цагт дайн байлдаанд зөвхөн эрчүүд явдаг гэдгээс улбаатай. Манай урианхайчууд одоо ч тэр уламжлалаа хадгалаад зөвхөн эрэгтэй хүмүүс харвадаг. 
Урианхай харваа гэлтгүй бүх үндэсний харваа заавал үндэсний хувцсаа дэг жаягаар нь өмссөн байхын шаарддаг. Мөн монгол нум сумаа заавал хэргэлж байх ёстой. Мөн хараал хэлэх, бусдыг үл хүндэтгэхийг цээрлэнэ. Ахмад, цолтой харваачдыг хүндэтгэж байх ёстой. Ер нь бие биедээ хүндэтгэлтэй ханддаг үндэсний шинжийг агуулсан спорт.


-Сур харвааны спортод амжилт гаргах үндэс суурийг та юу гэж хардаг вэ?
-Сур харваа бол бясалгал суурьтай спорт. Маш их сандарч байдаг учраас тайван байх ёстой. Нум, сум, харваач гурав зохицож байж амжилт гаргадаг. Өөрөөр хэлбэл, сур харвааны спорт бол сэтгэлзүйн тайван байдалд тулгуурладаг спорт юм. Тийм учраас амьсгалаа зөв авах, салхиа мэдрэх шаардлагатай, хажууд нь шуугиан чимээ байхад сонсохгүй байх ямар ч аргаггүй. Тэр болгонд зохицож өөрийгөө хянаж тайван харваж байж амжилт гаргадаг. Тиймээс харваач хүн маш олон удаа уралдаан тэмцээнд орж, олон цагаар бэлтгэл хийж байж тэр чадварыг өөртөө суулгаж чаддаг болно. 
Хүний зан араншин янз бүр. Харин сур харваанд үнэхээр амжилт гаръя гэж бодож байвал энэ их сэтгэлийн савлагааг дарах хэрэгтэй. Ингэж амжилт гаргасан хүн амьдралд тохиох аливаа зүйлд маш тайван логиктойгоор хандаж эхэлдэг. Тиймээс аль нэг спортоор хичээллэж түүгээр дамжуулж төлөвшил хүмүүжлийг авч боломжтой юм. 


-Та өөрөө нум, сум урладаг. Урлах ажиллагааны талаар яривал ямар онцлогтой байдаг вэ?
-Миний түрүүн ярьсан тэр "чих" гэдэг нь их хүнд. Тэр хүнд зүйлийг хатуу эрчтэй сумаар харвана. Сум хөнгөн нум зөөлөн бол хэдий байгаа оносон ч сүлбэж гарахгүй гэсэн үг. Тэр хатуу нумд бүдүүн сум байхгүй бол зохиог нь даахгүй амархан хугардаг учир хус модоор хүнд жинтэй байдаг. Түүнчлэн зөвхөн гар аргаар хийдэг тул цаг хугацаа сэтгэл санаа их шаарддаг. 
Хус мод хөнгөн хэр нь уяан хугарахгүй чанартай бөгөөд өдөнд тас шувууныхыг ашигладаг. Урд булцууг хус модоор хийдэг боловч сүүлийн үед хуванцар материалаар хийх болсон. "Чих" -ийг бол эрт дээр үеэс залуучууд шууд чөдөр аргамжааг аваад бөөрөнхий хэлбэрт оруулаад хийдэг байсан бол одоо бол ихэвчлэн үхрийн ширээр хийдэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7871)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?