Эверестийн ууланд ашиглагддаг шатнууд нь гүн ангал, мөсөн цав, эгц хэсгүүдийг давах зориулалттай хөнгөн цагаан (алюмини) материалаар хийсэн гүүр гарц болгон ашигласан шат юм. Эдгээрийг голчлон Балбын талын аюултай Хумбу мөсөн хүрхрээ болон Төвдийн талын Хойд нуруун дахь алдарт Хоёрдугаар шат (Second Step)-д байрлуулдаг байна.
Хумбу мөсөн хүрхрээ нь байнга хөдөлж, өөрчлөгдөж байдаг аварга мөсөн багана, гүн ангал бүхий мөсөн лабиринт /төөрдөг байшин шиг/ юм. Хэрэв эдгээр шат байхгүй бол уулчид техникийн өндөр ур чадвар шаардсан мөсөн авиралтыг хийхээс өөр аргагүйд хүрнэ. Ингэсээр цасан нуранги, мөсний нуралт болон бусад эрсдэлд өртөхөд хүргэнэ гэсэн үг.
Уулын улирал бүрд “Мөсөн хүрхрээний эмч нар” (Icefall Doctors) хэмээн нэрлэгддэг туршлагатай шерпа нарын баг 20–30 орчим шат суурилуулж, түүний аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг. Мөсөн гол байнга хөдөлж байдаг тул маршрутыг тогтмол шалгаж, шинэчилдэг. Нэг өдөр аюулгүй байсан зам маргааш нь ашиглах боломжгүй болж хувирах тохиолдол элбэг.
Эдгээр шатнуудыг заримдаа өргөн ангал давахын тулд хооронд нь холбон уртасгадаг. Тэдгээрийг хэвтээ, налуу эсвэл бүр босоо байдлаар байрлуулах нь бий. Уулчид 8000 метрийн өндөрлөгт зориулсан зузаан гутал, мөсний шүд (crampon)-тайгаар тогтмол бэхэлсэн аюулгүйн олсонд өөрийгөө холбож, шат дээгүүр гардаг.
Далайн түвшнээс дээш 8610 метрийн өндөрт орших Хоёрдугаар шат нь Эверестийн Хойд нуруун дахь маш эгц, ил задгай хадат хэсэг юм. 1975 онд Chinese Everest Expedition-ийн үеэр хөнгөн цагаан шат хаданд бэхлэгдсэнээр уулчид энэ техникийн хувьд хамгийн хүнд хэсгүүдийн нэгийг даван туулах боломжтой болсон.
Хөнгөн, угсарч задлахад хялбар эдгээр шатнууд өнөөдөр дэлхийн хамгийн өндөр уул болох Everest-ын авиралтын чухал хэрэгсэл юм. Эдгээр нь уулчдад Эверестийн хамгийн аюултай бүсүүдээр илүү хурдан, харьцангуй аюулгүй нэвтрэх боломж олгодог бөгөөд орчин үеийн Эверестийн авиралтыг өөрчилсөн технологийн шийдлийн нэг юм.
Зарим уулчин эдгээр шат, татлага олс зэрэг туслах хэрэгслийг ашиглах нь Эверестийн авиралтыг хэт хялбарчилж байна гэж үздэг бол нөгөө хэсэг нь олон хүний амь насыг аварч буй зайлшгүй шаардлагатай аюулгүй ажиллагааны хэрэгсэл гэж үздэг байна.
Эх сурвалж: zms.mn