Б.ЗОЛБОО

 

Яруу найрагт зохиолчийн дотоод ертөнц хэдий чинээ гүн шингэсэн байна, тэр хэрээр уншигч тэндээс өөрийгөө тольдон харж болдог. Жаргалсайханы Маргад хэмээх нэгэн ертөнц шинэхэн номоо саяхан өлгийдсөн билээ. Эл бүтээлд яруу найргаас гадна “Кактус” хэмээх бэсрэг жүжиг багтсанаараа онцлог юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номынхоо тухай” буландаа түүний “Нулимсны цуглуулга” номын тухай ярилцлаа.

 

-Анхны шүлгийн түүврээ хэвлүүлсэнд тань баяр хүргэе. Ер шүлгийн түүвэр хэвлүүлнэ гэдэг баяр, гуниг хоёрыг дагуулдаг шиг санагддаг. Танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би харьцангуй бэлтгэлтэй байсан. Надад тэгж их нөлөөлөөгүй. Яагаад гэвэл номоо хэвлүүлэхээр жил гаруй хугацаанд бэлдэж байх үедээ баяр, гунигийн аль алиныг мэдэрсэн. Номоо хэвлүүлсний дараа өнгөрсөн дэх бүхий л зүйлсийг ардаа үлдээсэн. Тиймээс өнгөрсөн бүхний араас эргэж харах шаардлагагүй болдог юм билээ.

-Таны номын нэр их содон санагдсан. Яагаад “Нулимсны цуглуулга” гэж нэрлэсэн бэ?

-Би бүх шүлгээ нулимс унагаж бичсэн. Ер нь уйлахаараа л бичдэг. Номын маань редактор Я.Баяраа багш “Нулимсны мөр” гэж нэрлэхийг санал болгосон. Гэхдээ “мөр” гэхээр ардаа нэг зүйл үлдээж байгаа юм шиг санагдсан учраас “Нулимсны цуглуулга” гэж нэрлэсэн.

-Таны хувьд нулимс гэж юу вэ?

-Эдгэрэл. Ариусалтай төстэй зүйл. Гэхдээ жинхэнэ нулимс л тийм байж чадна. Хүмүүс заримдаа хүчилж, худлаа уйлдаг шүү дээ. Жинхэнээсээ уйлах мэдрэмж бол хувьслын эхний шат мэт санагддаг.

-Шүлгийн түүвэр хэвлүүлэхэд ямар асуудал тулгамдсан бэ. Шүлгийн түүвэр хэвлүүлэхэд юу хөтлөв?

-Хавтасны зураг. Түүнээс гадна хүмүүс “Шүлгийн түүвэр хэвлүүлэхэд хараахан бэлэн биш байна” гэж хэлсэн. Бичих арга барилаа илүү сайжруулсны үндсэн дээр сайн ном гаргах боломжтой гэж бодож байна. Гэхдээ “Мэдрэмжээ цаасан дээр буулгасан шүлэг чинь өөр нэг 20 настай охинд хань болно” гэж танил ах маань хэлсэн. Тэр үгэнд их урамшиж, номоо хэвлүүлэх зоригтой болсон. Бас ахлах сургуульд уншсан шүлгээс нэг мөр эсхүл мэдрэмж нь минийхтэй төстэй байвал ганцаараа биш гэдгээ мэдэрч тайтгардаг байлаа. Тиймээс үүнтэй адил мэдрэмжийг хүмүүст мэдрүүлэхийг хүссэн.

-Орчин үеийн залуусын бичиж буй яруу найраг өмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай гэж боддог вэ?

-Шүлгүүдийг маань Я.Баяраа багш уншаад, “Мэдрэмжээ шууд буулгах буюу импрессионист хандлага ажиглагдаж байна” гэж хэлсэн. Зөвхөн миний шүлэг ч гэлтгүй бусад залууст тийм хандлага ажиглагдсан гэсэн. Үнэхээр тэгж санагдсан.

-Шүлэг бичих гэдэг хүүхэд шинээр мэндлэхтэй адил уу, эсвэл аль хэдийнээ сэтгэлд боловсорсон байдаг уу?

-Хэдийнээ боловсорсон байдаг байх. Бид өөрийн мэдэлгүй зарим мэдрэмжийг дотроо хадгалдаг. Тэрхүү мэдрэмж хоромхон зуур тэсрэн гарах эсвэл бодож тунгаасны эцэст шүлэг мэндэлдэг гэж бодож байна.

-Яруу найрагчдаас хэнийг түлхүү уншдаг вэ. Яагаад?

-Г.Баяр яруу найрагчийн шүлэгт дуртай. Хэмнэлтэй, тэр л агшны мэдрэмж нь мэдрэгддэг. “Би чиний бичгийн ширээ байж болох уу?” гэх шүлэг нь сэтгэлд тод үлдсэн. Мөн МУИС-ийн Утга зохиолын нэгдэлд явж байх хугацаандаа Ц.Төгсбаатар, Э.Доржсүрэн шүлгүүдэд дуртай болсон.

-Рильке нэгэнтээ залуу шүлэгчид ганцаардал хамгаас чухал байдгийг онцолсон байдаг. Үүний тухай юу гэж бодож байна. Шүлэг гэдэг бусдаас өөрийгөө тусгаарлаж, ганцаардаж байж л бичих зүйл мөн үү?

-Ганцаараа байхдаа шүлэг бичихээс аргагүй үе бий. Өөр хань болох зүйлгүй учраас гарт үзэг л тааралдана шүү дээ. Ганцаардах гэдэг нэгэн төрлийн өөрийгөө чагнах, бодлогшрох орон зай. Шүлэг бичнэ гэдэг өөрийгөө анзаарч, ажиглах үйл явц. Хүн бүр ганцаарддаг. Үнэндээ шүлэг бичдэггүй хүн ч гэсэн ганцаардаж л яваа. Харин түүнийгээ илэрхийлэх хэлбэр нь өөр.

-Таны шүлгүүд дундаас нэг шүлгийг онцолж яръя.

“Би хэлбэрээ өөрчилж зүг зүгт бутарч унаад

Элсний ширхэг мэт нуугдаад уйлахаа ч харуулахгүй

Хатсан газар лугаа хагарна...Би ердөө би биш болно...” хэмээн бичсэн байсан. Ер нь хүн хэзээ хамгийн их өөрчлөгддөг бол. Хүн өөрчлөгдлөө гэхэд өөрөөсөө холдож чадах уу?

-Холдоно. Заримдаа өөрийгөө таньж амжаагүй байхдаа ч өөрөөсөө холдож болно. Бид завгүй амьдарч байна. Энэ хэв маяг биднийг улам сорьж, хатуужуулахын хэрээр цөхөрч байна. Зуны эхэн сар хэдий ч бүрхэг, хүйтэн байгаа учраас хүмүүсийн царай баргар, хүүхдүүдийн дуу шуугиан ч бага байна. Нөхцөл байдал ийм байгаа болохоор жинхэнэ өөрөөрөө байдаг хүн ховор. Үүнийг л би их гайхдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 124 (7866)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn