Ч.БЯМБАХАЖИД
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, шийдлийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлийн гишүүн Д.Наранцэцэгийг урьж, ярилцлаа.
“Байгаль орчны асуудалд анхаардаг залуусын нэгдэх орон зайг бий болгосон”
- Би агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг ТББ-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг. Энэ ажлынхаа хажуугаар Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлд идэвхтэй гишүүнээр ажилладаг.
Манай зөвлөл орон даяар байгаль орчны салбарт ажилладаг, энэ салбарт хувь нэмрээ оруулахыг хүсдэг залуучуудын нэгдэх орон зайг бий болгож байгаа юм. Ингэснээр залуучууд нэгдэж, байгаль орчинд тулгамдсан асуудлуудад бодит оролцоог бий болгож, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зорилгоор ажилладаг. Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл маань үүсгэн байгуулагдаад жил орчим болж байна. Одоогоор идэвхтэй 40-өөд гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай зөвлөлд гишүүн байснаар залуучууд энэ талаар мэдээлэлтэй болох, өөрсдийн шинэ санаачилгуудыг дэвшүүлэх, бодит үр дүнд хүргэхийн тулд бодлогын түвшинд дуу хоолойгоо хүргэх боломжтой юм. Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлд нэгдэхийн тулд нийтэд зарласан бүртгэлээр дамжуулан өргөдлөө илгээх боломжтой.
“Монгол Улсын иргэд байгалийн гамшигт үзэгдлийг хоёр дахин илүү мэдэрч байна”

-Байгаль орчны асуудал бол маш өргөн хүрээний зүйл. Тэгэхээр яг энэ асуудал хамгийн ихээр тулгамдаж байна гэж онцлох нь нэг талаараа өрөөсгөл байж болно. Дэлхийн дулаарал явагдсанаар уур амьсгалын өөрчлөлт буюу байгалийн үзэгдлүүд огцом өөрчлөгдөж байна. Монгол Улсын хувьд сүүлийн 80 жилийн дундаж хэм 2.45 болж дэлхийн дунджаас бараг хоёр дахин өндөр градусаар нэмэгдэж байна. Энэ хэрээр Монгол Улсын иргэд ган, зуд, үерийн асуудал зэрэг байгалийн гамшигт үзэгдлийг хоёр дахин илүү мэдэрч, туулж байна. Мөн энэ цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг залуу үе маань илүү урт хугацаанд мэдрэх учраас залуучууд гэж тодотгож байгаа юм. Залуус бид байгаль орчны асуудалд нэгдмэл байдлаар хандаж хувь нэмрээ оруулна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдаж байгаа асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх гарц, шийдлийн хувьд бусад орнуудтай харьцуулахад маш сайн ажиллаж байгаа. Гэхдээ зөвхөн Засгийн газар бус ТББ-ууд, олон улсын түншлэгч байгууллагууд уур амьсгалын хөрөнгө оруулалтын чиглэлд хувийн хэвшлүүдийг татаж оролцуулах шаардлагатай байна. Монгол улс уул уурхай, баяжуулах үйлдвэрүүд гэх мэт хувийн том хэвшлүүд, үндэсний компаниудыг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр татаж оролцуулбал бид олон улсад өгсөн зорилтуудаа хугацаандаа биелүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг олон улсын түнш байгууллагууд, санхүүжилтийн маш том сангууд байдаг. Тэдний зүгээс олгодог бүх боломжийг нээхийн тулд олон улсын төсөл хөтөлбөрүүдийг сангуудад хандаж авах, үндэсний хэмжээний болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах өргөн боломж бидэнд байна.
“Монгол Улсын үндэсний залуучуудын баримт бичиг”-ийг боловсруулсан
-“Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний залуучуудын чуулган 2026”-г манай зөвлөл анх удаагаа өргөн хүрээнд зохион байгуулсан. Уг чуулганд Улаанбаатар хот болон 18 аймгийн 60 гаруй залуу төлөөлөгч оролцож, Монгол Улсад тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн асуудлаар өөрсдийн санал, шийдэл санаачилгуудыг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн “Монгол Улсын үндэсний залуучуудын баримт бичиг”-ийг боловсруулсан байгаа. Улмаар уг баримт бичиг нь ирэх наймдугаар сард Монгол Улсад болох COP 17 бага хурал, арваннэгдүгээр сард болох Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцын 31 дүгээр талуудын хуралд албан ёсоор нэгтгэгдэх юм. Чуулганаар залуучууд оролцож, өргөн хүрээний саналуудыг гаргасан. Тухайлбал, орон нутагт амьдарч байгаа залуучууд тухайн орон нутагтаа тулгарч байгаа байгаль орчныхоо асуудлыг шийдвэрлэх төслийг бичиж, орон нутгаасаа залуучуудад зориулсан санхүүжилтийг авах. Мөн усны менежментийг системтэйгээр сайжруулах, үндэсний тодорхойлсон хувь нэмэртэй холбоотой саналууд гэх зэрэг олон саналуудыг гаргасан байгаа. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий бүлэг бол малчин өрхийн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Эдгээр хүүхэд залуусын дуу хоолой шийдвэр гаргах түвшинд болон олон улсын хэмжээнд хүрэхийг олон улсын хамтын ажиллагааны зүгээс шаардаж байгаа юм.
“СОР-17 бага хуралд хэлэлцээрийн түвшинд оролцож, дуу хоолойгоо хүргэнэ”
-Бид COP-17 бага хурлын үеэр Залуучуудын форумыг зохион байгуулна. Мөн хэлэлцээрийн бүсэд нэлээд идэвхтэй оролцохоор төлөвлөж байна. Ингэснээр монгол залуус шинэ санал, санаачилга дэвшүүлж илүү бодлогын түвшинд дуу хоолойгоо хүргэхийг зорьж байгаа. Одоогоор манай зөвлөл СОР-17 бага хурал болон Австралийн Засгийн газраас авсан төсөл хөтөлбөр дээрээ ажиллаад явж байна. Цаашид байгаль орчны чиглэлээр шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, хууль боловсруулахад идэвхтэй саналаа өгөх зэргээр залуучуудын бодит үр дүнг бий болгох зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 122 (7864)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn