Ганжуурын лүн хүртээнэ гэдэг энэ уламжлал хэрхэн ямар дамжлагаар дамжиж бидэнд ирсэнийг тодруулах зорилготойгоор шашин судлалын эрдэмтэн судлаачдын дунд “Бурхан багшийн зарлигийн цоморлиг Ганжуур эрдэнэ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгээс зохион байгуулсан юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс 2022-2026 онуудад лам хувраг, сүсэгтэн олонд Ганжуурын эш лүнг бүтэн айлдуулж хүртээж дүүрсэнтэй холбогдуулан хийж байгаа аж. Ганжуурын үүсэл, Энэтхэгээс Түвд рүү орчуулагдсан байдал, эш лүнгийн ач холбогдол, Монгол оронд дэлгэрсэн түүхэн замнал, Ганжуур судартай холбоотой судалгааны өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг таниулах чухал ач холбогдолтой хурал болсон юм. Энэ удаагийн хурал Бурхан багшийн айлдсан номын их өв болох Ганжуурын судлал, түүний утга агуулга, уламжлал, түүхэн үнэ цэнийг олон талаас нь шинжлэн хэлэлцэж буйгаараа онцлог ажээ.
Тус эрдэм шинжилгээний хуралд шашин судлалын салбарын судлаач, эрдэмтдийн олон сонирхолтой судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлснээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Жавзандамба хутагт төвийн багш, Гандантэгчэнлин хийдийн Хансүр гавж Н.Нанзаддорж ламтаны “Бурхан шашны наландарын уламжлал дахь эш лүн хэмээх утгын тухайд” сэдэвт илтгэлийг толилуулж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэлийнхээ тухай Хансүр гавж Н.Нанзаддорж:
-Ганжуурын эш лүн хүртээж ирсэн түүх, эх сурвалж болон Энэтхэг, Төвд, Монголд хэрхэн дамжиж уламжлагдан ирсэн тухай судалсан илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Монголын эрдэмт лам нарын Ганжуурын эш лүнг олсон тэмдэглэл, Ганжуурын эш лүнгийн дамжлагын дараалал гэх тэргүүтэй Энэтхэг, Төвдийн мэргэдийн олон судалгааны бүтээлүүдийг уншиж судалсан. Энэхүү эрдэм шинжилгээний хурал болж байгаа нь Монгол оронд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ганжуурва Догдан ринбүчи багшийн хүртээсэн “Ганжуурын эш лүн”-гийн түүх, тус эрдмийг мэдэх ач холбогдолтой. Хамгийн чухал нь энэхүү эш лүнгийнхээ уламжлалыг ариунаар нь авч явах хойч үедээ дамжуулан үлдээхийн тулд олон талын судалгаа хийж үнэн зөв түүх уламжлалыг тодруулан үлдээхийг зорьж байгаа юм. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай “Гимлайн уулсыг даваад Энэтхэгийн орноос соёлын олон мянган алтан сэржим Монгол нутаг руу ирсэн юм” гэж хэлсэн байдаг. Тиймээс Монголчууд бид баялаг уламжлалынхаа үүх, түүхийг мэдэх, залгамжлан авч явах нь чухал билээ гэж тайлбарлалаа.

Жэвзүндамба хутагт төвийн багш, хансүр гавж Н.Нанзаддорж
Энэхүү илтгэлд бурхан багшийн зарлиг сургаалын эш лүнгийн эх сурвалж, мөн чанар, эш лүн хүртээх сонсох ёс, хүртсэний тус эрдэм, эш лүн дамжиж ирсэн түүх, дамжлагын дараалал зэргийн хүрээнд холбогдох эх сурвалжид тулгуурлан авч үзлээ. Эш лүн хүртэх гэдэг нь чухал ач холбогдолтой, нарийн утга учиртай болох тухай ном шастирт дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
ЭШ ЛҮНГИЙН ЭХ СУРВАЛЖ
“Хутагт Билгүүний Чандад Хүрсэн Найман Мянгат Их Хөлгөн Судар”-ын гуравдугаар хэсэг. Билигбрамид хийгээд суварга дор хүндлэлийг үйлдэн хэмжээлшгүй эрдмийг барих хэмээн гуравдугаар бүлэг. Коушиг язгууртны хөвгүүн буюу язгууртны охин алин билгүүний чандад хүрсэнийг барих хийгээд, тогтоох хийгээд, унших хийгээд, хотол багтаан үйлдэх хийгээд, машид унших хийгээд, үзүүлэх хийгээд, сайтар үзүүлэх хийгээд эш хүртээх хийгээд, уншлаган дор үйлдсэн тэрбээр энэ насан дор эдгээр эрдмийг огоот барих болой хэмээх тэргүүтэй дэлгэрэнгүй заригласан нугууд ба бас бус билиг барамидын бусад судрууд болон олон судрын аймгуудаас “Дээдийн номын ёс үүнийг барихтүн магадлахтүн, эшийг хүртээхтүн, эш хүртэхтүн, уншлаган дор үйлдэхтүн, хотол багтаахтүн” хэмээн олонтоо заригласан нь эш лүнгийн эх сурвалж мөн юм. Дээр өгүүлсэн судруудад бурхны гурван аймаг савын сургаалыг үсэг бичгэн дор буулгасанаас эш лүнг нь хүртээд сонсох, санах, бясалгах гурвыг үйлдвэл дээд хэмээн сайшаасан ажуу. Утга түүнийг таалж урьд заларсан Монгол, Төвдийн олон дээдэс лам нар эш лүн хүртэн дамжуулах номын ёсыг чухалчлан дэлгэрүүлжээ. Ийнхүү Бурхан багшийн зарлигийн цоморлиг Ганжуурын эш лүн тэргүүтэй олон эш лүнгийн дамжлага бидний үед тасралгүй уламжлан ирсэн билээ.
ЭШ ЛҮНГИЙН МӨН ЧАНАР
Энэтхэгийн их бандида Ловон Васүбандүгийн Авидарамын үндсэн шастирт бурхны шашныг эш, онолын шашин хэмээн хоёр ангилан номложээ. Үүний Эшийн шашинд нь эш лүн хамаарах бөгөөд нирваанд хүрэх зам мөрийг үнэн зөв үзүүлсэн ариун өгүүлэгчийг эш лүн хэмээн тодорхойлжээ. Эш лүн нь бодотийг дүрс, дуу, төгөлдөр бус хуран үйлдэхүй хэмээн гурав хуваасны дүрсэнд хамаарах бөгөөд дүрс дотроо дууны мөн чанартай. Харин эш лүнг хүртэх ёс нь сонсох санах, бясалгах гуравын сонсох үйл болно. Мөн Авидарамын үндсэнд “Шагшаабадад оршин сонсох, санах, бясалгах дараалалаар бурхны шашинд суралцах ёстой” хэмээн номлосон тул эш лүнг хүртээх багш, хүртэгч шавь нар аврал итгэлийг одуулдаг бурхны шашинтан, ангид гэтэлгэгчийн найман санваарийн аль нэгнийг сахигч байвал зохистой.
ЭШ ЛҮН ХҮРТЭЭХ, СОНСОХ ЁС
Монгол, Төвдөд дэлгэрсэн бурхан шашны Наландарын уламжлал дахь эш лүнг хүртээх, сонсох ёс нь 900-аад жилийн түүхэн уламжлалтайгаар онцлог юм. Эш лүн хүртээх, сонсох нь зөвхөн бурхан багшийн зарлиг сургаал (судар, дандар) түүний тайлбар, мэргэдийн шастирт хамаарна. Тиймээс Наландарын уламжлалт бурхан шашны эш лүнг хүртээх ёсны бусдаас ялгарах онцлогийг дурдвал.
Эш лүн хүртээх багшийн эрдэм, чадвар;
•Тухайн номын эш лүнг урьд нь сонсон хүртсэн дамжлага төгөлдөр
•Тухайн номын нэрнээс эхлээд төгсгөлийн үг хүртэл нэг үсэг, үг гээлгүйгээр дуустал унших
•Эш лүнг уншихдаа тухайн номын үг, үсэг бүрийг тод, тодорхой хэлж шавийн чихэнд сонсгох
•Хэрэв багш хурц, тодорхой, хурдан хэлтэй бол Ганжуур тэргүүтэй олон боть сургаалын эш лүнг хүртээх чадвартайд тооцогдоно
Эш лүн хүртэх шавь;
•Багшийн уншиж буй сургаалын үг, үсэг бүрийг алгасалгүй чихээр сонсох
•Эш лүнгийн үед унтах, зүүрмэглэх, чихний сонсголоо хааж чанга дуугаар ярих тэргүүтэн эш лүн тасарна хэмээн үзнэ
•Эш лүнгийн үед багшийн уншиж буй судар шастирийн утгыг оюундаа ургуулан ойлгох шаардлагагүй
•Шавь нар өдөр тутмын уншлага номоо бусдад саад болохгүйгээр амандаа унших, тарни тоолох, сэтгэл дотроо өөр номын утгыг бясалган бодох тэргүүтэнг зөвшөөрнө
•Тухайн багшаас судар шастирын аль нэгэн сургаалын эш лүн хүртсэн бол багш шавийн барилдлага тогтсонд тооцно. Учир нь эш лүн хүртээсэн багшаа багшид эс баривал эш лүн дамжлага тогтохгүй гэж үзнэ
•Эш лүн хүртсэнээр дамжлагын багш болон номын адистадыг олно
•Эш лүнг хүртсэнээр тухайн номын дотор буй увидас бүгдийг анхааран авах эрхийг олно
Эдгээр нь Наландарын уламжлал дахь эш лүнг хүртээх, сонсох ёсны онцлог ялгамжаа юм. Эш лүн хүртээн дамжуулах ёс Энэтхэгийн мэргэдээс Төвд, Монголд уламжлагдан ирсэн нь гарцаагүй болох нь тодорхой сурвалжуудаар илэрч байна. Даруй 900 жилийн өмнө Хачбанчин Шагжа Шри Төвдөд эш лүн хүртээсэн үеэс энэ уламжлал эхэлсэн байна. Монгол, Төвдийн мэргэдийн тайлбар, шастирын эш лүнг дамжуулах ёс улам бүр хөгжин баяжиж мэргэдүүд өөрсдийн зохиосон ном бүтээлээ шавь нартаа уншин сонсгож эш лүн хүртээн дамжуулах болжээ. Ийнхүү эш лүнгийн уламжлал нь Монгол, Төвдийн мэргэдийн зохиол бүтээл, эрдэмт нарын сүмбэмийн эш лүнгээр улам баяжснаар нэгэн ламын нэг насанд сонсон, хүртэх эш лүнгийн тоо хэмжээ асар их болжээ. Мөн Монгол төвдийн лам нар өөрсдийн хүртсэн эш лүнгийн товьёг (олсон тэмдэглэл), жүдрэм (дамжлагын дараалал)-ийг нарийн хөтөлдөг уламжлалтай. Товьёг, жүдрэм хөтлөх нь эш лүнгийн дамжлагаа нарийн мэдэх, эш лүнгийн дамжлага завсар дундаа тасрахгүйгээр ариунаар цааш дамжих ач холбогдолтой. Хэрэв эш лүнгийн дамжлага завсар зуураа тасарвал тэрхүү номыг багш нь 1000 удаа уншиж сонсгосон ч эш лүнгийн дамжлага тогтохгүй. Монгол, Төвдийн эрдэмт мэргэдийн зохиол бүтээлийн эш лүн тасарсан харамсалтай түүх Монгол оронд 1937 оноос хойш, Төвдөд 1959 оноос хойш олонтаа гарсан.

ЭШ ЛҮН ХҮРТСЭНИЙ ТУС ЭРДЭМ
Түүнчлэн ирсэн одохуйн судраас:
Бурхны зарлиг зөвшил тэдгээрийн
Алимад эшийг хүртэн сонсох
Аяга тахимлаг тэр хийгээд тэдгээр нүгүүдийг
Миний номын сахиусан тэтгэх больюу
Эдүгээгийн бурхан илт оршсон самадийн судраас:
Алин бээр ганга мөрний элсний тоот ертөнцийн орон нугуудыг
Их эрдэнээр дүүргэн өглөг өргөсөнөөс
Алин нэгэн үүнээс зарим шүлгийн эшийг хүртвэл
Түүний буяны хэмжээг барих нь хялбар бус болой
Гольт Ганга мөрний элсний тоот галавт
Алимад хичээнгүйг туурвин оршсоноос
Алин нэгэн түүнээс зарим шүлгийн эшийг хүртвэл
Түүний буяны хэмжээг барих нь хялбар бус болой
Хутагт Нагажунай таван зэргээс:
Сүмбэр уулын оройгоос зарим нэгэн унавал
Үл уная хэмээвч унах буюу
Багшийн ачаар тустай эшийг олвол
Үл гэтэльюу хэмээвч гэтлэх больюу
Лховраг ханчэн Намхайлхүнжал бээр:
Бурхны шашин 10 таван зуун жил (5000) орших бөлгөө. Эдгээрээс үрийн цаг, бүтээлийн цаг, эшийн цаг гурав нь тус бүртээ гурван таван зуун жил (1500) оршино. Тэмдэг төдийг барих үе нь нэг таван зуун жил оршино. Эдүгээ эшийн цаг үе билээ. Энэ цагт судар шастирын увидас дамжлага тэргүүтний эш нүгүүдийг сонсоход оюунаар ихэд дуршин үйлдвээс үзэхүйн мөрийг олох цагт өөрийн хадгалуулсан эдийг авахтай адил. Тиймээс эш дор дуршин үйлд хэмээн зарлиглажээ.
Цорж Авгаандорж бээр:
Багшийн увидас үгүйгээр бясалгавал оюун мохоо болно. Буруу үзэлд унах, хязгаар нутагт төрөх тэргүүтэй гэм их бий хэмээн Винайгаас номлов. Анхааран авахын тулд судар шастирын сургаалын хөтөлбөрийг олох хэрэгтэй. Адаглаад тэр хийгээд тэдгээрийн эш лүнг утгыг нь мэдэхийн үүднээс хүртвэл анхаарах авч болно хэмээн дээдэс багш нар зарлигласан болой. Зан үйлийг унших ба тарнийг урин өгүүлэх, түүгээр үл барам судар тарнийн номлолыг унших тэргүүтэн дор ч эш хүртэх нь чухал болой.
Эшийн дамжлагыг олсноор номыг зоргоор эзэрхэхийн гэмийг хорих хийгээд нэгнээс нэгэн дор тасралгүй дамжих тул ном ба багшийн адистид өөрийн сэтгэл үндсэнд орох хэрэг тус бий. Түүнчлэн үзүүлэгч Бурхнаас эхлэн тасралтгүй дамжин ирсэн дараалалыг санаснаар язгуур үндэсний багш нарын ачийг даган дурдах хийгээд шашныг баригч дээдсүүдийн тийн цагаан үйлст даган баясах тэргүүтэй машид олон хэрэг буй хэмээн номложээ.
Эш дамжлагагүй номыг сонсож утгыг нь мэдээд өөрийг их мэдлэгтэн буюу багшгүйгээр номон дор суралцснаар өөрийн оюуны хүчээр номын утганд мэргэшиж чадна хэмээн багшдаа омгорхвол юунд ч тусгүй. Бусдад номловч адис жанлав гарахгүй. Хойшид багштай үл учирна. Хааяа учиравч багш түүний ном сэтгэл үндсэнд тус болох үгүй хэмээн номложээ. Багшаас эш лүн хүчлэн хүртэх нь зохисгүй бөгөөд багшийн таалал үл баясах аваас номын адис жанлав үл гарах бөлгөө. Хөх дэвтэрийн тайлбарт “багшийн таалал, баясал үгүйгээр увидасыг өгвөл тус болохгүй дээрээс хор болох больюу” хэмээсэн. Мөн Хөх дэвтэрт “Багшийн таалал машид баясвал юу боловч их тустай болюу түүнээс няцсанаар бүрэн номловч түүнээс адис жанлав өчүүхэн ч үл гарюу” хэмээсэн болой.
Бас бус дээдийн номыг чухалчлан, агуу их сонсох, мэдлэг олохыг хүсэгчид бээр өөрийн хүртсэн эш, хөтөлбөр, авшиг, даган соёрхол, увидас тэргүүтний Товьёг-жүдрэмээ (олсон тэмдэглэл-дамжлагын дараалал) нарийн дэлгэрэнгүй бичиж тэмдэглэл хөтөлвөл 13 тус эрдэм гарна хэмээн судар шастираас номложээ.
Эдгээр нь:
1. Түүн дор шүтэн өөрийн дурдал, санамсарыг сэргээх
2. Номыг хамт айлтган, сонссон бусад нөхдөд туслах
3. Увидасын гарал ариуныг мэдэх
4. Түүний (эш лүн, увидасын) эрдмийг мэдэх
5. Эш онолын шашин шавийн сэтгэл үндсэнд нэгнээс нэгэнд дамжин юүлж зэргээр дэлгэрэх ёсыг мэдэх
6. Язгуур үндэсний багш нар бээр бурхны зохионгуй дор оршсон ёсыг мэдээд бурхан бодитойн хуран мэдэл төрөх
7. Тэдгээрийн (Язгуур үндэсний багш нар) номоор тэтгэсэн ачийг нь мэдээд их бишрэл төрөх
8. Судар дандарыг баригч олон бандида шидтэн дээдсүүдтэй үзэх, сонсох, дурдан санахын барилдлага тогтоох
9. Эрхтэн бүрэн, оронд сүсэгтэй тэргүүтэй өөрийн шүтээн биеийн эрдмийг мэдээд номын шимийг авахыг дуртатган сануулах
10. Урьж заларсан дээдэс төрөлхтөн тэр төдий төрөл солихын ёсыг санан дурдаад өөрт магад гарахуйн санаа хийгээд уйсал төрөх (Мөнх бусын ёсыг сануулах)
11. Урьдын дээдэсүүд бээр ялгуусны шашныг энхрийлэн зохиож мөхөөлгүйгээр барьсан ёсыг мэдэх хийгээд шашин мөхөхийг үл хүлцэн, дээд бодийн сэтгэлийг үүсгэх (урьдын дээдүүсээс үлгэр жишээ аван бурхан шашин дэлгэрүүлэхийг үүргэнд авсан бодь сэтгэл төрөх)
12. Өөрийн урьд үйлдсэн дээдийн номыг барих буянд даган баясан, дуршсанаар урьд хураасан буянаа дээш нь арвидуулах
13. Дээдэс багш нарын тийн ариун үйлсийн дэгжлэг болох
ЭШ ЛҮН УЛАМЖЛАГДСАН ТҮҮХ
Эш лүнгийн дамжлага Энэтхэгт уламжлагдсан түүх
Бурхны зарлигийг анх удаагаа хураасан нь. Бурхан багшийг нирваанд орсны хойно бурхны шадар шавь Ананда архадын хутгийг олсон бөгөөд их архад Махагашив удирдан Ражгирт таван зуун архад чуулсны төвд Ананда, Убали, Махагашив гурван архада бурхан багшийн зарлигласан сургаал бүгдийг гурван аймаг сав дор хураангуйлж бурхан багшийн сургаал номлолыг өнөд удаан тасралгүй оршоохын тулд цээжээр уншин хураасныг “Анхдугаар зарлигийн хураалт” гэдэг. Үүний эх сурвалж нь “Суурь бүгдийг буй” хэмээн өгүүлэгчийн аймгийн “Винайн бага сага эш”-ийн 57, 58-р бамба (хэсэг)-т буй. Тэрч Винайн бага сага эшийн 57-р хэсгээс “Ананда Архадын хутгийг олоод Ражгирт Гашив тэргүүтэй 500 архада Нигродо модны агуйд номсыг хураан хураахуй хамига буй дор одсон болой. Тэндээс насан төгөлдөр Махагашив бээр аяга тахилмаг нугуудад ийн хэмээн өгүүлэв. “Насантөгөлдөр нүгүүд ээ ирээдүй цагт аяга тахимлагууд умартал хийгээд биеийн хүч өчүүхэн тул судрын шүлэглэлээс бусад Судрын аймаг хийгээд Винай хийгээд илт номыг барьж эс чадах тиймийн тул үдээс өмнийн цагт судрын шүлэглэлийг өгүүлсүгэй, үдээс хойш Судрын аймаг хийгээд, Винай хийгээд Эхийг ( Авидармын аймаг) хэлэлцсүгэй” хэмээн насан төгөлдөр Махагашив өгүүлэв. Насан төгөлдөр Анандын номыг өгүүлэх арслант ширээний дээр 500 архада бээр 500 номт дээлийг дэвссэн болой. Тэндээс насан төгөлдөр Ананда дөрвөн зүгрүү машид хараад, амьтан нугуудад нигүүслийн сэтгэлийг сайтар агуулан, номон дор бишрэлийг төрүүлж, адил ариун явдалтны хүндлэлд зорин, арслант ширээг нар зөв тойрч тэргүүнээрээ сөгдөөд, ахмадын зэргээр хир зохистойгоор мөргөн, мөнх бусыг сэтгэн, арслант ширээг сүрээр даран суусан болой. Тэндээс далай мэт гүнзгий, үл хэлбэрэх нөхдийг үзэж, хэрвээ ямар мэт Ялж Төгс Нөгчсөн бээр судрын аймгийг хоцроолгүйгээр зарлигласныг би бээр оюундаа тогтоосон нь Ялж Төгс Нөгчсөн бээр судрын аймаг алин лусын оронд номлосон нь ч буй бөгөөд нэгнээс нэгэн дор залгамжлан ирсэн алин нугуудыг түүнчлэнхүү сонсон, оюундаа тогтоосон хийгээд энэ мэт сонссон бүгдээ номлосугай хэмээн санамуй” хэмээн зарлигласан нь эш лүнгийн чухал эх сурвалж билээ. Ийнхүү бурхны зарлиг сургаалыг эмхэтгэн шүүхэд өглөгийн эзэн нь Магадын хаан Ажатшатру болсон байна. Бурхан багшийн зарлиг сургаалыг хүн төрөлхтөнд алдаа магадгүй ариунаар дамжуулах, урт удаан оршоох нэгнээс нэгэнд дамжуулахдаа үг үсгийн болон шүлэг мөрийн хэмжээг алдаагүйгээр уламжлуулах зорилгоор ийнхүү бурхны сургаалыг анх удаа шүүн, ариутган эмхэтгэсэн байна.
Бурхны зарлигийг хоёрдох удаагаа хураасан нь. Бурхан багшийг нирваанд орсноос хойш 110 жилийн дараа Вайшлийн орны Гүсэнбүргийн хийдэд 700 архада хуран чуулж хоёрдахь удаа бурхан багшийн зарлиг сургаалыг ариутган шүүн хураасан бөгөөд номын хаан Ашога өглөгийн эзэн болжээ. (“Винайн бага сага эшийн” 58, 59-р хэсэгт буй)
Эрт цагт бурхан багшийн зарлиг сургаалыг амаар дамжуулдаг байсны үндсэн нэг шалтгаан нь цаас, бэх тэргүүтэн нийтэд дэлгэрээгүй байсанд оршино. Өөр нэг хүчин зүйл нь тухайн үеийн гэгээрсэн хутагтуудын оюуны чадамж гайхалтай өндөр байсны илрэл юм. Ийнхүү гэгээрсэн архад, хутагт нарын аман гэгээнээр дамждаг байсан бурхны сургаал нь цаг хугацааны уртад дөрвөн өөр хэлээр уншигдан түгэн дэлгэрч эхэлсэн. Өөр өөр хэлээр, амнаас аманд дамжуулан түгэх үйл явцад үг солигдох, судрын хэмжээ, үгийн тоо нь их бага болох зэрэг зөрүү гарч эхэлсээс шалтгаалан хуврагууд хоорондоо мэтгэлцэн маргалдан үзэл онолыг зөрүү гарч эхэлснээр хуврагийн аймаг эхлээд Махасангика (Олонхийн аймаг), Ставира (Бат агчийн аймаг) хэмээх хоёр үндсэн аймаг болон хуваагдсан. Улмаар цааш Саматия (Олноо өргөгдсөн аймаг), Мула Сарвастивади (Суурь бүгдийг буй хэмээн өгүүлэгчийн аймаг) хэмээн салаалж үндсэн дөрөв, гишүүн 18 аймаг болж салбарласан бөгөөд үүнээс шалтгаалан Бурхны зарлиг сургаал ч үндсэн дөрвөн аймгийн зарлиг сургаал хэмээн хуваагдах болсон байна. Ийнхүү бурхны зарлиг сургаал дөрөв хуваагдаж эхэлсэнээс хуврагийн аймгууд өөр өөрийн аймгийн судар номыг зөвтгөн, бусдыг буруутган номын мэтгэлцээн хийх болсон байна. Бурхны зарлиг сургаалыг гуравдахь удаагаа хураах үед “Гэргэр хааны зүүдний судар”-ыг эх сурвалж болгон үндсэн дөрөв, гишүүн 18 аймгийн зарлиг сургаал бүгд бурхны таалал мөн, өөр өөрийн уламжлал сургаалыг баримтлснаар гэгээрэлд хүрнэ хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Дөрвөн аймаг савын сургаалыг Хятад хэлэнд бүрэн орчуулахыг зорьсон ч орчуулж чадаагүй юм. Харин Төвд хэлэнд дөрвөн аймаг савын сургаалаас ганц “Суурь бүгдийг буй” хэмээн өгүүлэгчийн аймгийн сургаалыг орчуулжээ.
Бурхны зарлигийг гуравдахь удаагаа хураасан нь. Бурхан багш нирваанд орсоноос 300 жилийн хойно Кашмирийн Гүнбана хэмээх хийдэд Пүрника тэргүүтэй 500 архада, Басунидар тэргүүтэй 500 бодисадва, эгэл төрөлтөн 250 бандида нийт 16000 хуварга хуран чуулж бурхны зарлиг сургаалыг гурав дахь удаагаа эмхэтгэн шүүсэн байна. Тэр цагт үндсэн дөрөв, гишүүн 18 аймаг бүгдийг ариун шашин хэмээн нотолж, винайн аймаг савыг бичиг үсгэнд буулгасан бөгөөд урьд нь бичиг үсгэнд буулгаагүй судрын болон винайн аймаг савыг ч буулган ариутган шүүжээ. Бурхан багшийн зарлиг сургаалыг гуравдахь удаа эмхэтгэхэд өглөгийн эзэн Заландара (Кушан)-ын хаан Канишка байжээ.
Эдгээрээс дүгнэхэд бурхны зарлиг сургаалыг анх удаа хураах үед хуврагийн тоо харьцангуй цөөн байсан бол хоёрдахь удаа хураах үед бурхны шашин олон газар дэлгэрч, дөрвөн өөр хэлээр түгсэн байсан бөгөөд 700 архада оролцжээ. Гуравдах удаагаа хураах үест бурхны шашин олон газар оронд түгж, бурхан шашны бүх лам хувраг нэгэн дор хуран чуулж бурхны зарлиг сургаалыг хураах үйлсэд оролцох боломжгүй болсон байжээ. Өдгөөгийн бидний үед уламжлан ирсэн зарлиг сургаалыг үг үсэг орхилгүй уншиж дамжуулдаг энэ уламжлал бурхан багшийн зарлиг сургаалыг гуравдахь удаа хурааж, үсэг бичигт бүрэн гүйцэд буулгасанаас хойш үүсэн бий болсон дүгнэж болохоор байна.

Эш лүнгийн дамжлага Төвдөд уламжлагдсан түүх
Эш лүнгийн дамжлага Төвдөд дэлгэрсэн түүхийг “Шашны мөрний урсгал, сайн хувьтын горилыг хангагч” хэмээх ганжуурын лүн хүртсэн товьёгт дурдагдах мэдээ сурвалжид үндэслэн товч хураангуйлан өгүүлье. Энэхүү бүтээл Бүдон Тамжидчимбийн Чойнжун, Гүнчин Доржэданба Гунгаанамжилийн сан-ег (сонсон тэмдэглэл), Цалва ганжуурын гарчиг (Төвдөд анх эмхтгэсэн ганжуур) гурвыг гол эх сурвалжаа болгосон байна.
Сайн цагийн мянган бурхны долдугаар Равсал бурхны хувилгаан хэмээн алдаршсан Кашмирийн их бандида Шагжа шри (1127-1225) бээр их Доржданба Нианмэдбийнбалаас 200 илүү судрын эш лүнг сайтар хүртээд төвдөд заларчээ. Хачбанчин Шагжа Шригээс төвдийн эрдэмт хуврагууд болох Жал Чойсан, Топу хэлмэрч Жамбийбал (1173), Лхова Тамжидчинба гурав дээр дурдсан 200 илүү судрын эш лүнг хүртснээр төвдөд ганжуурын эш лүн уламжлан дэлгэрчээ. Энэ бол Төвдөд ганжуурын лүн залгамжилсан анхны мэдээ сурвалж юм.
Их буяны садан Долүнба Лодойжунай бээр өөрийн шавь Дэмба лозова Чүлтэмжунайг (1107-1190) Энэтхэгийн хэлнээс Живрагшазод, Догжид ринбүчи Багсамтэшүн хоёр номыг төвд хэлрүү орчуулах, мөн Ганжуурын Домангийн аймгийн эш лүнгийн ариун дамжлагыг авч ирэх хоёр зорилгоор хутагт Энэтхэгийн орон луу илгээжээ. Дэмба хэлмэрч Чүлтэмжунай Энэтхэгт очиж Домангийн эш лүнг чухалчлан хайсаар бага Доржданбийн шавь бандида Жинашри, Буньяшри хоёрт Доржданба болон бусад олон бандида нараас дамжсан 329 судрын эш лүн байгааг олж мэджээ. Түүнээс Буньяшрийн дамжлагын эх сурвалж нь ариун бөгөөд судрын тоо нь ихийг мэдэж, тэрхүү ариун бөгөөд арвин дамжлагаас 323 судрын эш лүнг сонсон төвдөд буцан ирж Сотамжидчинба тэргүүтэй олон мэргэн бүтээлч хуврагуудад дамжуулжээ. Дээр дурдсан хоёр номноос Догжид ринбүчи Багсамтэгшүнгийн эх хувийг бүрэн эхээр нь олж төвдөд авчирсан боловч өөрөө орчуулж чадалгүй Саж бандида Гунгаажанцанд (1182-1259) орчуулах хүсэлт тавьсан боловч Саж бандида Монгол оронд морилсноор орчуулуулж чадсангүй. Төвд хэлрүү заавал орчуулах гэрээсийг шавь нартаа үлдээсний дагуу Пагва лам Лодойжанцан (1235-1280) эрдэмт хувраг Шондон Доржэжанцанд айлтгасанаар төвд хэлрүү бүрэн орчуулагдсан байна. Харин Живрагшазод Чиму төвд хэлрүү бүрэн орчуулагдаагүй нь Дэнба хэлмэрч эх хувийг нь бүрэн олж ирээгүй, эсвэл төвд хэлрүү бүрэн орчуулах хэлмэрч, орчуулагчид гараагүй алин мөн эсэх нь тодорхойгүй үлджээ.
Мөн дээр дурдагдсан хоёр бандидагийн шавь (Жинашри, Буньяшри) Сумадигриди бандида өгүүлэхдээ: “Миний хоёр багш бандида Дарма Агара Шандибагаас Домангийн эш лүнг сонссон бөгөөд тэрхүү дамжлага манай Энэтхэгт ихэд дэлгэрсэн бөгөөд Энэтхэгийн үнэн түүх мөн” хэмээсэн тул Ганжуурын эш лүнгийн дамжлаганд Доржданбагаас ч бандида Шантива нь илүү эрхэм нь тодорхой хэмээн товъёогт өгүүлсэн байна. Бандида Сумадигридигээс их бандида Смерди Жанагирди сонссон бөгөөд тэрбээр төвдөд морилсны дараа түүнээс хуучин тарнийн ёсны их арвисыг баригч убасика хэлмэрч Ронсам Чойсан бээр сонсож Аадаг Нян Явсрай тэргүүтэнд дамжуулснаар гэргийтэн убасика сахилтнаар дамжсан Ганжуурын эш лүнгийн дамжлага төвдөд гарсан байна. Хожим Ганжуурын эш лүнгийн дамжлагыг таслалгүй залгуулсан ачтан нь Шавабагдон Шонү Чүлтэм юм. Тэрбээр “Шавдодийн Юугандан” хэмээх хийдэд Ромбо Шийравсэнгээс Жал чойсонгоос дамжсан дамжлагыг нэг удаа бүтэн сонсоод дамжлагын дараалалыг нягтлахад Жал Бадмажин болон Хамба шонүй Иш хоёрын засвар нэг тасархай, Шонүй Иш ба Ромбо Шийравсэнгэ хоёрын засвар бас нэг тасарсан байгааг мэджээ. Тиймээс тасраагүй ариун дамжлага хэнд буйг судлан, сурвалжилсанаар Сажийн мэргэн бүтээлч Янгомба лама Шан Гунгаа Одсэрт Хачбанчин Шагжа шригээс дамжсан дамжлагын эш лүн байгааг сурвалжилан тогтоож, түүнээс Ганжуурын эш лүнг дахин нэг бүтэн сонссон ажээ. Гэвч түүний дамжлагын дарааллын тэмдэглэлд (Жүдрэм товъёог) Хачбанчин Шагжа Шригээс урагших дамжлага нь тодорхой бус бөгөөд Топу хийдэд Жал Чойсан, Шагжа Шригээс эш лүн сонсох цагт Лхова тамжид Чинба ч сонссон болов уу хэмээх эргэлзсэн тэмдэглэл бага сага буйг үзснээр сэтгэл үл ханах болов. Ер Домангийн дамжлага ялангуяа судар тус бүрийн эргэлзээ үгүй ариун дамжлага Сажава Янгомба Лочин Санжай Срайд байгааг сонсож Лочэн Янгомба ламаас гурван жилийн хугацаанд Ганжуурын эш лүнгийн дамжлага гүйцэт сонсжээ. Уг дамжлагын түүхийг товч дурдвал номын хаан Пагва лам Лодойжанцан (1235-1280) өөрийн шавь Жилбүва Дагдон Шийрав Одсэрт Доман судрын ариун дамжлагыг сурвалжлан ологтун хэмээн зарлиг болсоноор тэрбээр Аадаг Нянгаас дамжсан ариун дамжлага Шанба Дагба Сэнгэд байгааг сурвалжлан тогтоож олж хүртсэн бөгөөд түүнээс Янгомба Лочэн Санжай Срай бээр хүртжээ. Мөн Шава Багдон Шонү Чүлтэм нь Дэнба хэлмэрчээс Лхова Тамжид чинбад дамжсан эш лүнгийн дамжлагын сурвалж ариун болохыг сурвалжлан тогтоож уг дамжлагыг бүрэн хүртснээр нэгэн насандаа Ганжуурын Домангийн аймгийн судрын эш лүнг дөрвөнтөө бүрэн хүртээд цаашид уламжлан дамжуулсан аж. Эдүгээ хүртэл Ганжуурын эш лүнгийн дамжлага тасралгүй дэлгэрэхэд түүний оруулсан хувь нэмэр машид их болох тухай товъёгт тэмдэглэсэн байна.
Түүнээс хожим Ганжуурын эш лүнгийн дамжлага (дандарын аймгийн эш лүнгээс бусад нь) тасрах шахамын үед Доржданба Гунгаанамжил бээр залгуулж нийтэд дэлгэрүүлсэн түүх нь. Тэрбээр Домангийн аймаг, Билигбрамидийн аймгийн эш лүнгийн дамжлага Дагжүд нутгаас бусад нутагт машид ховор болсныг сонсож эш лүнгийн ариун дамжлагыг залахаар Дагжүдийн зүгт морилжээ. Гэвч энэ нутагт эш лүнг дамжуулах алдаа мадаг эргэлзээтэй олон ёс дэлгэрсэнийг нүдээр үзсэн байна.
Жишээлбэл:
oЭш лүнг хүртээхдээ номын эхнээс дуустал үг үсэг орхил үгүйгээр бүрэн гүйцэт уншихгүй судар номын эхнээс 10 орчим хуудсыг үсэг тоолон уншаад түүнээс хойшоо ганц хоёр хуудас уншснаар болох “Торлогмын ёс” (хэсэг бусгаар унших ёс)
oНом судрын эхэн адаг, дунд гурваас нэг, нэг хуудас уншснаар болох “Эхэн, адаг, засвар гурвын ёс”
oНомын хуудас бүрийн дундаас нэг мөрийг унших “Бавуу шүрмийн ёс”
oХуудсны дээд, доод хоёр мөр уншснаар болох “Жагрима ёс” (хүрээ уул)
oҮүнээс гадна Гонбу Дэрдон Жацон Нямбуу хийгээд Гамбу хувилгаан Норву Жанба хоёр бээр шинээр журмласан Товъёгийн эшийг хүртээснээр түүн дотор буй ван авшиг, эш лүн бүгдийн дамжлагыг олох ёс
oНомын сан дотор ороод ерөөл тавьснаар түүнд хадгалагдаж буй ном сургаал бүгдийн эшийг олох ёс
oВан авшиг, эш лүнг хүртээхдээ багш шавь хоёр бодитой уулзалгүйгээр багш нь ван авшиг, эш лүн хүртээх таалал хандлуулсан даруйд шавь нь хол зайтай оршиж байсан ч ван авшиг, эш лүнг олсонд тооцох тэргүүтэй ариун бусын олон ёс дэлгэрч хуурмаг эндүүрэлгүй эш лүнгийн үргэлжлэл нэн ховордсон байжээ.
Тийм учраас Ганжуурын Дандарын аймгийн эш лүн хийгээд Гонгароос дамжсан Винайн аймгийн эш лүнгээс бусдыг нь хүртвэл номын дууг чихээр сонссон төдий тус эрдмээс илүү хэрэг тусгүй бөгөөд багш шавь хоёрыг зүдрээх үйл төдий хэмээн таалж тэдгээр ариун бусын ёсыг огоорч бусад эш лүнг хүртэлгүй орхисон аж. Тэр цагт Лхобраг Брүлгү Чойжалдондүв, Шамар Гончаг Янлаг, Жалцав Дагбадондүв гурав бээр эш лүнг хүртээхдээ судар номын эхнээс нь дуустал үг, үсэг орхилгүйгээр гүйцэт унших ариун ёсыг баримталдагийг сонссоноор итгэмж төрж, сэтгэл татагдан энэ насны үзэгдэл шуналыг огоорч их ганжуурва Жалцав Дагбадондүваар Ганжуурын эш лүнг бүрэн гүйцэт уншуулан хүртэж, улмаар бусдад түгээн дэлгэрүүлэн залгамжлуулжээ.
ГАНЖУУРЫГ АНХ ҮСЭГ БИЧГЭНД БУУЛГАСАН ЁС
Төвдөд бурхны сургаалыг орчуулж эхэлснээс хойшхи бүхий л орчуулгыг эмхэтгэн нэгтгэсэн нь
-Төвдийн 33 дахь их хаан Соронзонгомбын (581- 649) үед Томи Самбадо түшмэл анх үсэг бичиг зохиож улмаар “Ринбүчи Доги сүн” (“Эрдэнийн охийн тогтоол”), “Ширчинбумба” (“Билигбрамидын зуун мянган шүлэгт”), “Жанрайсэгийн 21 судар дандар”-ыг төвд хэлрүү орчуулсан нь төвдөд Энэтхэгээс бурхны сургаалыг орчуулсны эхлэл хэмээн үздэг.
-Төвдийн 38-р их хаан Тисорондэзаний (742-797) үед их хэлмэрч Бэрузана “Санжэй Палбучи” (Төвд ганжуурт энэхүү судрыг “Олонхийн аймаг” гэж нэрийдээд 6 боть болгож хэвлэсэн) судар (45 бүлэг, 130 хэсэг, 39000 шүлэг) тэргүүтэй судар, дандар олныг орчуулжээ.
-Төвдийн 40-р их хаан Тидэ Сронзаны (776-815) үед их хэлмэрч Ишидэ бээр “Юмбумба” (“Билигбрамидийн зуун мянгат”, 300 хэсэг, 100,000 шүлэг), “Нит” (“Билигбрамидийн хорин таван мянгат”, 83 хэсэгтэй, 25,000 шүлэг), “Ти Жадамба” (“Билиг бримидийн түм найман мянгат”, 60 хэсэг, 18,000 шүлэг), “Гончогзэгба” (“Чухаг дээд давхарласан судар”, 100,000 бүлэгтэй. Төвд хэлрүү орчуулагдсан нь 49 бүлэг), “Додэгондэл” (“Таалалын тайлбарын судар”), “Ланшиг” (“Ланкад ажирсан судар”), “Нинжбадгар” (“Цагаанлянхуан судар”) гэх тэргүүтэй их хөлгөний олон судар орчуулсан. Авидармын долоон аймгаас “Жигдэн Дагва Вамбу дүн” (7 хэсэг), “Жү дагва Вамбу дүн” (7 хэсэг), “Лай дагва Вамбу-а” (5 хэсэг)-ийг орчуулжээ. Таалалын тайлбарын шастируудаас Камалашила, Чандра гриди, Шандрирагча, Майдар, Васуванду, Хутагт Асанга, Ловон Иши нинбу, Нагаржунай тэргүүтний зохиосон олон шастирууд, дандарын аймгаас “Зүгдэрнамжилийн дандар” тэргүүтнийг орчуулжээ.
-Төвдийн 41-р хаан Ти Ралбажаны (806-841) үед их хэлмэрч Балзэг Винайн дөрвөн эшийн анхдугаар “Лүнши” (“Эшийн суурь”, 109 хэсэг, 32,000 шүлэг), “Гэлэнмаа намжид” (“Эхийн тийн ялгагч эш”, 28 хэсэг), Ловон Васуванду бээр зохиосон “Авидрамийн үндэс”, түүний өөрийн тайлбар зэрэг Энэтхэгийн олон бандида нарын зохиосон шастирууд, Дандарын аймгаас явдлын дандар, үйлийн дандарын олон сургаалыг орчуулжээ. Мөн их хэлмэрч Лүеижанцан Винайн дөрвөн аймгаас “Эцгийн тийн ялгагч эш” (83 хэсэг, 24,900 шүлэг), Винайн дөрвөн аймгаас үндсэн эш “Гэлонгийн сосор тарвийн до” (“Аяга тахимлаг ангид гэтлэхүйн судар”, 2 хэсэг, 100 шүлэг), “Аяга тахимлаг эхийн ангид гэтэлхүйн судар” (2 хэсэг, 800 шүлэг), Таалалын тайлбарын шастируудаас Ловон Гэлэгшийнэн, Ловон Дүлбалха, Ёндон од, Чойжишийнэн тэргүүтнийн “Винайн олон тайлбарууд”, Хутагт Нагаржунайн зохиосон “Завашийрав” (“Үндсэн билгүүн”, 1 хэсэг 140 шүлэг). Мөн Ловон Бүдабалида, Лигпданжид, Жансрайсэг Дүлшиг тэргүүтний зохиосон төв үзэлтний олон шастируудыг орчуулсан болой. Дээр дурьдсан хэлмэрч Гавабалзэг, Жгоро Лүеижанцан, Шан Иши Дэ гурав нь хэлмэрч ГаЖогШансүм гэж алдаршсан бөгөөд төвдийн шашны анхан дэлгэрэлтийн үеийн хамгийн алдартай хэлмэрч орчуулагчид юм.
Анхан дэлгэрэлтийн үед орчуулагдсан судар шастируудыг анх удаа бүртгэн эмхтгэсэн нь. Их хэлмэрч Балзэг болон Хон Лүеиванбу тэргүүтэй орчуулагчид 824 онд Донтан Дангарийн ордонд хадгалагдаж байсан судар шастирын орчуулга, ариутган шүүж гүйцсэн бүгдийн нэр болон төгсгөлийн өгүүлэл зэргийг жагсаасан эмхэтгэл гаргажээ. Нэр, төгсгөлийн өгүүллийг ийнхүү жагсаан бүртгэсэн нь “Донтан Дангарийн гарчиг” хэмээн алдаршжээ. Уг бүртгэлд 779-824 оны хооронд Төвд хэлрүү орчуулагдсан 734 зүйлийн судар, дандар, шастир бүртгэгдсэн байна. Ингэхдээ судар, дандар, шастир тус бүрд хэдэн шүлэг, хэдэн бамба (хэсэг), хэдэн бүлэг буйг нарийн тоолж, шүлэглэсэн зохиолын найман цэгээр таслагдсан үгсийг нэг мөр, дөрвөн мөрийг нэг шүлэг хэмээн тооцсон байна. Үргэлжилсэн үгийн зохиолд 32 цэгээр таслагдсан үгийг нэг шүлэг хэмээн тооцжээ. Бамба буюу хэсэг нь дотроо их, бага хэмээх ялгаатай. Их бамбыг 1000 шүлгийн гурван хувиар (333), бага бамбыг 300 шүлгээр тооцож судар, дандар, шастир бүгдийн хэмжээг нарийн тооцож бүртгэжээ.
Бүдон Чойнжүнд анхны бүртгэл “Донтан Дангарын гарчиг”-ийн дараа “Самьяа чимпүүн гарчиг”, түүний хойно “Багана үгүй Пантан ордны гарчиг” түүнээс хожим “Нартан хийдийн орчуулагдсан шастир бүгдийн гарчиг”, “Их хэлмэрч Ог Лоданшийравийн (1059-1109) зохиосон гарчиг”, Лүймэ тэргүүтэй орчуулагчдийн “Судар дандарын ялгал бүртгэлийн гарчиг” тэргүүтэн олон бүртгэл, гарчиг зохиогдсныг дурджээ.
Хожуу дэлгэрэлтийн үед судар дандар орчуулсан түүх. Төвдийн шашны хожуу дэлгэрэлтийн үе буюу шинэ тарнийн ёс гарсан үеийг лозова Ринчэнсамбуугаас (958-1055) хойш тооцох бөгөөд Лозова Ринчэнсамбуу нь “Няндай Дочүн” (Гаслангаас нөхчихүйн бага судар) Энэтхэгийн бандида Жовужи Адиша, Чоглан, Дигнага, Ловон Ишэдагба, Чойван, Ловон Даян тэгүүтний зохиосон олон шастир орчуулжээ. Мөн эцгийн дандарын “Гүхи самаза” (нууцын хураангуй үндсэн дандар 17 бүлэгт) тэргүүтэн олон дандар, хутагт Нагаржунайн Рим-а (Таван зэрэг), Арияадэвийн “Жодүй” (Явдлын хураангуй), Зандрагридийн нууцын хураангүйн тайлбар “Донсал” тэргүүтэй судар дандар, шастир машид олныг орчуулсан аж. Хожуу дэлгэрэлтийн үеийн хэлмэрч, орчуулагчдийн гол төлөөлөгчид нь: Ма хэлмэрч, Гэви Лодой, Нагцо хэлмэрч Цүлтэм жалва, Марва хэлмэрч Чойжи Лодой (1012-1097, Энэтхэгт гурван удаа очсон), Нян хэлмэрч Дармадаг (1076), Бари хэлмэрч Ренчиндагва (1040), Ра хэлмэрч Доржэдаг (1076), Бацав хэлмэрч Нямадаг (1055, Кашмирт 13 жил ном үзсэн), Ог хэлмэрч Лодоншарав (1052-1109, Камширт 17 жил ном үзсэн), Топу хэлмэрч Жанбийбал, Шон хэлмэрч Доржэжанцан, Тар хэлмэрч Нямажанцан, Сажбандид Гунгаажанцан (1182-1251), Бүдон Ринчиндүв (1290-1364), Гой хэлмэрч Шонүбал (1390-1481) тэргүүтэй олон хэлмэрч Энэтхэгээс судар, дандарын сургаалыг тоолшгүй олныг орчуулсан юм.
Төвдөд Ганжуурыг анх эмхэтгэн бичсэн түүх. Төвдийн Гаадамбын ёсны их мэргэн Жомдан Ригби Ралдийн (1227-1305) шавь Чим Жамбиян (-1289) Сажийн хийдэд суухын цагт их Юаны улсын Аюурбарбад Буянт хааны багшаар 1312 онд залагдаж Буянт хааныг 9 жил хаан ор суух үед төрийн багшаар суусан байна. Улмаар өөрийн багш Нартан хийдийн хамба Жомдан Ригби Ралдийн Монголоос бэх цаас тэргүүтэй Ганжуур эрдэнийг эмхэтгэн бичихийн зохиолдох шалтгаан болсон агуу их өргөлийг удаа дараа хүргүүлсэн. Өөрийн шавь Үйва Лосал тэргүүтэнд төвд хэлэнд орчуулагдсан судар шастир бүгдийг хураан цуглуулж Цогт Нартан хийдэд (Гаадамбын гэвш Шаравагийн шавь Дүндон Лодойдагба 1153 онд байгуулсан. Зан нутгийн Гаадамбын ёсны хамгийн том хийд) эмхэтгэн бичигтүн хэмээн сануулан захижээ. Ийнхүү Үйва Лосол Жанчив Иш, Лозова Соднам Одсэр, Жанрон Жанчивбүм гурав тэргүүтэй олон мэргэд хуран чуулж төвдийн олон газар, орон хийдэд хэсэг бусаар тархсан урьд хожид орчуулсан зарлиг, шастир бүгдийг нэг дор цуглуулжээ. Тэдгээрийг эх хувь болгон нэгтгэн хуулж бичснээр төвдөд анх удаа бурхан багшийн зарлиг сургаал, тэдгээрийн тайлбар шаштируудыг бүрэн гүйцэт эмхэтгэн “Ганжуур” (Зарлигийн орчуулга), “Данжуур” (Шастрийн) хэмээн нэрийдсэн түүхтэй. Жомдан Ригби Ралдийн бээр Нартан хийдийн “Ганжуур Данжуурын бүртгэл гарчиг Нима Одмсэр”-ийг зохиожээ. Энэ нь “Нартан Ганжуур, Данжуур” хэмээн алдаршсан бөгөөд Цаст төвдийн оронд бурхны зарлиг сургаал, шастирийг анх удаа бүрэн эмхэтгэн бичсэн нь энэ юм.
ГАНЖУУРЫН ЭШ ЛҮНГИЙН ДАМЖЛАГЫН ДАРААЛАЛ (ЖҮДРЭМ)
Ганжуурын Домангийн аймгийн эш лүнгийн дамжлагын дараалал (жүдрэм) доторх Бандида Ананда Шри болон Бүдон Тамжидчинбийн багш Тар лозова Нимажанцагийн орчуулсан 13 судрын эш лүнг сайтар хүртсэн дамжлага нь:
1. Бурхан багш
2. Ананда
3. Архада Кришна Гойжан
4. Архада Шанью Гойжан
5. Архада Нимагүнба
6. Жалриг Тамжидчинби шийнэн
7. 2-р бурхан Нагаржунай
8. Ловон Арьяадэв
9. Ловон Жамбалдагва
10. Радна Агар Шанди
11. Их Дорж Данба
12. Дунд Дорж Данба
13. Бага Дорж Данба
14. Банчин Шагжашри
15. Жал Чойсан
16. Жал Бадмажан
17. Хамба Шонү иш
18. Ромба Шийрав сэнгэ
19. Багдон Шонү Цүлтэм
20. Лама Гонбу бум
21. Бүдон Соджал
22. Ханчэн Шийрав дорж
23. Чойгова Чойбал шийрав
24. Ловон Содном Сэнгэ
25. Цал Ринчиндагдонба
26. Дажомба Ринчиндагва
27. Ганжуурва Шагжажанцан
28. Доржданба Гунгаа намжал
29. Чинбу Лодойжанцан
30. Бумрамба Ринчэнчойван
31. Равжам цорж Чүлтэмванчүг
32. Мантой Чойжилданба
33. Жан-а Гончиг Ван
34. Сэмба Дагвадондүв
35. Лама Цогни Балдүв
36. Та Цанва Лодой чоги дорж
37. Жамгон Содном чогдан
38. Хайдүв цорж Жамьян намжил
39. Чавдаг ганжуурва Жамба жамц
40. Заяа бандида Лувсанпэрэнлэй
ДҮГНЭЛТ
oЭртний эрдэмт олон мэргэд, дээдсийн хүчин чармайлт, хичээл зүтгэлийн үрээр Ганжуур эрдэнийн эш лүн хүртээх ёс ариунаар бидэнд уламжлагдан дамжин ирсэн нь олон сурвалж бичгээр нотлогдож байна.
oЦаст Төвдийн оронд Ганжуурын эш лүнг таслалгүй дамжуулж эдүгээгийн бидний баримтладаг номын үг үсгийг эхнээс нь дуустал бүрэн гүйцэд уншин эш лүнг хүртээх ёсыг журамласан ачтан нь Шава Багдон Шонү Цүлтэм, Доржданба Гунгаа Намжил хэмээх хоёр дээдэс мөн ажгуу.
oХутагт Энэхтхэгийн орноос Цаст төвдийн оронд биеэр заларч эш лүн дамжуулсан ачтай хоёр бандида буй нь Хачбанчин Шагжаршри, Их бандида Смерди Жанагирди хоёр мөн.
oГанжуурын Домангийн аймгийн эш лүнгийн дамжлагаас бусад Винай, Билигбрамид тэргүүтэй аймгийн эш лүн Энэтхэгээс Төвдөд хэрхэн уламжлагдсан нь сурвалж мэдээнд дурдагдахгүй байгаа нь сонирхол татаж байгаа агаад цаашид судлан сурвалжлах шаардлагатай.
oБилигбрамид тэргүүтэй олон судраас “Дээдийн номын ёс үүний эшийг хүртээхтүн, эшийг хүртэхтүн” хэмээн олонтаа номлосон нь эдүгээгийн бидний баримтлаж буй судар номын үг үсгийг эхнээс нь гүйцэд уншин эш лүнг дамжуулах ёс мөн эсэхийг судлан сурвалжилж, нотлон буулгах нь чухал байна.
oБас нэгэн зүйл тодорхой байгаа нь Цаст Төвдийн оронд бурхны зарлиг сургаалыг орчуулж, бичиг үсгэнд буулган эмхэтгэх болон түүний зарлиг сургаалын эш лүнг дамжуулж хүртээх хоёр үйл явдал тус тусдаа өрнөсөн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 128 (7870)