Аливаа хэлний гол цөм бол үгийн сан билээ. Сүүлийн үед эх хэлний үгийн сангийн баялаг ихээхэн хумигдаж буйг харгалзан олон нийтийн мэдлэгт нэмэр болох зорилгоор “Утгын сан” буланд монгол бичгийн дурсгал, судар сурвалжуудын үгсээс утгыг тайлбарлан хүргэж байна.
Донгодох. Энэхүү үгийг эдүгээ бид шувуу донгодох, зэмлэн загнах утгаар нь сайн мэднэ. Харин эрт үедээ 1. Дуугарах, өгүүлэх, 2. Зэмлэх буруушаах, 3. Шувуу жиргэх, 4. Аянга, тэнгэр дуугарах зэрэг олон утгыг зааж байсан бөгөөд орчин цагийн монгол хэлнээ "дуугарах, өгүүлэх, тэнгэр дуугарах" утга хэрэглэгдэхээ больж явцуурчээ. Ялангуяа "Монголын нууц товчоо"-нд дуугарах, өгүүлэх, зэмлэх буруушаах утгаар хэдэнтээ гарч буй. Үүнээс хэлэх өгүүлэх утгыг тухайлбал, "...Чингис хааныг донгодоогүйеэ байхад Бөртэ үжин орон дотор өндийж сууж, хөнжлийнхөө захаар өвчүүгээ түйдэж, Отчигины уйлахыг үзэж, нулимс алдаад өгүүлрүүн..." гэхэд Чингис хааныг юм хэлж, дуугарахааас өмнө Бөртэ хатан Отчигины уйлахыг хараад үг хэлж ярьсан түүхэн үйл явдлын хэсэг юм.
Тэнгэр дуугарах утгын тухайд 14 дүгээр зууны үеийн сурвалжаас жишээ татвал, “уснаа машид дүүртвээс үүлэд хөдлөөд тэнгэр донгодъюу” гэдэг бол тэнгэр дуугарч, аянга цахихыг хэлж байна.
Шүтэх. Гүнээ итгэх, сүсэглэн бишрэх гэдэг утгаар олон нийт энэ үгийг сайн мэддэг, өргөн хэрэглэдэг. Үүнтэй ижил бичлэг хэлбэртэй, судар сурвалжуудад олон тохиолддог “шүтэх” гэдэг үг аливаа юманд түшиглэж тулгуурлах, дулдуйдах утгыг илэрхийлнэ. Жишээ нь: Сажа бандид хийгээд Пагва ламын зохиол хийгээд Чойжи-Одсэрийн зарлигт бээр шүтэж Монлам Равжамба ба Данзандагва бээр найруулсны бичээч нь мөн дуртгагч Урад гүүш Номын далай харчин гүүш Зундуйжамц хоёул болой. Энд гарч байгаа “шүтэж” гэдэг үг бол Сажа бандид, Пагва лам нарын зохиол бүтээл, Чойжи-Одсэрийн зарлиг зэрэгт тулгуурлаж Молом равжамба Данзандагва найруулан зохиосон тухай утгыг илтгэж байна. Дашрамд дурдахад, монгол бичгийн бичлэгээс үгийн язгуурыг таньж мэдэхэд хялбар бөгөөд энд дурдан буй “шүтэх”-ийн язгуур бичлэг “шитү-“, “түших”-ийн язгуур “түши-“ юм. Энэ нь монгол хэлний түүхэн хөгжлийн явц дахь авиа, үе тонгорох үзэгдлийн нэг жишээ мөн. Тиймээс “шитү-“, “түши-“ үе тонгорсон хэлбэр бөгөөд утгын хувьд адил гэж ойлгож болно. Иймэрхүү үг цөөнгүй бий, “хаших” гэдэг үгийн үе тонгорсон хэлбэр “шахах (монгол бичгээр шиха- язгуур) гэх мэт.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 118 (7860)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn