Базарбямбын НЯМСҮРЭН
Жил бүрийн зургаадугаар сарын эхэнд болдог "Улаанбаатарын яриа хэлэлцээ" бага хурал манай улсын гадаад бодлогын хувьд ихээхэн ач холбогдолтой чухал арга хэмжээ болсоор багагүй хугацаа өнгөрөөд буй.
Бид энэ жилийн бага хурлын үеэр Францын “Asia Center” судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Арно Лёво (Arnaud Leveau)-той ярилцлаа. Ноён Арно Лёво нь улс төр сулалын доктор бөгөөд Францын Гадаад хэргийн яам, судалгааны байгууллагуудад ажиллаж Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Ази, Европ-Азийн харилцааны асуудлаар мэргэшсэн судлаач юм.
11 дэх удаагийн бага хурлын гол сэдвүүдийн нэг болох хиймэл оюун ухааны хөгжил, олон улсын аюулгүй байдал, дэлхийн геополитикийн өөрчлөлт, Монгол Улсын гүйцэтгэх үүргийн талаар түүний байр суурийг сонссон юм.
- Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал энэ жил Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг нэгэн сэдэв болгон хэлэлцлээ. Дэлхий нийтэд геополитикийн сорилт тулгарах болсон энэ цаг ү?ед бүс нутгийн өнөөгийн өнхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр олон талт хамтын ажиллагааны тогтолцоо дэлхий даяар, тэр дундаа Зүүн хойд Азид томоохон сорилттой нүүр тулж байна. Дэлхий улам бүр хуваагдаж, улс орнууд томоохон хүчний бүлэглэлүүдэд талцах хандлага ажиглагдаж байна.
Ийм нөхцөлд Монгол Улс онцгой үүрэг гүйцэтгэж чадна гэж боддог. Учир нь Монгол бол дэлхийн томоохон тоглогчидтой бүгдтэй нь ижил тэгш харилцаж, нэг ширээний ард уулзуулж чаддаг цөөн орны нэг юм. "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-нд БНХАУ, ОХУ, Европ, АНУ, Зүүн өмнөд Азийн орнуудын төлөөлөгчид нэг дор цугларч байгааг бид харж байна. Тиймээс Улаанбаатар бол өнөөдөр дэлхий нийт харилцан ярилцаж чадаж буй цөөн талбарын нэг. Дэлхий улам бүр хуваагдаж буй энэ цаг үед ийм боломжийн үнэ цэнэ улам бүр өсөж байна.
-Төв Азийг Зүүн хойд Азитай холбох ногоон эрчим хүчний коридор байгуулах санаачилга бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ямар үүрэгтэй гэж та үзэж байна вэ?
-Эрчим хүч бол аль ч улсын хувьд стратегийн ач холбогдолтой салбар. Өнөөдөр улс орнууд аль болох нэг эх үүсвэрээс хэт хараат байхаас зайлсхийхийг эрмэлзэж байна. Учир нь ганц эх үүсвэрээс хамааралтай болсон тохиолдолд тухайн улс бодлогын хувьд бие даасан байдлаа алдах эрсдэлтэй.
Ногоон эрчим хүчний коридор байгуулагдсанаар Монгол Улс төдийгүй бүс нутгийн бусад түншүүдэд шинэ боломжууд нээгдэнэ. Сонголтын хүрээ өргөжих тусам хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед өөр хувилбар ашиглах боломжтой болно. Тиймээс олон сонголттой байх нь үргэлж давуу тал юм.
-Энэ жилийн "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-ний гол сэдвүүдийн нэг нь хиймэл оюун ухаан байлаа. Та хиймэл оюун ухааны ирээдүйг хэрхэн харж байна вэ. Хүмүүс түүнээс айх болгоомжлох нь ч байна, нөгөө талаар зөв ашиглах тухай ч маш их ярьж байна?
-Энэ бол маш амаргүй асуулт. Миний хувьд хиймэл оюун ухааныг зорилго гэж биш, харин хэрэгсэл гэж хардаг. Хамгийн чухал нь бид түүнийг хэрхэн ашиглах, хэрхэн зохицуулах вэ гэдэг нь чухал. Мөн дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухаан ижил хэм хэмжээ, ижил стандартын хүрээнд хөгжих шаардлагатай. Учир нь зарим томоохон шийдвэрийг хүний шууд оролцоогүйгээр хиймэл оюун ухаанд даатгах эрсдэл бий. Тиймээс хиймэл оюун ухаанаас гарч буй аливаа шийдвэр хүний хяналт, хүний хариуцлагын хүрээнд байх ёстой.
-Европын холбоо хиймэл оюун ухааны тухай анхны хууль (AI Act)-ийг баталсан. Харин сүүлийн үед технологийн компаниудын хөгжлийг дэмжих үүднээс зарим зохицуулалтаа зөөлрүүлж эхэлсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр хиймэл оюун ухааны хөгжлийн хоёр үндсэн хандлага ажиглагдаж байна. Эхнийх нь АНУ-ын загвар. Юуны өмнө компаниудад технологио хөгжүүлэх боломж олгож, дараа нь шаардлагатай зохицуулалтыг бий болгодог. Харин Европын хувьд эсрэгээрээ. Эхлээд эрх зүйн орчныг бүрдүүлж, дараа нь ямар технологи хөгжүүлэхээ тодорхойлохыг зорьж буй. Өнөөдөр бидний өмнө байгаа хамгийн том асуулт бол өөрөө хөгжөөд явж байгаа технологийн араас дагах уу, эсвэл бидэнд үнэхээр хэрэгтэй технологийг өөрсдөө тодорхойлж хөгжүүлэх үү гэдэг асуудал юм.
Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотын Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран энэ асуудлаар бага хурал зохион байгуулсан. Тэнд нэг чухал асуулт тавигдсан нь "Бид дайнд ашиглах зэвсгээ бүтээж байна уу, эсвэл бүтээсэн зэвсэг маань дайныг өөрөө тодорхойлдог болж байна уу?" гэсэн асуудлыг хөндөж байлаа.
Өнөөдөр Ойрхи Дорнод, тэр дундаа Иран болон Улаан тэнгисийн бүс нутагт өрнөж буй үйл явдлуудыг харахад хиймэл оюун ухаанд суурилсан зарим шийдвэр улс төрийн бодит зорилготой бүрэн нийцэхгүй байх эрсдэл байгааг харуулж байна. Тиймээс энэ бол ирээдүйд хамгийн их анхаарал татах асуудлуудын нэг гэж би үздэг.
-Тэгвэл хиймэл оюун ухааны эерэг үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?
-Мэдээж маш олон эерэг тал бий. Ялангуяа эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаан асар их боломж нээж байна. Эмнэлгийн оношилгоог илүү хурдан хийх, өвчнийг эрт илрүүлэх, хорт хавдрын эрсдэлийг урьдчилан тооцоолох зэрэг олон чиглэлд үр дүнгээ өгч эхэлсэн. Мөн олон салбарын ажлыг илүү үр ашигтай болгож байна. Өнөөдөр хиймэл оюун ухаан хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Хамгийн ойрхон жишээ гэвэл би Монголд ирчихсэн, монгол хэл мэдэхгүй ч хиймэл оюун ухааны тусламжтайгаар би хүмүүстэй ойлголцож, тэд ч надтай чөлөөтэй харилцаж байна. Товчхондоо бол хүн хоорондын харилцааг илүү хялбар болгож байгаа хамгийн энгийн боловч бодит жишээ юм.
-Гэхдээ олон хүн хиймэл оюун ухаан ажлын байрыг орлож, хүмүүсийг технологиос хэт хамааралтай болгоно гэж болгоомжилдог. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Ийм айдас технологийн томоохон өөрчлөлт гарах бүрд гарч ирдэг. Жишээлбэл, автомашин анх бий болоход морин тэрэг эрхэлдэг хүмүүс бүгд ажилгүй болно гэж айж байсан. Гэвч бодит байдал дээр зөвхөн зарим ажил алга болоод зогсохгүй олон шинэ мэргэжил, шинэ боломжууд бий болсон. Хиймэл оюун ухааны хувьд ч ялгаагүй. Мэдээж зарим ажлын байр өөрчлөгдөнө, зарим нь бүр үгүй болно. Гэхдээ үүний зэрэгцээ цоо шинэ ажлын байр, шинэ ур чадвар шаардсан салбарууд бий болно. Тиймээс хамгийн чухал асуудал нь боловсролын тогтолцоо юм. Сургууль хүүхдүүдэд зөвхөн мэдээлэл цээжлүүлэхээс илүүтэй бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгох ур чадварыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал хүмүүс технологийн өөрчлөлтөд илүү амжилттай дасан зохицно.
