Ч.Зотол 

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойг тохиолдуулан агаарын хөлгийн штурманаас гүйцэтгэх  захирал хүртэл албыг хашиж, энэ салбарын түүхийг бүтээлцсэн ахмад зүтгэлтнүүдийн нэг Х.Александрыг урьж ярилцлаа. 

 

-Таны үеийн хүүхдүүд  бүгд л  нисгэгч болохыг мөрөөдөж явахад та яагаад онгоц агаарт хөөрч нисэн буух хүртэлх замын чиг, өндрийг хэмжиж тодорхойлдог штурманы мэргэжлийг сонгосон юм бэ? 
-Би хөдөөний хүн. Говь-Алтай аймагт 10 жилийн сургууль төгссөн. Намайг аравдугаар анги төгсдөг жил нисэхийн дунд сургуулийн хуваарь ирсэн юм. Тэр үед биднийг дүнгээр нь жагсааж байгаад дуудаж оруулаад хуваарь сонгуулдаг байлаа. Тэгэхэд нисэхийн сургуулийн хуваарь надад тохиолдлоор л таарсан хэрэг. Түүнээс би багаасаа нисгэгч болно гэж мөрөөдөж явсангүй. Нисгэгч болсноос бараг адуучин болохсон гэж мөрөөддөг байсан байх. Хөдөөгийн малчны хүүхэд  болохоор гэртээ, ээж аавдаа хоргодож  байсан. Хувь заяаны эрхээр сургуульд явж Эрхүүд очсон. Тэнд хэлний бэлтгэлээ онц төгсөхөд Оросын дээд боловсролын хорооноос  нисэхийн дунд сургуулийг  маань дээшлүүлэн  Нисэхийн академи болгож надад тусгай хуваарь өгсөн. Тэнд очтол штурманы ангид оруулчихсан. Би юугаа ч мэдэхгүй, аль нь штурман, аль нь  диспетчер болохыг ялгахгүй. Орос нөхөд надад тайлбарлалаа “Штурман гэдэг нь онгоцныхоо кабинд суучхаад замыг нь тооцоолоод явна. Нислэгийн хөдөлгөөний удирдагч гэдэг нь газарт суучхаад нөгөө онгоцоо доороос нь  удирдаад байна” гэж байна. Тэгэхээр нь би “Онгоцон дотор нь сууж явдгийг сонгоё” гэсэн. Ингээд  Ленинградын нисэхийн академийн штурманы ангид орж, 1980 онд онцсайн дүнтэй төгссөн. Гурав, дөрөвдүгээр курстээ Оросын ойр зуур  Петрозаводск, Ленинград хавиар  Ан 24 онгоцоор, ИЛ-18 онгоцоор Свердловск, Уфа  хүртэл дадлагын  нислэг хийсэн. Төгсөхдөө “Москва-Улаанбаатарын хооронд ТУЗУ-54 онгоцоор нислэг үйлдэх тухай штурманы тооцоо, түүний эдийн засгийн үр ашиг” гэсэн сэдвээр дипломын ажил бичсэн. Тэр үед ТУЗУ-54 онгоц ч  байгаагүй,  залуу хүний  хөөрүү дэврүүн сэтгэлээр л энэ хоёрын хооронд тийм онгоц нисвэл ямархуу байх бол гэж төсөөлсөн хэрэг. Харин дипломын ажлыг  удирдсан багш  маань  “Чи гоё сэдэв авлаа, хоёулаа тооцооллыг нь хийе”  гэж их баярлаж байсан. Сүүлд тэр мөрөөдөл минь биелж, ТУЗУ-54 онгоцоор ниссэн, мөн түүнийг эзэмшсэн Монголын анхны багш болж, Орост очиж шалгалт өгч эрхийг нь авсан. Монголын иргэний агаарын тээврийн анхны гадаад нислэгийг тийрэлтэт онгоцоор хийсэн нисэх багийн гишүүн явлаа. Онгоцны маань дарга Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан, хоёрдугаар нисгэгч нь Монгол Улсын гавьяат нисгэгч Гомбо, инженер нь Гантулга гэж залуу бид дөрөв ТУЗУ-54 онгоцоор дэлхийг тойрсон доо. Япон руу хийсэн анхны чартер нислэгээс өгсүүлээд Японы бүх хот, БНСУ-ын хотууд руу ниссэн. Баруун Европ руу, хамгийн цаад тал нь Англи хүртэл, мөн Герман, Турк, Польш, Унгар, Чех рүү нисжээ. Зүүн Өмнөд Ази руу Энэтхэг, Тайланд, Вьетнам, Лаос гээд Африкаас бусад бүх орон руу нисэж байлаа. 


-Та сургуулиа төгсөж ирээд шууд онгоцны штурман болж ниссэн үү? 
-Анх нисэхийн хөдөлгөөний албанд нисэхийн өмнөх бэлтгэл хангуулдаг ээлжийн штурманаар ажлын анхны гарааг эхэлж байлаа. Намайг нисэх отрядын дарга Р.Жамъян, нисэхийн хөдөлгөөний албаны дарга Л.Чулуунбаатар нарын хашир туршлагатай багш нар тосож авсан юм. Тэдний гар дээр би нисэхийн энэ гайхалтай амьдралын түүхийг эхлүүлсэн. Зөв шаардлагатай, үлгэр дуурайлтай, мэргэжлийн өндөр чадвартай  хүмүүсийн дэргэд байсан учраас тэдний энд хүрэх гэж их зүтгэдэг, тэднээрээ бахархдаг байсан. Тэрний хүчинд гайгүй зөв явсан юм болов уу гэж боддог. Тэр ажлыг таван жил хийсний дараа нисэж эхэлсэн. Нисэхдээ Сүрэнжавын Тамир, Чойбалсангийн Нэргүй, Ринченгийн Жамъян, Балжиннямын Намхайдорж, Ринченгийн Батнасан, Даржаагийн Баатар гээд алдартай хүмүүсийн нисэх багийн гишүүн болж монгол орныхоо бүх аймгууд руу ниссэн. Тэр үед штурман багтаа хийсэн нэг  ажил бол манай онгоцнууд хөдөө орон нутагт буухад их хүндрэлтэй байсан. Тиймээс онгоцоо хэрхэн буулгах тухайд газрын радио станцын тусламжтайгаар буудаг буудлын оролтын системийг зохиож, бүх аймагт нэвтрүүлсэн. Мэргэжлийн штурманы үүднээс тэр тооцоог хийж, дараа нь манай туршлагатай нисгэгчид өөрсдөө явж шалгаад “Энэ хүүхдийн хийсэн зүйл болох нь. Ямар ч гэсэн уул хадыг нь мөргөчихгүй юм байна” гэж дүгнэсэн. Тухайн үед 18 аймаг, Хужирт, Тосонцэнгэлийг оруулаад 21 газар руу шөнө өдөргүй тогтмол нислэг үйлддэг, МИАТ компанийн түүхийг авч үзвэл  нислэгийн хамгийн оргил үе байсан. Өглөөний 06:00 цагт нислэг эхэлж, шөнийн 04:00 цагт дуусна. Сая шахам зорчигч тээвэрлэж байжээ. Тийм  үед би нисэхэд ажиллаж, тэр олон нислэгийг зохион байгуулахад оролцож явсан. 


-Нислэгээс нислэгийн хооронд ердөө хоёрхон цагийн зай л гардаг байж. Ачаалал их байж, тэр хэрээр хуримтлуулсан туршлага нь ч бас  их байх? 
-Тэр үед шөнө ирсэн нисгэгчдийг нисэх дээр шууд амраадаг. Өглөөний ээлжийн нисгэгчдийг үүрээр 05:00 цагт авчирч эхний нислэг 06:00 цагт эхэлдэг байлаа. Аймгууд руу Ан-24, Ан-26 Ан-30 онгоц нисдэг байсан юм. Ан-24  нь зорчигч,  Ан-26 нь ачаа тээвэрлэдэг, Ан-30  нь агаараас  газрын зураг авах зориулалттай. Нислэгийн үеэр цаг агаар гэнэт муудах, буух гэж байгаа аэдром цаг агаарын хүндрэлээс шалтгаалж өөр тийшээ явах, эсвэл агаарт хэвийн  ажиллаж байсан  хөдөлгүүр гэнэт унтрах гэх мэт тохиолдол мэр сэр гарна. Хамт яваа нисэх багийнхан, чадалтай нисгэгчдийн хамтын ажиллагааны хүчинд манайхан алдаа эндэл гаргасан удаа үгүй. Ер нь би их азтай хүн шүү. Дандаа сайхан хүмүүстэй хамт ажиллаж, тэдний хүчээр хүн болсон. Бараг насаараа нисэх юм шиг, мөнхийн залуу байх юм шиг явлаа. Тэр цаг үе, хүний нас  гэхдээ маш хурдан өнгөрдөг юм байна. Эргээд бодоход, залуучууддаа жаахан юм хэлдэг ч байж уу, дадлага туршлагаасаа ярьж байхгүй яав гэсэн юм бас бодогдоно. Тэр үүднээс би таван ном бичсэн. Мэргэжлийнхээ дагуу “Агаарын замын хөтөч” гэж ном гаргасан, түүндээ онгоц яаж нисдэг вэ гэдэг тухай бичсэн. “Нисэх буудал” гэж ном бий. Агаарын хөлгийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж, газраас удирддаг тухай, онгоцны бүтцийн тухай, анх нисгэгч болох гэж байгаа, нисэхэд дурлаж буй залуус уншихад гарын авлага болох “Агаарын хөлгийн бүтэц”  гэж  ном бичээд нэг хэсэг тараасан. Нисэхийн чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургуульд явж байгаа хүүхдүүд сонирхож авдаг юм. Би заримаас нь төгсөж ирснийх нь дараа асуудаг юм, “Чамайг сурч байхад ахынх нь ном хэрэг болсон уу” гээд. “Ёстой их хэрэг болсон.Өөрийнхөө хэл дээр уншчихаад, дараа нь гадаад багш нарын зааж байгаа хичээлийг сонсоход маш ойлгомжтой байсан” гэсэн урмын үг сонсох сайхан байдаг. 


-Та олон шавьтай юу, өнөөдрийн залууст юу хэлэхийг хүсэж байна? 
-Залуус мэргэжилдээ л дурлах хэрэгтэй. Мэргэжилдээ дуртай, мэргэжлээ хүндэлдэг тийм хүн эзэмшсэн мэргэжлийнхээ талаар улам хийг  мэдэхийг хичээдэг, их уншдаг. Их юм уншсан хүн тэрийгээ заавал эргэцүүлж боддог. Эргэцүүлж бодсон үйлдэл нь тэр хүнд дадал болдог. Заавал нисгэгч гэлтгүй  ямар ч хүн сонгосон мэргэжилдээ үнэнч байх нь ч чухал. Би нисэхийн салбарт гурван удаагийн нисгэгчийн курс төгсгөсөн, “Онгоц удирдах онол”-ын хичээл заасан багш. Шавь нар маань одоо  Монголын авиа компаниудад нисгэгчээр ажиллаж байна. Агаарын хөдөлгөөн, нислэг удирддаг диспетчерийн таван курс төгсгөсөн. Одоо аймгуудад байгаа нислэгийн хөдөлгөөн удирдаж байгаа залуусын олонх нь миний шавь, түрүүчээсээ тэтгэвэрт гарч байх шиг байна. Энэ мэтээр би нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх сургалтын албанд нэлээд зүтгэсэн. Сүүлд МИАТ компанийн захирал болох үед онгоц нь цөөрчихсөн, тэрийг дагаад нислэг нь цөөрсөн байсан.Тиймээс ажиллах хүчин илүү гарч нисэх бүрэлдэхүүнийг цомхотгох хэрэгтэй болсон. Тэгэхэд дунд мэргэжлийн 20 гаруй залуусыг Ленинград руу нисэхийн сургуульд явуулсан, одоо бүгд багш нисгэгчээр ажиллаж байна. Тухайн үед тэднийг шууд халаад явуулчихсан бол өнөөдөр ийм сургагч багш байхгүй байх нь шүү дээ. Төрийн өмчийн хороо бол шууд ажлаас хал гэж тулгадаг. Надад тэр шийдвэр их хэцүү байсан, өөрөө нисэхийн мэргэжилтэй, хамт ажиллаж байсан болохоор тэр олон  залуусыг яаж ийгээд аваад үлдэхсэн гэж арга замыг эрэлхийлж, дээд мэргэжил эзэмшүүлэхээр Ленинград руу   явуулж байлаа. 


-Та  МИАТ компанийн гурав дахь захирлаар ажилласан хүн. Тэр үеийн онцлог, таны үлдээсэн өв гэвэл? 
-Тухайн үед Иргэний агаарын тээврийг удирдах газар гэж байгаад  тусдаа бүтэц зохион байгуулалттай болсон юм. Нөгөөх нь төрийн захиргааны агентлаг болж, МИАТ аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг компани болсон. Ингээд би 1985 онд  МИАТ-ийн захирлаар томилогдсон. Манай улс гаднаас дөнгөж жуулчид авч эхэлж байсан үе. Жуулчид авахаар  ирж байгаа хүмүүс манайхыг жаахан голонгуй. Контор /оффис/  маань нэг давхар навтгар байшинтай. Жуулчдаа авчраад байршуулдаг газар нь Баянгол зочид буудал. Ингээд одоо МИАТ ТӨХК-ийн байгаа улаан байрыг оросуудаар бариулсан. Дараа нь онгоцоо шинэчлэх хэрэгтэй болсон. Бидэнд гадаад руу нисээд байх онгоц байсангүй, оросуудын өгсөн Бойнг 727  байсныг  гадаадын аэрфлотууд хүлээж авахгүй гэж мэдэгдчихсэн. Ингээд онгоц хөөцөлдөж, олон улсын Эксим банканд Засгийн газар, Ерөнхий сайд М.Энхсайхан баталгаа гаргаж өгье гэлээ. Гэтэл Засгийн газрын баталгаа гаргах дээд чадвар 19 сая ам.доллар, миний авах гэж байгаа онгоц 30 гаруй сая ам.долларын өртөгтэй. Засгийн газрын маань баталгааг авдаггүй. Тэр хүнд үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг германчуудтай ярьж тусалсан. Монголыг дэлхийд төлөөлж дэлхийн томчуудтай ярьдаг, тэдний  хэмжээнд сэтгэдэг лут хүн байсан юм шүү дээ. Германы Тиссен компани галт тэрэгний зам барих төсөлд ажиллаж байгааг мэдээд, тэрэнд нь монголчууд ган, зэс  нийлүүлье гэж тохирсон хэрэг. Манайд зэс байсан ч ган байгаагүй. Иймд Засгийн газар Төмөртэйн ордыг МИАТ компанид эзэмшүүлэхээр өгч, зээлийн барьцаанд тавьж болно гэсэн. Тэрийгээ бариад Ш.Отгонбилэгтэй хамт очиж, Тиссенгийнхэнтэй уулзаж, улмаар  Германы үндэсний агаарын тээвэрлэгч нь Lufthansa-тай хэлцэл хийж инженерүүдээ сургаж эхэлсэн. Агаарын хөлөг авна гэдгийн баталгаа болгож хүнээ сургаад эхэлсэн учир Lufthansa-гийн Техник компани нэг талаас баталгаа гаргаж өгч ажил ч овоо урагшилсан. Гэтэл УИХ дээр ирээд ажил уначихсан. 


-Яагаад? 
-Байнгын хороод хуралдаад, таван газар онгоц авна гэж хэдэн янзын хүн гараад ирсэн.Нэг талаас “Бодь”-ийнхон,  нөгөө талаас “Буян”-гийн Б.Жаргалсайхан, Монгол 2001 компани гэсэн газрууд  гаднаас онгоц оруулж ирнэ гэж шуураад бид таван газартай өрсөлдөж, жил тойрны эцэст асуудал шийдэгдэж Аэробус-310 онгоцыг 1998 онд оруулж ирж байлаа.10 жил ашигласны эцэст 2008 онд гэрээг дүгнэхэд  онгоц ашигласан төлбөрт 100 сая ам.долларыг  төлж, 150 саяын ашиг  олсон байсан. 


-Тэр онгоцыг Монголын агаарын тээвэрт  нэвтрүүлсний ач холбогдлыг үнэлж баршгүй байх. Хамгийн гол зүйл нь юу байв? 
-Манай улс дэлхийн стандарт руу хөл тавьсан. Аэробус-310   агаарын хөлөг хоёрхон нисгэгчтэй, өмнөх шиг инженер, штурман, нэг, хоёрдугаар нисгэгч хэрэггүй тийм нарийн технологи руу шилжсэн. Хоёрдугаарт, шинэ онгоцыг дагаж германы мэргэжилтнүүд ирж манайхныг дагуулан ажиллаж сургаж дадлагажуулсан. Өөрөөр хэлбэл, Германы агаарын хөлөг засварын бүхэл бүтэн ноу-хау орж ирсэн. Одоо МИАТ компанийн инженер, техникийн ажилтнууд өөрийн болон гаднын томоохон  агаарын хөлгүүдийн засвар үйлчилгээг хийж байгаагийн  анхны суурийг тавьсан. Тэр бүх зардал нь  онгоц худалдаж авах өртөгт шингэсэн. Бид зөвхөн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхэд  тэр үеийн ханшаар 100 гаруй сая ам.доллар байсан, гэтэл онгоцныхоо өртөгт оруулчихсан, маш ашигтай гэрээ хийсэн. Өөр нэг чухал зүйл нь ачаа тээшийг тусгай контейнерт ачиж, контейнероо онгоцондоо ачдаг болж технологийн дэвшил гарсан. Монголын агаарын тээврийн түүхэнд дахиж ийм гэрээ хийгдээгүй. Энэ бол тэр үед МИАТ компанийн удирдлагад ажиллаж байсан хамт олон, манай багийнхны хийсэн хамгийн том ажил. Өнөөгийн МИАТ компанийн олон улсад явуулж байгаа үйл ажиллагааны үндэс суурь тэр үед тавигдсан. Мөн тухайн үед МИАТ компани Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны  гишүүн болсон. Тус холбооны гишүүн болохын тулд олон улсын байгууллагын шалгалтын том баг ирж,  маш олон үзүүлэлтээр шалгаж гэрчилгээ өгч баталгаажуулдаг. Бид тэр бүх шалгуурыг давж1996 онд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-нд гишүүнээр элссэн. Үүний дараа олон улсын нислэгүүдээ нэмэх зорилго тавьж, Япон, Станбул, Герман руу тогтмол аяллын нислэг нээсэн. Түүнээс хойш 30 жил болж байна. Энэ  нислэгүүд өдгөө  МИАТ компанийн  үндсэн гол чиглэл болж батлагджээ. Цаг хугацаа хурдан юм. Өнөөдөр МИАТ ТӨХК түүхт 70 жилийн ой тохиож байна. Өнөөгийн МИАТ компани  орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлгийг бүрэн эзэмшсэн, Монгол Улсын төрийн далбааг тээгч, үндэсний агаарын тээвэрлэгч болж өсөж хөгжжээ. Амьдралынхаа 40 шахам жилийг зориулсан төрөлх компанийнхаа үе үеийн хамт олон, компаниа  энэ зэрэгт хүргэхэд надтай гар сэтгэл нийлж, мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадууд, хөгжлийн буухиаг нэр төртэй авч яваа залуус дүү нартаа түүхт 70 жилийн ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлье.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7871)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?