Г.Жаргалмаа
Үндэсний их баяр наадмын сурын талбайд хүүхдийн инээд, уухай сонсогдоно. Талбайн нэг талд анхны наадамдаа оролцож буй бяцхан харваачид догдлон зогсох бол нөгөө талд өмнөх амжилтаа ахиулахын төлөө дахин цэц сорих өсвөрийн шилдэг харваачид ээлжээ хүлээх аж. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваанд нийслэл болон 21 аймгаас 420 хүүхэд оролцож, цэц мэргэнээ сорин өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.
Жилээс жилд үндэсний сурын спортыг сонирхож хичээллэх хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байгаа гэдгийг Монголын үндэсний харваачдын холбооны тэргүүлэгч, Үндэсний их баяр наадмын мэргэжлийн хяналтын шүүгч, гарамгай харваач Ц.Түвшинбат хэллээ. Өнгөрсөн жилүүдэд өсвөрийн сурын харвааг нэг өдөр зохион байгуулдаг байсан бол энэ жилээс хоёр өдөр болгосноороо онцлог байв.
Шагналаа авсны дараа ээждээ үнсүүлсэн үе хамгийн нандин дурсамж байлаа
Энэ жилийн өсвөрийн сурын харвааны тэмцээнд V байрт шалгарсан Т.Биндэръяагийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр “Тэмцээнийг үзэхээр зорин ирсэн, үргэлж дэмждэг гэр бүлийнхнийхээ итгэлийг алдалгүй амжилттай оролцсондоо баяртай байна. Шагналаа авсны дараа ээждээ үнсүүлсэн үе миний хувьд хамгийн нандин, мартагдашгүй дурсамж байлаа. Би 11 настайгаасаа үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд шантрах үед гэр бүлийнхэн минь намайг үргэлж дэмждэг байсан. Цаашид сур харвааны спортоор хичээллэхээр зорьж байгаа үеийнхэн болон дүү нартаа "Битгий шантраарай. Хичээж, хөдөлмөрлөж чадвал амжилт өөрөө ирдэг. Бас үндэснийхээ өв соёлыг үргэлжлүүлэн авч явах нь бидний үүрэг" гэлээ.
2025 оны өсвөрийн харваачдын 12-14 насны ангилалд гуравдугаар байранд шалгарч цэц мэргэнээ сорьж байсан “Андууд” клубийн харваач Б.Энхрий-Цэцэгийн хувьд энэ жил ч дахин амжилтаа бататгасан юм. Тэрээр насныхаа ангилалд тэргүүн байрт шалгарч, өсвөрийн шилдэг харваач гэдгийг харууллаа.
Б.Энхрий-Цэцэг 2023 оноос үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэцэг, аймгийн гарамгай харваач, спортын мастер н.Пүрэвдорж нарын шавь юм.

Тэмцээний өмнө хүүтэйгээ ярилцаж, сэтгэл санааг нь тайвшруулахыг хичээдэг
Талбайн захад нум сумаа эвшээж буй хүүхдүүдээ дэмжин зогсох аав ээж, ах дүү нар нь мөн сурын талбайд цугларсан байв. Тэд сум тавих мөч бүрийг хүүхдүүдээсээ дутахгүй догдлон хүлээнэ. Зарим нь нумыг нь янзалж өгч, зарим нь дээлийнх нь товчийг засна. Харин бай онох бүрд хамгийн түрүүнд алга ташиж, алдсан үед нь сэтгэлээр унагахгүй гэсэн шиг инээмсэглэн тосох аж.
Энэ үед хүү нь тэмцээнд оролцож буй өсвөрийн харваач Б.Баярбатын ээж Б.Болормаагийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр “Хүү минь сураар хичээллээд гурван жил болж байна. Хүү маань энэ спортод их дуртай учраас бүх талаар нь дэмждэг. Тэмцээний өмнө хүүтэйгээ ярилцаж, сэтгэл санааг нь тайвшруулахыг хичээдэг. Сур харваа тэвчээртэй, төлөв төвшин, хариуцлагатай хүн болгон төлөвшүүлдэг гэж боддог” гэсэн юм.
Хүү Б.Баярбат нь 14 настай бөгөөд 2023 оны Улсын их баяр наадамд дөрөвдүгээр байр эзэлж, дараа жил нь улсын аваргын мөнгөн медаль хүртсэн амжилтын эзэн. Энэ жилийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд ч мөн цэц мэргэнээ сорьсон юм. Тэрээр “Би 11 настайгаасаа сур харваагаар хичээллэж эхэлсэн. Байны өмнө гарах бүрд гар чичирч, өөрийгөө тайвшруулах гэж багагүй хичээдэг байсан. Тэр үедээ гэртээ гарын хүчний дасгал хийж, багштайгаа хамт өдөр бүр бэлтгэлээ хийж, “би чадна” гэж өөрийгөө зоригжуулдаг байсан” гэлээ.
Мөн сурын талбайд гэр бүлээрээ өв соёлоо уламжлан түгээж буй гэр бүл олон байв. Тэдний нэг бол удам дамжсан өсвөрийн харваач 10 настай Б.Дашням. Түүний хувьд энэ жилийн наадам анх удаа оролцож буй том тэмцээн нь аж. Түүний аав нь улсын мэргэн цолтой, харин ээж нь аймгийн мэргэн цолтой гэр бүлээрээ өв соёлоо уламжилж яваа харваач гэр бүл. Тиймээс Б.Дашням багаасаа сурын талбайд өсөж, харваачдын дунд хүмүүжжээ. Аав, ээжийнхээ адил сайн харваач болохыг мөрөөддөг гэсэн юм. Дугаар шилжих мөчид бусад насны шилдгүүд хараахан тодорсонгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 128 (7870)