Ч.Бямбахажид
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Америкийн үндэсний их сургуулийн Гадаад оюутан элсэлт, бүртгэл хариуцсан захирал Туул Спэнсэрийг урьж, ярилцлаа.
-10 жилийн өмнө АНУ-д очиж хэлний бэлтгэлд суралцснаас өнөөдрийн энэ замнал маань эхэлсэн. Хэлний бэлтгэлд суралцсаны дараа Америкийн үндэсний их сургуульд мастераар суралцаж, эндээ ажиллаж эхэлсэн. Одоо Гадаад оюутан элсэлт, бүртгэл хариуцсан захирлаар ажиллаж байна. Анх намайг энэ сургуульд ажилд орж байхад “гарын 10 хуруу”-нд багтахаар монгол оюутан суралцдаг байсан. Харин одоо ойролцоогоор 200 орчим оюутан суралцаж байна. Мөн би монгол оюутнуудаасаа албандаа ажиллуулдаг. Манай монголчууд бол өөрсдийнхөө хийж байгаа зүйлдээ маш хариуцлагатай ханддаг. Одоо манай албанд дөрвөн монгол хүн байгаагийн хоёр нь менежерээр ажиллаж байгаа.
Сургуулийн хэмжээнд бакалавр, магистрийн 20 гаруй хөтөлбөр байдаг. Гэхдээ Америкийн сургуулийн бүх хөтөлбөр гадаад оюутнуудад нээлттэй байдаггүй. Манай сургуулийн хувьд бакалаврын хоёр, мастерын дөрвөн хөтөлбөрт элсэлт авч байгаа. Мэргэжлийн хувьд бизнесийн удирдлага, IT зэрэг мэргэжлээр түлхүү суралцаж байна. Ерөнхийдөө эрэлттэй мэргэжлүүд ордог.
“Гадаад, дотоодын оюутнууд адилхан төлбөр төлдөг”
-Америкийн үндэсний их сургууль байгуулагдаад 140 жил болж байна. Анх бизнесийн коллеж гэж байгуулагдаж байсан. Үүнээс хойш тасралтгүй 140 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь манай сургуулийн том давуу талуудын нэг. Мөн ил тод байдлыг эрхэмлэдэг. Дээрээс нь гадаад, дотоодын оюутан ижил хэмжээний сургалтын төлбөр төлдөг. Бусад сургуулиудад муж, улсаас хамаараад сургалтын төлбөрийн хэмжээ харилцан адилгүй байдаг шүү дээ. Төлбөрийн хувьд бизнесийн удирдлага хөтөлбөрийнх гэхэд 24 мянган ам.доллар байдаг.
Монгол оюутнууд гадаадад суралцахад хэлний бэрхшээл хамгийн их тулгардаг. Гадагшаа гарч суралцахад нөлөөлөх хамгийн чухал зүйл бол англи хэлний мэдлэг. Мөн зорилго маш чухал. Оюутнууд зорилгынхоо төлөө хичээж чадвал хүссэн зүйлдээ хүрдэг. Зорилго тодорхой байх тусам цаашид хийх алхам хялбар болно. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайтар ярилцаж, юунд дуртай байгаа, ирээдүйд хэн болох, хаана суралцах хүсэлтэй талаар нь мэдэж, ойлголцох хэрэгтэй.
Бас гадаадад суралцана гэдэг бол боловсрол эзэмшхээс гадна тухайн улсын соёлыг суралцах явдал юм. Миний хувьд Америкад очоод хувийн санхүүгээ маш сайн удирдаж сурч байсан. Тэгэхээр гадаад суралцана гэдэг бол зөвхөн диплом өвөрлөх бус амьдралын ухаанд суралцах юм. Англи хэл бол хэзээд дэлхийн хэл байсаар байх болно. Ядаж л хамгийн хэрэгцээтэй, зөв мэдээллийг англи хэлээр хамгийн түрүүнд олж авна.
“Өмнөговь аймгийн оюутнууд АНУ-ын үндэсний их сургуульд тэтгэлэгээр суралцах боломжтой болсон”
-Монголдоо хэд хэдэн хөтөлбөрүүдээр хамтарч ажилласны нэг нь УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн урилгаар манай сургуулийн ерөнхийлөгч, доктор Фрэнк Лонгакэр, Үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч, доктор Жоэл Масгроув болон миний бие монголд ирсэн. Ингээд манай сургууль Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ингэснээр Өмнөговь аймгаас 18-аас дээш насны бүх оюутан Америкийн үндэсний их сургуульд бизнесийн удирдлага, мэдээллийн технологи зэрэг бусад хөтөлбөрүүдээр суралцах боломж нээгдэж байгаа юм. Энэ хүрээнд тус аймгийн зүгээс оюутнуудадаа 50 хувийн тэтгэлэг олгож байгаа бол Америкийн үндэсний их сургуулиас 25 хувийн тэтгэлэг олгоно. Ингээд оюутан үлдсэн 25 хувийн сургалтын төлбөрөө төлөх юм. Тавигдах шаардлагын хувьд тухайн оюутан Өмнөговь аймгийн харьяа, 18-аас дээш насных байх ёстой. Монгол оюутнууд Америкад суралцахдаа сургалтын төлбөрөөс гадна хувийн хэрэгцээнд зарцуулагдах зардлаа тооцоолох ёстой. Манай сургуулийн хувьд АНУ-ын гурван мужид кампустай. Тэгэхээр ойролцоогоор жилдээ 14-15 мянга орчим ам.доллар зарцуулагдана.
Өмнөговь аймгийн хувьд 21 аймаг дотроос эдийн засаг болон бусад чиглэлээрээ эрчимтэй хөгжиж байгаа аймаг. Энэ утгаараа ЕБС, их сургуулиа төгсөж байгаа оюутан залуусыг мэдлэгжүүлэх, илүү өндөр боловсролтой болгох хэрэгцээ тус аймагт байгаа. Аймгийн залуу үе өндөр мэдлэг боловсролтой, чадвартай байснаар аймагтаа оруулах хувь нэмэр ч тэр хэрээр нэмэгдэнэ.
“Бакалаврын оюутнууд сургуульдаа жил суралцсаны дараа ажиллах эрхээ авна”
-Ер нь манай монгол оюутнууд бусад улсын оюутантай харьцуулбал харьцангуй биеэ даасан, шаардлага хүлээж авдаг, хариуцлагатай байдаг. Гадаад суралцахын чухал ач холбогдол бол амьдралын ухаанд суралцах, санхүүгийн сахилга баттай болох. Мөн харилцааны соёлд суралцах юм.
Анх намайг АНУ-д суралцаж байхад оюутнуудад тэндээ үлдэх, нэгэнт Америкад ирчихсэн учраас эндээсээ гарахгүй гэх хандлага ажиглагддаг байсан. Харин одоо оюутнууд “боловролоо сайн эзэмшье”, “хүрээллээ тэлье” гэсэн бодолтойгоор бүр карьерынхаа 5-10 жилийн төлөвлөгөөг гаргачихсан байдаг болсон. Ер нь оюутнууд боловсролыг нь сайн эзэмшиж, эргээд эх орондоо ихийг хийж, бүтээе гэсэн хандлагатай болсон.
-Бакалаврын оюутнууд сургуульдаа нэг жил суралцсаны дараа сургуулиас ажиллах эрхээ авч болно. Ингэхдээ өөрийн суралцаж байгаа мэргэжилтэй холбоо, хамааралтай ажил хийх ёстой байдаг. Мөн монгол оюутнууд манай сургуульд суралцаж төгсөөд монголдоо ажиллах ажлын байраа тодорхой болгож чадаагүй тохиолдолд бид хамтрагч байгууллагууд руугаа зуучлах чиглэлээр ярилцаж байгаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 132 (7874)