-Ингэхэд та Улаанбаатарт анх удаа ирж байна уу?
-Үгүй ээ. Би "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-нд гурав дахь удаагаа оролцож байна.
-Тэгвэл Монголын талаар нэлээд сайн мэддэг болсон байх?
-Үгүй дээ, би одоо ч Монголыг танин мэдсээр л байна.
-Монголд ирэхээс өмнөх төсөөлөл ямар байв. Мөн юу танд онцгой санагдсан бэ?
-Үнэнийг хэлэхэд, би арай дулаахан байна гэж бодож байсан. Гэтэл зургаадугаар сар гарчихсан байхад жиндүү л байна. Өмнөх жилүүдэд ирэхэд цаг агаар дулаахан байсан. Миний хувьд Монголын тухайд бодохоор хамгийн түрүүнд эрх чөлөө гэдэг үг санаанд ордог. Танай улсын өргөн уудам нутаг хүмүүсийг эрх чөлөөтэй амьдрах ёстой гэсэн дотоод мэдрэмжийг өгдөг болов уу. Миний бодлоор монголчууд өөрсдийн үнэт зүйлээ тэнцвэртэй хадгалж чаддаг учраас эрх чөлөөний ийм хүчтэй мэдрэмжтэй байдаг байх. Магадгүй тийм болохоор Монгол Улсад бүх талтай харилцаж, хэнтэй ч нээлттэй ярилцах боломжтой байдаг байх. Би заримдаа тоглоомоор ч гэсэн “НҮБ-ын төв байрыг Монгол руу шилжүүлэх хэрэгтэй” гэж хошигнодог.
-Яагаад?
-Учир нь Монголд хэн ч ирэх боломжтой, тэр тусмаа яриа хэлэлцээ хийхэд хамгийн тохиромжтой улсын нэг. Өнөөдөр дэлхий дээр ийм улс орон тун цөөхөн үлдсэн. Энэ бол Монголын хамгийн том давуу тал гэж би боддог.
-Монгол Улс "гуравдагч хөрш"-ийн бодлого баримталдаг. Энэ нь олон улсад нээлттэй байх боломжийг бүрдүүлдэг гэж үздэг. Харин өнөөдөр дэлхийн геополитикийн нөхцөл байдал улам төвөгтэй болж, хиймэл оюун ухааныг цэргийн зориулалтаар ашиглах байдал ч эрс нэмэгдэж байгаа нь санаа зовниож буй. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ. Энх тайвныг хамгаалах үүргийг хэн хүлээх ёстой вэ?
-Миний бодлоор энэ асуудлын гол цөм нь тусгаар тогтнол юм. Тэр дундаа улс орон бүр өөрсдийн гэсэн үндэсний хиймэл оюун ухааны чадамжтай байх асуудал хамгийн чухал. Мэдээж ийм системийг бүрэн хэмжээнд хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардана. Монгол шиг улсын хувьд бүхэлдээ өөрийн гэсэн хиймэл оюун ухааны экосистемийг дангаараа бий болгох нь амаргүй. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрэв та АНУ, Хятад, Орос, Европ зэрэг улсад хөгжүүлсэн хиймэл оюун ухааны системийг ашиглаж байгаа бол зөвхөн технологийг нь биш, түүний ард байгаа үзэл баримтлал, үнэт зүйл, сэтгэлгээний хэв маягийг ч хамтад нь ашиглаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан бол зүгээр нэг программ биш. Түүнийг бүтээсэн нийгмийн үнэт зүйл, хандлага, шийдвэр гаргах логик ч түүнд шингэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын өмнө тулгарч буй гол сорилт бол янз бүрийн системийн давуу талыг зөв хослуулж, өөрийн үндэсний үнэт зүйл, үзэл баримтлалд нийцсэн шийдлийг бий болгох явдал юм. Би үүнийг "танин мэдэхүйн тусгаар тогтнол" гэж нэрлэдэг. Өнөөдөр хиймэл оюун ухаан бидэнд асар их мэдээлэл боловсруулж өгч чадна. Гэхдээ тухайн улсын түүх, соёл, бэлгэдэл, уламжлал, үндэсний онцлогтой холбоотой олон зүйл зөвхөн тухайн ард түмэнд л бүрэн ойлгогддог. Монголын хувьд ч мөн адил. Монголын түүх, соёл, сэтгэлгээний онцлогийг хамгийн сайн ойлгож, тайлбарлаж чадах хүмүүс нь зөвхөн монголчууд өөрсдөө. Монгол Улсын хамгийн том давуу талуудын нэг бол үндэсний онцлог, ялгарал юм гэж би боддог.
-Франц улс өөрөө хиймэл оюун ухааны салбарт ямар бодлого баримталж байна вэ. Та бүхэн өөрсдийн үндэсний системийг хөгжүүлж байна уу, эсвэл бусад улсын технологийг ашиглаж байна уу?
-Франц улс аливаа салбарт аль болох бие даасан байх бодлогыг тууштай баримталж ирсэн.
Энэ бодлого ялангуяа батлан хамгаалах салбарт тодорхой харагддаг. Франц улс өөрийн цөмийн саатуулах хүчинтэй, батлан хамгаалах бодлогоо бие даан хэрэгжүүлэхийг зорьдог.
Хиймэл оюун ухааны салбарт ч мөн адил бид өөрийн үндэсний хиймэл оюун ухааны экосистемийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Францын “Mistral AI” зэрэг компаниуд энэ чиглэлд тэргүүлэн ажиллаж байгаа бөгөөд төрөөс ч их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Бид зорилгоо тодорхойлсон, чиглэлээ сонгосон. Гэхдээ бүрэн бие даасан түвшинд хараахан хүрээгүй байна. Өнөөдөр Францын зарим төрийн байгууллага гадаадын технологид түшиглэсээр байгаа. Харин урт хугацааны зорилго нь үндэсний, бие даасан системд бүрэн шилжих юм.
Батлан хамгаалахын салбарт энэ чиглэлээр томоохон алхам хийсэн. Франц улс саяхан цэргийн зориулалтын хамгийн том үндэсний дата төвөө ашиглалтад оруулсан. Үүний гол зарчим нь улсын нууц мэдээлэл гадаадын дэд бүтцэд хадгалагдах ёсгүй гэсэн үзэл баримтлал юм. Одоо энэ бодлогыг зөвхөн батлан хамгаалах бус, бусад бүх салбарт үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Францын энэ бодлогыг нэг өгүүлбэрээр дүгнэвэл стратегийн автономит байдлыг хадгалах явдал юм. Гэхдээ бид зөвхөн өөрсдөө бие даасан байхыг хүсдэггүй. Манай түнш орнууд ч мөн адил бие даасан байх нь чухал гэж үздэг. Учир нь жижиг, дунд хэмжээний улс орон их гүрэнтэй ганцаарчилсан харилцаанд ороход хүчний харьцаа тэгш байдаггүй. Харин ижил үнэт зүйлтэй, бие даасан дунд болон жижиг улсууд хамтран ажиллаж чадвал харилцаа илүү тэнцвэртэй, тогтвортой болно. Иймээс Франц улс Монгол зэрэг бие даасан гадаад бодлого хэрэгжүүлдэг орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлздэг. Энэ нь зөвхөн Монголын бус, Францын ч стратегийн ашиг сонирхолд нийцдэг.Бид хамтдаа ажилласнаар хоёр талын стратегийн бие даасан байдлыг улам бэхжүүлэх боломжтой гэж үздэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 120 (7862)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn