П.АМГАЛАН
Их Монгол Улс үүсгэн байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан «Эш хөргийн ивээл, Эв эеийн ерөөл» тусгай үзэсгэлэн долоодугаар сарын 6-наас есдүгээр сарын 10-ныг дуустал Тайванийн Үндэсний Хааны ордон музейд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнгийн хүрээнд агуу их Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох хоёр хосгүй бүтээлийг олон нийтийн хүртээл болгох юм. Тодруулбал, Их эзэн Чингис хааны эш хөрөг 208 тоот Хүндэтгэлийн тэнхимд, Хубилай хаан “Авд мордсон нь” бүтээлийг 204 тоот тэнхимд дэлгэхээр болжээ.
Тайваний Үндэсний Хааны ордон музейн сан хөмрөгийн үнэ цэнтэй бүтээлийн тоонд багтдаг эдгээр ховор өвийг өнгөрсөн жилүүдэд зөвхөн онцгой тохиолдолд олны хүртээл хүртээл болгож байжээ. Харин энэ удаад ховор бүтээлүүдийг хамт дэглэн харуулж буй нь түүхэн ач холбогдолтой ховор үйл явдал болж байна.
Түүхийн хуудсыг сөхөхөд, Юань улсын түүхэд тэмдэглэснээр 1277 онд дээдсийн тахилгын сүм байгуулах зарлигийг Хубилай хаан буулгаж, удаах онд өвөг эцэг Чингис хааны хөргийг бүтээх үйлийг ордны зураач Хорихасунд даатгажээ. Их хааныг амьд сэрүүнд нь хараагүй ч Хубилай хааны өгүүлсэн дүр төрхөөр баримжаалж, торгон дээр 59.1×46.8 см хэмжээтэй зурсан уг хөргийг Их эзний дүрийг хамгийн бодитоор дүрсэлсэн бүтээл хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Булган малгайн үсний ширхэг бүрийг нарийн буулгасан энэ хөрөг 750 гаруй жилийн турш түүхийн гэрч болсоор иржээ. Харин «Авд мордсон нь» бүтээлийг ордны зураач Лю Гуаньдао 1280 онд туурвисан бөгөөд Хубилай хаан хатан, шадар хүмүүсийн хамт ан хийж буйг дүрсэлсэн энэ зураг Үндэсний Хааны ордон музейн үнэ цэнтэй бүтээлүүдийн нэг хэмээн тооцогддог. Үзэсгэлэнгийн хүрээнд Чингис хааны эш хөргийг албан ёсны эрхтэйгээр Монгол зураачаар хуулбарлан зуруулсан шинэ бүтээлийн нээлт мөн болох юм. Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр буюу долоодугаар сарын 6-нд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт Тайбэй хотын Гэр бүл, Боловсролын Төвд 19:00-21:00 цагт болно. Тоглолтод “Дэлхий” хамтлаг болон Улаанбаатар Театрын уран бүтээлчид оролцож, 350 үзэгчийг хүлээн авахаар төлөвлөжээ. Уг хүндэтгэлийн тоглолтыг “Хос хэл, хос соёл” НҮТББ болон Тайвань дахь Монгол Оюутан Залуусыг Дэмжих Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 116 (7858)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn