Ч.Бямбахажид 

 

Цэнхэр далай, шаргалтах элсэн эрэг, наран шарлагын газар, өнгийн цэцэгс, дал модны найгалт. Энэ зураглал бас мэдрэмжийг бид үзэсгэлэнт Хавай арлаас л харна, мэдэрнэ. Хэрэв диваажин дэлхий дээр байдаг бол олон хүний хувьд тэр нь Хавай байх.
Тэгвэл яг л үзэсгэлэнт Хавай арлыг санагдуулам өнгө төрхийг Улаанбаатар хотноо бүрдүүлж, “Эрх чөлөө 250” Тусгаар тогтнолын баярын арга хэмжээг тэмдэглэв.  

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамнаас тусгаар тогтнолын баярын хүлээн авалтын ёслолыг өнгөрсөн Пүрэв гарагт зохион байгуулж, Хавайн арлыг санагдуулам өнгө төрхийг бүрдүүлэн зочдоо угтан авсан юм.  
Баярын арга хэмжээнд ирсэн зочид ч мөн халуун орон, Хавай аралд ирсэн мэтээр тэр агшныг мэдэрч байлаа. “Эрх чөлөө 250” Тусгаар тогтнолын баярын арга хэмжээнд уригдсан зочдыг угтан авахдаа хүн бүрд цэцгэн эрхи зүүж өгөв. Энэ нь Хавай арлын уламжлалаар хүндэтгэлээ илэрхийлж байгаа илэрхийлэл юм. Ойн арга хэмжээ тэр чигтээ Хавай арлын соёл, онцлог, өнгө төрхийг харуулсан өнгөлөг орчинг харуулж байлаа.   

 

 

“30 гаруй жилийн турш АНУ болон Монгол Улс харилцан бахдам нөхөрлөлийг бүтээж ирлээ”

 

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Буанган “Эрх чөлөө 250” Тусгаар тогтнолын баярын арга хэмжээг нээж үг хэлэв.    
Тэрээр "АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг бидэнтэй хамт тэмдэглэхээр ирсэнд баярлалаа. Өнөөдрийн хүлээн авалт бол зөвхөн Америкийн тусгаар тогтнолыг тэмдэглэх арга хэмжээ биш. Энэ нь манай улс үндэстнийг өнгөрсөн 250 жилийн туршид дэмжиж, хурцалж ирсэн нөхөрлөлийг тэмдэглэх баяр юм. Манай хоёр орон газар зүйн хувьд хол боловч үзэл санаагаар холбогддог. Монголын ардчиллын замнал дэлхий дахины хүндлэл бишрэлийг хүлээсэн. Монголын ард түмний зориг, тэмүүлэл нь бүс нутагтаа үлгэр жишээ болсон амьд ардчиллыг бий болгосон. АНУ Монголын итгэлт Гуравдагч хөршийн хувьд мөр зэрэгцэн зогсож, та бүхний хүсэл тэмүүллийг дэмжихийн зэрэгцээ гайхалтай туршлагаас тань суралцдагаараа бахархдаг. Манай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл улам бэхэжсээр байгаа нь зөвхөн дипломатч нар, төр засаг бус, харин ард иргэд түүнийг бүтээсэн учраас юм. 


 Бид жил бүр АНУ-ын соёл, уламжлал, ондоошлыг харуулсан харилцан адилгүй сэдвийг сонгож, үндэсний баярын өдрийг зохион байгуулдаг.  Энэ жил Хавайн арлыг санагдуулам орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Ёслолын тайзыг хүртэл Хавайн өнгөлөг тод өнгөөр зассан байгаа. Ардчилал бол хүрэх цэг биш, харин тасралтгүй үргэлжлэх аян юм. Энэ аян замд дөрөө нийлсэн ардчилсан улсуудын түншлэлээ бид өнөөдөр тэмдэглэж байгаа юм.
30 гаруй жилийн турш АНУ болон Монгол Улс харилцан хүндэтгэл, ардчиллын хамтын үнэт зүйлс, тусгаар тогтнол, бие даасан байдал, хууль дээдлэх ёсонд тууштай байх нийтлэг зарчмууд дээр суурилсан бахдам нөхөрлөлийг бүтээж ирлээ” гэсэн юм.   

 

“Түүхт ой нь улс үндэстнүүдийн тусгаар тогтнолын үнэ цэнийг дахин сануулж байна” 

 

Хавайн уламжлалт дуу хөгжмөөр мэргэшсэн хамтлаг, дуучид баярын үйл ажиллагаанд хүрэлцэн иржээ. Үүнээс гадна АНУ-ын агаарын цэргийн хүчний тусгай хамтлаг ирж, уламжлалт дуу, бүжиг, сонирхолтой үзүүлбэрийг толилуулсан нь зочдод тун сонирхолтой, онцлог байлаа. 


Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд “Түүхэн ач холбогдол бүхий энэ ой нь улс үндэстнүүдийн тусгаар тогтнол, эрх чөлөө, төрт ёсны үнэ цэнийг дахин сануулж байна. АНУ-ын 1776 оны тусгаар тогтнолыг тунхаглалд тусгагдсан эрх чөлөө, хууль дээдлэх ёс, тэгш боломжийн үзэл санаа нь АНУ төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил дэвшил, ардчиллын үнэт зүйлд хувь нэмэр оруулж улмаар АНУ үүсгэн байгуулагдсан цагаасаа эрх чөлөөний бэлэг тэмдэг болж ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, түүчээлэн манлайлах, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. Манай хоёр улс 1987 онд дипломат харилцаа тогтоосноосоо хойш бид улс төр, худалдаа эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол соёл зэрэг олон салбарт хамтарч ирсэн” гэв. 


АНУ-ын тусгаар тогтнолын баярын үеэр Монгол шуудангийн “Америкийн Нэгдсэн Улс 250 жил” дурсгалын маркийн цуглуулгын нээсэн юм. АНУ-ыг үндэслэгчдийг дүрсэлсэн энэхүү марк нь Америкийн 250 жилийн ой болон АНУ, Монгол Улсын найрамдлыг бэлгэдэж буйгаараа онцлог юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 128 (7870)